Базарбямбын НЯМСҮРЭН

 

Дэлхий нийтээр хэвлэл мэдээлэл олон нийтийн мэдэх эрх ямар түвшинд байгаа, хэвлэлийн эрх чөлөө аль улсад хэрхэн өөрчлөгдсөн зэргийг танилцуулдаг Хэвлэлийн эрх чөлөөний индексийг жил бүрийн тавдугаар сард гаргадаг. “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) олон улсын байгууллагаас гаргадаг энэхүү индексээр манай улс энэ жил цөөнгүй байр ухарч, 109 дүгээрт бичигдсэн.  Тэгвэл RSF олон улсын байгууллагын зарим төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт манай улсад зочилж Монголын хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлтэй уулзаж тус байгууллагаас дэлхий нийтээр эхлүүлээд байгаа Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилгын үр дүнгийн талаар хуваалцсан юм. “Хил хязгааргүй сурвалжлагчид”-ын Ази, Номхон далайн бүсийн Товчооны захирал Седрик Алвиани, тус бүсийн нөлөөллийн менежер Александра Биелаковска, “Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга” төслийн дэлхийн түвшний менежер Клои Фиодиер нар манай улсын хэвлэлийн эрх чөлөөний индекс яагаад ухарсан талаар болон  олон улсын хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн нөхцөл байдал зэрэг сонирхолтой сэдвээр Монголын сэтгүүлчидтэй уулзаж санал солилцлоо. Тус байгууллагаас дэлхий даяар өрнүүлээд байгаа Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилгыг Монголд хэрэгжүүлэх төлөөлөгчөөр “Сэтгүүл зүйн инноваци хөгжлийн үүр” төвийн тэргүүн Б.Дуламхорлоо албан ёсоор ажиллахаар болсныг дуулгасан юм. Тиймээс энэхүү санаачлагын талаарх асуулт байвал Сэтгүүл зүйн хөгжлийн Nest төвтэй холбогдож болох аж.  Уулзалтын үеэр бид холын зочидтой ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө Монгол Улсад хүрэлцэн ирж дэлхий нийтээр өрнөөд байгаа Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилгыг танилцуулж байгаад талархал илэрхийлье. Энэ жил манай улсын Хэвлэл мэдээллийн индекс 21 байраар ухарсан нь салбарын хувьд анхаарах хэрэгтэй томоохон дохио гэж сэтгүүлчид бид санаа зовниж байгаа. Гэхдээ Монгол Улсын энэ ухралтын гол шалтгаан юу байсан талаар та бүхэн тодруулахгүй юу?

Александра Биелаковска:

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индексээр Монгол 109 дүгээр байр руу ухарсан гол шалтгаан хууль эрх зүйн орчинтой холбоотой. Нэр төрд халдах, гүтгэх доромжлох үйлдлийг Эрүүгийн хуулиар шийдвэрлэх тухай заалтыг хуульд оруулж ирсэн нь хэвлэл мэдээллийн эрхийг зөрчсөн төдийгүй энэ индексийг байр ухрахад томоохон нөлөө үзүүлсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад цензур тавьж, чөлөөтэй ажиллахад нь саад болсон үйлдлүүд нь бас нөлөөлсөн. Мөн сэтгүүлчдийн ажиллах орчинд багагүй өөрчлөлт гарсан. Монгол Улсын хувьд хэвлэл мэдээллийн байгууллагад итгэх итгэл алдагдаж ирсэн нь үзүүлэлт доошлох бас нэг шалтгаан байлаа. Улс төрийн зорилготойгоор, улстөрчид хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нөлөөлөхөөр оролдож байгаа нь бас гол нөлөө үзүүлсэн.

Седрик Алвиани:

-Бид индекс үзүүлэлтийг гаргахын тулд мэргэжлийн хүрээнд салбарын мэдлэг туршлагатай хүмүүсийн үзэл санаа бодлыг тусгадаг. Гэхдээ эдгээр санал асуулгад оролцсон хүмүүс сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор улс төрийн нөхцөл байдал ярвигтай болж ирсэн үед хэвлэл мэдээллийн орчин нөхцөл, эрх чөлөө нь боомилогдож байна гэж үзсэн учраас энэ индекс доошилсон байж болзошгүй.

