О.Ариунаа


​10 гаруйхан жилийн өмнө дөө. Дэлхий сүйрэх гэнэ гэх мэдээлэл Монголыг донсолгосон. Монголын цахим ертөнцөд тэрхүү мэдээлэл түймэр мэт тархаж, түүнээс өөр ярих сэдэвгүй л болсон юм даг. Нийгэм даяараа цахим ертөнцөд сүйрнэ, сүйрэхгүй гэж талцаж, айдаст автсан олон ч хүн лаа чүдэнзэнд мөнгөө үрж, хөдөө гадааг зорьсон нь бий. Сүйрэх өдрийг нийгэм даяараа л амьсгаа даран хүлээсэн санагдана. Гэвч нар манддагаараа л мандаж, хорвоо ертөнц эргэдгээрээ л эргэсэн. Азаар ч гэх үү банк дээрэмдэж, айхавтар ноцтой гэмт хэрэг бүртгэгдсэн гэж дуулдаагүй. Гэхдээ л дэлхий сүйрэх нь гэж бат нот итгэсэн хүмүүс өөрт болоод бусдад хохиролтой ямар нэгэн шийдвэр гаргасныг үгүйсгэх аргагүй. Ядаж л тэр өдөр ажил, хичээлээ таслаад, лаа чүдэнзээ аваад лагерь луугаа явсан байж таарна. Энэ үйл явдал бол та бидний цахим ертөнцөд троллын ажлыг тун сайн гүйцэтгэсний гор. Цахим ертөнц худал хуурмаг мэдээллийн үүр уурхай, түүнийг тараагч тролл нь та бид гэдгийн том баталгаа нь энэ. 


Магадгүй та хэн нэгний захиалгаар, ямарваа нэг ашиг сонирхлын төлөө интернэт орчинд ажилладаг хүмүүсийг тролл гэдэг шүү дээ гэж бодож болох юм. Тагнуулын ерөнхий газраас иргэдийн амар тайван байдлыг алдагдуулж, сэтгэл хөдлөлийг нь ашиглан талцуулж, маргаан үүсгэж буй үйлдлийг троллинг буюу интернэт тролл гэж нэрлэнэ хэмээн тодорхойлсонбайдаг. Санаатай бөгөөд санамсаргүйгээр нийгмийг талцуулж, айдаст автуулж, эмх замбараагүй байдал үүсгэсэн бол троллинг явагдаж байгаа. Хэдий ашиг хонжоо хараагүй ч мэдээллийн энэ их урсгалыг ямар ч шүүлтүүргүйгээр хүлээн авч итгэж, уурлаж, бухимдаж, уйлж, инээж, өрөвдөж хамгийн гол нь түүнийгээ ойр тойрныхондоо түгээж байгаа учраас та тэдний нэгд тооцогдож буй юм. Аливаа мэдээллийг уншаад шуудитгэдэг, түүндээ автаж сэтгэл санаа тань тогтвортой бус болдог, ойр тойрныхондоо дуулгахгүй, харуулахгүй л бол болж өгдөггүй бол та ч бас тролл гэсэн үг. 
Мэдээж танд яагаад сэтгэл хөдөлгөсөн мэдээллүүдийгөөрийн орон зайдаа түгээж болохгүй гэж гэх асуулт ургах байх. Сэтгэл хөдөлгөсөн гэдэг энэ үгэнд л их учир байгаа юм. Аливаа мэдээлэл сэтгэл хөдөлгөм, романтик байх тусмаа л худал, зохион байгуулалттай байх магадлал нь өндөр. Тийм байдаг болохыг ч хэдийнэ судалгаагаар нотолчихсон. Зорилтот хуурамч мэдээлэл тараагчдын гол баримталдаг зарчим нь ердөө л өгөх гэсэн мессежээ таны сэтгэл хөдлөлтэй уях. Цусыг тань булгилуулж, зүрхний цохилтыг тань нэмж, доторх хүнийг тань өндөлзүүлээд л байх тусам энэ нь худал мэдээлэл байх магадлал нь нэмэгдэнэ. 
Дэлхий сүйрнэ гэдгийг сонсоод бүхнээ хаяад хэдэн лаа, чүдэнз аваад уулын мухарт очоод хэвтчихвэл аврагдана гэж бодсон гэхээр хэчнээн айж түгшиж, уймарч буйдарсан байх нь вэ. Зүгээр ч өөрөө уулын мухарт очихгүй бусдыгаа уриалсан гэхээр дэлхий сүйрэх өдөр хүртэл тун ч завгүй сайн дураараа троллын ажил хийсэн байж таарах нь. Энэ хүртэл тухайн хүн ямар их сэтгэл санааны донсолгоонд дунд байж, хөлс хүч, энерги, мөнгө санхүүгээ зарцуулсан бол. Өглөө босоод дэлхий сүйрээгүйг мэдмэгцээ хэчнээн балмагдаж, уриалан дуудсан хүмүүсээсээ ичиж, санаа зовсон бол. Худал мэдээлэл гэдэг ямархор уршигтай, түүнийг нягтлахгүйгээр тараана гэдэг ямар ичгүүр, сонжуургүй үйлдэл болох нь вэ гэдэг нь үүнээс бага ч атугай харагдах биз ээ. 


