Монгол орон байгалийн үзэсгэлэнт газар нутагтай. Нутгийн хэмжээнд тал хээр, ой тайга, говь цөлийн бүсийг багтаасан өвөрмөц тогтоцтой. Гэвч сүүлийн жилүүдэд бэлчээрийн даацаас эхлээд байгаль экологийн асуудал ихээр хөндөгдөх болсон. Тэдгээр асуудлын дундаас хүний үйл ажиллагаатай нягт холбоотой басхүү нийт нутгийн хэмжээнд өргөн тархсан асуудал бол хог хаягдал юм.
Бид хог хаягдлын менежменттэй холбоотой олон улсын хэд хэдэн төсөл, конвенциудад хэдийн нэгдэн орсон. Түүнчлэн хог хаягдлын асуудлыг хуульчлан баталсан. Гэтэл тэдгээр хууль зөвлөмжүүд бодит байдал дээр төдийлөн сайн хэрэгжихгүй байгааг иргэд харж байна. Зуны дэлгэр цаг ойртох тусам иргэд их хотын ачааллаас түр ч болов амсхийж байгалийн сайхныг үзэж сонирхохоор хөлгийн жолоо залдаг. Харин тэр бүрд биднийг дагаж явдаг нэг асуудал хог. Харин “Экосум” ТББ энэ асуудал өөрсдийн хэмжээнд шийдлийг эрэлхийлэн нутаг орныхоо төлөө санаа сэтгэлээ чилээж тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Бид “Экосум” ТББ-ын урилгаар Булган аймгийн Хишиг-Өндөр сумын хог хаягдал зохицуулах төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Хогоо ангилан хаях нь амьдралын салшгүй дадал байх ёстой
“Экосум” ТББ-ын санаачлагч тэргүүн Г.Нарантуяа нөхөр Франц улсын иргэн байгаль орчны инженер Пиертэй хамтран 2018 оноос хойш өөрийн төрөлх сум орон нутагтаа хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, хуванцраас татгалзах, байгальд ээлтэй дадал хэвшил бий болгохыг зорьж байна. Тэд тасралтгүй зургаан жилийн турш олон улсын хэд хэдэн төсөлд хамрагдаж орон нутгийн иргэдэд сургалтыг зохион байгуулж мөн нутгийн захиргаа, холбогдох яам төрийн байгууллагуудад зөвлөмж, шаардлагуудыг хүргүүлжээ.
Анх төрийн бус байгууллага байгуулагдаж иргэдээс орон нутагт нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлын талаар судалгаа явуулсны дүнд хог хаягдлын асуудал хамгийн нэгдүгээрт гэдгийг олж мэдсэнээр үйл ажиллагаа чиглүүлжээ. Улмаар 2020 онд Европын холбооны “SwitchAsia” төслийн дөрвөн жилийн санхүүжилтээр Хишиг-Өндөр сумын хог хаягдал зохицуулах төвийг байгуулсан байна. Төслийн хүрээнд орон нутагт хог хаягдал зохицуулалтыг хамгийн боломжит хэмжээнд бий болгож, улмаар жишиг тогтоон Монгол Улсын 330 суманд түгээхийг эрмэлзсэн байна. Хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгах, ямар төрлийн хог хаягдлыг хэрхэн яаж зохицуулах боломжтой зэрэг хамгийн анхны алхмуудыг хийж эхэлсэн байна. Төв нь үйл ажиллагаагаа хогны ангилалтгүй, ачилтгүй, үйлчилгээний хураамж тогтоогоогүйгээс гадна иргэдэд энэ талаарх зөв зүйтэй ямар нэг ойлголт мэдээлэл маш хомс цэгээс эхэлсэн байна. Олон улсын судалгаанаас үзэхэд хог хаягдлын асуудалд иргэдийн оролцоо нэн чухал юм. Учир нь иргэд хэдий чинээ анхаарал хандуулж, оролцоотой байна тэр хэрээр энэ салбарын ажилд ахиц гарна. Сумын иргэд эх үүсвэр дээр нь ангилсан хогоо төв дээр авчирч дахин зургаа ангилан тушаадаг. Хогыг эх үүсвэр дээр нь ангилснаар 80 орчим хувь нь дахивар болж эцсийн хаягдлын хэмжээ багасдаг.
Хог хаягдлын бүтцийг судлах нь чухал
Иргэдийн ангилсан хогыг зургаан төрлийн дахивар болгон төв дээр хүлээн авдаг. Учир нь хог хаягдлыг ангилан ялгах суурь үе шат бол тухайн хогны бүтцийн судалгаа юм. "Экосум" ТББ энэхүү судалгааг Азийн сангийн санхүүжилт, дэмжлэгээр хийжээ. Судалгааг түүврийн аргаар сумын төвийн иргэдийн 10 хувийг хамруулан 14 хоногийн хугацаатай явуулсан. Иргэд судалгаанд оролцохдоо заасан хугацаанд өөрсдийн хогийг хадгалж, үүний дараагаар бүтцийг тодорхойлсон байна. Тус судалгааны дүнгээр ус ундааны хуванцар сав, архины шил, хүүхэдтэй айлаас нэг удаагийн живх, өвлийн улиралд үнс ихээр гарсан байна. Ийнхүү бүтцийг тодорхойлж чадсанаар дээрх ангиллыг гаргажээ. Тэдгээр нь хуванцар, гялгар уут, шил, лааз, бөс даавуу болон тетрапак савлагааг хамтад нь электрон хог хаягдал гэж ангилж байна.
