Н.Жаргалмаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 22-24-ны өдрүүдэд Тайландын Хаант улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр айлчлалынхаа хүрээнд тус улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Панпри Пахид Тха-Нукорн-той албан ёсны хэлэлцээ хийжээ. 

Үүнд: “Монгол, Тайландын хооронд 2022-2027 онд хамтран ажиллах 5 жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу хоёр улсын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт, хөрөнгө оруулалтыг 1.5 тэрбум ам.долларт хүргэх чиглэлээр хамтын ажиллагаа идэвхжүүлэх, Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн төслүүдийг ойрын хугацаанд эцэслэн байгуулах талаар хэлэлцсэн. Мөн Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ТICA)-ийн хүрээнд төрийн албаны хүний нөөцийг чадавхжуулах, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарын мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлж, “Монгол, Тайландын хамтын ажиллагааны 2024-2025 хөтөлбөр”-ийг байгуулах болон аялал жуулчлал нэмэгдэж буйтай холбогдуулан харилцан визгүй зорчих хугацааг нэмэгдүүлэхээр тохиролцсон талаар гадаад хэргийн яамнаас мэдээллээ. 

Түүнчлэн ирэх зургаадугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 9 дүгээр бага хурал болон наймдугаар сард зохион байгуулах “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д Тайландын талаас өндөр түвшний төлөөлөгчид оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 

Эх сурвалж: www.zms.mn