Нөгөөтээгүүр та бид мэдээллийг шүүн тунгаах, ялган таних чадваргүйгээсээ болж худал мэдээллийн шуурганд олзлогддог. Эдгээр чадварууд бидний нас хүйс, мэдээлэл, технологитой харьцах чадамж зэргээс шалтгаалж харилцан адилгүй байдаг аж. Тухайлбал, залуучууд аливаа мэдээллийг уншаад ийм байх боломжгүй дээ гэж бодох нь тун ховор. Учир нь тэдэнд үгүйсгэх хэмжээний амьдралын туршлага байхгүй учир шууд л ийм байдаг юм байна гээд итгэчихдэг. Дунд насны хүмүүсийн тухайд ихэвчлэн ажилтай, амьдралын завгүй хэмнэл дунд байдаг. Тэр их мэдээлэл бүрийг шүүн тунгаагаад суух зав тэдэнд үгүй учир мөн л шууд үнэмшчихдэг. Настай хүмүүст амьдралын туршлага, зав зай харьцангуй их ч техник технологийн чадамж нь дулимаг байдаг. Тиймдээ ч мөн нягталж чаддаггүй. Эдгээр шалтгаанаас болж хуурамч мэдээлэл үнэн мэт болтлоо газар авч, хөөсөрдөг байна. 


