Доржийн Дамдинжав гэдэг эрхмийг би аль эртнээс танина. Жирийн багш байхаас нь. Сүүлд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын сургуулийн захирал байхдаа олон төрлийн мод, жимс жимсгэнэ тарьж говь нутагт мод, таримал ургамал ургадаггүй гэсэн хэвшмэл ойлголтыг эвдэж үлгэр жишээ төгөл байгуулсан бас сургуульдаа амьтны хүрээлэнтэй болох эхлэл тавьсан тухай олноороо шагшин ярьж байсан.  Хожим тэтгэвэртээ гараад Улаанбаатарт суурьшаад ч нэг хоног зүгээр суугаагүй хүн л дээ.  “Чингис” зочид буудлын гаднах талбайд мод услаад л зогсож байдаг байлаа. Тэгснээ нас сүүдэр ная давсан хойноо Налайхад хоёр га газар худалдан авч мод сөөг тарьсан тэр нь одоо ногоон төгөл болжээ. Бас малчин байгаад ч үзчихсэн гэдэг. Өнөөдөр тэрбээр нас өндөр гэлгүй юм бүтээх тухай л ярьж явна.  Ярьсан бүхэнд нь шинийг сэдсэн, болгох бүтээхийн төлөө санаа сэдэл байдаг. Ямар сайндаа айлын даллагын саванд байсан будаанаас 10-аадыг гуйж авч тариад ургуулсан гэх.  Энэ хүн техникийн хэлээр бол зохион бүтээгч, ховорхон инженер, гэж болох эрдэмтэй элдэвтэйн хувьд дээлтэй судар шиг нэгэн.  Иймээс Монгол Улсын гавьяат багш, ахмад настан түүний бичсэн “Арга эвийг нь олбол бүтэхгүй ажил гэж байдаггүй гэсэн захидлыг бусдад сургамж, санаа болгох үүднээс нийтэллээ. Д.Цэрэннадмид

 


 

Сүүлийн жилүүдэд өвөл, хаврыг дамнасан цаг агаарын хүндрэл бидэнд ойр амсаагүй их хохирол учруулсан ч монгол түмний заяа түшиж бас ч танагтай давсан санагдана. Таван хошуу буянт мал сүрэг маань хангай говь, тал хээрт бэлчдэгээрээ бэлчиж, малчны хотонд төлийн дуу цангинан хаваржаад зунтай золголоо. Малчин хүн хэзээ ч хотоо харлуулж модоо барьсан нь үгүй. Зуд зулагтай гэдэг энэ ажээ. Байгаль дэлхий хатуурах цагтаа хатуурч авдгаа авдаг ч  өгөөж хишгээ харамгүй хайрладаг болохоор хэдий их хохирол үзсэн ч тэгтлээ харамсаж гонсойгоод яахав. Хэн бүхэнд саяын зуд турхны хатууг мартаж боломгүй. Сүүлийн үед манай эрдэмтэн мэргэд, мэргэжлийн хүмүүс, мал аж ахуйгаа, хөдөөгөө тойрсон асуудлаар сүрхий анхаарч санал бодлоо солилцож буй нь сайшаалтай байна. Улс орноо бүсчлэн хөгжүүлэх талаар төр засгийн бодлого, үйл ажиллагааны түвшинд дээшлүүлж буй цогц үзэл баримтлал энд гол байр эзэлж байх шиг.

Тиймээс өвгөн багш миний өөрийн хэр хэмжээнд бодож явдаг зарим зүйлээ түмэн олонтойгоо хуваалцъя гэж бодсон юм.

