Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын түгээмэл өвчлөлийн тоонд ходоодны хурц ба архаг өвчлөл өндөр байр эзэлж байна. Үүнд ходоодны үрэвсэлт өвчин, 12 хуруу гэдэсний шарх, шархлаа цаашлаад ходоодны хавдар зэрэг орно. “Зууны мэдээ” сонин ходоодны өвчлөлийн гол шалтгаан болоод хэрхэн урьдчилан сэргийлэх талаар цогц мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
Залуусын 70 хувь хеликобактертай
Өвчин үүсгэх олон шалтгаан байдаг ч дийлэнх нь ходоодонд хоол тэжээлийн бодисыг хайлуулж боловсруулах үйлчлэл бүхий хүчил болон салст бүрхэвчийн өөрийгөө хамгаалах чадвар хоорондын тэнцвэр алдагдаж, ходоодны хүчил өөрийгөө гэмтээсний улмаас дээрх өвчлөл үүсдэг ажээ. Ходоодны өвчлөлийн улмаас үүсдэг голлох халдвар нь хеликобактер юм. ДЭМБ-ын хийсэн судалгаагаар дэлхийн нийт хүн амын 50 орчим хувьд тархсан байдаг тус нян нь ходоодны салст бүрхэвчид шигдэн байрладаг ба ходоодны хүчиллэг орчинд үржих таатай нөхцөл болж өгдөг байна. Ингэснээр ходоодны салст бүрхэвчид үрэвсэл үүсгэн шүүрлийн тогтолцоог алдагдуулж улайлт, шарх цаашлаад ходоодны хорт хавдар үүсгэх эрсдэлтэй ажээ. Энэхүү бактери нь бохирлогдсон хоол хүнс, ахуйн замаар халдварладаг ба бохир гар, халдвартай хүний алчуур, аяга тавгаар ч дамжих аюултай юм. Хеликобактерийн халдвар нь хүүхэд, залуучуудын дунд 70 орчим хувийн тархалттай байдаг гэсэн тоо судалгаа байдаг. Үүнээс гадна эмийн замбараагүй хэрэглээ буюу гол төлөв өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг эмүүдийг байнга ууснаар ходоодны салст бүрхэвчийн өөрийгөө хамгаалах бүтцийг алдагдуулж, өвчлөлийн эх үүсвэр болдог байна. Үүнээс гадна голлох өөр нэг шалтгаан нь хоол хүнс гэж Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн дотрын эмч Б.Баасансүрэн онцолж байна. Тэрээр “Хүмүүс ихэвчлэн буруу хадгалсан, тослог, илчлэг ихтэй хүнс хэрэглэж байгаа нь ходоодны өвчлөл үүсэх гол шалтгаан болж байна. Ялангуяа бидний өдөр тутмын хэрэглээнд импортын бүтээгдэхүүнд голлож байгаа нь Монгол Улсад хүнсний аюул байдал алдагдсан гэж үзэхээр байна. Дээрх хүнсний бүтээгдэхүүнүүд нь монгол хэлээр бичигдсэн бүрэн тайлбаргүй, ойлгомжгүй, хадгалах хугацаа, хэрэглэх заавар, хүнсний орц бүхий хаяг, шошгогүй байдгаас зөв хадгалалтын журам алдагдаж, хугацаанд нь хэрэглээгүйгээс иргэд нянгаар халдварласан хүнс хэрэглэж эрүүл мэндээрээ хохирч байгаа нь харамсалтай” гэсэн юм.
Ходоодны өвчин залуужиж байна
Өнгөрсөн онд улс даяар эрт илрүүлгийн шинжилгээ хийсэн билээ. Үзлэгт хамрагдсан иргэдийн 571.134 буюу 44.0 хувь нь эрэгтэйчүүд, 727.576 буюу 56.0 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь харуулбал 653 328 буюу 50.3 хувь нь Улаанбаатар хотод, 645. 382 буюу 49.7 хувь нь орон нутагт байна. Үзлэгт хамрагдсан нийт хүний 52.0 хувь нь 0-17 насны хүүхэд, буюу 48.0 хувь нь 18-аас дээш насныхан байсан юм. Тэгвэл шинжилгээнд хамрагдсан иргэдийн 46-60 насны ангилалд ходоодны өмөн 3.1 хувь, элэг ба элгэн дэх цөсний өмөн 2.9 хувь, хөхний өмөн 1.2 хувийн өвчлөлийг эзэлж байна. Харин 61-ээс дээш насны ангилалд 151.264 өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, үүнээс ходоодны үрэвсэл 31.252 буюу 20.7 хувь, бамбай булчирхайн үрэвсэл 12.893 буюу 8.5 хувийг эзэлж байна. Тус насны ангилалд хортой болон хоргүй хавдрын 1.878 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 8.5 хувь, ходоодны өмөн 6.7 хувь, улаан хоолойн өмөн 3.2 хувийг эзэлж байна. Үүнээс харахад ходоодны өвчлөл жилээс жилд залуужиж байгааг мэргэжлийн эмч нар анхааруулж байгаа юм. Хоол боловсруулах эрхтний дурангийн Зөвлөх эмч н.Цэрэнлхам “Одоогоос 30 жилийн өмнө улаан хоолой, ходоодны шарх, хавдрын өвчлөл монголчуудын дунд их байсан. Гэтэл өнөөдөр ходоодны хорт хавдар, энэ өвчний шалтгаант нас баралт илүү ихэссэн байна. Ялангуяа өвчлөл залуужиж байгаад миний санаа чилдэг. Монголчууд ходоодоо хайрладаггүй. Хэдийгээр одоо эко бүтээгдэхүүн гэж ярих болсон ч ходоодонд сөргөөр нөлөөлөх сүлжээний эм бүтээгдэхүүн хэрэглэх, буруу хооллолт, хоолны дэглэм барьдаггүй, мах их хэрэглэх зэрэг олон хүчин зүйлсээс болж улаан хоолой, ходоодны хорт хавдрын өвчлөл ихсэж байна. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн гол зүйл нь эрт үеийн илрүүлэг. Өвчнийг эрт илрүүлэхэд тоног төхөөрөмж чухал боловч өнөөдрийг хүртэл дутагдалтай байна. Орон нутагт ч хүрэлцдэггүй” гэжээ. Үнэхээр өнөөдөр монголчуудын дунд ходоодны өвчлөл газар авч, насны хувьд залуужиж ирээдүй болсон хүүхэд багачууд энэ өвчинд нэрвэгдэж байгаа нь харамсалтай.
Ходоодны өвчлөлийн шинж тэмдэг
Зарим хүнд шинж тэмдэг маш бүдэг илрэх тохиолдол байдаг ажээ. Эдгээр шинж тэмдэг ажиглагдвал заавал эмчид хандаарай.
• Аюулхай орчим халуун оргиж төөнөж өвдөх, эвгүй оргих, өлсөж байгаа мэт мэдрэгдэх
• Хоол идэх үед амархан цадах
• Хоол идсэний дараа хэхрүүлэх эсвэл цанхайх
• Цээж хорсох
• Дотор муухай оргих
• Бөөлжих, хүнд үед цустай бөөлжих
• Өтгөний өнгө өөрчлөгдөх (хар бараан өнгөтэй ажиглагдах)
• Жин хасагдах
ХСҮТ-ийн Дурангийн мэс заслын тасгийн эрхлэгч, Их эмч Ж.Оюунчимэг: Ходоодны өвчин буруу хооллолтоос шалтгаалдаг
–Сүүлийн жилүүдэд дурангийн оношилгоо техникийн тоног төхөөрөмж сайжирсан. Дурангийн аппаратын гэрэл тод болсон, дэлгэцүүдийн нягтаршил сайжирснаар ходоодны салстуудад буй жижиг өөрчлөлтүүдийг дэлгэцэн дээр томруулж хардаг,ажиллахад хялбар болсон. Заримдаа оношилгооны үед цус алдах эрсдэл өндөр байх нь ч бий. Энэ нь тухайн өвчнөө хүндрүүлж, хавдрын оройтсон шатандаа эмнэлэгт хандаж буй иргэдийн эрүүл мэндийн боловсрол, хайнга зан, буруу хооллолтоос шалтгаалж байна. Өвчнөө хүндэрсэн хойно эмнэлэгт хандахад арга хэмжээ авахад оройтсон байдаг учраас эрт үед үзлэг оношилгоонд хамрагдах нь чухал.
Улсын нэгдүгээр төв эмнэлийн Гастроэнтерологийн эмч Н.Одонтунгалаг: Хэт халуун хоол, цай хэрэглэж болохгүй
-Хэт халуун хоол, цайг хүн амандаа байлгаж чадахгүй учраас улаан хоолой руу шууд орж, улаан хоолойн салст бүрхэвчид гэмтэл үүсдэг. Түлэгдлийн улмаас үрэвсэл, шархлаа, сорвижил нарийсал үүсэж болно. Энэ нь цээж хорсох эсвэл халуун юм уухад хөндүүрлэж, халуу оргиж өвдөх зэрэг шинж тэмдэг илрэх ба олон удаагийн үрэвсэл, шархлааны улмаас улаан хоолойн салстад аажимдаа эсийн солигдол үүсдэг. Энэ нь хорт хавдрын урьдал өвчин болдог. Ходоодны шарх болон хорт хавдрын улмаас өвдөж байгаа үед буцалсан халуун ус уувал амь насанд аюултай цус алдах хүндрэл үүсгэнэ. Тиймээс дур мэдэн өөрсдөө эмчилж болохгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 87 (7331)