Б.ТУУЛ

Бурхан багшийн дүйчин өдрийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр Сүхбаатрын талбайд хөл ихтэй, ёслол төгөлдөр боллоо. Ёслолыг нээж, Монголын бурхан шашинтны төв гандантэгчэнлин хийдийн дэд хамба, гавж С.Гантөмөр үг хэлсэн юм. Манай улс энэ удаа бурхан багшийн дүйчин өдрийг "Ёс зүйг эрхэмлэе" уриан дор тэмдэглэж байгааг онцоллоо. 

 Мөн энэ үеэр лам хуврагууд төрийн ордны өмнөх эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Эзэн Богд Чингис хааны сан, Адистидийн дээдийг хайрлагч, Пүнсүм цогба зэрэг номуудыг монголоор нь уншлаа.

Түүнчлэн Гандантэгчэнлин хийдийн гадаад харилцаа, нийгэм, олон нийттэй харилцах алба хариуцсан тэргүүлэгч гэвш А.Батцэнгэл дүйчин өдрийн ёслолд оролцож буй лам хуврагууд болон сүсэгтэн олонд "Энэрэнгүй сэтгэл"-ийн бясалгалыг хөтөлж, найман настай балчраас наян настай буурай хүртэл бүгд бясалгаж,  хүний биеийг амраах, бясалгах, өөрийгөө таньж мэдэхэд туслах, дотоод сэтгэлийн амар амгаланг олох аргад суралцсан юм. 

Эх сурвалж: www.zms.mn