Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас гадаадад суугаа болон манай улсад сууж буй Элчин сайдын яамд, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээнд "Элчин сайдын мэдээ" буланг тогтмол явуулж байхаар болсон. Энэ удаа Герман, Австри, Австрали, Кувейт улсад суугаа Элчин сайдын яам, консулын газрын мэдээг тоймлон хүргэж байна.
Герман, монгол уран зураачдын "Үүлэн хуралдай" үзэсгэлэн нээгдэв
Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүрээнд герман, монгол уран зураачдын хамтарсан "Үүлэн хуралдай" буюу "Wolkensammler" үзэсгэлэн нээлтээ хийжээ. Үзэсгэлэн зургадугаар сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Берлин хотын Friedrichstraße-200 байрны "F200" үзэсгэлэнгийн танхимд хоёр орны 11 уран бүтээлч урлагийн бүтээлээ толилуулж буй юм. Уг үзэсгэлэнг Герман-Монголын нийгэмлэгийн ерөнхийлөгч, монголч эрдэмтэн доктор Удо Хаазе нээж, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд, доктор Б.Мандахбилэг мэндчилгээ дэвшүүлэв. Германы Элчин сайд асан Ё.Розенбергийн мэндчилгээг Mongolei.de сайтын сэтгүүлч, монгол судлаач хатагтай Р.Борманн уншиж танилцуулжээ. Үзэсгэлэнд оролцогч уран бүтээлчид товч танилцуулга хийсний дараа Элчин сайд Б.Мандахбилэг тэдэнд талархал илэрхийлэн хоёр орны дипломат харилцааны 50 жилийн ойд зориулан гаргасан шуудангийн тусгай маркийг дурсгажээ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Эрүүгийн хариуцлагын комиссын 33 дахь чуулган болжээ
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Бүгд Найрамдах Австри улсын Вена хотод энэ сарын 17-нд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн хариуцлагын комиссын 33 дахь чуулганыг зохион байгуулжээ. Тус чуулганд Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Нийслэлийн салбар зөвлөлийн төлөөлөгчид оролцсон байна.
Австрали, Шинэ Зеланд Улсад суугаа иргэд сонгуулиа хэрхэн өгөх талаар зөвлөгөө авлаа
УБЕГ-ын ажилтнууд энэ сарын 18-нд ЭСЯ-нд ажиллаж, Австрали, Шинэ Зеланд улсад суугаа иргэд УИХ сонгуульд санал өгөх иргэнийг цахимаар бүртгэх, бүртгэлийг баталгаажуулах, сонгуулийн санал авах өдрүүдэд сонгогчдыг биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээр таних цахим системийг суурилуулж, холбогдох зааварчилгаа, арга зүйн зөвлөгөөг өгчээ. Австрали, Шинэ Зеланд улсад байгаа сонгуулийн насны иргэд сонгогчдын нэрсийн жагсаалтад урьдчилан бүртгүүлснээр 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр сонгуульд санал өгөх боломжтой болно. Түүнчлэн энэ ЭСЯ-ыг иргэний улсын бүртгэлийн нэгдсэн системд холбов. Ингэснээр тус ЭСЯ-нд иргэний улсын бүртгэлд хамрагдаж буй иргэний бүртгэлийн мэдээллийг нэгдсэн системд шууд бүртгэх, УБЕГ-ын санд буй иргэний лавлагаа, мэдээллийг өөрийн хүсэлтээр гаргуулан авах боломж бүрдэж байгаа юм. Энэ үеэр Австрали, Шинэ Зеланд улсад оршин суугаа иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.
"Шинэ Хархорум" хот байгуулах төсөлд хамтран ажиллах санал тавив
Кувейт улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэн Арабын эдийн засгийн төлөөх Кувейтийн хөгжлийн сангийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Шамлантай уулзжээ. Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх онд тохиож буйг тэмдэглээд, хагас зуун жилийн энэхүү харилцаа, хамтын ажиллагаанд Кувейтийн сангийн оролцоо чухал ач холбогдолтой байдаг. Тус сангийн санхүүжилтээр эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд Монголын нийгэм, эдийн засагт үр өгөөжөө өгч байдагт Монголын ард түмэн болон Засгийн газар талархаж байдгийг онцлов. Кувейтийн сангийн шугамаар хамгийн сүүлд хэрэгжүүлсэн Түлэнхийн төвийн барилгын төсөл нь Монголын эрүүл мэндийн салбарт нэн чухал төсөл болсон. Тус төвөөр үйлчлүүлсэн өвчтөн, эмчлүүлэгч нар төвийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгааг дурдав.
Тэрээр цааш эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах тухай нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын хүрээнд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас Улаанбаатар-Хархорум чиглэлийн автозамыг өргөтгөж, шинэчлэн барихаар төлөвлөж байгааг мэдээлж, төслийн техник эдийн засгийн үндэслэлийг ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчид гардуулж, төслийн эхний хэсэг болох Улаанбаатар-Лүн чиглэлийн автозам барих төслийг Кувейтийн сангаар санхүүжүүлэх хүсэлтийг тавив. Валийд Аль-Бахр Монгол Улстай хамтран хэрэгжүүлсэн төслүүд бодит үр дүнгээ өгч байгаад баяртай байгаагаа илэрхийлээд хамгийн сүүлд хоёр орны хооронд төсөл хэрэгжүүлэх баримт бичигт талууд гарын үсэг зурснаас хойш 14 орчим жил өнгөрөөд байгааг тэмдэглээд, Монгол Улсын Засгийн газрын зүгээс нийгэм, эдийн засагт чухал, нэн тэргүүнд тавьж буй төслийг Кувейтийн санд тавьж байгааг талархан хүлээж авав. Тэрээр төслийг санхүүжүүлэх асуудлыг Кувейтийн сан зарчмын хувьд хүлээн зөвшөөрч байгаа. Сангийн дотоод процедурын дагуу тухайн санхүүжилт хүсэж буй орон нь Сангийн яамаараа дамжуулан албан ёсны хүсэлт гаргах шаардлагатайг дурдаж, Монгол Улсын Сангийн яамнаас албан ёсны хүсэлтийг, хэдий хэмжээний санхүүжилтийг ямар хугацаанд тавьж байгааг хүссэн тодорхой мэдээллийн хамт ирүүлсэн тохиолдолд хүсэлтийг судалж, албан ёсоор хариу өгөхөө мэдээлэв.
Астана хотын дарга Ж.Касымбекийг Монголд айлчлахыг урьжээ
Казахстан улсад суугаа Элчин сайд Д.Баярхүү Астана хотын дарга Женис Касымбектэй уулзаж, хоёр улсын нийслэл хотуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудал болон Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны аравдугаар сард БНКазУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр байгуулсан “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Казахстан улсын нийслэл Нур-Султан /Астана/ хот хооронд ах дүү хотын харилцаа тогтоох тухай хэлэлцээр”-ийн мөрөөр хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар санал солилцов. Элчин сайдын зүгээс энэ онд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлалууд болон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудлаар товч мэдээлэл танилцуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатараас Астана хотын дарга Ж.Касымбекийг тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урьсан захидлыг гардуулав. Астана хотын дарга Ж.Касымбекийн зүгээс түүхэн хэлхээ холбоотой, нүүдлийн соёлтой Монголын ард түмэнтэй илүү ойртож хамтран ажиллахын чухлыг дурдаж, нийслэл хотуудын хооронд байгуулсан ах дүү хотуудын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байдгаа илэрхийлэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 102 (7346)