СУИС-РТМУС-ийн оюутан Э.Тамир

1921 оны ардын хувьсгалын анхны долоогийн нэг Солийн Данзаны хэлсэн “Иргэн баян бол улс баян. Монгол Улс Швейцар лугаа хөгжинө” гэх үгийг өдгөө улстөрчид олонтоо хэлэх болж. Бидний хөгжлийн баримжаа чиглэлээ болгож байгаа энэхүү Швейцар улс  1848 онд одон медаль, ойн тэмдэг, цол хэргэм гардуулахыг Үндсэн хуулиараа хориглосон гэдгийг ярьдаг улстөрч алга. Швейцар зөвхөн цэргийн цолыг олгохоор хуульчлан зохицуулсан байна. Гэтэл манайд төрөөс олгодог одон тэмдгээс гадна аливаа ой, баяр ёслолтой холбоотой медаль тэмдэг хийж, тараадаг нь бараг жишиг болжээ. Жилд нэг биш нэлээд олон аймаг, сум, албан байгууллагын ойн баяр тохиож байгааг дагалдаад ном хэвлүүлж, одон медаль гардуулж, ойн тэмдэг тараах нь хавтгайрсан үзэгдэл  болсныг иргэд хэлж байна. Олон улс судлаач, дипломатч Д.Баярхүү Монгол Улс Хойд Солонгосоос ялгагдах зүйлгүй болсон. Одон медаль, ойн тэмдэг зэргийг “Коммунизмтай хамт булшлагдах ёстой” гэж хатуу байр сууриа олонтоо илэрхийлдэг. Тэрээр  baabar.mn-д бичсэн нийтлэлдээ “Социалист нийгэм гэдэг бол зовж зүдэрч, хөлс хүчээ өгч, амь насаа дэнчинд тавьж бүтээдэг нийгэм.  Гэвч түүнийхээ үр шимийг одон медаль, алдар цол гэх мэтээр хүртдэг. Одоо ч хөдөлмөрийнхөө үр шим, аз жаргалыг одон медаль, алдар цолоор орлуулдаг тэр сэтгэхүй  монголчуудаас арилаагүй, мөддөө ч арилахгүй” гэж тэмдэглэжээ. Судлаачийн бичсэнчлэн Зүүн Герман, Унгар, Польш, Чех, Румын, Болгар, Латви, Литва, Эстони зэрэг посткоммунист орнуудад хуучин социалист нийгмийн үеийн одон тэмдэг олгодог тогтолцоог халж өөрчилсөн байна. Харин Монголд...

 

Цар тахалд ч түүртээгүй  ардын хувьсгалын 100 жил

 

2021 онд ардын хувьсгалын 100 жилийн ой тохиосон. Энэ ойтой холбоотойгоор олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулсан зүйл бол ойн медаль байлаа. Тухайн үед КОВИД-19 цар тахал дуусаагүй,  манай улсад өдөрт 2000 гаруй тохиолдол бүртгэгдэн, нас баралтын тоо  10-12 хүрч, эмнэлгүүдийн ачаалал хэвийн хэмжээнээсээ гурав дахин их байгааг ЭМЯ-наас мэдээлж байсан. Хот хөдөө ялгаагүй аль ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдэд ардын хувьсгалын ойн медаль бус амьсгалын аппарат хамгийн ихээр үгүйлэгдэж байлаа. Харин эрх баригчид үүнийг үл ойшоон, өвлөж ирсэн коммунист үзлээ чухал гэдгийг марталгүйгээр Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль тараах хуулийн төслийг УИХ-аар баталсан.  Тодруулбал, нэг медалийн үнийг 5000 төгрөгөөр тооцож 150 мянган ширхэг медаль тараахаар улсаас 975 сая төгрөгийг төсөвлөжээ. Тухайн үед амьсгалын аппаратын зах зээлийн ханш 16-45 сая төгрөгийн өртөгтэй байсан. Тооцоо бодоод үзэхэд ойн медаль хийлгэж буй нэг тэрбум төгрөгийг ард түмнийхээ эрүүл  мэнд, амь насыг аврахад зориулсан бол 62 ширхэг амьсгалын аппарат авч болохоор байсан гэсэн үг. Энэ нь хэдэн хүний амийг аврах байсан бол гэдгээс л олон нийт Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийг шүүмжилсэн давлагаа өрнөсөн. 