Александра Биелаковска:

-Нэг зүйл нэмж хэлэхэд, бидний индексийг боловсруулах хугацаа маань 11 дүгээр сараас нэгдүгээр сар хүртэл явагддаг. Яг энэ хугацаанд Монголд сэтгүүлч шоронд хоригдсон. Бидний мэдэж байгаагаар Монголд өмнө нь сэтгүүлчийг бүтээл, нийтлэлийнх нь төлөө шоронд хорьсон явдал өмнө нь гарч байгаагүй. Энэ бол яалт ч үгүй Монгрлын хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халтай үйл явдал болсон. Тухайн сэтгүүлч шоронд 70 орчим хоног, мөн түүнээс хойш гэрийн хорионд байж, бүтээл нийтлэлээ хийж чадахгүй, сэтгүүлчээрээ ажиллах боломжийг нь хаачихсан байгаа нь энэ индекс унахад нөлөөлсөн.

Өөр нэгэн санаа зовж байгаа зүйл бол Монголын прокурорын байгууллага хуурамч мэдээлэл тараасан гэх зүйл ангиар сэгүүлчдийг баривчилж байгаа мэдээлэл бидэнд ирсэн. Дөнгөж долоо хоногийн өмнө нэг сэтгүүлч баригдсан мэдээллийг бидэнд өгсөн. Эдгээр нь Монголд хэвлэл мэдээллийн орчин хязгаарлагдаж байгаагийн нэг илэрхийлэл гэж ойлгогдож  байна.

Манай байгууллагын зүгээс индекс гаргаж байгаа нь аль нэг улсыг шүүмжилж, буруутгах гэсэн зорилгогүй. Харин эдгээр ардчилсан улсуудад нөхцөл байдал ийм байна шүү гэдгийг харуулах зорилготой. Бидний хүсч байгаа хандлага юу гэвэл энэ байгууллага манай улсыг бууруулчихлаа, харлуулчихлаа гэж үзэх биш харин манай улсад хэвлэлийн эрх чөлөөг дээшлүүлэхийн тулд хийх зүйл их байна шүү, засаж залруулах хэрэгтэй байна гэдэг агуулгаар хандаасай гэж хүсдэг. Монгол Улсын хувьд бүс нутагтаа энэ чиглэлээр манлайлах чадамж бүрэн бий гэж итгэдэг. Гэхдээ мэдээж тодорхой асуудлууд байгаа. Эдгээр асуудлуудаа засахын төлөө бодлого тодорхойлогчид бодитой алхам хийж ажиллах хэрэгтэй.  Удахгүй сонгууль болно, шинэ Засгийн газар бүрдэх байх. Тэр үед хэвлэлийн эрх чөлөө ямар түвшинд байна гэдгээ үнэлээд, тулгамдсан асуудлуудаа шийдэж чадах юм бол Монголын ард түмэн эрх чөлөөтэй үгээ хэлэх, үнэн зөв бодитой мэдээлэл авах боломж нь нээгдэнэ гэж ойлгож хүлээж байгаа.

-Хуурамч мэдээлэл хэвлэлийн эрх чөлөөний асуудал ярихаар Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга бас холбогдох байх. Та бүхний санаачилсан Сэтгүүл зүйн санаачилгад одоогоор 80 гаруй улс орны сэтгүүл зүйн төлөөлөл нэгдчихээд байгаа гэж байсан. Энэ санаачилгыг сэтгүүлчид бид ойлгоод байгаа ч жирийн уншигчдад магадгүй тийм ойлгомжтой биш байх. Ер нь Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилгыг энгийнээр уншигчдад тайлбарлахгүй юу?

