Зохиолч, сэтгүүлч, судлаач Т.БААСАНСҮРЭН

 

Түрүүч нь Австралийн тухай тэмдэглэл-1Австралийн тухай тэмдэглэл-2

 

Ертөнцийн бүх өнгө будаг нэг дор цугларсан ч юм шиг, нэр үл мэдэх хэн нэгэн сонгодог уран зураачийн “Диваажингийн жавхаа” нэртэй уран зураг үзэж сонирхож байгаа ч юм шиг санагдаж сэтгэл зүрх хөөрөн догдлов. Энэ бол байгаль ээжийн өөрийнх нь урлаж бүтээсэн  жинхэнэ гайхамшигт уран бүтээл байлаа..

Мэлтийх хөх тэнгэрт нь үүлс нүүж, цахилгаан цахиж, хур бороо шаагисан

Мэхийн бөхийж өнхрөн хөлбөрөх хөрс шороон дээр нь өвс халиурч, өнгийн  цэцэг алагласан

Янхийтэл янцгаах адуун сүрэгтэй

Ханхийтэл урамдах хандгай бугатай

Уулын дошгин барс үсрэн цовхчих шиг Цастын голд нь загас жараахай бужигнасан

Унаган нутгийн эквалипт модонд нь бамбарууш /коала/ асч мөлхсөн бас тоглосон

Илбэн таалах зөөлөн салхитай, бас исгэрэн шуурах шуургатай

Илбэдэн донгодох шувуудын жиргээтэй

Австралийн далбаанд сүлдэлсэн имжтэй бас эму шувуутай

Альпийн нуруунд нь сүлжилдсэн ан автай бас гөрөөс бэлчээстэй

Алсран мэлтэлзэх далай тэнгисийн давалгаатай

Аборигенчүүдийн ширгэшгүй соёлын баларшгүй тод хадан бичээстэй- амьд уран зураг алаг нүдний минь өмнө дэлгээстэй байж байв.

 

Янз бүрийн уур амьсгалын уулзвар дээр нийтдээ 300 мянган метр квадрат газар нутгийг эзлэн орших Цаст уулын эко систем хосгүй аж. Дэлхийн ховордсон ан амьтны бүртгэлийн “Улаан ном”-д бичээстэй цөөнгүй ан амьтан, өвс ургамал энд буй гэнэ. Мөхлийн ирмэгт хүрсэн нь ч нэг биш байдаг бололтой. Уулын оройн даваан дээрээс шороон замаар бид аажуухан уруудав. Махирлан тахирлан ороон урагшлах Цаст уулын шороон замын аясыг дагаж нэг уруудаж, нэг өгсөх агаад тэрхүү шороон замыг сайтар засаж янзалжээ. Хоёр машин зөрөх хэмжээтэй аж. Нэг харвал улаан зам дээр хөөрхөн янзага хоёр чихээ солбин зогсож харагдана. Эхээсээ төөрсөн үү эсвэл ус уухаар уруудаж яваа юу, бүү мэд. Манай машин өөрийн эрхгүй тоормос гишгэн зогсов. Зарим маань ч зураг хөрөг болоод явчихлаа. Үргээж цочоосонгүй. Гөрөөсний янзага биднийг бүлтгэр нүдээрээ дүрлийтэл хэсэг гайхшран харснаа эргэж ойн цоорхой руу орж далдрав. Энэ бол энд ан амьтан элбэгийн дохио. Тэд хүн хийгээд машин тэрэгнээс төдийлөн айдаггүйн шинж тэмдэг байлаа. Австралийн далбаан дээрх таних тэмдэг болсон хоёр шувууны нэг болох  дэвхрэн дэвхцэн дэгдэх өнөөх Кенгуру буюу имж гэгч амьтан бол замын хоёр хажуугаар байсхийгээд л тааралдана.

