Б.ТУУЛ

“Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны орнуудын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар дахь Русский дом буюу (РЦНК)-д өнөөдөр  боллоо.

ОХУ-ын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэн болон тус улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн албаны болон Улс ардын аж ахуйн академиас зохион байгуулсан уг хурал Москва-Улаанбаатар хотын хооронд шууд цахимаар болон танхимаар болж, хоёр орны ШУА болон Монгол-Оросын найрамдлын нийгэм, Монгол-Оросын бизнесийн зөвлөл зэрэг олон нийтийн байгууллагын төлөөлөл, их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаач нар оролцлоо. Хурлаар Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны гишүүн ОХУ, Беларусь, Киргиз, Армени зэрэг оронтой хамтын ажиллагааг цаашид аль салбарт, ямар хэлбэрээр хөгжүүлэх талаар хэлэлцлээ.

Хуралд Монгол Улсаас ШУА-ын Олон Улсын харилцааны хүрээлэнгийн Бүс нутаг,  олон талт хамтын ажиллагааны салбарын эрхлэгч, эдийн засагч, доктор А.Даваасүрэн ““Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх ирээдүйн төлөв, стратегийн чиглэл” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлдээ, манай улсын төр, засгаас дэвшүүлэн тавьж буй “Эдийн засгийн сэргэлтийн бодлого”-д тусгасан хил орчмын боомтын хөгжил, төмөр зам, дэд бүтэц болон аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд төлөвлөсөн төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд ЕАЭЗХ-ны орнуудтай хийх хамтын ажиллагаа, оролцооны талаар хөндсөн юм.

Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбооны орнуудтай хуурай боомт байгуулахад хамтран оролцох боломжтойг тэрээр хэллээ. Мөн төмөр замын хоёр дахь урсгал болох шугам тавих зэрэг бүтээн байгуулалтад гишүүн орнууд оролцон хамтран ажиллах боломжтой талаар илтгэлдээ дурдсан юм.

Эх сурвалж: www.zms.mn