Седрик Алвиани:

-Уншигчдад хандаад хэлэхэд энэхүү санаачилгыг ойлгоход тийм ч ярвигтай биш. Яг л бараа бүтээгдэхүүний шошгон дээр байдаг найдвартай байдлыг илэрхийлсэн стандартын тэмдэг, танигдсан брэндтэй ижил. Үүнийг би жирийн нэг савтай усаар авч тайлбарлая. Энэ ширээн дээрх усыг аваад үзэхэд ISO гэсэн стандартын тэмдэг болон бусад олон тэмдэглэгээ байна. Үүнийг хараад худалдан авагчид эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, баталгаатай сайн чанарын ус байна гэж олйгож хүлээж авна. Үүнтэй адил хэвлэл мэдээллийн байгууллагад JTI стандартын тэмдэглэгээ байх юм бол бид найдвартай чанартай хэвлэл мэдээллийн байгууллага юм байна гэж ойлгох хэрэгтэй. Нэг ёсондоо итгэлцлийг бий болгох тэмдэг юм. Фэйсбүүк дээр заримдаа хуурамч мэдээлэл гараад бид түүнийг нь мэдэлгүй цааш түгээх тохиолдол ямар ч хүнд тохиолддог. Тэгвэл тухайн байгууллагын хувьд JTI тэмдэгтэй байвал та бүхэн энэ найдвартай, ёс зүйтэй байгууллага юм байна гэж итгэж болно.

-Тэгвэл энэ санаачилгын гол давуу тал нь ун­шигч­дад итгэлтэй надвартай эх сурвал­жаа олж авах юм байна, тийм үү?

Клои Фиодиер:

-Монголын Хэвлэл мэдээллийн байгууллагууд Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилгад нэгдсэнээр уншигч, үзэгчид сэтгүүл зүйн мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн, олон улсын стандартад нийцсэн найдвартай мэдээллийг хүлээн авах боломжтой болж байгаагаараа хамгийн гол давуу талтай. Энэ санаачилгад нэгдсэн Хэвлэл мэдээллийн байгууллага хэний өмчлөлд, яаж ажилладаг зэрэг бүх мэдээлэл нь ил тод байдаг учир түүн дээрээс тулгуурлаад хэрэглэгч, уншигч үзэгчид тухайн редакцийн бэлтгэсэн мэдээ, нийтлэл контентийг хүлээж авахдаа итгэлтэй байж болно.

-Дэлхий дахинд ялангуяа зарим бүс нутагт үймээн самуунтай, дайн мөргөлдөөн гарч байгаагаас шалтгаалаад Хэвлэлийн эрх чөлөө болон сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудал нэлээд хурцадмал байдалтай байгаа. Тэгвэл манай бүс нутгийн хэмжээнд ямар байгаа талаар ноён Седрикээс асуумаар байна?

Седрик Алвиани:

-Харамсалтай нь таны хэлдгээр нөхцөл байдал амаргүй байгаа. Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан сэтгүүлчдийн тоо 48-д хүрчээ. Гэхдээ энэ тоонд Газын зурваст бөмбөгдөлтөд өртөөд харамсалтайгаар амиа алдсан сэтгүүлчдийн тоо ороогүй. Ази Номхон Далайн бүс нутаг дэлхийн хэмжээнд тааруу үзүүлэлттэй байгаа хоёр дахь гол бүсээр гэж нэрлэгдэж байгаа. Учир нь авторитар дэглэмтэй цөөнгүй улс орон энэ бүсэд бий. Хойд Солонгос, Лаос, БНХАУ, Вьетнам, Мъянмар зэрэг улсуудыг та мэдэж байгаа.  Эдгээр улс орнууд нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дэмжих тал дээр өөрсдийгөө маш сайн гэж үнэлдэг боловч олон улсын жишгээр авч үзэхэд маш дутагдалтай, стандартад нийцдэггүй. Харилцан нэгэндээ туршлагаа хуваалцахдаа аль болох хэвлэл мэдээллийг боомилсон туршлагыг сайн гэж үзэх хандлагатай. Гэхдээ мэдээж эдгээр улсууд байгаа нь асуудал биш. Тэдгээр улсууд хүссэн хүсээгүй байх нь тодорхой. Харин бид ардчиллыг бэхжүүлэх, ардчилсан тогтолцоотой улсуудад үүнийг ойлгуулах чиглэлээр ажиллах нь бидний хувьд зөв зүйтэй алхам болох ёстой.