Машины цонхоор доош харахад Монгол Алтайн сүрлэг уулсын хад хавцлыг өөрийн эрхгүй санагдуулна. Ялгаатай нь хад чулууны оронд ой мод, ороолж сарайлсан ногоон ширэнгэ нүүгэлтэнэ. Тэртээ дор уулын ширүүн урсгалт гол мөнгөн утас шиг мурилзан гялталзаж хүрхрэн урсах агаад Цаст уулынхаа адил Цастын гол нэртэй гэнэ. Хэд хэдэн төрлийн загастай юм байна. Ойролцоогоор гурав дөрвөн км орчим яваад аялагчдад зориулсан буудал талбай тааралдана. Тэнд нь боловсон жорлон, хүмүүс амрах талбайд сандал ширээ угсарч, гал түлэх тулга зуухыг орлох төхөөрөмж тавьсан байна. Машин тэргээ тавих, майхан саваа босгох зориулалтын талбайтай аж. Таних тэмдэг бүхий самбар бичвэр дээр газар нутаг ба отго буудлын нэрс, холбогдох бусад мэдээллийг бичиж тавьжээ.

Уулын замын нэг тохойд зам засварын хоёр аварга том тэрэг зогсож байв. Жилийн дөрвөн улиралд шороон замаа засаж янзалж арчилж торддог юм байна. Австралийн энэхүү үндэсний паркийг 1906 оны 12 дугаар сарын 5-нд Коцюшко нэрээр үндэслэсэн гэж үздэг аж. 1944 онд үндэсний хэмжээний парк болгож улмаар 1967 онд Коцюшкогийн үндэсний парк нэрээр дархан цаазат газар болгон  улсын бүрэн хамгаалалтад авчээ. Түүнээс хойш ан амьтан, араатан жигүүртэн нь хурдацтай өсөж үржиж эхэлжээ. Ургамлын аймаг нь ч устаж үрэгдэх аюулаас ангижирчээ. Корробори хэмээх мэлхийн маш ховордсон төрөл, уулын одой опоссум зэрэг мөхлийн ирмэгт ирсэн зарим амьтан энд үлдэж хоцорч чадсан байна. Зарим нэг амьтны тоо толгой нь хэтэрхий олширч санаа зовоож эхэлсэн нь ч бий гэнэ. Европоос Австрали тивд нүүдэллэн ирэгсэд адууг анх авчирч энд нутагшуулжээ. Сүүлдээ цөөнгүй тоо толгой нь алдагдаж зэрлэгшээд Цаст уулыг эзэгнэнхэн тэнэж явдаг болсон гэнэ. Эхний үед зэрлэг адууг харж хандах хамгаалах хууль хүртэл гаргаж байсан ч сүүлдээ хүчрэхээ больжээ. 2008 онд 1700 байсан тоо толгой нь жил бүр 300 орчмоор өсөж үржээд нутгийн газар шороо, ургамлын аймагт хор хохирол учруулж хогийн ургамал ихсэх болсон тул зохицуулалт хийхэд хүрээд байгаа гэж австрали нөхөд ярив.

Ан амьтан, араатан жигүүртний ертөнц төдийгүй ой мод, ургамлын аймагт аюул учруулах болсон өөр нэг гамшиг нь хээрийн түймэр аж. Цаст уулын дархан цаазат газарт сүүлийн 100 гаруй жилд болоогүй аймшигт түймэр 2003 онд гарч 1.73 сая га газрыг хамран шатаасан байна. Сая сая мод бут, түм буман ан амьтан үрэгдэж алга болжээ. 2019 онд дахин аюулт түймэр дэгджээ. Энэ нь мэдээж дэлхийн дулааралтай шууд холбоотой ч хүмүүсийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдэх нь мөн байдаг аж. Сүүлчийн түймэрт мөн л өч төчнөөн га газрын ой мод, амьтан араатан сөнөж сүйдэж үгүй болжээ. Цаст уулын орой дээрх орчин тойрныг ажиглах цэгт байрлуулсан гэрэлт самбарын тайлбар дээр хоёр өөр ууланд ассан гал түймэр холбогдож уулзах агшин дахь доргион чимээ таван км-ийн алсад тэнгэр ниргэж, газар доргих  адил хүчтэй мэдрэгдэж байсан гэж анхааруулан бичсэн байлаа. Гал, усны гашуун зовлон гэдэг энэ билээ.

