Э.ХОРОЛСҮРЭН

 

Өдөр ирэх тусам нэмэгдэж буй амьжиргааны зардал болон ганцаардал нь дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудын нэг зүй ёсоор мөн билээ. Тэгвэл үүнийг даван гарахын тулд хүмүүс танихгүй хүнтэй хамт амьдрах шинэ хэв маягийг бий болгосон байна. 

Лондон хотод амьдардаг 30 настай Рози Келлетт олон нийтийн сүлжээнээс хамт амьдрагч хайж байгаа зарыг олжээ. Тэрээр 2020 оноос хойш ийнхүү хүмүүстэй хамт амьдрах болсон байна. Түүний амьдардаг  Хакни Вик дүүрэгт олуулаа хамт амьдардаг 100 гаруй газар байдаг. Тэдгээр нь өөрийн гэсэн онцлогтой гэв. Рози өөрөөсөө гадна 20-30 насны зургаан хүнтэй хамт амьдардаг. Тэд гэрийн хурлыг аль болох тогтмол ойр ойрхон зохион байгуулахыг хичээдэг. Ялангуяа, хэн нэгэнд таагүй нөхцөл үүссэн тохиолдолд нийтээрээ ярилцаж асуудлаа тэр дор нь шийдвэрлэдэг байна. Түүнчлэн хүнсний, цэвэрлэгээний бүтээгдэхүүн, гэр ахуйн хэрэгсэл цуглуулахад хүн бүр долоо хоногт 25 фунтийг дундын дансанд хийдэг. Мөн хэн оройн хоол хийх, хэн нь оройтож харих болон гэртээ хэн нэгнийг  урих асуудлыг нийтийн чатаар ярилцдаг байна. Келлетт “Хамтдаа амьдрахын хамгийн сайхан зүйл нь хэн нэгэн үргэлж хажууд байх. Өрөөний хамтрагчид минь яг л гэр бүл шиг санагддаг. Лондонд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралын улмаас байр олох хэцүү болж байна” гэв.  АНУ-ын Висконсин мужийн Мадисонд 36 настай Креал Зеаринг нөхөр, гурван настай охины хамт нийтийн байр түрээслэдэг. Тэрээр “Нөхөр маань бидний амьдарч байсан байрыг худалдаж авсан. Би нийтийн байранд амьдрах ямар байдгийг мэднэ. Миний хувьд хамтдаа л байвал бүх зүйл сайхан байх болно гэж шийдсэн юм” гэжээ. Түүний эзэмшдэг “Arbco” нийтийн  байранд айл бүр унтлагын өрөө, гал тогоотой болон тусдаа ариун цэврийн өрөөтэй. Ерөнхийдөө манай нийтийн байр бол хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг орон сууц өмчлөлийн холбоо юм хэмээн Креал Зеаринг хэлжээ. Тэд хоёр долоо хоногт нэг удаа гишүүдийн хурал зохион байгуулдаг ба оршин суугч бүр сард дөрвөн цагийн гэрийн ажил хийхээр тогтжээ.

 

Нэг санаатай хүмүүс

 

Барууны орнуудад янз бүрийн шалтгааны улмаас олноор хамт амьдрах хэв маяг их байдаг. Их Британийн “The Guardian” сэтгүүлд цар тахлын дараах нөхцөл байдал хүмүүсийн олноор хамт амьдрах сонирхлыг нэмэгдүүлсэн талаар нийтэлсэн байдаг. “BBC” агентлагийн ярилцлагын саналд нээлттэй хандсан хүмүүс хамтдаа амьдрах нь санхүүгийн хувьд давуу байдлыг бий болгож байгааг хамгийн ихээр онцолсон байна. Их Британийн хамтын нийгэмлэг болох “Diggers and Dreamers”-ийн удирдах зөвлөлийн гишүүн Пенни Кларк “Нийтээр хамт амьдрах гэдгийг бид тав болон түүнээс олон тооны бие даасан хүмүүс өөрийн сонирхол, сайн дурын үндсэн дээр хамт амьдрахыг ийнхүү тодорхойлж байгаа юм. Мэдээж энэ нь зарим хүнд эргэлзээ эсвэл гайхашрал төрж магадгүй. Нийтийн байранд хүмүүсийн хувийн орон зай болон нийтийн зориулалттай хэсгүүд байдаг. Хамтрагчид эдгээр талбайг хэрхэн ашиглах талаар хоорондоо зөвлөлдсөн байдаг” хэмээн тайлбарласан байна.

Хүмүүсийн нийтээр хамт амьдрах хэв маягт дасан зохицоход зориулсан зөвлөгөө өгдөг шинэ нийгэмлэг бас бий. Тэдний нэг болох “Consciouscoliving”-ын захирал доктор Пенни Кларк “Судалгаанаас харахад нийтээр хамт амьдардаг хүмүүсийн амьдралын чанар, нийгмийн элит бүлэгтэй ижил гарсан байдаг. Хүмүүс олноороо хамт амьдарч байгаа бол энэ хамтын нийгэмлэгт тооцогдоно. Мэдээж Рози Келлеттийн шиг цөөн тооны гишүүнтэй бол зохион байгуулалт арай багатайд тооцогдоно. Өдөр ирэх тутам үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, эзэмших нь санхүүгийн хувьд маш хүндрэлтэй. Мөн зарим хүн илүү байгаль орчинд ээлтэй байхыг хүсдэг. Харин зарим нь өөрийн төрсөн нутаг, гэр бүлээсээ хол байгаа учраас хамт амьдрагчтай байхыг илүүд үзэж байна. Тэгэхдээ хүн бүр сэтгэл хангалуун, жаргалтай байдаг уу гэвэл мэдээж үгүй. Зарим үед хүмүүст олуулаа амьдрах нь дарамттай санагдаж бухимдах үе байдаг. Сайхан амьдрал, тухтай гэр зэрэг уламжлалт гэрийн тухай ойлголттой нийтээр хамт амьдрах ойлголт зэрэгцэж чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэ төрлийн амьдралын хэв маягийг сонгох хүмүүс нэмэгдсээр байна. Үүнд цахим орчин олон нийтийн сүлжээ ч мөн тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Тодруулбал, Рози Келлетт өөрийн амьдарч буй газрынхаа талаар “Instagram” хуудастаа хоёр бичлэг байршуулсны дараа олон хүн нүүж орж болох эсэхийг түүнээс асууж холбогдсон байна. Эх сурвалж: bbc.com

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 9. Пүрэв ГАРАГ. № 93 (7337)