Александра Биелаковска:

-Мөн тодруулаад хэлэхэд зөвхөн Монгол биш дэлхий нийтээр хэвлэлийн эрх чөлөө хумигдаж байгаа нь санаа зовних гол асуудал юм. Учир нь энэ жил дэлхийн 60 гаруй улс оронд сонгууль болж байгаа. Тийм учраас индексийн гол хэмжүүрийн нэг болох улс төрийн үзүүлэлтийн хувьд олон улсад ухралттай, доошилсон байгааг тодотгож хэлмээр байна.

-Та бүхэн сэтгүүлчдэд өгсөн мэдээллийнхээ үеэр индексийг гаргах зарим аргачлалыг өөрчилсөн нь үр дүнд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж хэлж байсан. Энэ талаар тодруулбал...?

Александра Биелаковска:

-Энэхүү индексийг гаргахдаа бид нийтдээ 80 асуултын дагуу мэдээлэл цуглуулдаг. Эдгээр нь ерөнхийдөө таван голлох үзүүлэлтийг хамардаг. Өмнө нь бид ерөнхийд нь мэдээллээ дүгнэдэг байсан бол энэ удаагийн хувьд мэдээллийг илүү гүнзгийрүүлж, нарийвчилж авч үзэх болсон. Магадгүй ингэж нарийвчлалтай мэдээлэл цуглуулсан учир Монгол Улсын хувьд үзүүлэлт доошлоход нөлөө үзүүлсэн байх боломжтой. Бид энэхүү нарийвчлалыг гаргахдаа тухайн улсад хэвлэл мэдээллийн салбарт холбогдох хууль эрх зүйн орчинд хэр өөрчөлт орсон, жендэрийн асуудлыг хэр зэрэг авч үзэж байна гэх зэрэг гол гол өөрчлөлтийг оруулсан. Эндээс харахад олон улсын хэмжээнд ардчиллын нөхцөл байдал доошилсон нь бүх улс орнуудын үзүүлэлт буурахад тодорхой нөлөөлөх хүчин зүйл болсон. Жишээ нь Азиас тэргүүлж байгаа улсууд цөөхөн байна. Тайванийн хувьд үзүүлэлт нь дээшилж байр ахисан боловч энэ нь хэвлэл мэдээллийн орчин сайжирсан биш бусад улсуудын нөхцөл доошилсонтой холбоотой.

-Ингэхэд Хэвлэл мэдээллийн индексийг дэлхий нийтээр зарлачихлаа, хэн хаана яваагаа олоод мэдчихлээ. Тэгвэл үүний дараагийн шийдлийн алхам нь юу байх ёстой юм бэ?

Седрик Алвиани:

-Үр дүнтэй шийдэл гэж ярихад түрүүнд бидний ярьсан Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга гол шийдэл байж болно. Ардчилал хумигдаж, ардчилалд заналхийлж байгаа тодорхой улс орнууд бий. Зарим авторитар улс орныг хүлээн зөвшөөрч, тэдний хувьд хэвлэлийг хянах ёстой гэдгээ ил тод зарлаж байгааг нь иш татаж дамжуулж байгаа нь өөрөө бас ардчилалд нөлөөлж байгаа сөрөг хандлагын нэг.