Товлосон газраа хүрч асар майхнаа босгох талбайгаа шилж сонгож байхад ойролцоох бут модон дотроос Австралийн төрийн далбаа дээр зураастай байдаг эму шувуу гарч ирээд ганц нэг алхан биднийг сонирхон харж байв. Замд имж хэд хэдээрээ давхилдаж /Австралийн төрийн далбаан дээр түүний зураг мөн бий/ байснаа гэнэт зогтусаад машин тэргийг мөн л сониучирхан ажиглаж байсан билээ. Цаст уулын хосгүй нандин хоёр эрдэнэ имж ба эму шувуу биднийг найрсгаар хүлээн авч байнам бус уу гэж бодогдсон.

Дэргэдэхнүүр харгиа татуулан долгиотож хүрхрэн урсах Цастын  голын хөвөөн дээр асраа босгоцгоов. Уулын голын тунгалаг уснаас утган амсаж, магнайдаа хүргэвэл хүв хүйтэн, цэв цэнгэг. Төрөлх нутгийг минь өөрийн эрхгүй санагдуулсан Цастын голын хүрхрээ чихнээ нэн чимэгтэй ажээ. Эргээрх зүлэг ногоон ширгэн дээр нь цэв цэнхэр, яв ягаан, цав цагаан, бас шаравтар цэцэгс салхины аясаар ганхалзан найгалзана. Ойролцоохон хэсэг мод овоолоод орхижээ. Хэрчсэн, хөрөөдсөн нь ч бас байна. Галын наадам, түүдэг асаахад төвөг алга. Хөх тэнгэрт үүл үгүй, хааяа нэгхэн энд тэнд хурган цагаан үүлс үзэгдэнэ. Ойролцоох модыг харвал дан ганц уулын эвкалипт аж. Үндсэн гол эх бие нь цав цагаан агаад сая живаа ногоон навчсаас нь хурц үнэр хамар цоргионо. Тасдаж авч үнэртэж үзвэл нэг их танил үнэр, ханиад томууг эмчлэх увидастай гэнэ. Энэ тивийн унаган ургамал юм байна. Австралийн хот, хөдөөд энд тэндгүй харагдах зураг хөрөг дээрх өнөөх коала хэмээх модны өхөөрдөм жижигхэн бамбаруушийн идэх амтлах дуртай амтат зууш нь энэ модны навчис аж. Өдөр шөнийн 24 цагийн 20 цагт унтаж, дөрвөн цаг сэрүүн байхдаа модноос мод дамжин энэ навчсыг түүж иддэг юм байна. Австралид анх түүнийг харахад хөдөлж ядсан залхуу мэт атлаа үзсэн бүхний нүдийг татсан өхөөрдөм хөөрхөн амьтан байв. Миний том зээ Тулга надад “Өвөө энэ амьтныг монголоор ид, унт гэж нэрлэж болно” гэж хэлж өгсөн билээ. “Ид, унт” хэмээх нэршил нь санаанаас огт гардаггүй юм. 20 цаг унтаж, дөрвөн цаг иддэг амьтныг чинь тэгж нэрлэхэд ер нь буруудах юун, оносон мэт санагдана.