Цаг агаарын аливаа хүндрэл, үүний дотор зуд турхнаас мал сүргээ авран хамгаалах, хохирол багатай даван туулахын тулд нэн даруй юунд анхаарч юу хийх ёстой вэ гэвэл эрхбиш хөдөө нутагт насаараа амьдарсан ахмад хүний хувьд хэлэхэд юун түрүүнд малчны хотноос эхлээд баг, сум, аймаг, улс бүх түвшинд өвлийн бэлтгэлийг жинхэнэ утгаар нь хангадаг байгаасай гэж бодох юм. Өнгөрснөө магтан дөвийлгөлөө гэж битгий бодоорой. Тийм сайн үе байсан юм шүү. “Наадмын маргааш намар” гэж ярьдаг. Энэ үгийн ард угтан ирэх хатуу өвлөөс өрсөж урин дулаанд хамаг ажлаа цаг алдалгүй амжуулъя гэсэн нэг ёсны сануулга дохио гэдгийг хүмүүс мэдэх байх. Долоодугаар сарын дунд үеэс зун, намрын отор эхэлж хашаа хороо, худаг усаа засаж додомдоно.

Мал сүргээ эрүүлжүүлэхийн тулд ээлжит тарилга, туулга, ариутгал, угаалга ч энэ үеэр явагдана. Мал сүрэгтээ хадлан тэжээл бэлтгэхэд бүх нийтийн анхаарал төвлөрч улс орон даяараа шуурхайлан ордог байсан сайхан уламжлалыг өнөөгийн нөхцөлд сэргээхсэн гэж бодож явдаг юм. Энэ талаар буриад түмний үеийн үед улируулан үлдээж буй сайхан уламжлал, үлгэр дуурайллыг дагахсан. “Саяын зуд турхан буриад зоныг дийлсэнгүй” гэх наргианы аястай үг сонсогдоно. Үнэхээр ч тийм. Хамгийн хохирол багатай, зарим нь бүр хорогдолгүй өвлийг давж гарсан нь энэ нутгийнхан. Хэнтий аймгийн Дадал сумын малчид бэлтгэсэн тэжээлээсээ илүүчилж тал нутгийнханд 1000 боодол өвс хандивласныг бүгд сонссон байх. Хадлан тэжээл бэлтгэх нь зөвхөн хангайнхны ажил байгаагүйг тодотгож хэлье. Дундговийнхон гэхэд ургац сайтай жил нутагтаа, тааруухан жил хангайгаас хадлан авдаг байсан. Айлууд таана гэхчлэн шимт ургамлыг аарц, хивэгтэй багсарч сорс, зоодой гэж нэрлэдэг гар тэжээл хийдэг байлаа.

“Дулаан хэвтэр дунд идэш” гэсэн үг бий. Хашир туршлагатай малчид жилийн жилд өтөг бууцаа сэндийлж хөрзөнг ховхлон урины нар салхинд хатааж хуурайшуулдаг нь бог малаа дороос жиндүүлэхгүй тав тухтай байлгах нэг нөхцөлийг бүрдүүлж буй хэрэг юм. Хашаа хороо хэчнээн битүү, салхи савир орохгүй ч хот хөлдүү бол ямар ч нэмэргүй гэсэн үг. Монголчууд хотоо хөлдөхөөс сэргийлж олон сайн арга хэрэглэдэг байсан. Их хөлийн хуурай хөх бууцанд буй мал хэрийн цас шуурганд зутардаггүй болохоор манайхан малаа хашаалдаггүй. Харин өмнөд хөрш өвөрлөгчид малаа цаг хүндэрсэн үед зориуд бэлтгэсэн битүү хашаа хороонд оруулдаг болсон нь салхи, шуурганд уруудах, осгож хөлдөхөөс сэргийлсэн үр дүнтэй арга ажээ. Тэд чулуу, тоосго, мод бусад материал ашиглан бөх бат хашаа байр барьдаг юм байна. Харин бэлчээрээ хэсэгчлэн хашсанаас ургамлын төрөл зүйл цөөрч байгааг  ажиглажээ. Энэ бол бидэнд анхаарах нэг сургамж мөн.

