Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 80 жилийн ой өнөөдөр тохиож байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх эрхэм генералууд болон гэр бүлд нь хүндэтгэл үзүүлж, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн алтан мөрдэст генералууд жанжин Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд тушаалын 11 даргад генерал цол олгосноор Монгол Улсад генерал цолыг анх хэрэглэж эхэлсэн түүхтэй. Эдүгээ 80 жилийн хугацаанд 224 эрхэм энэхүү дээд цолыг хүртээд байна.