Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор “Монгол цэрэг энхийн төлөө” ТББ-ын гүйцэтгэх захирал Р.Эрдэнэбилэгийг урьж, ярилцлаа.

 

-Олон нийт таны тухай төдийлөн сайн мэдэхгүй. Та тэдний хувьд цагаан цаастай адил.  Р.Эрдэнэбилэг гэж хэн бэ.  Энэ асуултаар ярилцлагаа эхлэх үү?

-Намайг Рагчаагийн Эрдэнэбилэг гэдэг.  Аав минь Увс аймгийн Өндөрхангай сумынх.  Ээж минь хотынх.  Би Улаанбаатар хотын нэгдүгээр төрөх эмнэлэгт төрж хотын “А” бүсэд өссөн хүүхэд.

Аав минь цэргийн хүн байсан учраас ийш тийшээ их явна.  Намайг нэгдүгээр ангид орох жил аав Ленинградад одоогийн ОХУ-ын Санктпетербург хотод суралцахаар болсон. Аавыг дагаж тэнд очиж нэгдүгээр ангиасаа дөрөвдүгээр анги хүртлээ суралцсан байдаг юм.  Азтай ч гэмээр тохиол юм даа. Ирээд 23 дугаар сургуульд суралцаж байгаад есдүгээр ангидаа 52 дугаар сургууль руу шилжиж, тэнд дунд сургуулиа төгссөн. Ингээд хуучнаар ЗХУ-ын одоогийнхоор бол дайны байдалтай байгаа Укрианы Донецкой хотод очиж, Худалдааны дээд сургуульд суралцсан.  Тэр үед ч Орос, Укрианы нөхцөл байдал амаргүй байсан шүү дээ. Ингээд би 1992 онд эх орондоо ирж, Техникийн их сургуулийг төгссөн.  1997 онд АНУ-ыг зорьж, мэдээллийн системийн менеженментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.  АНУ-ын Нью-Йорк хотноо 10 орчим жил ажиллаж амьдарч байгаад 2012 онд Монголдоо ирсэн. Ирээд “Изинис Эйрвэйз” ХХК-ийн IT-гийн захирлаар хэсэг хугацаанд ажилласан.  Харамсалтай нь, 2014 онд компанийн үйл ажиллагаа зогссон. Тэгээд 2016 он хүртэл хувийн хэвшилд ажиллаж байгаад Харилцаа холбоо, мэдээлэл технологийн агентлагт, одоо бол яам болсон л доо. Тэнд Радио, телевиз, нийгмийн сүлжээний бодлого зохицуулалтын газрын даргаар томилогдон ажиллаж байсан.   Тэр үед нийгмийн цахим сүлжээ нэлээд дэлгэрсэн шүү дээ. Дараа нь 2017 онд “Мобиком” компанид Техникийн албаны захирал, 2019 онд “Шунхлай” группт төслийн удирдагчаар ажиллаж, “GS25” төслийг цаасан дээр байхад  нь аваад цар тахлын амаргүй цаг үед удирдаж,  2021 онд анхны дэлгүүрээ нээж, төслийг дуустал ажилласан даа.  Одоо бол хувиараа ажил эрхэлж байна.   

-Таны туулсан замнал бусад хүмүүсээс нэлээд өөр юм.  Ленинград хотод нэгдүгээр ангид орж. Укрианы Донецкой хотод очиж сургуульд хүртэл сурчээ.  За тэгээд АНУ-д мастераа хамгаалж тэнд ажиллаж амьдарч байгаад ирсэн. Та энэ олон газарт очиж, сурч хүмүүжиж, ажиллаж амьдарч, амьдралынхаа тодорхой цаг хугацааг зарцуулаад ирэх орондоо ирэхдээ хувь хүний хувьд ямар хүн болоод ирсэн бэ.  Өнгөрсөн цаг хугацаанаас юу “түүсэн” байна?