Цаг агаарын хүндрэл хийгээд мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхтэй холбогдуулж малынхаа тоог цөөрүүлж чанар чансааг нь сайжруулах тухай ярих болов. Малчид ч дотор ухаандаа нэг бишийг тунгааж байгаа байх. 2023 оны байдлаар манай улс 64.6 сая малтай, төрлөөр авч үзвэл адуу 4.8 сая, энэ нь нийт сүргийн 7.4 хувь, тэмээ 473.8 мянга /0.7 хувь/, үхэр 5.3 сая /8.3 хувь/, хонь 29.4 сая /45 хувь/, ямаа 24.6 сая, энэ нь бүх малын 38.1 хувь болжээ. Мал сүргийн 16.4 хувь нь бод, 83.6 хувь нь бог байгаа. Богийн нийлбэр дүнд хонь 56 хувь,ямаа 44 хувийг эзэлнэ. Эдгээр  үзүүлэлт өнгөрсөн өвөл, хаврын  зуднаар хөдөлсөн ч  ерөнхий хана нь байгаа байх. Хангайнхан үхрээр түлхүү,  тал хээрт адуу олонтой уламжлал хэвээр хадгалагдаж байна.

Түүхэн уламжлалаараа монголчууд ямаан  сүргийнхээ тоог нийт малын 20 орчим хувьд тогтмол барьж ирсэн нь үе үеийн баримт сэлтээс харагддаг. Ямаа хэдий ашиг шим өндөр, буянт мал ч гэлээ идээшлэхдээ газрын хөрсийг  сэндийлж өвс ургамлын үндсийг тасалдаг нэг согог бий. Говийн хүн болоод ч тэр үү би тэмээгээ улам олшруулахсан гэж бодож суудаг юм.

Сүү шим, ноос ус арвин, уналга эдэлгээнд тохиромжтой, гарын дор номхон дөлгөөн, байгалийн хатуу ширүүнд тэсвэртэй, аргагүй монголчууд бидэнд заяасан бурхны хишиг гэхээр мал юм шүү дээ. Тэмээний тоо өнгөрсөн зууны дунд үед 800 мянга давж ирснээ аажмаар тасралтгүй буурч 2005 онд 260 мянга болжээ. Харин сүүлийн жилүүдэд гайгүй өсөж одоо дээр дурдсанаар 500 мянгад дөхөж яваа мэдээ байна.

Малын үүлдэр угсааг сайжруулах нь мэргэжлийн хүний заавар зөвлөгөөг авч шинжлэх ухааны үүднээс хандвал зохих нарийн чимхлүүр ажил болохыг сануулсан нэг баримт байна. Сүүлийн үед зарим газар ямаагаа эрлийзжүүлснээр бүдүүн эр ямаанаас 800 грамм,  борлонгоос 300 грамм ноолуур авдаг  болжээ. Энэ нь өндөр үзүүлэлт, үр дүн мэт санагдаж болох. Гэтэл олон улсын стандартад яв цав нийцдэг нарийн торгомсог чанар нь буурч байна гэсэн үг.  Ийм янзаар явбал манай ноолуурын ширхэг улам бүдүүрч 15.5-16.5 микроноор хэмжигддэг доод ангилалд шилжиж энэ тохиолдолд дэлхийн зах зээлд борлогдохоо болих, бүр эх орны үйлдвэрт ч тохирохгүй болж магадгүй юм. Учир шалтгааныг мэргэжлийн хүмүүс нарийн, тодорхой хэлэх байх.  Бидний ойлгосноор мал эрлийзжүүлэх үе шат, технологитой холбоотой бололтой. Гадаад үүлдрийн бог малыг монгол малтай нийлүүлэхэд гарсан төл аль алиных нь төрөлх шинжийг тэнцүү хадгалдаг. Харин тэр мал ямар ч шилмэл, сайхан байсан түүгээр хээлтүүлэгч тавьж ерөөс болохгүй гэж малын удам зүйчид захиж байдаг юм шүү.