​Эдгээр хүчин зүйлүүдээс болж хуурамч мэдээллийг санаатай болоод санамсаргүйгээр тараах нь тролл нэр зүүхээс гадна өөр олон хор уршигтай. Энэ дунд таны сэтгэл санааны байдал, зарцуулсан энергийг дурдахгүй орхиё. Мэдээллийн урсгалыг шүүлтүүргүйгээр хүлээн авснаараа та алсдаа зоригтой шийдвэр гаргаж чаддаггүй нэгэн болно. Энэ их мэдээллийн урсгал таныг сул дорой нэгэн болгож хувиргана. Мэдээллийг аваад л, шингээгээд л бай. Эцэст нь та тэр зөв үү, буруу юу, ингэх нь ёстой юу, үгүй гэх их эргэлзээн дунд үлдэнэ. Түүнчлэн мэдээллийн боловсролгүйгээсээ болж сайн дурынтроллын ажил хийх нь улс орны эрх ашигт ч халтай үйлдэл болдог. Бид ардчиллаа төгөлдөршүүлнэ, нүдний цөцгий мэт хайрлана гэдэг. Гэвч ард иргэд нь олиггүй, эргэлзэж, тээнэгэлзсэн. Хэнд, юунд итгэхээ ч үл ухамсарладаг, “Салхи хаашаа зүг тийшээ” байвал олж авсан ардчиллаа хормын төдийд үгүй хийчихийг ч үгүйсгэх аргагүй. Авч буй энэ их зорилготой, зорилгогүй мэдээлэл биднийг тийш зүглүүлэхийг ч таашгүй билээ. Учир нь бид тун цөөхүүлээ. Нэг сэдэв нийгэмд өрнөхөд тэр орой нь мэдээгүй, дуулаагүй хүн бараг л үлдээгүй байдаг шүү дээ. Бид хэрсүү л байх ёстой юм. Газар нутгаа аваад хаашаа ч юм нүүж чадахгүйгээс хойш дэлхийн томоохон тоглогч орнууд болсон хоёр хөрштэйгөө мөнхийн л зууралдана. Хоёр хөршийн ашиг сонирхол, автуулах, уусгах гэсэн хүсэл мөн л үүрдийнхээрээ байх болно. 
Гадны улс орны эрх ашиг гэлтгүй дотоодоосоо ч зорилготой мэдээлэл түгээж, нийгмийг төөрөгдүүлдэггэдгийг санах хэрэгтэй. Тун удахгүй УИХ-ын сонгууль болно. Цахим ертөнцөд бол хэдийнэ сонгууль эхэлчихсэн, улаан, цэнхрээрээ, цаашлаад дов, жалгаараа хуваагдчихсан байна. Хэн нь хэн бэ гэдгийг ойлгоход хэцүү, сонголт хийхэд бүр ч ярвигтай байдлыг улстөрчид үүсгэдэг нь бараг бичигдээгүй хууль болчихсон нь бэлхнээ харагдана. Хэдий хэн нэгний мууг эрт мэдвэл сонголтоо зөв хийж болох ч гүтгэлэг нь хэтийдвэл хэн нэгний нэр хүнд цаашлаад төрд итгэх иргэдийн итгэл улам суларч мэдэх сөрөг талтайг бид бодох л ёстой. Энэ мэтчилэнгээр биднийг алхам тутамд л худал мэдээллийн хор уршиг анаж, хэмлэж байгааг санууштай. 


Тэгвэл худал мэдээллээс бид өөрсдийгөө хэрхэнхамгаалж, сайн дурын “Тролл” болохгүй байх вэ. Том зургаараа иргэдийг мэдээллийг шүүн тунгаах ялгаж таних чадвартай болгож, төлөвшүүлэхэд бүх л талын хүчин чармайлт ус агаар шиг хэрэгтэй. Нэн тэргүүндиргэдийн мэдээллийн боловсролыг нэмэгдүүлэх ёстой.Үүнд боловсролын болоод хэвлэл мэдээллийн байгууллагууд оройлон оролцох нь юу юунаас илүү чухал. Мэргэжлийн байгууллагууд тогтмол судалгаануудыг хийж олон нийтэд танилцуулах нь иргэдэд энэ талаарх бодит ойлголтыг өгөхөд тусална.
Хувь хүний тухайд мэдээллийн боловсролоо дээшлүүлж, найдвартай эх сурвалжаас мэдээллээ авч сурах хэрэгтэй. Урсан буй мэдээлэл бүхнийг хүлээж аваад, ойр тойрныхондоо түгээгээд троллын ажлаа сайн дураараа хийгээд байвал дээрх ажлууд ямар ч үр дүнгүй гэдгийг та сайтар тунгаах нь зөв биз ээ. Мэдээллийн боловсролоо дээшлүүлж, хогон мэдээллүүдийг алгасаж, нягталж, хамгийн гол нь үл тоож сурах нь танд олон эерэг өөрчлөлтүүдийг авчирна гэдэгт итгэлтэй байна.Эцэст нь, утасныхаа дэлгэцийг хоёр товшоод л хийж буй үйлдэл тань хэн нэгнийг зорилгыг биелүүлэхэд сөөм, сөөмөөр ойртуулж байх вий. Бодох л ёстой.