Т.САЙХАН

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо эрүүдэн шүүсэн хэргийн шүүхийн шийдвэрүүдийг нууцаас гаргасан талаар өнөөдөр /05.08/ мэдээлэл өглөө.Тэрээр "Монгол Улсын иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах Засгийн газрын тогтоол батлагдлаа.Засгийн газрын хуралдаанаар тэднийг хэрэг хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүсэн, зургаан жил орчим цагдан хорьсон асуудалтай холбогдуулан тэдний эрх ашгийг хамгаалах, олон улсын хүний эрхийн байгууллагуудад хандахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулсан юм.Ажлын хэсэг хуралдаж, эрүүдэн шүүсэн гэм буруутай шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах нь хоёр иргэний эрх ашгийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай гэдэг санал дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд гаргасан юм" гэлээ. 

Нууцаас гаргасан тогтоолд, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10.1.5 дахь заалтын үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь:Эрүүгийн дугаартай Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн MN/272 дугаартай шийтгэх тогтоол, 123 хуудас.Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны 2020 оны аравдугаар сарын 29-ний MN/58 дугаартай шүүхийн магадлал, 71 хуудас.

Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2021 оны гуравдугаар сарын 31-ний 179 дугаартай Б.Хурц нарт холбогдох шүүх хуралдааны тогтоол 56 хуудас, шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас  гаргаж, ил болгосугай.

Тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой төрийн нууцад хамаарах шүүхийн шийдвэрийг ил болгох ажлыг хуульд заасны дагуу зохион байгуулахыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, Тагнуулын Ерөнхий Газрын дарга П.Одонбаатар нарт даалгасугай гэсэн байна.

Мөн өнөөдөр ТЕГ-аас эрүүдэн шүүсэн гэм буруутай шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой гэсэн дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

Нууцаас гарсан эрүүдэн шүүсэн гэм буруутай гурван шатны шүүхийн шийдвэр Улсын Ерөнхий Прокурорын Газрын архивт хадгалагдана. Сонирхсон этгээдүүд архиваас шүүхийн шийдвэртэй танилцах боломжтой юм байна. 

Эх сурвалж:www.polit.mn