Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.  Энэ үеэр Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн танилцууллаа. 

Тэрээр "Засгийн газрын хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн. Улмаар ирэх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ. Өнгөрсөн хугацаанд зөвхөн ипотекийн зээлээр орон сууцны санхүүжилтийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаад Төрийн орон сууцны корпорацын захиалгаар орон сууц барьж, тухайн байрыг зээлэх хэлбэрээр шинэ орон сууцжуулалтын боломжийг оруулж ирж буй.  Өмнө нь ихэвчлэн орлогын боломжтой иргэд ипотекийн зээл авч байсан. Судалгаанаас харахад өрхийн сарын орлого нь 2.1 сая ба түүнээс дээш орлоготой айлууд ипотекийн зээлд хамрагджээ. Харин үүнээс доош орлоготой айл өрхүүд хамрагдаагүй. 2013-2024 онд нийт 7.6 их наяд төгрөгийн орон сууцны зээлийг 104,000 айлд олгосон байгаа юм. Тэдний сарын орлого нь хоёр саяас дээш байсан гэсэн үг. Хоёр саяас доош орлоготой өрхүүд орон сууцны зээлд хамрагддаггүй гэсэн үг.

Тиймээс үндэсний орон сууцны тухай бодлогын хүрээнд

  • Ахмад настнууд
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
  • Залуу гэр бүлүүдийг хамруулахыг зорьж байна. 

Тухайлбал залуу гэр бүл эхлээд метр квадрат багатай, жижиг орон сууцанд амьдарч байгаад яваандаа орон сууцаа сайжруулж болно. Тиймээс дээр дурдсан бүлгийн иргэдэд зориулсан орон сууцны хангамжийн асуудлыг хуулиар шийдэхээр болж байгаа. Төрийн орон сууцны корпорац, Үндэсний орон сууцны корпорацаас метр квадратыг нь хямд үнэлгээтэй орон сууцнуудыг захиалгаар бариулж, орлого багатай иргэдэд нийлүүлнэ гэсэн үг.Магадгүй 20-оос дээш жилээр тухайн орон сууцыг зээлнэ. Мөн зарим иргэнд түрээслүүлж болно. Метр квадрат багатай орон сууцыг түрээсэлж байгаад амьдрал нь дээшилж, орлого нь нэмэгдээд ирэхээр байрныхаа нөхцөлийг сайжруулж болно. Орлогын хувьд боломжгүй байгаа иргэдийг хамруулсан орон сууцны санхүүжилтийн тогтолцоог хэрэгжүүлнэ" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn