Баатарын НЯМСҮРЭН

 

Хүүхэд нас дурсамж дүүрэн, хамгийн гэгээн, амьдралын мартагдашгүй үе билээ. Энэ  үеийн дурсамж хүн бүрийн сэтгэлд том орон зайг эзэлдэг. “Зууны мэдээ” сонин “Миний хүүхэд нас” буландаа “PRO” театрын жүжигчин Э.Буд-Эрдэнийг урилаа. 

 

Хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхэд байжээ

-Намайг бага байхад манайх үйлдвэр комбинатад байсан. Гэрийнхээ ойролцоо орших 15 дугаар сургуульд суралцаж төгссөн. Хүүхэд нас бусдын адил хичээлдээ яваад л өнгөрсөн. Тавдугаар ангид байхдаа дүүтэй боллоо. Энэ үеэс ээж минь гэртээ ирж дүүгээ харахыг захина. Би ч сайн эгч байхыг хичээнэ. Би их хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхэд байснаа тод санадаг. Бусадтай харилцахдаа их нийтэч. Тухайн үед эмээ минь хөдөлгөөнтэй хүүхдийг зөв чиглүүлбэл сайн гэж хэлж байсан юм билээ. Миний сэтгэлээс гардаггүй хүүхэд насны дурсамж гэвэл зургаадугаар сарын 1 юм. Хамгийн гоё даашинзаа өмсөөд, дэлгүүр ороод дуртай амттанаа авч идэх сайхан шүү. Баяр бүрээр парк явж тоглоно. Нэг удаа ээж, ахтайгаа парк явсан. Ээж миний цүнхэнд мөнгөө хийсэн байлаа. Корндог авах гээд дугаарлаж байгаад тооцоогоо хийх гэтэл цүнхнээсээ мөнгөө алдсан байж билээ. Энэ үед ээжээсээ их айсан ч “Заа зүгээрээ” гээд өнгөрүүлсэн. Харин ах минь их уурласан даа. Энэ л дурсамж сэтгэлд үлдэж дээ.

 

Хүүхэд насанд гэнэн сэтгэлээр эрхэлдэг

 

-Миний хүүхэд нас өвөө, ээж, ахын хайранд жаргаж өнгөрсөн. Их хайранд нялхарч өсөхдөө би хариуцлагаа ухамсарладаг байлаа. Хайртай хүмүүс минь хийх ёстой зүйлдээ хариуцлагатай байхыг шаардана. Одоо байгаа наснаасаа хүүхэд үеэ дүгнэхэд гэнэн сэтгэлээр эрхэлдэг,  мартагдашгүй дурсамж гэж тодорхойлмоор байна. Бага байхдаа жүжигчин болно гэж бодож байгаагүй. Эмч болохыг л мөрөөддөг охин байлаа. Дунд сургуульд байхдаа сургуулиас зохион байгуулж буй урлагийн үзлэгт тогтмол оролцоно.  Есдүгээр ангид байхдаа загварын тэмцээнд өөрийгөө сорьсон удаатай. Тэр үед тайз их таалагдаж билээ. Гэхдээ урлагийн хүн болно гэж бодоогүй. Харин 2010 оны зун ОХУ-ын сургуулийн зар хараад суралцахаар явсан даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 86 (7330)