Байгаль орчин аялал жуулчлалын яам, БНСУ-ын Ойн ерөнхий газартай 1998 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, гарын үсэг зуржээ. Мөн 2007 онд Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийг эхлүүлсэн. Төслийн зорилго нь Монгол Улсыг цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, шар шороон шуургыг бууруулах, хот суурин газрын ногоон орчныг нэмэгдүүлэх юм. “Ногоон хэрэм” төсөл 17 орчим жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжиж байна. Төслийн нэгдүгээр үе нь цөлжилт эрчимтэй явагдаж буй говь, хээрийн бүс нутгууд, хоёрдугаар шат нь ойжуулалтын талбай, мод үржүүлгийн газруудыг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх, Улаанбаатар хотын Дамбадаржаад "Хотын ой"-г байгуулж нийслэлийн иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламжийг бий болгожээ. Харин гуравдугаар үе шат хэрэгжиж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих үүднээс Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор дахь талбайд “Хамтын ойн төгөл”-ийн нээлтийн үйл ажиллагаа болж Ойн газрын дарга Б.Оюунсанаа, БНСУ-ын Элчин сайд Чуэ Жин Вон, Францын Элчин сайд, “Ногоон хэрэм” төслийн захирал И Сон Гил болон албаны бусад хүн оролцлоо.
"Хамтын ойн төгөл"-ийн нээлт морин хуурын аялгуугаар эхэллээ.
“Хамтын ойн төгөл”-ийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын 12.9 га талбайд байгуулахаар төлөвлөжээ. Талбайд 21 зүйлийн 10 мянган мод тарих зураг төсөл боловсруулсан байна.
Төгөлийн нээлтийн өдөр гацуур, нарс, шинэс, далан хальс, буйлс, голт бор, монос гэсэн гурван зүйлийн шилмүүс, зургаан зүйлийн навчит мод, нийт 221 ширхэг мод тарилаа.
"Хамтын ойн төгөл"-д албан байгууллага, хувь хүн хэн ч байсан ирээд мод тарихаар газрыг төлөвлөсөн. Хэрэв та мод тарихыг хүсвэл эхлээд “Ногоон хэрэм” төсөлтэй холбогдоод цаг авна. Ингээд зургийн дагуу аль хэсэгт тарьж болохыг зааж, мод тарих нүхийг бэлдэж өгнө.
Эх сурвалж www.zms.mn