Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. 1993 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын 3-ныг дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарлаж 1994 оноос тэмдэглэсээр ирсэн билээ. Энэ өдөр МСНЭ-ээс "Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Жагсаалд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд “Иргэд мэдэх эрхтэй”, “Хэвлэн нийтлэх эрх чөлөө үгүй бол бусад эрхээ хамгаалах боломж үгүй”, “Үг хэлэх эрх чөлөө”, “Амаа үдүүлсэн хэвлэлийн эрх чөлөө” гэсэн бичсэн лоозонг барьж, байр сууриа илэрхийллээ. Олон нийтийн мэдэх эрхийг ханган ажилладаг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн 13, 14 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх, шууд яллагдагчаар татах, дээрх зүйл ангиар шалгаж байгаа нэрийдлээр сэтгүүлчийг цагдан хорих, ажил үүргийг нь гүйцэтгэх боломжийг нь хязгаарлаж байгаа зүй бус үйлдэл их гарах болсон. Эрүүгийн хуулийн энэ зүйл заалтуудаас болж хэвлэлийн эрх чөлөө ухрах, хумигдах гол үндэс болж байгааг сэтгүүлчид онцоллоо. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.
МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтсан олон нийтийн хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Ирсэн оюутнуудын 90 гаруй хувь нь сэтгүүлч мэргэжлээсээ татгалзана гэж байна. Дөрвөн жил сурсан мэргэжлээрээ цааш ажиллахгүй гэдгээ илэрхийлж байсан. Яг энэ чиглэлийн судалгаа ч бий. Манай төгсөгчдөөс ихэнх хувь нь сэтгүүлчээр ажиллахгүй гэх хэмжээнд очжээ. Залуу үеийг айдаст автуулсан байна. Тиймээс хууль, эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй байна" гэв.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөртэй зэрэгцэн Сүхбаатарын талбай хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Нэг ангийнхны уулзалт.
Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж "Go Mongolia" үндэсний брэндинг дор Монгол Улсаа олон улсад сурталчлахаа зарласан. Энэ арга хэмжээ маргааш Сүхбаатарын талбайд болох тул ийн бэлтгэл ажил эхлээд байна.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр АН-аас "Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалъя" жагсаалыг зохион байгууллаа.
Эх сурвалж www.zms.mn