Тэгвэл бас нүүдлийн болон суурьшмал мал аж ахуй хослон эрхлэх тухай ярьж хэлэлцэх болов. 1990-ээд он хүртэл манай оронд саалийн механикжсан ферм 30 гаруй, мал бордох аж ахуй хэд хэд байсан мэдээ байдаг. Өнөөдөр нийслэл, бусад томоохон хот суурины ойролцоо хувийн жижиг фермүүд цөөнгүй ажиллаж буй нь хүн амын хүнсний хэрэгцээ хангахад чухал дэм болж байна. Манай эрдэмтдийн олон жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүн болсон "Орхон", "Ерөө", "Хангай" үүлдрийн хонь цагтаа 250 мянгад хүрч байсан гэдэг. Энэ мэт урьд өмнө хийж бүтээсэн зүйл, хуримтлуулсан арга туршлагадаа тулгуурлан суурьшмал мал аж ахуй хөгжүүлэх боломж бол бүрэн байна гэж болно. Харин энэ салбарт шинэчлэл хийх нэрээр уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаа халах,  орхих тухай яриа байж огт таарахгүй. Бэлчээр гэж юу билээ, эх нутгийнхаа эрс тэс уур амьсгалд зохицсон монгол мал гэдэг ямар билээ гээд лавшруулан бодож үзвэл энэ асуудал орчин үед монголчууд бид үндсээр нь тээж яваа нүүдлийн соёл-иргэншил, цаашлаад улс орны тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдалтай ч холбогдох нь ойлгомжтой.

Таван хошуу мал сүргийнхээ үр шимийг хэрхэн бүрэн дүүрэн ашиглах вэ. Арга эвийг нь олж сэтгэл зүтгэл гаргавал бүтэхгүй юм гэж үгүй. Хийж бүтээх боломж чухам л хөлөөр хөглөрч байгаа гэж бодож явдаг хүндээ өвгөн би. Өмнөд хөршийнхөн манай нутгийн хонины ноосыг дуртай худалдан авдаг нь олон жилийн өмнөөс ажиглагдсан юм. Учрыг мэдэхнээ, сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тохирсон байдаг юм байна. 10-аад жилийн өмнө туршилтын журмаар явуулсан манай хонины ноосоор хийсэн даавууныхаа дээжээс Солонгосын нэг үйлдвэр манайханд явуулж түүгээр хийсэн дээл эдүгээ  миний хамаатан малчин дүүд байна. Мэргэжилтнүүдийн ярих нь Өмнөговь, Дорноговь аймгийн хойд зах, Говьсүмбэр, Дундговийн нутагт байх энэ хонийг "Талын цагаан" омог гэдэг юм байна. Хэдэн жилийн өмнө  "Сайнцагаан" хэмээх "Талын цагаан" хонины шинэ омгийг эрх бүхий газар батламжилсан байдаг юм.  Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Ё.Энхтөр нарын мэргэжлийн хэдэн залуус "Талын цагаан" омог хонины ноосонд судалгаа хийсний үндсэн дээр говь нутагт үйлдвэр байгуулах төсөл боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан нь  тун бүтэмжтэй хариу сонсжээ. Өвгөн би бээр энэ залуустай холбоо тогтоон санал бодлоо солилцож байлаа.

Жишээлбэл, энэ үйлдвэрийг Говьсүмбэр аймгийн төв Чойр орчимд баривал зүйтэй болов уу гэсэн хувийн бодол бий. Үндсэн түүхий эдээ  аль ч талаас ойр авах цаашлаад  гадаад зах зээлд нэвтрэх боломжтой. Цахилгаан сүлжээ зам тээвэр сайтай зэрэг давуу тал энд бийг бодоод ингэж хэлж байгаа юм. Дээрх хүчин зүйлүүдээс гадна мэдээж энэ төрлийн үйлдвэрлэлийн нэг гол хэрэглэгдэхүүн болох усны асуудлыг хэрхэн шийдэх, хөрөнгө  оруулалт, ажиллах хүч гэхчлэн бодож цэгнэх зүйл цөөнгүй байж таарна. Бүх юм сэтгэлчлэн бүтэх болтугай хэмээн хүлээж сууна. Өөр нэг зүйл, юуны төлөө тэмээний нутаг билээ. Ингэнийхээ сүүг дотоод, гадаад зах зээлд хүртээмжтэйхэн  гаргахсан гэж бодох юм.