- Нэгдүгээрт, би их азтай хүн. 1980-аад онд Ж.Гүррагчаа гуай сансарт нисэж байхад би Орост байсан. “Монгол хүн сансарт нислээ” гээд ангийнхаа хүүхдүүдийн өмнө гарч яриад баярлан зогсож байлаа. Тэнд унаган орос хэл эзэмшсэн. Хүмүүсийн хэлдгээр орос суурьтай болсон ийм хүн юм. Дараа нь, АНУ-д манай улсын Элчин сайдын яам анх нээгдэхэд аав минь цэргийн атташегаар томилогдон ажилласан. Би 1996 онд аавыгаа дагаад АНУ-д очиж байлаа. Тэнд барууны соёлтой танилцсан, боловсрол эзэмшсэн.  Ер нь аавынхаа ажил мэргэжлийн буянаар бага залуу насандаа өөртөө олон давуу талыг бий болгож чаджээ.  АНУ-д гэхэд би IT-гийн чиглэлээр суралцаж, Японы компанийн АНУ дахь сүлжээг хариуцдаг том компанид ажиллаж байлаа.  Нефть, автомашин, карго, шингэн хий зөөдөг том том усан онгоцнуудын программууд, хувийн сүлжээнүүдийг хариуцдаг ийм компани л даа. АНУ болон Хонгконгт дата төвүүдтэй. Энэ компанид би 10 орчим жил ажиллаж,  дэлхийн олон улс орноор явж дата төвүүд, программ хангамжийн чиглэлд туршлага судалж байлаа.

-Хүний удам судар, үүсэл гарал гэдэг амьдралын туршид түшиж, тулж, урам зориг, ташуур өгдөг зүйл байдаг юм билээ. Та бол Монголын нэгэн гайхалтай генералын хүү. Аавынхаа тухай дурсахгүй юу?

-Тэгэлгүй яахав.  Миний аав Гүрийн Рагчаа гэдэг хүн.  Увс аймгийн Өндөрхангай суманд төрөөд багадаа хотод шилжин ирж, одоогийн 23 дугаар сургуулийг төгссөн. Тэндээсээ цэрэгт татагдаж, Монгол Улсын Зэвсэгт хүчинд байлдагчаас генерал хүртлээ зүтгэсэн бас л ховор хувь тавилангийн эзэн байлаа. Хамгийн сүүлд Хошууч генерал цол зүүгээд гавьяаны амралтаа суужээ.  Миний аавын Монгол Улсын зэвсэгт хүчинд хийсэн нэгэн том зүйл бол НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд монгол цэрэг үүрэг гүйцэтгэх гол саналыг оруулж, ажил хэрэг болгосон. Аав  минь энэ чиглэлд хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оюун санаагаа  зориулж, цэргүүдээ бэлдэж, холын оронд үүрэг гүйцэтгүүлэхээр үдэж байлаа.   Мэдээж аавтай минь хамтран зүтгэж, дэмжиж тусалж, шийдвэр гаргаж байсан олон хүн бий. Үүнийг мартах учиргүй. Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхэнд 1921 оны Ардын хувьсгалаас хойш тод үлдэх нэгэн том үйл явдал бол НҮБ-ын мандаттай Энхийг дэмжих ажиллагаанд Монгол цэрэг үүрэг гүйцэтгэж эхэлсэн явдал юм.  Манай цэргүүд ч энхийн албаа нэр төртэй гүйцэтгэж байна.  Олон улсад монгол цэрэг дэлхийн цэрэг гэсэн брэнд аль хэдийн бий болсонд баярладаг. Би ааваараа үргэлж бахархаж санан дурсаж явдаг. Аав минь хэдий цэргийн том генерал хүн ч гэлээ их зөөлөн хүн байсан. Хүмүүсийг аашилж, загнаж, зандарч тушааж байсныг нь ер санадаггүй. Бас би аавыгаа их сайн менежер байж гэж боддог. Ямар ч хүнийг голохгүй харьцдаг, ямар ч хүнтэй найзалж нөхөрлөж чаддаг ийм эрхэм чанартай хүн байсан.  Ямар сайндаа л  Нью-Йоркод байхад аав өглөө гэрээсээ гараад гудамжны цэвэрлэгчээс эхлээд байрны жижүүр, кофены мухлагийн хүн гээд бүгдтэй нь инээмсэглээд мэндэлнэ.  Нэг удаа аавтай хамт явж байгаад НҮБ-ын байр орсон.  Аав бараг үүднээс нь эхлээд бүх хүнтэй мэндэлж билээ.  Тэгээд бид хоёр тухайн үеийн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннантай таарч, би тэр хүнтэй гар барьсан.  Бас л нэг азтай тохиол юм шүү.  Би аавынхаа энгийн, эелдэг байх, ямар ч хүнтэй тэгш шударга харьцдаг тэр  эрхэм чанаруудаас өөртөө шингээх сэн гэж бодож хичээж явдаг даа.

