“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Удмын бахархал” буландаа MARS-V төслийн үүсгэн байгуулагч Сүхбаатарын Эрдэнэболдыг онцлов. Хүү гарвал Өлзийбилэг гэдэг нэр өгье хэмээн С.Эрдэнэболдын өвөө Ц.Ширчин санал гаргажээ. Харин түүний аав Ш.Сүхбаатарт Дархан хотоос "Хүүтэй боллоо" гэсэн цахилгаан ирж, хөл нь газар хүрэхгүй догдолчихсон гүйж явахдаа “Мөнх алдарын талбай”-н эргэдэг төмөр хаалгаар гарах тэр л агшинд Эрдэнэболд гэсэн нэр зурсхийн орж ирснээр Ш.Сүхбаатарын ууган хүү Эрдэнэболд гэх алдрын эзэн болсон түүхтэй.

 

ӨВӨӨГИЙН ДУРСАМЖ

С.Эрдэнэболдын өвөөг Цэгмэдийн Ширчин гэдэг. 50 дөнгөж гарч яваа “залуу” өвөө болж ач хүүгээ хөдөө ахуйд дасгаж, амьдралын ухаан, монгол өв соёлыг таниулсан ачтан. Тэнгэрийн араншинг таних ухаанаас эхлээд мал ахуйг хэрхэн тордох, арчлах арга ухааныг ууган ач хүүдээ зааж сургасан нь өдгөөгийн С.Эрдэнэболдын өнгө төрхийг тодорхойлжээ.

С.Эрдэнэболдын өвөөг Цэгмэдийн Ширчин гэдэг. Өдгөө 94 настай ануухан буурай бий. Төв аймгийн Бүрэн сумын Талын булагт төрж, өссөн, хоньчин хүн. Залуу насандаа “Улсын сайн малчин”, “Чанарын аварга” цол тэмдэгээр шагнагдаж байсан аж. “Өвөө маань 1979 онд улсын аварга болоод Москва, Ленинградаар амрах эрхээр шагнуулж байсан тухайгаа ярьж өгдөг байлаа. Тухайн үед 500 эм хониноос 550 төл авч, энэ амжилтыг олон жил дараалан бататгаж байсан учраас Чанарын аварга малчин шагналаар Монгол Улсад анх удаа шагнагдсан эзэн нь миний өвөө. Өвөө минь 30 эргэм насандаа миний эмээтэй ханилсан гэдэг юм. Эмээг минь Гомбын Санлиг гэдэг” хэмээн тэрээр өвөөгөө танилцуулсан юм. Түүний өвөө Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол гуайтай ах дүүсийн хүүхдүүд ажээ. Цоодол гуай Эрдэнэболдын өвөөг дүрслэхдээ “Шүдлэн үхэр шиг бяртай. 15-ны сар шиг цагаан залуу байсан” гэсэн гэдэг. 50 дөнгөж гарч яваа “залуу” өвөө болж ач хүүгээ хөдөө ахуйд дасгаж, амьдралын ухаан, монгол өв соёлыг таниулсан ачтан. Тэнгэрийн араншинг таних ухаанаас эхлээд мал ахуйг хэрхэн тордох, арчлах арга ухааныг ууган ач хүүдээ зааж сургасан нь өдгөөгийн С.Эрдэнэболдын өнгө төрхийг тодорхойлжээ.

“Өвөөгийн аав буюу Цэгмэд өвөө буурал азаргатай байсан юм билээ. Энэ азаргын удам одоо хүртэл өвөөгийн минь адуунд бий” гэхтэй зэрэгцэн “Энэ жил өвөөгийн төрсөн нутгийн 100 жилийн ой тохиож байгаа. Өвөө маань нутгийнхаа ойд их нас, дааганы уралдаанд оролцохоор морьд уяж байгаа. Сумынхаа 100 жил морь уяж ханхалзана” гэснийг нь бидэнд хуучилсан юм. 