Эрх чөлөө гэх зүйл байх ёстой юу, үгүй юу гэж ярих хэмжээнд хүртэл нөхцөл байдал дордож байна. Сэтгүүл зүйн мэргэжлийн бүтээлийг хүртэл хуурамч мэдээлэл гэж гүтгэх, мушгих хандлага нэмэгдэж байна. Энэ мэт зүйл дээр бид анхааралтай байж чадахгүй бол эргээд ардчилал хумигдах эрсдэл нэмэгдээд байгаа хэрэг. Үүнээс болоод хэвлэлийн эрх чөлөө боомилогдох нөхцөл байдал улам газар авсаар байна. Ардчиллын үлгэр жишээ Скандинавын зарим орнуудад хүртэл нөхцөл байдал доошилж байгаа индекс харагдаж байна. Ер нь аль ч газрын улс төрд мэдээллийг өөрсдийнхөөрөө талд ашиглах, эрх мэдлээрээ далайлгах байдал байдаг. Тэгэхээр сэтгүүл зүйн орчинд эргэлзээ төрүүлэх, аль нь хуурамч мэдээлэл, аль нь үнэн бодит мэдээлэл гэдгийг ялгахгүй нөхцөл байдал нь тэдгээр улстөрчдөд улам давуу байдал олгож байгаа. Хэн нэгний хийсэн чанартай бодит мэдээллийг хуурамч гэж эсрэгцүүлэх нөхцөл бий болоод байна. Тэгвэл үүнээс сэргийлэх гол арга хэрэгслийн нэг бол Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга юм.

-Та бүхэн Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Мэдээж ирэхээсээ өмнө Монголын сэтгүүл зүйн талаар тодорхой төсөө­лөлтэй байсан байх. Энэ төсөөлөл бодит байдал дээр ямар байв?

Клои Фиодиер:

-Бид Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилгын талаар өмнө нь танилцуулж, Монголд хоёр удаа цахим сургалт явуулж байсан. Маш олон хүн идэвхтэй хамрагдсан. Өнөөдөр оролцсон сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллагынхан ч мөн адил их идэвхтэй байлаа. Энэ санаачилгад хэрхэн хамрагдах талаар тодорхой асуултуудыг асуугаад зарим нь аль хэдий нь энэ санаачилгад нэгдээд эхэлснийг сонсоход маш их  таатай байна. Бид өмнө нь Тайланд, Индонез зэрэг улс орнуудад очиж танилцаж байсан. Монголын сэтгүүлчдийн гол ялгаа нь хэвлэл мэдэээллийн орчиндоо үнэхээр чин сэтгэлээсээ санаа зовниж, цаашид сайжруулахад өөрсдийн зүгээс юу хийх ёстой вэ зэргээр оролцоотой байхыг хүсч байгаагаа илэрхийлсэн нь маш их сайхан байлаа.

Седрик Алвиани:

-Бид Монголын сэтгүүлчдэд зориулан мөн урмын үг хэлмээр байна. Монголын хэвлэл мэдээллийн ажлын нөхцөл орчин хүнд гэдгийг бид мэднэ. Цалин хөлс бага, улс төр, бизнесийн нөлөө өндөр, мөн ядаж л өвлийн хүйтэнд мэдээлэл бэлтгээд гарна гэдэг нь хүртэл бусад улс орны сэтгүүлчидтэй харьцуулахад маш их сорилт болдог. Гэхдээ ийм хүнд нөхцөлд та бүхэн салбарынхаа сайн сайхны төлөө санаа тавьж, ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаагаар бид бахархаж байна. Мэдээж та бүхний өдөр тутамдаа хийж байгаа мэргэжлийн энэ ажил зөвхөн сэтгүүл зүй гэлтгүй Монгол Улсын ардчилалд томоохон нөлөө үзүүлдэг, маш чухал ажил юм шүү гэж хэлмээр байна. Ардчилсан нийгмийн тулгын чулууны нэг нь сэтгүүл зүй юм. Та бүхэн байхгүй бол нийгэм сайжрахгүй.

Монгол Улс бүс нутагтаа хувьд ардчиллын үлгэр жишээ цөөн улсын нэг учраас цаашид нөхцөл байдлаа улам дээшлүүлэх боломж бүрэн байгаа гэж би харж байна. Тиймээс сэтгүүлчид та бүхэн Засгийн газар томоохон компаниудтай хамтран сэтгүүл зүйн орчин, эрх чөлөөг тэлэх чиглэлээр улам хичээж хамтарч ажиллаарай. “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын зүгээс ч бас бүх талаар дэмжиж хамтран ажиллахдаа таатай байх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 101 (7345)