- Би таныг айлын том хүү гэж сонссон. Аав тань танд юу гэж зааж зөвлөдөг байв. Мөн цэргийнхэн хүү нараа цэргийн хүн болгох гэж их боддог юм шиг байгаа юм?

-Би ер нь цэргийн хүн болъё гээд шийдчихсэн байсан. Аравдугаар ангиа төгсөөд цэргийн сургуульд орох байсан ч ээж минь зөвшөөрөөгүй. Аавд намайг янз бүрээр лоббидсоор байгаад би өөр мэргэжлээр явсан байдаг юм /инээв/. Аав минь биднийг загнаж, гар хүрж байсангүй.  Аав гэрт байх их сайхан.  Гоё хоол хийнэ.  Ер нь их гэр бүлсэг хүн л дээ.  Өөрийнх нь цаг зав муу байсан ч хүүхдүүддээ их анхаарч, агаар салхинд гаргаж, тоглуулна.  Ер нь ажилдаа, амьдралдаа хандах хандлага нь тэр чигээрээ л миний хувьд заавар, зөвлөмж, үлгэр дуурайлал байсан юм.

-Таны аав сэтгэл зүрхэнд тань болоод ажил мэргэжлийн хувьд салбартаа дурсагдаж амьдарсаар л байна.  Таныг хүмүүс Рагчаа генералын хүү гэж дуудаж, хүлээж авах нь олонтоо. Генералын хүү гэж дуудагдах мэдээж сайхан. Нөгөө талаараа хариуцлага байдаг биз?

- Тэгэлгүй яахав.  Сайн аавын нэрийг муухан авч явах эрх надад байхгүй.  Хариуцлага мэдээж өндөр. Аавын минь нэр хүнд, Зэвсэгт хүчинд эзлэх байр суурь гэж бий. Мөн шавь нар нь өнөөдөр аавын минь үргэлжлэл нь болж, Зэвсэгт хүчиндээ зүтгэж байна.  Бараг бүгдээрээ л том цолонд хүрч ачааны хүндийг үүрч яваа.  Тэд нарынхаа нэгэн адил аавынхаа нэр хүндийг сэвтээчихгүй юм сан хэмээн хичээн зүтгэж явдаг даа. Аавынхаа нэрийн “Монгол цэрэг энхийн төлөө”  санг 10 орчим жилийн өмнө байгуулж,  энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа цэргүүдийнхээ нийгмийн асуудалд тодорхой хувь нэмэр оруулахыг хичээж ирсэн.  Мөн сангаас “Шилдэг энхийг сахиулагч” шагналыг бий болгосон нь одоо Монгол Улсын Зэвсэгт хүчинд хүлээн зөвшөөрөгдөн, нэр хүндтэй шагналын нэгд тооцогдох болсон байна.  Энэхүү шагналыг жилдээ гурван цэргийн албан хаагчид буюу офицер, ахлагч, эмэгтэй алба хаагчид медаль, мөнгөн шагналын хамт гардуулдаг.  Сонгон шалгаруулалтыг бүхий л талын саналыг авч, шударга явуулдаг.  Яагаад манай сан ийм үйл ажиллагаа явуулаад байна гэдэг асуулт гарч ирэх байх.  АНУ-д олон жил болоход нэг зүйл их тод ажиглагдсан л даа. Тэр нь улсын цэргээ хүндэтгэх, дэмжих байдал их өөр.  Цэрэгт яваад ирсэн хүмүүсийнхээ нийгмийн асуудлуудыг шууд утгаар нь бүрэн шийддэг гэж болно.  Байр орон сууц, автомашины зээл нь энгийн иргэний зээлээс өөр. Боловсрол эзэмших процесс нь хүртэл тусдаа.  Цэргүүдээ маш их хүндэтгэж, амьдралын чанар дээр нь анхаардаг.  Манай Зэвсэгт хүчнийхэн “Монгол цэрэг Дэлхийн цэрэг” гэдэг брэндийг бий болгож чадлаа. Тэр утгаараа Монгол цэрэг өөрөө Монголын нэг брэнд юм.  Дэлхий аль хэдийн тэр утгаар нь хүлээж аваад эхэлсэн гэсэн үг.  Харин бид дотооддоо цэргүүдийнхээ амжилтыг хүлээн зөвшөөрч чадахгүй байна уу даа гэж хардаг.  Тэр ч утгаараа сан байгуулж, тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх ёстой шүү гэдэг эхний алхмуудыг хийж байна.