Тэрээр “Сар тээр дээр тодрон гилбэлзэх ч баруун хойд зүгээс өтгөн харанхуйд түнэр даан наашлах гүн үүлс ажиглагдаж байгаа нь “тэнгэр орох”-ын тэмдэг гэх мэтчилэн монгол ахуй, монгол ухааны олон сайхныг буурлуудаасаа сурснаа бидэнд хуучлав. “Миний хүү эмт Хонгорыг уяж хоно. Тэнгэр эвгүйрхэнэ, ахыгаа ирэхээр нөгөө хээр үрээгээ аргамжчих. Чөдрийнх нь цээжийг зөв харуулаарай” гэж даалгав. Төдөлгүй үхрийн зэлнээс эмээ “Ширчээн, тэнгэр орох нь байна. Хонио бас хашвал яасан юм хө” хэмээхэд, өвөө “Жаал харзная даа” хэмээн уужуухан хариулна. Бороо орж магад хэмээн хаяа буулгасан болхоор жаахан бүгчим. ...Шөнө дунд өвөө “Сэрээрэй, Ширээбазар аа, сэрээрээй Эрдэнэболд оо” хэмээн өтгөн өнгөөр дуудахад мөдхөн сэрнэ. Мөнөөх баруун хойноос чинэрэн айсуй асан хурмастын хар үүл аянга дуутай бороо болон асгарчээ. Өвөө гэрийн чагтага дагуух уяаг буулган морины хазаар бэхэлж дөчийн бетонтой хоормог газардуулан зүүнэ. Энэ нь гэрийн төв хэсгийг хүндрүүлж, тэнцвэржүүлж буй ухаан. Мөн морины хазаар зүүдэг нь бод малын дайтай хүндрүүлж буй гэсэн дом. Энэ зуур эмээгийн буулгасан янданг зуухны баруун талаар хэвтүүлэн тавина. Бид гэрийн хуучин муу хөшгөөр хотныхоо салхин талыг нөмөрлөж, хоньдоо хашаанд нь хашина. Хүйтэн бороо шүршиж, дөнгөж хяргасан хоньд жиндэх вий гэж өвөөгийн санаа зовно. Энэ зуур өвөө надад сургааль айлдана. “Эрдэнэболд оо, миний хүү аянгатай борооноор хошуурч уруудсан хонины өмнүүр гарч болдоггүй юм шүү, тэгвэл чам дээр аянга бууна, бас ийм бороотой үед гэр голлож, үүд хоймор голлож суудаггүй юм шүү. Гэр дээр аянга буувал гэр голлодог юм”, “Хөдөө хээр морьтой явахад чинь ийм бороо орвол заавал мориноосоо буугаад эмээлээ толгой дээгүүрээ тавиад борооны чиг даган суугаарай, тэгээд тохмоо нурууруугаа гүйлгээрэй, аминд өлзийтэй” хэмээн сургаж байсан тухай дурслаа. Малчин хүний аюулгүй ажиллагааны олон чухал горимыг Ц.Ширчин гуай ач хүүдээ захиж сургажээ.

Өвөөгөө дагаж сумын наадамд бишгүй явсан С.Эрдэнэболд өвөөгийнхөө морь сайхан эдэлдэг тэр л дадлыг олзуурхан дуурайх дуртай. Ц.Ширчин гуай сүүлийн 10-аад жил мужааны ажил хийгээд тун завгүй байгаа гэнэ. Багажны сав, шагайн харвааны хашлага, сум зэргээс эхлээд орчин үеийн хэрэглээнд нийцсэн модон урлал хийдэг “үйлдвэрлэл эрхлэгч өвөө” болжээ. “Өвөөгийн аав буюу Цэгмэд өвөө буурал азаргатай байсан юм билээ. Энэ азаргын удам одоо хүртэл өвөөгийн минь адуунд бий” гэхтэй зэрэгцэн “Энэ жил өвөөгийн төрсөн нутгийн 100 жилийн ой тохиож байгаа. Өвөө маань нутгийнхаа ойд их нас, дааганы уралдаанд оролцохоор морьд уяж байгаа. Сумынхаа 100 жил морь уяж ханхалзана” гэснийг нь бидэнд хуучилсан юм.