Гэвч иргэдэд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилахад хогийн савны асуудал хөндөгдсөн байна. Тиймээс төсвийн санхүүжилтээр иргэдийн дунд явуулсан судалгааны дүнд зургаан ангиллын дагуу гадаа байршуулах боломжтой хогийн савыг сумын тогтмол оршин суугчдад тараасан аж. Тус хогийн савыг иргэд үнэ төлбөргүй ашиглах хэдий ч хариуцлагыг ТББ, иргэн, орон нутгийн засаг даргын гурвалсан гэрээний дагуу хүлээхээр зохицуулжээ.
Биднийг төвийн үйл ажиллагаатай танилцаж байх үед иргэд өөрсдийн ангилсан хогыг авчирч байлаа. Тэдний нэг болох сумын уугуул оршин суугч Р.Ариунаа “Миний хувьд сумандаа жижиг хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Тиймээс ер нь өдөр тутамдаа хог их гардаг. Өмнө нь зүгээр л хогийн цэг дээр хаягдаг байсан одоо ангилан төв дээр авчирдаг болсон. Хүн амьдарч байгаа цагт хог гарсаар байна. Тиймээс багаас нь эхэлж ангилан хаях дадлыг суулгах хэрэгтэй гэж боддог. Тэр ч утгаараа өөрийн хүүхдүүд эргэн тойрны хүмүүстээ хогоо ангилан хаяхыг шаардаж залуучуудынхаа санаачлан хэрэгжүүлж буй төсөлд дэмжлэг болохыг зорьдог” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Тогтолцооны шинэчлэл зайлшгүй хэрэгтэй
Өнөөдөр та бид ил задгай хог хаягдлыг голлон анхаарч үүнийг хэрхэх вэ гэх асуудлыг ихээр хөнддөг. Мэдээж хүн амьдарч, хэрэглээ байгаа цагт тэнд хог бий болсоор байна. Тиймээс "Экосум" ТББ-ын тэргүүн Г.Нарантуяа “Одоо бид нэгэнт хог болчихсон асуудлыг ярьж байна. Гэтэл үүнийг хог болохоос нь өмнө шийдвэрлэх боломж бий. Өөрөөр хэлбэл, гарсан хогыг ангилаад ялгаад л байх нь энэ гинжин хэлхээг таслахгүй. Тиймээс тогтолцооны асуудлыг авч үзэх хэрэгтэй. Үйлдвэрлэгчид сав баглааны нэгдсэн нэг стандарт баримталж, өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хаягдал хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй. Хариуцлага тооцох механизмыг сайжруулж, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний хогыг буцааж авахгүй юмаа гэхэд улсад ангилах, дахин боловсруулах зардлыг нөхөн төлдөг байх хэрэгтэй. Дэлхий нийт ч энэ чиглэлийг хариуцлагыг хэдийн шаарддаг болсон. Мөн бас нэг анхаарах ёстой зүйл бол бүх хог хаягдал дахин боловсруулагддаггүй. Дахин боловсруулчихдаг юм чинь гэх ойлголт нийгэмд эрчимтэй тархсанаар хэт хэрэглээг өдөөдөг. Гэтэл нь энэ нь асар өндөр үнэтэй төдийгүй алдагдал ихтэй. Бас сүүлийн үеийн бүтээгдэхүүний сав баглаа нь олон төрлийн түүхий эдийн нийлбэрээр бүтсэн байдаг. Тиймээс эдгээр нь дахин боловсруулагдах боломжгүй болж байгаа юм. Бидний ажилласан дөрвөн жилийн хугацааны ард хог хаягдлын гинжин хэлхээг таслах хэрэгтэй гэдгийг дахин хэлмээр байна. Эцэстээ эдгээр хог хаягдлууд хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд явах үндсэн эрхэнд халдаж байгаа гэдгийг хүн бүр анхаарч ирээдүйнхээ төлөө санаа тавих цаг ирсэн” хэмээв. Тэрээр олон улсын хэд хэдэн судалгааг орчуулан цахим хуудсаараа дамжуулан нийтийн хүртээл болгосон. Түүний хэлснээр Хишиг-Өндөр сум өнөөдөр огт хоггүй сум болж хараахан чадаагүй. Гэвч үйл ажиллагаа эхлүүлж байсан дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад иргэд хогоо ангилж, дахивраар нь ялгаж сурсан. Айл өрх бүрд ангилан ялгах хогийн сав байршуулсан зэрэг сайн туршлага бий болгож чадсан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 96 (7340)