-Хүлээн зөвшөөрөгдөх, хүндэтгэн харьцах битгий хэл ер нь цэрэг байх шаардлага байгаа юм уу даа гэх яриа ч гарч байлаа?

-Харамсалтай л юм.  Тэнэг, мангардуу хүмүүсийн л яриа юм даа. Ийм яриа олон битгий гараасай. “Цэргийг мянган өдөр тэжээж нэг өдөр хэрэглэдэг” гэдэг үг бий.  Аливаа улс орны тусгаар тогтнол Зэвсэгт хүчнийх нь чадвараар л хэмжигддэг. Өөр ямар ч ухагдахуун байхгүй. Бид тусгаар тогтносон улс л юм бол батлан хамгаалах,  зэвсэгт хүчний өөрийн гэсэн бодлоготой байна.  Төр засаг ч энэ чиглэлд анхаарч ирсэн.  Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт ч энэ чиглэлийн бодлогууд тэргүүн эгнээнд ордог шүү дээ.  Тэгэхээр  Монгол Улсын Зэвсэгт хүчин чадваржих, чанаржих дээр л анхаарна уу гэхээс ганхаж, гуйвж болохгүй юм.  Манай улс 2000-аад он гэхэд ч ямар ч сөнөөгч онгоцгүй байсан.  Ингээд 2010-аад онд хэдэн тооны сөнөөгч онгоцтой болсон.  Тэрнээс өмнө баруун болон зүүн хязгаарын агаарын хилээр гаднын онгоцнууд мөнгө төлөхгүй, ямар ч зөвшөөрөлгүй шууд л нисчихдэг байсан.  Манайхаас анхааруулахаас өөр ямар ч арга хэмжээ авч чаддаггүй байлаа. Харин сөнөөгч онгоцтой болсноос хойш агаарын хилээр гаднынхан зөвшөөрөлгүй нэвтрэхээ больсон.   Зэвсэгт хүчин гэдэг ердөө л энэ шүү дээ. Тэгэхээр хэрэгтэй, хэрэггүй эсэх яриа бол ердөө л тэнэг хүмүүсийн яриа.   Ялангуяа ХХI зуунд техник, технологи маш хурдацтай хөгжиж байна. Дөрөвдүгээр хувьсгал буюу  IT-гийн үе шат эхэлчихлээ.  Геополитик   талаас нь харсан ч үйл явдлууд маш хурдацтай өрнөж байна. Дайн дажин болсон ч ямар хурдан эхэлж байгаа билээ.  Саяхан Израильд юу болов.  Хажуудаа байгаа ОХУ, Укрианыг хар л даа.   Энэ хоёр улсыг үнэндээ дайтна гэж хэний ч санаанд ороогүй шүү дээ.  Саяхан л ах дүү орон гэгдэж байсан.   Үүнээс харахад улс орнуудын нөхцөл байдал их өөр болсон байна.  Маш хурдан алхмуудыг хийж байна.  Энэ үед Монгол Улс ч гэсэн бэлтгэлтэй байх хэрэгтэй.   Монгол Улс хоёр том гүрний дунд оршиж байна.  Энэ нь нэг талаараа азтай, нөгөө утгаараа азгүй. Яагаад гэхээр энэ хоёр хөршөө бид нэгийг нь 200 жил, нөгөөг нь 300 жил дарлачихсан ард түмэн.  Түүхийг харвал, Орос гэдэг улсыг Бат хаан бий болгоод 300 жил дарлачихсан.  Харин Хубилай хаан Хядадыг 200 жил дарласан.  Бидний дарлалд байсан энэ хоёр улс маань өнөөдөр дэлхийн том тоглогч нар болчихлоо. Эдийн засаг талаасаа Хятад улс дэлхийн хоёр дахь эдийн засаг болж чадсан.  ОХУ хүчтэй зэр зэвсэг, цэрэг арми, цөмийн зэвсэгтэй. Тэр зэвсэглэлээ байнга хөгжүүлж байна. Тэгэхээр том гүрнүүдийн дээрэлхүү зан гэдэг зүйл яалт ч үгүй манай улсад тулгардаг.  Том гүрнүүд өөрсдийнхөө бодлогыг тулгадаг, шахдаг, хүлээн зөвшөөрүүлдэг.  Хятад улс арай өөр ухаанаар энэ шахалтаа үзүүлж, байр сууриа илэрхийлдэг. Харин Орос ах нар маань жаахан бүдүүлгээр дипломат биш байдлаар илэрхийлдэг.  Үүнийгээ олон жил хэрэглээд сурчихсан улс.  Тэгэхээр өнөөдрийн Орос улсын гадаад бодлого, ялангуяа Монгол руу хандсан бодлого нь ямар юм бэ гэдгийг бид маш сайн бодох ёстой.  Тэндээс нэг их гоё зураг гарч ирэхгүй дээ.  Өнөөдөр Монгол Улс ОХУ-тай 1.3 тэрбум ам.долларын наймаа хийдэг.  Түүний ихэнх нь шатахуун.   Ганцхан тэрбум ам.долларын наймаанаас болж ОХУ манай улсыг яагаад хавчиж, дарамтлаад байдаг юм бэ.  Үүнийг би геополитекийн тактик л гэж харна.  Монгол Улсыг ОХУ өөрийнхөө эрх мэдлээс, нөлөөнөөс гаргах ямар ч сонирхолгүй байна.   Энэ бол зүгээр нэг бодлого биш бүхэл бүтэн ОХУ-ын гадаад бодлого юм.  