Баянхонгорынхон Хятадын Ганьсу мужтай холбоо тогтоон тэдний жишээгээр  ингэний ферм байгуулсан мэдээ байна. Ер нь тэмээний ферм, аж ахуй байгуулах нь бусад малынхаас зардал багатайг бодож үзмээр. Тэмээ бол үхэр шиг их тэжээл шаарддаггүй мал шүү дээ. Айраг мөн адил. Архангай,  Өвөрхангай, Булган, Төв аймгийг дамнасан айрагны бүсэд бүхэл бүтэн нутгаараа багтдаг ганц аймаг бол Дундговь. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-д монголчуудын хөхүүрийн айраг исгэдэг зан үйл дэлхийн биет бус соёлын өвөөр бүртгэгдэх баримт бичигт Дундговийнхны нэр нэг бус тэмдэглэгдсэн байдаг юм. Дундговь гэхээр адуу, айраг, найр, уртын дуу төсөөлөгддөг. Говийн бид чинь таанын айраг, мах л гэдэг дээ.

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс монголчууд ойрын жилүүдэд эх орондоо тэрбум мод тарьж ургуулна хэмээснийг ард нийтээр талархан хүлээн авч багагүй ажил амжуулсан, цаашдаа улам ч эрчимжих байх. Манай нутгийнхан жишээлбэл, Гурвансайханыхан улсын хэмжээний үлгэр жишээ, жишиг сум болох ажлын хүрээнд сумын төвөө ногоон төгөл болгож байна. Мандалговь хотын нүүр царай ч мэдэгдэхүйц өөрчлөгдөж буй. Өөр нэг тодорхой баримт дурдахад, Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн ахмад багш, аймгийн хурц арслан Лувсанжавын Цэмбэл асан 10-аад жилийн өмнө төрсөн нутаг Бага газрын чулууны ойролцоо хэсэг газар хашаалан улиас, хайлаас, нохойн хошуу, үхрийн нүд, тэхийн шээг тэргүүтэн мод, бутлаг ургамал тарьж эхэлснийг үр хүүхдүүд нь үргэлжлүүлж байгаа юм  байна лээ. Тэнд чацаргана маш сайн ургаж байгаа.

Нийслэлд оршин суудаг Дэрэн сумын ахмадууд жил бүр нутагтаа очиж мод тарьдаг уламжлалтай болжээ. Энэ мэт ажил үйлсийг бүх нийтийн өргөн далайцтай хөдөлгөөн болговол "олны олон таван цэн" гэгчээр эх дэлхийгээ баярлуулж бас үе үе гаргадаг хатуу ааш араншинг нь зөөлрүүлэхэд их хувь нэмэр болох нь гарцаагүй.

40 гаруй жилийн өмнө намайг Цагаандэлгэр сумын дунд сургуулийн захирлаар ажиллаж байхад манай хамт олон сургууль орчноо тохижуулахаар санаа нэгдэн чамлалтгүй үр дүнд хүрсэн юм. Сургууль орчны талбайд улиас, хайлаас, улиангар мөн үхрийн нүд, монос, давжаа алим, үрэл, тэхийн шээг тарьж ургуулсан. Чацаргана бол хөрс тэгтлээ голдоггүй, мэдээж усалгаа шаарддаг ургамал юм билээ. Чацаргана бол ердөө л "хариулгагүй ноолуур" гэж Увсын нэг тариаланч бүсгүй бичсэн. Энэ үг хүмүүст нэг бишийг сануулсан болов уу. Бид хүлэмжтэй болж түүндээ өргөст хэмх, улаан лооль, хятад байцаа, салатны навч  мэтчилэнгийн нарийн ногоо тарьдаг. Түүгээр өөрсдийн хэрэгцээг хангадаг байсан.  Бас  молтогчин туулай 70 орчим, гургуул хориодтой. Москвад сурдаг охин маань яст мэлхий авчирч өгсөн. Сүргээсээ хоцорч төөрсөн янзага авчирч тэжээсэн нь түмний харааг булаасан сайхан зээр болж  хүүхэд багачуудад дассан байсан юм. Амьтан ч ялгаагүй амьд байгалийн нэг хэсэг.