Манай хүүхдүүдийн босгосон асар майхан багахан байшингийн дайтай багтаамжтай агаад дотроо гурван тасалгаатай аж. Өвөө, эмээ хоёртоо нэг тасалгааг нь гаргаж өгөв. Асрын дэргэд ахиад нэг майхан босгож тэндээ идээ ундаа, идэх уух юмаа байрлууллаа. Аяны хөргөгчинд хийсэн хонь, тахианы мах, чанасан өндөг, тараг, сүү хүйтнээрээ байна. Утаагүй улаан галаа түлж, уургүй улаан цайгаа үйж зуухан дээрээ буцалгалаа. Австрали бол хонин сүргийн эх орон учир сүү, сүүн бүтээгдэхүүнээр элбэг баян. Манай охины ээжтэйгээ нийлж байгаад хийсэн ааруул, бяслаг, ээзгий, хайлмаг Монголынхоос ялгарах юмгүй адилхан бас амт шимт сайтай нь гайхалтай. Манай хүргэн хар цай ууя гэхгүй, сүүтэй монгол цайгаа л ууя гэх юм. Монгол цайнд гаднын хүн ингэж ордог аж. Австралийн өндөр уулын бүсэд орших Цастын голын эрэг дээр Монголдоо байгаа юм шиг л тухалцгаав. Хүүхдүүд өнгөрсөн жил яг энд ирж 10 хоног амарсан юм байна. Удалгүй уулын цаагуур нар шургаж эргэн тойрныг оройн бүрэнхий бүрхэн авч түрүүчээсээ од мичид гялтганан гялбалзаж эхлэв.

Цайгаа ууж хоолоо идээд түүдэг асааж галын наадам хийлээ. Хөдөө нутгийн сайхан Хангайд хүрхрэн шуугих Цастын голын эрэг дээр гал түлсээн шиг, үүх түүх, үлгэр туульс өгүүлсэн шигээ үр ач зээгээрээ хүрээлүүлэн суух жаргал ажээ. Тэгтэл бага ач хүү Баяр “Өвөө тэр тэр, хараа Элон Маскийн хиймэл дагуул явж байна” гээд тэнгэр өөд заав. Нээрээ нисэн өнгөрч байна. Хиймэл дагуул од адил тод ч ялгаатай нь гэрэл чийдэн асаж унтрах тул андашгүй ялгарах аж. Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоон ч дагуул ойр ойрхон ар араасаа цувран нисэж өнгөрөв. Ямар олон дагуул вэ гэж гайхвал хүүхдүүд 40-өөд дагуул бий. Дэлхийг тойрох нэг удаагийн нислэг нь Австрали тив дээгүүр 30-аад минут үргэлжилдэг юм гэлцэж байна. Улс гүрнүүд бус хувийн компанийн бүтээсэн харилцаа холбооны хиймэл дагуулууд сансар огторгуйд ийнхүү халин дүүлэн эргэлдэхийг харахад ямар зуунд аж төрж буйгаа улам илүүтэй мэдрэх аж. Австралид сансрын холбооны хамгийн том талбай, хамгийн том дуран авиа зоогоостой байдгийг хэдэн жилийн өмнө очиж үзэж байснаа эрхгүй дурслаа. Өнгөрсөн жил Австралийн зарим залуус ирэх 10 жилийн эцсээр Ангараг руу нисэх төсөлд өрсөлдөж нэг биш нь тэнцсэн сурагтай. Бага балчир байхдаа Ангараг руу ниснэ гэж байнга ярьдаг байсан том ач хүү Тулга руугаа харлаа. Ашгүй тэрбээр  сүүлд энэ бодлоосоо салж өөр замыг сонгож авсан билээ. Түүдэг гал дээр шад падхийн шатаж буй хуурай модноос Тулга нэгийг шүүрч аваад түүн дээр мөлхөж явсан аалзыг аяархан үлээж газар унагаад хагас түлэгдсэн модоо эргүүлж гал руу чулуудав. Энэ нутгийн шоргоолж хүн хазамтгай. Адтай хазна. Жижиг нь ч, том нь ч. Шумуулаас дутах юмгүй, бараг илүү хорлонтой хазна гээч. Энд ирсэн даруйдаа гадна сууж байгаад өчүүхэн жижиг хар шоргоолжинд хазуулаад тэсэлгүй тас алгадаж унагахад Тулга хөвгүүн “Өвөө алаад хэрэггүй, орхичих” гэж байсныг нь эрхгүй саналаа. Нэг их өрөвч сэтгэлтэй, хорхойд хоргүй номхон хүн болж өсчээ, миний хүү.  Ээж нь манай Тулга үнэнч шударга сайн хүү гэж магтаж байна лээ. “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” гэж бид дуулах дуртай ч хорвоо дэлхий цагаа болохоор хатуудаа хатуу ширүүн шүү дээ, хүү минь гэж хэлэхийг хүссэн ч хэлээ хазав. Сонгосон мэргэжил, судалж буй шинжлэх ухаандаа  хэтэрхий үнэнч хүнд одоохондоо тийм юм хэлээд хэрэггүй, цаг нь биш гэж дотроо бодлоо.

