Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн манай гарагийн дундаж хэм жил ирэх тусам хурдацтай нэмэгдэх болсон. Европын холбооны Коперникийн цаг уурын агентлагаас гаргасан судалгаанаас харвал дэлхийн дулаарал нь хүн төрөлхтөн, ургамал, амьтдаас гадна далай тэнгисийн орчинд сөргөөр нөлөөлж байна.
Агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар исэл болох хүлэмжийн хий нь Эль Нино хэмээн байгалийн үзэгдлийг хурдацтайгаар өдөөж байна. Далай тэнгис гол төлөв Номхон далайд үзэгддэг энэхүү агаарын урсгал нь далайн гүний дундаж хэмийг нэмэгдүүлэх болсон байжээ. Далай тэнгис нь хүний ялгаруулж буй хүлэмжийн хийн дөрөвний нэгийг шингээхээс гадна агаар мандал дахь илүүдэл дулааны 90 орчим хувийг шингээдэг. Гэвч уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн энэхүү систем алдагдах болжээ. Өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн нийт далайн гадаргын дундаж хэм олон жилийн дунджаас нэмэгдсээр наймдугаар сард оргил хэмдээ хүрсэн байна. Энэхүү гадаргын дундаж хэмийн өсөлт үргэлжилсээр энэ оны хоёрдугаар болон гуравдугаар сард дундаж температур 21.09 хэмд хүрсэн гэж Коперникийн цаг уурын агентлаг мэдээллээ.
Дээрх график мэдээллээс харвал өсөлт энэ өнгөрсөн оны тавдугаар сарын эхнээс шинэ дээд хэмийг тогтоосон ба тасралтгүй үргэлжилсээр байна.
Коперникийн цаг уурын агентлагийн гаргасан мэдээллээс үзвэл далайн гадаргын дундаж хэм 47 хоногт 0.3 хэмээр тогтмол өсөлттэй байгааг “BBC” агентлаг тооцоолон гаргасан байна.
Эль Нино ба Ла Нина
Номхон далайн сав газар үүсдэг агаарын хоёр төрлийн урсгалыг Эль Нино ба Ла Нина гэж нэрийддэг. Дээрх хоёр агаарын урсгал нь эсрэг тэсрэг шинж чанартай ч хоёул хэвийн нөхцөл байдлыг эвддэг гэдгээрээ ижил төстэй.
Өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн Ла Нина идэвхжиж оны сүүлээр оргил үедээ хүрчээ. Түүний дараагаар нөлөө багассан байна. Гэвч Эль Нино агаарын урсгал нь Номхон далайн бус сав газруудад нөлөөлөх болжээ. Тодруулбал, Атлантын далайн сав газар халуун агаарын долгион бүртгэгджээ. Энэхүү байгалийн үзэгдэл нь эрдэмтдийн гайхширлыг төрүүлсэн байна. Учир нь Атлантын далайн сав газар Эль Нино үүсдэггүй. Өөрөөр хэлбэл энэ нь өөр хүчин зүйлийн нөлөө хэмээн Коперникийн цаг уурын агентлагын захирал Карло Буонтемпо тайлбарлажээ. Далайн агаар мандалд зонхилж буй дулаан агаар нь халуун орны шуурга үүсэхэд нөлөөлж улмаар хар салхи үүсэх циклоныг өдөөдөг. Тиймээс Атлантын далайд хадгалагдаж буй их хэмжээний дулаанд зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай ажээ.
Уур амьсгалын өөрчлөлт зөвхөн далайн усны хэмийг өөрчлөхөөс гадна, мөсөн бүрхүүлийг хайлуулж байна. Эдгээр мөсөн уул, бүрхүүлүүд хайлж усны түвшин ихэсгэж байгаа нь эрэг орчмын бүс нутгуудад аюулыг дагуулж байгаа юм.
Далай тэнгис, түүний доторх амьд зүйл
Их Британийн Антарктидын судалгааны профессор Майк Мередит “Дэлхийн дулаарлын хамгийн том хохирогч бол далай тэнгис болж байна. Учир нь агаар мандал дахь халалт далайд шингэж түүний дотоод хэмийг өөрчлөхөд хүрээд байна. Зарим талаараа энэ үйл явц бидний бодож байснаас ч илүү хурдацтай байгаа нь ихээхэн түгшүүр төрүүлж байна" гэжээ. Мөн тэрээр үргэлжлүүлэн “Байгаль орчны эдгээр өөрчлөлт нь бидний хүсээгүй үр дагавар хэдийнэ ойртсоны бодит байдал юм. Хэрэв дулаарал энэ хэвээр үргэлжилбэл далайн экосистем хийгээд доторх амьтадад асар их хор хөнөөлтэй байх болно” гэсэн байна.
Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэх уур амьсгалын өөрчлөлт нь чимээгүй хийгээд асар хүчтэйгээр өртөж буй бүлэг бол далай тэнгис гэдэг нь үүнээс харагдаж байна. Сүүлийн үеийн хэд хэдэн судалгаагаар дэлхий даяар далайн шүр цайрсан нь үүний илрэл аж. Далайн голлох амьд биет болох шүр тайрч улмаар үхэждэг байна. Харин одоо тэдний амьдрах орчны дундаж хэм асар хурдацтайгаар нэмэгдэж байгаа учир тэд хэт хурдацтай цайрч байгаа юм. Шүр нь далайн экосистемийн чухал элемент ба нийт амьтдын дөрөвний нэгийн амьдрах гэр болдог онцлогтой. Түүний дараагаар энэхүү халалтын золиос болж буй амьтад бол оцон шувууд. Хойд мөсөн далайд оршдог эдгээр амьтадын үр төл ихээхэн аюулд орох болсон байна. Тодруулбал өндөгнөөсөө дөнгөж гарсан бяцхан дэгдээхэйнүүд зөв нисэж сурахаас өмнө мөс хайлж, олноор живэх тохиолдол их гарах болжээ. Мөн судлаачдын хэлснээр далайн температур нэмэгдэж буйгаас үүдэн зарим төрөл зүйл устаж үгүй болжээ.
Их Британий Ливерпүүлийн их сургуулийн далайн биологич доктор Нова Миешковска “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь хувьсал хэтэрхий хурдацтай явагдаж байгаа ба үүнийг гүйцэж зохицуулалт хийж чадахгүй байгаад оршиж байна” гэсэн бол Уэльсийн эрэг дээр Абериствейтийн их сургуулийн баг Кардиган булангийн далайн амьтдын тоо толгойг судлах судалгаа явуулсан байна. Усны дээжээс ДНХ-ийн мэдээллүүдийг цуглуулж үзэхэд далайн хамгийн гүн ёроолд оршдог амьтдын мэдээлэлтэй тохирчээ. Энэ талаар судалгааны багийн ахлагч профессор Иайн Барбер “Далайн усны хэм нэмэгдэж байгаатай холбоотойгоор далайн гүний илүү түрэмгий зан төлөвтэй амьтдын хариу үйлдэл хүчтэй илэрч байгаа бололтой. Тэд ихэвчлэн газар нутгаа эзлэн түрэмгийлж колоничилдог. Өөрөөр хэлбэл далайн ёроолын амьдрах орчин хувьсаж байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 94 (7338)