Ямар ч байсан бид зорьж хүссэндээ хүрсэн. Эдүгээ ч гэсэн өвгөн би тэр үеэ, тухайн цагийн багш, ажилчид, хүүхдүүдээ  санан дурсаж    явдаг юм. Бусдын туслалцаа байсныг ч хэлэхгүй өнгөрч болохгүй. 1980-аад оны дунд үед Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Түмэнбаярын Рагчаа гуай манай суманд ирэхдээ бидний ажлыг өндөр үнэлэн чиргүүл бүхий цоо шинэ "Беларусь" трактор бэлэглэсэн нь мөн ч их хэрэг болж билээ.

Сургуулийн тогоочийн санаачилгаар тэр жилүүдэд сурагчдадаа өдөр бүр буцалгасан аарц өгдөг байсан. Нэг бүр нь 100 кг-аас доошгүй багтаамжтай 10 гаруй модон торхоор намар аарц хуримтлуулж авдаг, хөгцөрч муудуулахгүй хадгалах аргыг ч мэдэж авсан. Сургууль даяар "11 цагийн аарц" гэсэн өвөрмөц хэллэг буй болж шавь нараасаа гадна багш, ажилчид бүгд энэ шимт ундаанаас хүртдэг байж билээ. Энэ тухай өдгөө зарим хүн ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол хөтөлбөрийн эхлэл танай  "11 цагийн аарц" байжээ гэсэн үг хэлэхэд  баярладаг юм. 

2010-аад оны эхээр Налайх дүүрэгт хоёр га газар худалдан авч хүүхдүүдтэйгээ  хамтарч дадаж сурсан ажлаа шинэ нутагт дахин эхлүүлж билээ. Хангай газар мод ургахгүй гэх биш, гацуур, нарс, хар мод, улиас, шилмүүст болон навчит мод тус тус 60 илүүг суулгаж үхрийн нүд, монос, чацаргана, нохойн хошуу, тэхийн шээг, голт бор тарьсан. Бүгд сайхан ургасан. Мөн хулуу, амтат чинжүү, хар болон шар чавга, чангаанз, усан үзэм туршиж тарьсан.

Орчин үеийн хийцийн  томоохон хүлэмж дөрвийг байршуулж өргөст хэмх, улаан лооль, салатны навч мэтчилэн нарийн ногоо тарьсан юм. Ажил хийсэн хүн ам тостдог нь зайлшгүй. Гэхдээ миний хувьд энэ ажлыг үүсгэхдээ  ашиг хонжоо хараагүй ээ. Ганц жишээ хэлэхэд энэ завсар 1500 гаруй мод, бут сөөг, жимс жимсгэнийн суулгацыг бусдад  үнэгүйгээр өгч байлаа.

Налайхад ирэхэд би 82 настай байсан. Ажил хийхээр зорьж сэтгэл зүтгэл гаргавал аливаа юм болж бүтдэг л юм билээ. Одоо энэ газар нийслэлийн ойролцоох мод үржүүлгийн нэг томоохон төв болсон байгаа.

Ингээд энэ бяцхан өгүүллийнхээ эцэст монгол түмэн, бидний ирээдүй итгэл найдвар болсон залуу хойч үеийнхэндээ захихад төрж өссөн нутаг ус, аав ээж, өвөг дээдсийнхээ гал голомтыг хэзээ ч битгий орхиорой. Байрнаасаа хөдөлсөн  чулуу гурван жил зовдог, нутгаасаа салсан хүн насан туршдаа зовдог гэдэг юм шүү. Ажил хөдөлмөрийг хар бор, хатуу хүтүү гэж шилэх хэрэггүй. Хөлсөө дуслуулж олсон ганц зоос ч үнэтэй. Юухан ч хийж сурсан ухаан нэмж эрдэм болдог учиртай. Өвөг дээдсийнхээ үеэс үед улируулан үлдээсэн их өв соёл, ёс заншлаа хадгалж хайрлаж яваарай. Залуу хүн бүр өөртөө тодорхой зорилго тавьж түүндээ хүрэхийн тулд зогсолтгүй ямагт тэмүүлж хараа дээгүүр, тэмүүлэлтэй бай гэдгийг захья.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ

Доржийн ДАМДИНЖАВ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 102 (7346)