Д.ОЮУНЧИМЭГ

 

 

КРЕДИТ РЕЙТИНГ БА САНХҮҮГИЙН ЧАДАВХИ

 

Монгол Улсын хөрөнгийн зах зээлд санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох үйлчилгээ зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байгааг судалсны үндсэн дээр компанийн зээлжих чадварт бүрэн хэмжээний, олон талыг хамарсан үнэлгээ хийж, компани болон өрийн хэрэгслийн санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох шинэ үйлчилгээг "Онч Кредит Рейтинг Эйжинси" компани эхлүүлжээ.

Санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох үйлчилгээг нэвтрүүлснээр үнэт цаасны өгөөж болон бизнесийн эрсдэл жинхэнэ утгаараа уялдаж, өрийн хэрэгслийн хүүг тухайн төсөл, эсвэл бизнесийн эрсдэлтэй холбон тогтоох үндэс тавигдсанаар хөрөнгө оруулагчдын хувьд оновчтой шийдвэр гаргахад нь туслах юм байна.

"Онч Кредит Рейтинг Эйжинси" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Норжинбат "Бидний нэвтрүүлж буй шинэ үйлчилгээ манай улсын санхүүгийн салбарын шинэ үйлчилгээ. Бид өнгөрсөн Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлөө авч хөрөнгийн зах зээлийн оролцогчдын өмнө тулгамдаад байсан гол асуудлыг шийдвэрлэх боломжтой боллоо. Манай компани олон улсын туршлагатай, дотоодын зах зээлийн онцлогийг мэддэг, мэргэжлийн томоохон байгууллагын хувьд үнэн бодит мэдээлэлд түшиглэсэн зэрэглэл тогтоох үйлчилгээ нэвтрүүлснээр хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргах хурдыг нэмэгдүүлж, бизнес эрхлэгчдийн хувьд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрээ цаг алдалгүй олж авахад туслах болно” гэлээ.

Кредит рейтинг нь эрсдлийн хүчин зүйлсийг цогцоор үнэлэх юм байна. Байгууллагын санхүүгийн байдал, өрийн түвшин, мөнгөн урсгал, салбарын чиг хандлага зэрэг эрсдлийн олон хүчин зүйлсийг нэгбүрчлэн судалж, шаардлагатай тохируулгыг хийснээр хамгийн бодитой үнэлгээ гаргах аж. Түүнчлэн мэргэжилтний бие даасан дүгнэлт хийгдэнэ. Мэдээлэл болон зэрэглэлийн тогтмол шинэчлэлтийг хийнэ. Эдгээр нь санхүү болон зээлийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн, туршлагатай шинжээчдийн бие даасан, хараат бус дүгнэлтэд үндэслэж экспертийн баг эцсийн зэрэглэл тогтоохын зэрэгцээ зохицуулалтын орчин, зах зээл, бизнесийн үйл ажиллагаанд гарч буй өөрчлөлтүүдийг тогтмол ажиглан, мэдээллийн бааз болон зэрэглэлийг шинэчилснээр хөрөнгө оруулагчид цаг үеийн зөв мэдээлэлд түшиглэж оновчтой шийдвэр гаргахад туслах юм.

"Санхүүгийн чадавхын зэрэглэл нь хөрөнгө оруулагч болон бизнес эрхлэгчдэд аль алинд нь чухал шаардлагатай, хэрэгцээтэй, үнэ цэнтэй" мэдээлэл гэдгийг салбарынхан онцолж байна. Хөрөнгө оруулагчдын шаардлагад бүрэн нийцсэн, бизнес эрхлэгчдийн урт хугацааны зорилгыг хангах, санхүүгийн зах зээлийн дутагдаж байгаа орон зайг нөхөх үйлчилгээ монгол хөрсөнд бууж эхэлжээ.

 

10 МЯНГАН ӨРХ ИПОТЕКТ ХАМРАГДАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

 

Монголчууд Хуримтлалын сантай болж байна. Үүнд “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг иргэдийн Хуримтлалын санд төвлөрч байна гэсэн үг юм. Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм. Иргэд бүр орон сууцтай, эрүүл, өндөр боловсролтой байж чадвал өөрийнхөө болон гэр бүлийн ирээдүйгээ өөрчлөх суурь болж чадна. Ийм иргэдтэй улс орон өөдлөн хөгжих суурь тавигдана. Нийгмийн хөгжлийн суурь асуудлууд ч ингэж шийдэгдэнэ хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм. Хуримтлалын сан бол иргэдийн шинэ итгэлцлийн гэрээ. Хамтын хариуцлагын хэлцэл байх болно. Хамтдаа бид стратегийн ордуудад түшиглэсэн төслүүдээ ашигтай ажиллуулахыг бүх нийтээрээ дэмжиж, мөн хяналт тавина гэсэн үг юм.

Хуримтлалын санг Сингапурын хуримтлалын сангийн загвараар хөгжих нь. Ингэснээр иргэдэд орон сууц, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд зориулагдах юм байна. Мэдээж үүнийг хэрэгжүүлэхдээ бэлнээр гүйлгээ хийхгүй. Хуримтлалын санд Эрдэнэтийн 34, Оюутолгойн 34, Тавантолгойн 34 хувь шилжиж, “Эрдэнэс Монгол” нэгдэл 500 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд шилжүүлснээр энэ эх үүсвэрийг орон сууцны хөтөлбөрийн эх үүсвэрт нэмэгдүүлж ашиглахаар болж байна.

Ингэснээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллах боломж бүрдэж, Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болон үржиж хүлээлгэд байсан 10 мянган айл өрх орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэх нь ээ. Үндэсний орон сууцжуулалтын хууль батлагдсанаар  улс даяар орон сууцжуулах хөдөлгөөн өрнөх боломж ийнхүү бүрдэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 95 (7339)