Ц.Ширчин гуай ач хүүдээ “Өвөл бэлчээрт яваад жиндээд ирсэн бог мал хотондоо дулаан хонох учиртай” хэмээн захидаг байжээ. Үүний тулд малаа бэлчээрлэсний ард хотондоо өөр хоорондоо хэдэн алдын зайтай гурван том нүх ухна. Нэг нүхний тойрог хоёр алд, гүн нь мөн нэг алд гаруй байх бөгөөд чандмань хэлбэртэй харагдахаар ухдаг аж.  Ухсан нүхэндээ хөлдүү хоргол, хөрзөнгөө асгаж орхино. Түүний дээрээс хуурай хоргол дэвсэнэ. Ухсан нүхэнд чигжиж хийсэн хөлдүү хоргол шөнөдөө дулаан ялгаруулдаг “шидтэй”. Тэр ч бүү хэл чандмань хэлбэрээр ухсаны учир нь тэдгээр нүхнүүдийн эргэн тойрон бүхэлдээ бүлээцдэг жамтай гэнэ лээ.

 

ААВЫН ХӨРӨГ

С.Эрдэнэболд “50 чинь таваасаа 10 дахин том, 23-аас хоёр дахин том байгаа биз дээ” гэсэн гэдэг. Энэ мэтгэлцээнийг айлын зочин Баттөмөр “Эр хүн өөрийнхөө замыг сонгох ёстой. Хэдийгээр гэнэ мэт боловч хувь заяагаа өөрөө сонгож байгааг нь хүндэтгэх хэрэгтэй” гэснээр мэтгэлцээн С.Эрдэнэболдын талд шийдэгдсэн ажээ.

Төв аймгийн Бүрэн сумын нутаг Баянтөхөмд Ц.Ширчингийн ууган хүү Сүхбаатар мэндэлжээ. Тэрээр МУИС-ийг хуульч, сэтгүүлч мэргэжлээр төгсөж Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд Бордух гуайн удирдлага дор Ц.Балдорж агсантай нэг баг болон ажилладаг байжээ. Хуулийн сургууль төгссөн нутгийн залууг Төв аймгийн прокурорын газарт хэсгийн прокурор, мөрдөн байцаагчаар ажиллуулах болсон хэдий ч Ардын эрх сонин явуулахгүй байх цаг хугацаа саяхан мэт тод дурсамж болон үлдсэнийг Монгол Улсын гавьяат хуульч, Доктор (PhD) Ширчингийн Сүхбаатар хүүрнэлээ.

Ш.Сүхбаатарын ханийг Ц.Сайнгэрэл гэдэг. Прокурор мэргэжилтэй. Дөрвөн хүүхдийн аав, ээж болцгоосон тэдний ууган хүү нь С.Эрдэнэболд. Хүүгээ найман нас хүрсэн намар сургуульд оруулахаар болж. “Хүүгээ 23 дугаар сургуульд оруулмаар байна. Багаас нь орос хэлс сургана” гэж Ц.Сайнгэрэл нөхөртөө хэлжээ. Гэтэл “Хүүгээ Цэвэлмаа эгчид даатгаж тавдугаар сургууль өгье” гэснээр аав, ээж, хүү гурвын “тулаан” эхэлсэн юм билээ. Ш.Сүхбаатар хүүгээсээ яагаад 50 дугаар сургуульд орох гээд байгааг нь сонирхоход “50 чинь таваасаа 10 дахин том, 23-аас хоёр дахин том байгаа биз дээ” гэсэн гэдэг. Энэ мэтгэлцээнийг айлын зочин Баттөмөр “Эр хүн өөрийнхөө замыг сонгох ёстой. Хэдийгээр гэнэ мэт боловч хувь заяагаа өөрөө сонгож байгааг нь хүндэтгэх хэрэгтэй” гэснээр мэтгэлцээн С.Эрдэнэболдын талд шийдэгдсэн ажээ.