Түүдгийн дэргэд удтал сууцгаасан бид асартаа орж Цастын голын шуугинхан урсаж хөөмийлөх хөгжмийн эгшгийг чагнанхан хэвтэцгээв. Голын хүрхрээ илбэ шидийн эгшигтэй гэлтэй бүүвэйлэнхэн байлаа. Нэг л мэдэхэд нам унтжээ. Үүр цайж өглөө болоход Цастын голын ногоон зүлгэн дээгүүр хөл нүцгэн алхаж тув тунгалаг, цэв цэвэрхэн усаар нь нүүрээ угаахад сэтгэл санаа сэргэх шиг болж байв. Голын ёроол дахь ногоон, цагаан, хүрэн өнгийн янз бүрийн чулуу ус нэвт гэрэлтээд,  эргээрх ургамал моддын навчис толинд туссан мэт тод харагдана. Цастын голын эрэг дээр сандал ширээ тавиуланхан тухалж, эргэн тойрон дахь битүү модтой өндөр өндөр нов ногоон уулсыг харан сэтгэл баясангаа хөгшнийхөө аягалж барьсан сүүтэй кофег яарамгүйхэн нэг хоёр балгаж суух бас л нэгэн жаргалан ажээ. Хээрийн цай сайхан гэдгийг монголчууд  бүгдээрээ мэднэ. Хээрийн өглөөний кофе бүр ч илүү амттай юм билээ.

Өглөөний кофегоо уучихаад өндөр уулын оргил өөд зүглэв. Зам дагаж явахгүй бол өвс ургамал нь нэн өтгөн, мод бут нь шигүү ширэнгэ үүсгэсэн байх тул амархан төөрөх магадлалтай гэнэ. Бас янз бүрийн могой энд тэндгүй элбэг тааралдах тул болгоомж сэрэмж огт илүүдэхгүй ажээ. Өглөөгүүр бидний хөл нүцгэн алхаж явсан ширэг зүлгийн ойролцоохон алд илүү урт могой гулгаж явахыг охин олж харжээ. Хамаагүй, дураараа явж болохгүй гэж дахин дахин анхааруулав. Могойноос дутахгүй, бүр илүү хор ялгаруулах чадвартай аалзууд ч байдаг юм байна. Энэ бүгдийг сонсож хүний нутагт дураараа авирлах нь зохисгүйг ойлгож байвч тэр бүх амьтан энд байна гэдэг чинь онгон зэрлэгээрээ байгаа юм байна гэж олзуурхах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа. Улсын хамгаалалтад авч дархалж цаазалсан газарт хэн ч дур мэдэн газар шороо онгичиж, байшин барилга,  зам талбай барьж байгуулах хориотой ажээ. Хэрэв түүнийг зөрчвөл хайр найргүй шийтгэж хашраадаг юм байна. Байгаль хамгаалагчид, дархан цаазат газрын ажилтнуудад өндөр цалин хангамж олгодог гэнэ. Машин тэрэгний шатахуунаас эхлээд янз бүрийн хөнгөлөлт эдлүүлдэг юм байна.