-Тэгвэл та урд хөршийн гадаад бодлогыг юу гэж хардаг вэ?

-Монгол Улс БНХАУ-тай гадаад худалдааныхаа 90 хувийг хийж байна.  Тэгээд бид хятадуудаа муулаад байдаг. Би гайхдаг.  Өнөөдөр хамгийн их бэлэн мөнгөтэй, хөрөнгө оруулалт их хийдэг, хөгжлийн зээл олгож байгаагаар Хятад улс дэлхийд тэргүүлж байна.  Тэд хөгжлийнхөө дараагийн үсрэлтэд бэлтгэж байна. Магадгүй таван жилийн дараа гэхэд АНУ-ын эдийн засгийг ардаа үлдээхээр төлөвлөсөн болов уу гэж харж байна. Тэгэхээр бидний хувьд манай түүхий эдийг худалдаж авах, бэлнээр мөнгийг нь төлөх, хөрөнгө оруулалт хийх, буцалтгүй тусламж өгөх айл яг бөөрөнд байна. Нэг талдаа азтай шүү.  Өөр бусад орнууд энэ байрлалыг мөрөөдөж байгаа гэдэгт би итгэлтэй байна.  Энэ улсын манайд хандах хандлага ОХУ-ынхаас арай өөр. Гэхдээ хоёр том бодлогын дунд байгаа Монгол Улс дархлаатай байх хэрэгтэй.  Ядахдаа газрын тосны үйлдвэрээ бариад дотоодоо шатахуунаар хангадаг болчих хэрэгтэй. Усан цахилгаан станцаа барих шаардлагатай байна.  Тавдугаар цахилгаан станцаа ашиглалтад оруулаад, стратегийн ач холбогдолтой томоохон  бүтээн байгуулалтуудыг урагшуулах хэрэгтэй. Энэ нь эргээд Монгол Улсын дархлаа болох юм.  Хамгийн энгийн жишээ гэхэд бөөрөнд байгаа Казахстан өнөөдөр яаж хөгжиж байна.  Ареватай нийлээд атомын цахилгаан станцаа барьчихлаа.  Тэд яагаад ОХУ-аас тусдаа байж чадаад байгаа юм. Тэнд хүчирхэг улстөрч байна. Харин манай тийм хэмжээний улстөрч өнөөдөр алга.  Назарбаев бол хөгшин хүн шүү дээ.  Хуучин ЗХУ байхад Гадаад явдлын сайдаар ажиллаж байсан. Дараа нь Казахстан салсны дараагаар тэндээ очоод нэлээд хэл аманд орсон.  Гэхдээ тэр улстөрч В.Путины хажууд явсаар байгаад, өөрийн тактикийг амжилттай хэрэгжүүлж, улс орноо өнөөдрийн хэмжээнд авчирч чадлаа.

