Д.ОЮУНЧИМЭГ

 

Монгол Улсыг хэрхэн хөгжүүлэх талаар эрдэмтэд чуулж хэлэлцэв. Монгол Улсын Эрдмийн их сургууль “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал: асуудал ба шийдэл” сэдэвт шинжлэх ухаан, практик хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт өрнүүллээ. Хэлэлцүүлэгт эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, их, дээд сургууль, төрийн бус байгууллагын 60 гаруй эрдэмтэн судлаачид оролцсон юм.

Эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, байр суурийг шийдвэр гаргагчдад хүргэхийн тулд Эрдмийн их сургууль шинжлэх ухаан, практикийн цуврал хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулж иржээ. Аливаа улс орныг хөгжүүлэх арга зүй аль хэдийнэ гарчихсан. Үүнийг хийж хэрэгжүүлэхгүй байгаа талаар эрдэмтэд ярьж байна.

Түүнчлэн аж үйлдвэрийн нийгэм 600 жилийн түүхтэй. Энэ хугацаанд шинжлэх ухааны хөгжилтэй хөл нийлж алхсан юм. Өнөөдрийн шинжлэх ухаан технологийн хөгжил энэ нийгмийн “бүтээгдэхүүн” буюу гавьяа нь гэж болно. Ганцхан цаг үе, нийгмийн байдал мэдлэгт тулгуурлан хөгжих замыг сонгож байна. Энэ нь өмнөхтэй адил гарт баригдах зүйлгүй ч өнгөрсөнтэй уялдуулж хөгжүүлэх нь зайлшгүй хэмээн хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байв.

 

Монгол Улсын Эрдмийн их сургуулийн захирал, доктор /Sc.D/, профессор Ч.Зэгиймаа:ЭРДЭМТДИЙНХЭЭ ҮГИЙГ СОНСОЖ ХӨГЖЛИЙН ЧИГ БАРИМЖААГАА ЗӨВ ТОДОРХОЙЛОХ ШААРДЛАГАТАЙ

-Манай сургууль судлаач эрдэмтдийг урьж Монгол Улсад тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцдэг. Монгол Улс яагаад хөгжихгүй байна вэ гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй. Монгол орон байгалийн баялаг хийгээд оюуны чадамжаараа дэлхийд тэргүүлэх эрэмбэтэй. Гэсэн атлаа улсынхаа хөгжлөөр тэргүүлж чадахгүй байгаа шалтгааныг олох учиртай юм. Тэгэхээр өнөөдөр эрдэмтэн, судлаачид Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалыг тодорхойлж гаргасан эсэх. Ямар алдаа, юунаас болж гарч байна вэ гэдгээ хэлэлцэж байна. Зөвхөн хэлэлцээд зогсохгүй судлаач, эрдэмтдийн үгийг төр засгийн өндөрлөгт байгаа хүмүүс болоод хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд хүргэх нь маш чухал ажил.

Судлаачид үгээ хэлэх цаг нь болсон. Тиймээс энэ хэлэлцүүлгийн зохион  байгуулж байгаа юм. Харин тэдний хэлж ярьсан, хийсэн судалгааны үр дүнг улс төрийн нам, улстөрчид анхааралтай харж, сонсох ёстой. Эцсийн дүндээ эрдэмтдийнхээ үгийг сонсож хөгжлийн чиг баримжаагаа зөв тодорхойлж ажиллах шаардлага тулгарч байгааг мэдэх учиртай юм. Аливаа зүйлийн суурийг зөв тавих нь ирээдүйд голдирлоо алдахгүй хөгжих, өсөх боломжийг бий болгодог. Учир нь суурийг нь хазгай тавьсан байшингийн гадна талыг гантигаар бүрээд ч цаг хугацааны явцад нурж унах нь жам. Тэгэхээр буруу замаар явж байгаа бодлого, шийдвэрийг засаж залруулах хэрэгтэй болж байгааг хэлэх нь зүйтэй. Дахиад хэлье, эрдэмтэн, судлаачдын үгийг сонсож, хийсэн судалгаанд нь үндэслэсэн бодлого гаргах учиртай юм.