Эндхийн модод тэнгэр баганадаж ургана. Өндөр гэдэг нь гайхмаар, эгц өөдөө уралдаж ургана. Хэдэн зуун жилийн настай мод нь бүдүүрээд тэрхүү голоосоо зүг зүг рүү салаалан сарвайлдаж мөчирлөжээ. Нэг тийм эквалипт мод Цастын гол дээр тонгойн унасан нь хот суурин газрын уртын урт модон гүүрийг өөрийн эрхгүй санагдуулж байлаа. Хэсэг явтал замын хоёр талын өндөр модод  өөд өөдөөсөө тэмүүлэлдэн зүтгэж хоёр талаасаа уулзаж  ёслолын утга төгс ногоон хаалгыг бүтээжээ. Тэрхүү ёслолын ногоон хаалгаар нэвтрээд хэд алхтал улаан зам дээр адууны нойтон хомоол овоорч,  дээр нь хар ялаа эргэлдэж байв. Адууны баас нойтноороо, замын энд тэндгүй дөрвөн туурайн мөр шинэхнээрээ байв. Өнөөх Европоос авчираад эдэлгээ хэрэглээнд сургаж чадалгүй ууланд алдагдсан зэрлэг адуун сүрэг хэдхэн минутын өмнө үүгээр явж өнгөрсөн байлаа. Ус уугаад уул өөдөө хярлаад алга болсон бололтой. Ахиад хэд алхтал сүрэг имж /кенгуру/ дэргэдэх моддын дотроос дэгдэн дүүлэн харагдав. Хэсэг гүйгээд зогсосхийж хөгшин бид хоёр руу сортолзон сэртэлзэн харцгаана. Хот суурин газрынхаас шал ондоо зэрлэгээрээ ажээ. Нийслэл дэх имжийн сүрэг бол хүн амьтнаас үл айна. Үргэх нь битгий хэл зарим нь чихэр жимс идэх санаатай ойртон ирж үнэрлэх нь холгүй. Цаст уулын имжүүд болохоор цочирдон хуйларч цомбон туурай гялалзуулах морьдоос ер дутах юм алга. Имжүүд хоёр хөл дээрээ хол хол дээр дээр үсрэн харайна. Хэр баргийн амьтанд гүйцэгдэхгүй хурдан.

Хоёр км орчим алхаад дараагийн зогсоолд хүрэв. Энд мөн л асар майхан барих зай талбай байгуулж, гал түлэх цэг, хоол унд идэх модон ширээ сандал, бас бороо цаснаас хамгаалах сүүдрэвч барьж байгуулжээ. Бие засах газарт нь боловсон суултуур тавьж, олон зуун метр урт нойлын цэвэр цагаан цаасан ороолт хоёр дамрыг хананд нь бэхэлж байрлуулсан байв. Дархан цаазат тусгай хамгаалалтын газрын үйлчилгээний ажилтнууд өдөрт нэг удаа машинаар давхин ирж ойр орчныг шалгах агаад эргэн тойронд цэв цэвэрхэн, нэг ширхэг янжуурын иш ч үл харагдана. Буудалласан аялагчид хог новш тарина, түүнийгээ ил задгай орхиод явна гэдэг ойлголт энд алга. Хэдэн зуун км үргэлжлэх Цаст уулын хэмжээгээр шүү. Нийтдээ хэчнээн ч тийм зогсоол, үйлчилгээний талбай байгааг бүү мэд. Асуусан ч үгүй, ойролцоогоор 2-3 км тутамд нэг ийм талбай байрлаж байгааг нүдээр үзлээ. Хэн ч энд хэзээ ч ирж түр буудаллаж хэдэн хоног өдрөөр нар салхинд налайтал амраад явах нь бүгдэд нээлттэй. Иргэддээ олгож эдлүүлсэн нэг эрх дарх нь энэ мөн аж.