 

Ардчилсан хувьсгалын ой медалиас ангид байсангүй

Бид одоогоос 34 жилийн өмнө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн. Өөрөөр хэлбэл, хүмүүс хувийн өмчтэй болж, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй болсон. Үндсэн хуульдаа ч хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлооно гэж бичсэн. 2019 онд УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ нарын санаачилсан “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай”  тогтоолын төсөл дэмжигдсэн байна. Ингээд 300 сая төгрөгийн үнэ бүхий тэмдгийг ардчилсан хувьсгалын үнэ цэнийг олонд таниулахад оролцсон хүмүүсийг алдаршуулахад зориулна гэлээ. Үүнээс харахад бид ардчилсан улс хэр нь  социалист нийгмийн үзэл суртлыг одоог хүртэл тээж байна. Шотландын эрдэмтэн, Эдийн засгийн онолын анхдагчдын нэг Адам Смит “чөлөөт худалдаа, зардал багатай засгийн газар, нээлттэй зах зээлийн үзэл санаа нь ажилчин хүмүүсийн амьдралын түвшинг дээшлүүлнэ” гэж үзсэн байдаг. Мөн түүний энэ үзэл санааг ардчиллын индексээр тэргүүлдэг улс орнууд бодлогоо болгон хэрэгжүүлдэг.

 

2024 онд ойгоо тэмдэглэх сумдын медалийн зардал тэрбум хол давна

 

Энэ жил 17 аймгийн 102 сумын 100 жилийн тэгш ойтой. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дархан, Орхоноос бусад аймгууд гэсэн үг. Аймгууд ойн баяраа тэмдэглэх төсвөө иргэдийн хандиваас бүрдүүлдэг. Ихэнх аймгууд цуглуулсан хандиваа ном хэвлүүлэх, төв цэнгэлдэх хүрээлэнгээ будаж засварлах, хотоос урлагийнхныг авчирч шоу тоглолт хийх, баярын бичиг болон ойн тэмдэг хийлгэж  тараах гэх мэт зүйлсэд зарцуулдаг нь нийтлэг байна. Ойн медаль тэмдэг хийдэг компани “Тэгш ой давхацсан аймаг сумдын ойн медалийг хямдралтай үнээр захиалга авч байна. Хямдралтай багцын үнэ: 9500₮” /https://www.facebook.com/www.medal.mn/ гэсэн байна. Энэхүү багцын үнэд ойн медаль, түүнийг хийх хуванцар хайрцаг медалийн хэвний үнэ багтаж байгаа бөгөөд дээр дурдсан хямдралтай үнэ нь 1000 ширхгээс дээш тоотой хийсэн захиалгад хамаарах аж.  Сумын ойд зориулж байгаа ойн медаль хамгийн багадаа 2000 түүнээс дээш тоотойгоор захиалагддаг бол аймгийн ойд зориулсан нь хамгийн багадаа 5000 ширхэг хийлгэдэг нь дундаж үзүүлэлт аж.

Сумын ойн медаль гэж нэг удаа өгөх, авсан хүндээ утга учир, ач холбогдолтой эсэх нь эргэлзээтэй ийм зүйлд бид ямархуу хэмжээний их хөрөнгө зарцуулж байгааг мөнгөөр тооцож үзье. Энэ жил ойгоо тэмдэглэж байгаа 100 сум тус бүр 2000 ширхэг ойн медаль хийлгэлээ гэж бодоход улсын хэмжээнд 200 мянга давсан тоотой ойн медаль хэвлэгдэж таарна гэсэн үг. Нэг бүрийг нь 9500 төгрөгөөр хийлгэвэл нэг тэрбум 900 сая төгрөг зарцуулах тооцоо гарч байна. Тэрбумаар яригдаж байгаа энэ мөнгө зөвхөн Монголдоо үлдэхгүй. Реклам сурталчилгааны бараа бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч өөр нэг компанийн төлөөлөл бидэнд хэлэхдээ “Дотооддоо хийлгэснээс үнэ арай хямд, чанар сайн гэдэг утгаараа БНХАУ-д захиалан хийлгэх нь түгээмэл байсан бол  БНСУ руу захиалан хийлгэх болсон” гэлээ.

 

Ойн медаль, ой тэмдэглэх талаар иргэдийн үзэл бодол

 

Нийтлэлийнхээ хүрээнд “google forms” ашиглан 18-25 насны 40 хүн, 25-35 насны 40 хүн, 35-60 хүртэлх насны 40 хүнээс анкетын аргаар судалгаа авлаа. Ойн баяр тэмдэглэхийг юу гэж боддог вэ? гэж асуухад 68 хувь нь “ном хэвлүүлж, тэмдэг тараахын оронд тэмдэглэхгүй байх нь зөв гэсэн байна. Харин 27 хувь хүрэлцээ бага байгаа сургууль цэцэрлэг, эмнэлэг барих зэргээр бодитой, хүний амьдралд хэрэгтэй зүйл хийх гэсэн бол үлдсэн таван хувь нь улс үндэстний оршин байгааг илэрхийлж байгаа хүндтэй тэмдэг учраас тэмдэглэх нь зөв гэж хариулжээ. Үүнээс харахад ойд зориулсан одон тэмдэгтэй холбоотой асуултад залуу болон харьцангуй ахмад хүмүүсийн байр суурь эсрэг тэсрэг байна. Учир нь залуус ойн медалиас үнэ цэн, утга агуулгыг мэдрэхгүй байна гэдгээ илэрхийлсэн бол ахмадууд олон жилийнхээ хөдөлмөрийг төрдөө үнэлүүлж байгаа хэрэг гэж үзэж байна. Мөн ахмадуудын хувьд ойн медалийг шууд төр засгаас өгдөг одон медальтай дүйцүүлж ойлгодог үзэл хандлага нийтлэг байна. Одоог хүртэл хуучин тогтолцооны сэтгэлгээний үлдэгдэл болох ойн медаль гэдэг хэвшмэл ойлголт хадгалагдсаар.