Хүү гарвал Өлзийбилэг гэдэг нэр өгье хэмээн С.Эрдэнэболдын өвөө Ц.Ширчин санал гаргажээ. “Мөнх алдарын талбай”-н эргэдэг төмөр хаалгаар гарах агшинд Эрдэнэболд гэсэн нэр зурсхийн орж ирснээр Ш.Сүхбаатарын ууган хүү Эрдэнэболд гэх алдрын эзэн болсон түүхтэй.

Ш.Сүхбаатарын найзууд уран зохиолын салбарт түүчээлж явсан эрхэмүүд бий. Тэр үеийнхэн нэг нэгнийхээрээ орж, гарна. Уран бүтээлийнхээ талаар ярилцана. Шинэ шүлэг номоо бие биедээ уншиж сонирхуулна гээд С.Эрдэнболдыг утга, уран зохиолд “дурлах” гүүр нь болсныг хэлэв. Тэр ч бүү хэл, прокурор найзууд ч тэднийхээр бишгүй ирцгээнэ. “Бидний хөөрөлддөг, ярилцдаг, мэтгэлцдэг сэдэв эх орон, нийгмийн байдлын талаар байсныг ууган хүү маань анхааран сонсож, эргэцүүлэн боддог байсан юм дагуу даа. Хүү минь эх орон ч сэтгэлгээтэй. Хүний төлөө зүтгэлтэй болж төлөвшсөн. Гурван дүүгээ харж өссөн болохоор бусдыг халамжлах, асуудлыг шийдвэрлэхдээ сайн юм шүү дээ” хэмээн хүүгийнхээ тухай хуучилж сууна. Төрсөн нутгийнхаа 100 жилийн ойг угтаж “Бүтэн заяатай Бүрэн нутаг” нэвтэрхий толь номыг бүтээж буй эрхэм.

Олны өмнө гарахаар сандраад эхэлдэг хүүгээ Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайд шавь оруулжээ. Ш.Сүхбаатар хүүгээ дагуулаад, хадаг өвөртлөөд нэгдүгээр хорооллын есөн давхар бор шаргал байрны нэгэнд нь очсон гэдэг. “Энэ хүүхнүүд үү” киноны нэгдлийн дарга сүртэй харагдаад хүү жаахан бэргэнгүй зогсож байтал Гомбосүрэн гуай бичгийн өрөөндөө үлдээж хүүгийн аавтай 20 орчим минут хөөрөлдсөний дараа ирэв. “За манай Сүхээгийн том хүү юу. Яадаг, яадаг гэнээ” гэх зуураа “Чангахан ярина шүү. Ямар гээч хувцас өмссөн юм бэ” гээд л сонжиж. Хүү “Хип, хоп” гэтэл “Юуны хип, хоп байхав. Бярууны нэмнээ тохсон аятай харагдаж байна. Гутал муут гурвын ард гэдэг юм. Хүний хамаг үнэт зүйл бол залуу нас, цаг хугацаа” гэжээ. Ингээд сандруу хүүг дасгалжуулан “Одоо сандрахгүй” гэжээ. Аав нь хүүгээ олны өмнө цэгц, шулуун, тайван ярьж өөрийгөө ойлгуулах илтгэл урлагт дөтлүүлсэн нь энэ ажээ.

“2010 онд “Хүний нэр төр, алдар хүндийг эрх зүйгээр хамгаалах нь” сэдвээр Хууль зүйн ухааны доктор (Ph.D)-ын зэргийг хамгаалсан. Монгол Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор бөгөөд Хэрэг эрхлэх газрын дарга, Канад улсын хөрөнгө оруулалттай “Голден Тайгер” корпорацын хуулийн ахлах зөвлөх, Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Монгол Улсын өдөр тутмын “Өдрийн сонин”-ы орлогч эрхлэгч, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, “Нийслэл таймс” сонины ерөнхий эрхлэгч, Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байлаа” хэмээн өөрийгөө танилцуулсан юм. Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал хийж явсан Ш.Сүхбаатар 30 гаруй номтой зохиолч. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хорооны гишүүн. Тэрээр хүүдээ “Хүү минь дуудах нэрийг чинь учрал, тохиолоор өгсөн ч дуурсагдах алдарыг нь чамд үлдээе” хэмээн захисан юм билээ.

