Б.ТУУЛ

Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ны энэ өдөр  Бурхан багшийн их дүйчэн өдөр тохиодог.  Энэхүү өдрийг  Монгол Улс уламжлалт Бурханы шашин дахин дэлгэрсэн 1990 оноос эхлэн тэмдэглэж иржээ. Харин 2019 онд УИХ-аас “Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн их дүйчэн өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон (2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хууль батлав) хуульчилсан байдаг. Тиймээс энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг ч сүсэгтэн олон, иргэд олон нийт, буддын шашинтнуудын хувьд энэ өдөр Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж, дүйчин өдрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцон номын дуу сонсож, бясалгалд сууж, хүндэтгэлийн жагсаалд нэгдэн өргөн дэлгэр тэмдэглэж байна. 

Энэхүү дүйчин өдрийг бурхан буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхцсан өдөр хэмээн хүндэтгэдэг.  Тиймээс энэ өдөр эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санан амьтны амь таслахгүй, махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучилж энэ өдрийг тэмдэглэх учиртайг бурхны шашинтан, лам хуврагууд хэлж байлаа.  

 Эх сурвалж: www.zms.mn