- Та барууны үзэл санааг баримтлагч юм байна.  Оросыг эсэргүүцэгч?

-Тийм. Яагаад гэвэл би өөрийнхөө хөдөлмөрөөр өөрийн амьдралыг бүтээж яваа хүмүүсийн төлөөлөл.  Энэ үзэл санааг дэмжихээс өөр аргагүй. 1990 онд Монголд ардчилсан хувьсгал өрнөж байхад би аравдугаар ангиа төгсөж байлаа.  Жагсаал, цуглааныг очиж үздэг байсан, гэрч гэх үү дээ.  Тэр үед Ж.Батмөнх тэргүүтэй МАХН-ын удирдлагуудыг их зөв алхам хийсэн гэж боддог.  Ардчилсан хувьсгалын жагсаал цуглааныг хүлээн зөвшөөрч, хүч хэрэглэхгүйгээр залуустаа зай тавьж өгч албан тушаалаасаа буусан. Түүнээс үүдэн Монгол Улс дэлхийд Ардчилсан улс гэдгээ зарлан тунхаглаж, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан. Энэ бол яах аргагүй манай улсын хөгжлийн зам байсан.  Гэтэл өнөөдөр… гэж бодох үе бас тулгарах юм.  “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” гээд Үндсэн хуульдаа заачихсан Ардчилсан Монгол Улсын иргэн яагаад үг хэлэхээс айдаг болчихоод байгаа юм. Дарга нарыг муулах төдийд яагаад хүнийг барьж, хориод байгаа юм. Энэ ардчилал юм уу, биш шүү дээ.  Түүнчлэн ардчилсан нийгэмд чөлөөт эдийн засаг гэж байх ёстой.  Чөлөөт эдийн засгийг дэмжсэн хуулийг парламент баталж,иргэддээ чөлөөтэй бизнес эрхлэх, ажиллаж хөдөлмөрлөх боломжийг нь бий болгох ёстой. Татварын таатай орчин байх ёстой. Гэтэл сүүлийн 12 жилийн хугацаанд чөлөөт эдийн засаг ерөнхийдөө хумигдчихлаа.  Энэ ардчилал юм уу, биш шүү дээ.   Ер нь 1990 оноос хойш өнгөрсөн 30 жилийн хугацаанд хоёр нам ээлжилж, засгийн эрх барьсан.

АН бол нам биш. Сонгуулийн үеэр эрх мэдэл албан тушаал авах гэж л нэгддэг фракцуудын нэгдэл. Намын дүрэм энэ тэр нь ч тодорхой биш.  МАН бол нам гэдэг институцын хувьд нэлээд хөгжсөн.  Гэхдээ босоо нам.  Босоо намын дээр гарсан шийдвэр доошоо амьдрал дээр ирж хөрсөн дээр буутал нэлээд удна даа.  Хүнд суртал ихтэй, хуучны коммунист уур амьсгал нь ч арилгаагүй юм билээ.

Өнгөрсөн хугацаанд юу болов гэхээр нэг нам нь босоо, нөгөө нам нь хэвтээ удирдлагатай болсон. Босоо нам нь өнгөрсөн найман жил дагнаж төрийн эрх барилаа.   Төрийн гурван өндөрлөгт энэ намын улстөрчид байна. Гэтэл өнөөдөр юу болов.  Эргээд коммунизм руугаа яваад эхэлчихлээ.  Шүүмжилсэн хүмүүсийг барьж хориод л. Төр засгийн орохгүй сэдэв, үйл ажиллагаа, бизнес гэж алга болчихлоо. Ийм утгагүй ардчилал гэж байхгүй.  Хамгийн энгийн жишээ гэхэд, өнөөдөр би бизнес эрхлээд 100 төгрөг оллоо гэхэд түүний 46 төгрөг нь татвар болон татвар нэртэй юманд явчихаж байна.  Тэгэхээр би яаж бизнес хийх юм бэ.  Бизнес хийх нь өөрөө дарамт болчихсон байна.  АНУ-д 100 ам.доллар олбол 25 ам.доллар нь татвар болон нийгмийн даатгалд явдаг.  Бусад нь тухайн бизнес эрхлэгч иргэнд үлдэнэ. Канадад 100 ам.долларын 40 ам.доллар нь татварт явна.  Арай өндөр. Гэхдээ эргүүлээд эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол нь үнэ төлбөргүй. Тэгж эдийн засгаа блансалж, явдаг. Тэгэхээр эхлээд бид эдийн засаг бизнесийнхээ суурь зарчмуудыг их тодорхой болгох шаардлагатай байна.