 

С.Эрдэнэболд: Хүүхдүүддээ өвөг дээдсийнх нь түүх, өөрсдийн итгэл үнэмшил, үнэт зүйлсээ бичиж өвлүүлнэ

Би гурван хүүтэй. Том хүү минь гадаадад сурдаг. Хүүдээ дэвтэр дүүрэн захиаг уйгаржин бичгээр бичиж үлдээн хожим хуриман дээр нь бэлэглэнэ гэж бодож байгаа.

“Монгол хүү” киноны шороотын Цэвээн стилээр илтгэлээ тавьдаг С.Эрдэнэболд харагдах нь хотынх мэт боловч дотоод сэтгэл, ахуйгаа хайрлах, ахмадаа хүндлэх, адуу малаа арчлах маллах ухааных нь талаар ярилцахад хөдөөгийн малчин лугаа сэтгэгдэл төрж байлаа. Хотын хүүхэд ингэж хөдөө ахуйд суралцдаг байжээ, гэмээр. Өвөөгийнхөө нэрийг хугалахгүй гэсэндээ нутгийн залуугийн басангуй харцыг “нам цохихоос” өөр сонголт байгаагүй аж. Учир нь зун нь хөдөө гараад, өвөлдөө хотод суудаг хүүхдүүд туниа муутай гэх маягтай байсанд нь шаралхсан тэрээр “Ширчин гуайн шарыг худаг дээр мад тавилаа” гээд гол усаар нэг ярих нь ээ гэсэн бодол зурсхийж зүүн гарын алганд ховооны суран оосрг ороож, баруун гараар ховоог тээр доош чулуудав. Усны түвшин өмнөхөөс доошилсон ч 2-3 угзрахад ховоо дүүрч байгаа нь гарт мэдрэгддэг юм. Эхний 10-ыг ашиггүй татсан ч сүүлийн 10 таталт үнэхээр чанга даваа байж билээ хэмээн ярьж суугаа С.Эрдэнэболд тэр цаг үедээ очив уу гэмээр нүүрэндээ инээмсэглэл тодруулан “21 дэх ховоогоо худгийн онгоц руу гаргаж усаа юүлсэн нь бүх юмны шийдвэрлэх агшин байсан юм. Би ч үг дуугарах сөхөөгүй амьсгаадаж хэсэг зогсов. Гэтэл мань Ганаа танай хотынхон ногоо их хэрэглэдэг болохоор амин дэм сайн авдаг юм байна. Тэгээд биднээс хүчтэй байх нь гэж билээ” хэмээн багын дурсамжаасаа хуваалцав.

-Анх мэргэжил сонголтоо хэрхэн хийж байв. Аавынхаа мэргэжлийг өвлөсөн юм байна шүү дээ?

-МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Мөн АНУ-ын Индианагийн их сургуулийн хуулийн сургууль төгссөн.

Миний аав хос мэргэжилтэй, сэтгүүлч, хуульч. Харин би эрх зүйч. Бага байхад минь аав, ээжийн найзууд гэрээр ирэх үед тэдний уран бүтээлийг шимтэн сонсож өссөн. Хэдийгээр би мэргэжлийн сургуулийг нь төгсөөгүй ч бичих, туурвих дуртай. Аав минь 30 гаруй номтой. Харин би 20 орчим ном бүтээл бичсэн байна. Тухайлбал, “Эзэнт гүрний тууль”, “Монгол зарчим, "Чихэр горьдоогүй нас", "РЕТОРИК-Байлдан дагуулахуйн урлаг", "VERITAS: АНУ-д хуулийн сургуульд суралцсан тэмдэглэл" зэрэг ном бичжээ.

