Японы Осака хотын Тенножи амьтны хүрээлэн Гэн Чан хэмээн нэртэй усны үхэрт ДНХ-ийн шинжилгээ хийж эмэгчин байсныг нь тогтоожээ. Учир нь түүний бүртгэлд эрэгчин хэмээн тэмдэглэсэн түүний нөхөн үржихүйн эрхтэн байхгүйгээс гадна ердийн эрэгчин усны үхрээс өөр зан авиртай байгааг анхаарсан байна.
Гэн Чан нь 2017 онд тугал байхдаа тус амьтны хүрээлэн ирсэн бөгөөд тухайн үеийн гаалийн бичиг баримтад түүнийг эр тугал хэмээн тэмдэглэсэн байна. Ажилтнууд тухайн үед түүний хүйсийн талаар ямар нэг нэмэлт шалгалт, үзлэг явуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Тенножи амьтны хүрээлэн албан ёсны цахим хуудснаа "Гэн Чан таван настай байхдаа Мексикийн Африк Сафари амьтны хүрээлэнгээс манай амьтны хүрээлэнд ирсэн. Тэр үед түүний бүртгэлд хүйсийг эрэгчин хэмээн тэмдэглэсэн байсан. Тиймээс нарийн шинжилгээ хийж үзсэний дүнд түүний хүйс эмэгчин болохыг олж тогтоолоо" хэмээн нийтэлсэн байна. Мөн энэ талаар Осака Тенножи амьтны хүрээлэнгийн хэвлэлийн төлөөлөгч "Ген Чаны гаргадаггүй хэмээн онцлоод буй зан байдалууд нь тэрээр бусад эмэгчингүүдтэй ойртдоггүй. Өөрийн эзэмшилээ тэмдэглэхийн тулд сэнс шиг сүүлний хөдөлгөөнөөр бие засахдаа баас нь цацах зэрэг үйлдлүүд огт гаргадаггүй байсан" гэв.
Тенножи амьтны хүрээлэнгийн дэд захирал Киёши Ясуфуку "Бид амьтдын хүйсийг зөв тодорхойлох нь нэн чухал хэмээн хүлээн зөвшөөрч байна. Цаашид дахин ийм алдаа гаргахгүй байхад анхааран ажиллах болно" хэмээн мэдэгдсэн юм. Тэд Ген Чаны нэрийг өөрчлөхгүй хэвээр үлдээхээр болжээ.
Эх сурвалж: www.zms.mn