-Та эх орондоо ирээд бизнесийн салбарт ажиллаж эхэлсэн. Ямар алдаа дутагдлууд ажиглагдаж байв. Компанийн соёл талаас нь ч юм уу.  Та юу олж харсан бэ?

-Би бизнесийн групп компаниуд болон охин компаниудад нь ажиллаж үзлээ. Хамгийн нэгдүгээрт, залуус маань цалингийн хэмжээгээ бие биедээ шууд хэлчихдэг баймааргүй байгаа юм.  Таны авч байгаа цалин бол таны нийгмийн баталгаа.  Нийгмийн үнэлэмж юм. Энэ бол нууц байх ёстой. Дараагийн нэг асуудал нь манай залуус ажил хувийн амьдрал хоёроо их хольдог.  Уг нь ажил дээрээ мэргэжлийн, мэргэшсэн хүн байх ёстой. Тэрний төлөө компьютерын ард суугаа шүү дээ. Тэгэхээр тухайн ажлын орчин мэргэжлийн орчин учраас өөрийгөө мэргэжлийн авч явах ёстой.  Гадаадад олон жил болж ирээд шууд ажлын талбар дээр гарсан болоод ч тэр үү эдгээр асуудлуудыг их соргог хүлээж авч байлаа. Энэ асуудалд анхаарчихвал манай залуус алзахгүй. Монгол Улс бол маш залуу улс. Үүгээрээ бид бас давуу талтай юм шүү дээ. Солонгос улс гэхэд хөгширсөн, Япон бүр хөгшин.  Хятад нэг хүүхдийн бодлого хэрэгжүүлээд одоо айлын ганц хүүхэд бүгд эрх гэж жигтэйхэн хүмүүс болсон.  Тэд ажил дээр очиход хэцүү. Тэгэхээр манай улсад ажиллах хүчний хувьд ч боломж бий.  2012 онд Монголдоо ирэхэд нийгэмд асуудал нэлээд байсан бол өнөөдөр олон нийтийн соёлоос эхлээд дэвшилттэй байна.  Гэхдээ цаг хугацааны хувьд энэ хувьсал өөрчлөлт их удаан байна.  Тэгэхээр залуучууд маань ч үүнийг ойлгож тунгаах хэрэгтэй.  Хүнд харагдах гэж амьдардаг хэв маягаа өөрчилмөөр байна. Үнэтэй брэнд, хамгийн сүүлийн загварын утас аваад яах юм.  Юмнаас хоцрох гээд байгаа юм. Утас үйлдвэрлэдэг компаниуд юмнаас хоцрохыг хүсэхгүй байгаа тийм хүн байлгахын тулд шинэ загварууд танилцуулж байна.  Дэлхийд аль хэдийнэ брэндлэг хандлага байхгүй болсон шүү дээ.

-Та IT-гийн мэргэжилтэй хүн.  Түрүүнд таны ярианд дөрөвдүгээр хувьсгал гэдэг зүйл яригдлаа.  Бид тэр хувьсгалд бэлэн байна уу?

-Технологийн эрин эхлээд удаж байна.  Одоо дараа дараагийн чиг хандлагууд нь их өндөр, үнэ өртөгтэй гарч ирнэ. Тэрийг хэрэглээнд оруулахын тулд хэрэглэгчээ бэлдэх ёстой юм. Тухайлбал, Чи гэртээ ухаалаг тоос сорогч авъя л даа.  Хэрэгтэй юу?

-Цаг хугацаа хэмнэх учраас хэрэгтэй л гэж үзэх байх?