Хог новш гэхээс зам зуурт үе үе тааралдах цомхон хот, тосгод нь цэвэр цэмцгэр нь нүд булаана. Нийслэл зэрэг том хот сууринд долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт тусгай үйлчилгээний тэрэг ирж хог авна. Андашгүй лхагва гарагийн оройноос айл бүрийн гаднах зам дагуу дугуйтай, хурц шар ба ногоон хоёр өөр өнгийн тагтай том, бага хоёр ширхэг хар ногоовтор тэргэнцэрүүд жагссан цэрэг шиг жирийлдэнэ. Ялгасан хогоо гаргаж тавьж буй нь тэр. Бүх айл өрхөд нэгэн стандартын ийм жижиг хогийн тэргэнцэрүүд олгож түгээжээ. Тэр нь хөдөөгийн тосгодод мөн нэгэн адил мөрдөгддөг юм байна. Төв замын ойролцоохон жирийлгэн байрлуулсан байв. Товлосон өдөр үйлчилгээний тэргүүд ирээд хогийг нь ачаад явчихдаг аж. Бас тосгон бүрийн гол гудамж талбайд нээлттэй номын сангууд бий. Иргэд өөрсдийн номноос илүүчлээд тэнд тавьцгаана. Тэрийг нь сонирхсон хүн бүр авч уншиж болно. Тэгэхдээ эргүүлж авчирч тавих ёстой. Бүр өмчилж авахгүй. Энэ нь надад их сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Австралид аж төрж буй монголчуудаас хэн ч билээ нэг нь энэ санаачилгыг Монголд дэлгэрүүлж туршин ажиллуулж эхэллээ гэж телевизээр ярихыг сонссон. Түгж дэлгэрч чадсан эсэхийг харин мэдэхгүй байна.

Цаст уулын хормой дахь Цастын голын эрэг дээр гурван хоног сайхан амрав. Хүүхдүүд өдөр бүр хичээл номоо үзэж, хөгшин бичээч миний бие үзэг цаасаа нийлүүлэн үгийн хүдэр онгичиж, завсар зайгаар нь хөгжим сонсож, хөдлөж гүйж харайж, агаарын бөмбөг хөөцөлдөж, алсын цагираг шидэх зэргээр ер зүгээр суусангүй. Хөзөр, шатар тоглох бол бүр энүүхэнд. Тархи толгой цэлмэж, цээж дотор уужраад, сэтгэл санаа тэнийж, дуу аялмаар санагдана.

Тасман тэнгисийн хөвөөн дээр хэдэн өдөр хөх цэнхэр далайг ширтэн хөөсрөн эвхрэх давалгааг нь тэврэн алс тэртээх мандалд хөвөх цайран харагдагч хөлөг онгоцыг тогтоон харж бодол бясалгалд дарагдах тун аятайхан байсан. Хэмэнгуэйн алдарт “Өвгөн, тэнгис хоёр” гарт тэмтрэгдэх шиг, Лермонтовын өнчин цагаан завь нүдэнд харагдах шиг санагдаж байсан. Сайхан байсаан, тэнд үнэхээр таатай байсан.

Гэвч энд Цаст уулын Цастын голын эрэг дээр тэндээс дутах юм ер алга. Далай далайгаараа, уулс уулсаараа давтагдашгүй аугаа ажгуу. Алтайн хөх уулсын хэлтэрхий юм болохоор аль ч улсын өндөр өндөр уулс надад сэтгэлд нэг л дотнохон, цаанаа л нэг өөриймсөг танил мэт байдаг юм. Наран зүгийн Энэтхэг орон, наахан талд нь орших нарлаг Вьетнамд хэдэнтэй зорчиж байлаа. Аль алинд нь шөнө унтахдаа Алтайн цэнхэр уулс, Цаст богд Сутай хайрханаа зүүдлэн сэрж байсансан. Би өндөр уулсын хүү мөн юм билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 103 (7347)