“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Би номынхоо тухай” буландаа Нобелийн шагналт дэлхийн суут зохиолч Габриэль Гарсиа Маркесийн намтар номыг эх хэлнээ хөрвүүлсэн орчуулагч Н.Пүрэвдагватай ярилцлаа. Тэрээр энэхүү номоороо “Алтан өд” шагнал хүртсэн билээ.
Орос, англи хоёр орчуулгыг харьцуулжээ
-“Зуун жилийн ганцаардал” гэх ном гарсан даруйдаа дэлхийг шуугиулж хэн ч танихгүй хэний ч мэдэхгүй байсан Габриэль Гарсиа Маркес хэмээх зохиолчийн нэрийг алдарт хүргэсэн гэдэг. Зохиолч маань уг номоо биччихээд хэвлэлийн газар луу явуулах шуудангийн төлбөрөө төлөх мөнгөгүй байжээ. Тиймээс гэртээ байсан бүх зүйлээ барьцаалан зээлдүүлэх газар тавьж байсан гэдэг. Хэдий тийм хэцүү амьдралтай ч өөрийнхөө номыг бичиж чадсан. Хэвлэлийн газар бүтээлийг нь аваад шууд хэвлэх болсноор сая л амьдрал нь дээрдсэн юм. Ер нь олон алдартай зохиолчдын түүхийг уншихад Г.Г.Маркес шиг гэнэт амжилтад хүрсэн тохиолдол бараг байхгүй. Харин Жеральд Мартин түүний намтрыг бичихийн тулд 17 жилийг зарцуулсан байдаг. Зохиолчийн ах дүү, амраг садан, төрөл төрөгсөд бүр нууц амрагтай нь хүртэл уулзаж ярилцсан. Ингээд нийт 300 гаруй бичлэг хийгээд түүнийгээ боловсруулж, өөрийг нь амьд байгаа дээр номоо харуулна гэснээр энэхүү намтар ном бүтсэн түүхтэй. Харин миний хувьд жил гаруй хугацаанд сууж орчууллаа. Хэвлэлийн газраас надад англи хувийг өгсөн. Мэдээж би орос, англи хоёр орчуулгыг харьцуулж ажилласан.
Г.Г.Маркес их энгийн амьдарсан
Энэ номыг орчуулах явцад надад төрсөн бодол бол латин америкийн уран зохиолын тэсрэлт. Үүний гол төлөөлөл нь Г.Г.Маркес юм байна. Энэхүү намтар номд түүнийг баян тансаг байсан гэж бичээгүй. Бараг л хог ухдаг хүн шиг ноорхой хувцастай нэгэн байсан гэдэг. Хэдийгээр тэр өлсөж байсан ч долоо хоног ус уугаад зохиолоо бичсээр л байсан. Ердөө л зохиол бичихдээ голлон анхаарсан. Г.Г.Маркес өөрөө их даруу хүн. Тэр агуу зохиолыг бичиж, алдар нэр нь түгсэн хойноо ч даруу байсаар байсан. Их энгийнээр амьдарсан юм билээ. “Алтан өд” бол том шагнал. Би энэ эрхэм шагналыг хүртсэндээ баяртай байна. Гэхдээ нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Тэр нь уран бүтээлч, бүтээл хоёрын холбоо. Сайн бүтээл зохиолчоосоо салаад явчихдаг. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн амьдралтай болоод өсөж, дэвждэг гэсэн үг. “Учиртай гурван толгой” дуурь байна. Найруулагч бүр өөрийнхөөрөө дэглэж, дэлгэрүүлж байна. Гэтэл тэр бүр Д.Нацагдоржийн тухай ярьдаггүй шүү дээ. Миний хувьд ийм бүтээл дээр ажиллах хүсэлтэй. Энэ бүтээлийг орчуулснаар утга зохиол сонирхдог залуучуудад тэрхүү хөшгийг нээх боломжийг олгож байгаадаа баяртай байна. Г.Г.Маркес гэж энэ агуу хүний ном зохиолыг уншиж сонирхдог хүмүүст энэ бүтээл минь гарын авлага болно гэдэгт итгэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 87 (7331)