-Хэрэггүй ч юм шиг санагдана. Гэхдээ өнөөдрийн амьдралын хэв маягт бол хэрэгтэй.  Робот тоос сорогч байлаа гэхэд гэрийг чинь цэвэрлэчхээд чамайг байхгүй ч гэсэн өөрийгөө цэнэглээд л сууж байх нь. Тэгэхээр таны амьдралаас нэг асуудал ч гэсэн байхгүй болчхож байгаа биз.  Ер нь цаашид бид  ХХI зууны дөрөвдүгээр хувьсгалыг маш томоор харах хэрэгтэй.  Энэ зөвхөн нэг ухаалаг гар утас, робот тоос сорогчийн асуудал биш юм.  Энэ зуунд ямар хүмүүс ажилтай байх уу.  Ямар хүмүүс ажилгүй болох юм гэдэг асуудал яригдаж, олон улсад эхнээсээ ажилгүй болоод эхэлчихлээ. Тухайлбал, банкны теллерүүд, бүх төрлийн операторууд ажилгүй болж байна.  Энэ хувьсгалын зуунд та ажилтайгаа үлдэж байгаа бол бас нэг шинэ болзол тавигдаж байна.  Тэр нь  IT-гийн өндөр мэдлэг мэдээлэл юм шүү. Гэхдээ энэ хувьсгалыг хүмүүс бас хэтэрхий кино шиг бодож болохгүй.  Бүх зүйл алсраад робот болох боломжгүй.  Хиймэл оюун ухаан хөгжлөө хөгжлөө гэхэд хүний оюун ухаан, тархийг хэзээ ч гүйцэхгүй.

- Та боловсролын салбарыг юу гэж хардаг вэ.  Үнэхээр дэлхийн чиг хандлагад нийцэх иргэнээ бэлтгэж чадаж байна уу?

-Манай боловсролын систем асар хангалтгүй ажиллаж байна. Зургаан настай хүүхэд нэгдүгээр ангид ороод зургаахан сарын дараа үсэглэлийнхээ баярыг хийж байна.  Тэр хүүхэд уншиж сурсан уу сурсан, бичиж чадаж байна уу чадаж байна.  Гэхдээ хүүхдийг бид хүнийх нь хувьд өөртөө ямар ч итгэлгүй болгоод байдаг.  Яах гэж, яагаад сураад байгаагаа ерөөсөө ойлгодоггүй.  Гадаадад бол хүүхэд долоон настайдаа сургуульд орж байна.  Нэгдүгээр ангид нь үсэг, тоо заадаггүй.  Зураг л зуруулна. Аав ээж, гэр бүл, ах эгч, нохой, мод, ус уул, дэлхий зуруулаад байдаг.  Би тэрийг нь анхандаа ойлгодоггүй байсан.  Манай том охин тэнд нэгдүгээр ангид сурсан л даа. Охиноо уншиж бичиж, сурахгүй баларлаа даа гэж бодсон. Гэтэл тэр зураг зуруулаад байгаа нь танайх гэдэг нэг айл байдаг.  Танайд ийм хүмүүс байдаг. 

Хөршийнх ийм хүмүүс байдаг.  Бид нэг дэлхий дээр амьдардаг.  Мод, ус, уул бидэнтэй хамт нэгэн зэрэг оршдог юм. Муур нохой зэрэг амьтадтай бас хамт оршдог. Түүнээс ялгаатай нь хүн гэдэг амьтан гэр бүлээрээ, нийгмээрээ зохицож амьдардаг. Зохицож амьдрахын тулд сайн уу, баярлалаа гээд мэндлэн хүндлэх ёстой гэдгийг нэгдүгээр ангиас нь ойлгуулдаг. Дараа нь 2-3 дугаар ангид нь ийм нийгэмд амьдрахын тулд чи уншиж сурах хэрэгтэй.  Тоо бодож сурах хэрэгтэй гээд суурийг нь системтэйгээр ойлгуулж байж, үсэг тоогоо заадаг.  Гэтэл манайхан шууд хүчээр сур гээд зүтгүүлээд байдаг боловсролын тогтолцоотой.  Дүнгээр уралдуулдаг талтай. Гэтэл тэнд дүнг хэзээ ч сурагчдад хэлдэггүй.   Энэ нь хүүхдэд эрүүл, сэтгэл зүйн дарамтгүй орчинд сурч боловсрох боломж олгож байгаа юм. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 99 (7343)