 

Хэвшмэл ойлголтыг халж, өөрчилж болох уу?

 

Энэ жил Увс аймгийн Бөхмөрөн сумын нутгийн зөвлөл 100 жилийн ойд цугларсан бүх хандиваа сумынхаа айлуудыг модон жорлонгоос салгахад зарцуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, нийт 200 гаруй өрхийг боловсон 00-той болгох санаачилгыг 100 жилийн ой тэмдэглэх гол арга хэмжээгээ болгосныг нийгмийн сүлжээнд олон хэрэглэгч дэмжиж, бусдад түгээж, бусад аймаг сумдад уриалж байна.

2023 онд Дорноговь аймаг ноён хутагт Д.Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойд зориулж “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг толилуулсан. Аймаг сумдын ойн баярын концерт гэж нэг удаа нэг орой тоглоод өнгөрдөг тоглолтыг өөрчилж болох юм. Жинхэнэ уран бүтээл хийж болох юм байна гэдгийг  “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгээр Дорноговийнхон харуулсан. Энэ жил уг бүжгэн жүжгийг нийслэл хотноо үзэгчдэд толилуулж, үзэгчид төдийгүй мэргэжлийн хүмүүсээс өндөр үнэлгээ авсан.  Энэ хоёр жишээ утга учир, ач холбогдол багатай баахан тэмдэг үйлдвэрлэн тарааж байснаас тухайн орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа иргэддээ хэрэгтэй зүйл, эсвэл иргэдийн хэлээд санал болгож байгаа боловсрол эрүүл, мэндэд зориулах,  түүнчлэн соёл урлаг уран бүтээлийн чиглэлээр  шинэ, шинэлэг зүйл хийх өргөн сонголт боломж  гэсэн үг.

Энэ онд 100 жилийн ойгоо  тэмдэглэж байгаа 100 гаруй сумын дундаж жишгээр тооцож бодвол энэ зун 200 мянга гаруй хүн ямар нэгэн ойн медаль энгэртээ зүүх нь.   Харьцуулбал, Архангай, Баянхонгор гэсэн хоёр аймгийн хүн амын тоотой ойролцоо тоо гэсэн үг. Мөн манай улсын 18-аас дээш насны нийт хүн амын 11 хүн тутмын нэг нь ойн медальтай байна.Энэ бол ганц жилийн тоо. Өнгөрсөн жилүүдэд ч ийм байсан. Гагцхүү ой тэмдэглэж байгаа аймаг сумдын тооны олон цөөнөөс хамаарч одон медаль авах хүний тоо дээш доош хэлбэлзэж байна. Зөвхөн тэмдэглэлт ойтой холбоотой медалийн жишээн дээр авч үзэхэд ийм байна. Үүн дээр төр засаг, төрийн яам агентлагуудын зүгээс олгодог одон, медалиудын тоог нэмбэл монголчууд оюун сэтгэлгээнийхээ хувьд одон медаль гэдэг металлд аргамжаатай болсон гэж үзэж болохоор байна.

“Монгол Улс Швейцар лугаа хөгжинө” хэмээн бидний өвөг дээдэс  зүгээр ч нэг хэлчхээгүй болов уу.   Энэ үг тухайн үеийн улс орны  нэгэн чухал стратеги байсан биз ээ.  Монгол Улс өнгөрсөн хугацаанд хөгжөөгүй биш хөгжсөн.  Гэхдээ зарим нэг сэтгэлгээний аргамжаанаасаа салах цаг болсныг энэхүү нийтлэлээрээ хүргэхийг зорилоо.  ХХI зуун бол техник, технологийн зуун.  Бүх зүйл цахимжиж, хиймэл оюун ухааны тухай яриад эхэллээ.  Гэтэл бид хэдий болтол төмөр үйлдвэрлэж,  сэтгэл баясаж суух билээ.   Медальд аргамжаатай монголчууд биш медиа хөгжлийг чухалчилсан тэндээ төсөв хөрөнгөө зарцуулдаг байж “Монгол Улс Швейцар лугаа хөгжих билээ.

Эх сурвалж: www.zms.mn