Би нэгдүгээр ангиасаа монгол бичиг заалгасан. Эх хэл, бичгийн соёлын дархлааг унагаж болохгүй гэж боддог. Тиймээс хувийн тэмдэглэлээ уйгаржин монгол бичгээр хөтөлдөг юм. 

-Та өөрийгөө хэр амбийцтай хүн гэж боддог вэ?

-Морьтой хүнтэй явган уралдах хэцүү ч пуужинтай хүнтэй ухаанаар уралдах боломж монголчуудад байна. Орчин цагт том нь биш хурдтай нь ноёрхдог болсон. Тиймээс монголчууд хурдыг эзэмшиж, өрсөлдөөний талбарт хамтын ажиллагааг санал болгох ёстой.

Сансрын технологийн өрсөлдөөн бол дэлхийн хамгийн том "улс төр". Бодлого, шийдвэр гаргалт, стратегийн тулаан. Бид дэлхийн өрсөлдөөнөөс гээгдэж болохгүй. Энэ замыг өөрчлөх нь залууст байх үндэстэний том амбиц гэж боддог. Тиймээс би үндэстний амбицтай гэж өөрийгөө хэлнэ. Тиймээс бид зорьсон замаараа явж байгаа. Монголыг ухаж амь зуудаг биш, угсарч, ургуулж хөгждөг технологийн орон болгох нь бидний алсын хараа. Тэгэхээр Холыг зорьж буй шинэ үед ойрын чөдөр бүү тавь гэж хэлмээр байдаг юм.

-Монгол бичгээр тэмдэглэл хөтөлдөг тухай сонсож байлаа. Хэзээнээс тэмдэглэл хөтөлж эхэлсэн бэ?

-Би нэгдүгээр ангиасаа монгол бичиг заалгасан. Эх хэл, бичгийн соёлын дархлааг унагаж болохгүй гэж боддог. Тиймээс хувийн тэмдэглэлээ уйгаржин монгол бичгээр хөтөлдөг юм.

-Монгол Улсын хөгжлийн талаар та юу хэлэх вэ?

-Улс орны хөгжил зөвхөн эдийн засгийн тоон үзүүлэлтээс илүү хүний хөгжил, айл өрхийн амьжиргааны бодит өсөлт юм. Боловсрол, эрүүл мэндийн салбарт тууштай реформ хийх цаг болсон. Монгол бол туршилтын талбар биш. Баялаг шүтсэн, цөөн хүнд шударга бусаар ашиг хүртээдэг салбарыг ил тод, хүртээмжтэй болгох хэрэгтэй. Үнэн хэрэгтээ хуулиар халхавчилсан тонуулчид, дээрэмчитэй хариуцлага тооцох чухал цаг.

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Би гурван хүүтэй. Том хүү минь гадаадад сурдаг. Хүүдээ дэвтэр дүүрэн захиаг уйгаржин бичгээр бичиж үлдээн хожим хуриман дээр нь бэлэглэнэ гэж бодож байгаа. Миний ханийг Д.Уранзаяа гэдэг. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул. Олон улсын харилцааны мэргэжилтэй. Өдгөө олон улсын байгууллагад ажилладаг. Бид ам бүл тавуулаа. Би хүүхдүүддээ зориулсан ижил дэвтрүүд дээр өвөг дээдсийнх нь түүх, өөрсдийн итгэл үнэмшил, үнэт зүйлсээ бичиж өвлүүлнэ гэж боддог.

Хүн өөрийн залуу нас, мэдлэг боловсрол, сэтгэл зүтгэлээ өгч ажиллаж ирсэн ажил мэргэжлээрээ бахархана гэдэг сайхан. Бас тэр л мэргэжлийнхээ хамт олон, тэдний түүх, жаргал зовлонг агуулсан бүтээл туурвиж түүхэнд үлдээнэ гэдэг бүр сайхан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 95 (7339)