 

Доктор, профессор Л.Оюун:ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ХУВААРЬТ МОНГОЛ УЛС ЯМАР БАЙР СУУРЬТАЙ ОРОЛЦОХ ВЭ ГЭДЭГ ЧУХАЛ

-Эрдэмтэн, судлаачид хамтдаа Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын талаар хэлэлцэж байна. Орчин үед манай улс хэрхэн хөгжих хөгжлийн үзэл баримтлалаа олон талаас нь харж ярилцан, хэлэлцэх учиртай. Энд эрдэмтдийн оролцоо, тэдний судалгаа, шинжилгээний үр дүнг хэрхэн практикт хэрэгжүүлэх вэ гэдэг чухал. Нөгөөтээгүүр Монгол Улсын хөгжлийг цаашид аль замаар хөгжих вэ. Дэлхийн эдийн засагт ямар байр суурьтай байх вэ гэдгийг эрдэмтэд тойрч суугаад ярилцаж байна. Гэхдээ эрдэмтэн, судлаачид хоосон ярьж суудаггүй. Тэд судалгаа, шинжилгээ хийж, түүнийгээ практикт нэвтрүүлэх, хэрэгжүүлэх боломжийг олон талаас нь харж ярилцдаг.

Дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлтөд анхаарал хандуулж байна. Үүнээс бид гажиж, эсрэг урсгалаар явах боломжгүй. Харин уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах гарц шийдлийг хэрэгжүүлэлттэй нь уялдуулан тодорхой ажлуудыг дорвитой хийх учиртай юм. Өөрөөр хэлбэл, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тухай асуудлыг хөгжлийн бодлогодоо тусгах шаардлагатай.

Түүнчлэн олон улсын хөдөлмөрийн хуваарьт Монгол Улс ямар байр суурьтай оролцох вэ гэдэг чухал. Бэлтгэн нийлүүлэгч улс байх уу, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлсэн орон болох уу гэдэг сонголтыг хийх ёстой. Манай улсын хувьд байгалийн баялагтаа дулдуйдсан бэлтгэн нийлүүлэгч улсаас боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлсэн үйлдвэрлэгч улс болох боломж бий. Хэрэв бид олон улсын хөдөлмөрийн хуваарьт өөрийн байр суурийг үйлдвэрлэгч байдлаар тогтоож чадвал бусад улс орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллах боломж бүрдэнэ.

 

Доктор /Sc.D/, профессор С.Батцэнгэл:ТӨРИЙН БОДЛОГО, ШИЙДВЭР ГАРГАГЧИД, ЭРДЭМТЭН СУДЛААЧИД НЭГ ЧИГТ ХАРАХ ЦАГ БОЛСОН

-Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал хаанаас эхлэх вэ гэдэг чухал сэдэв. Мэдээж үүнтэй холбоотой ажлуудыг хийж ирсэн, хийсээр ч байгаа. Тэгэхээр нэгэнт хийж, хэрэгжүүлж байгаа зүйлийг шүүмжлэх хэрэггүй. Нэг талаас нь харвал түүнийг хийхийн тулд хүмүүс оюун ухаанаа уралдуулж, судалж шинжлэхийн сацуу эрдэмтэн судлаачид ч оролцсон байгаа. Тиймээс зөв, буруугийн тухай ярихаас илүүтэй цаашид юу хийх ёстой вэ гэдэгт анхаарах учиртай.

Аливаа улс орны хөгжлийг тодорхойлохдоо эрдэмтэн судлаачдын хийсэн судалгааны баримт бичигт тулгуурладаг. Харин төр тэдгээр судалгаа, шинжилгээний үр дүнг бодлогын бичиг баримтдаа тусган хөгжлийн хөтөлбөрийг боловсруулдаг юм шүү дээ. Манай улсын хувьд аж үйлдвэрийн нийгмийн хөгжлөөс гажих боломжгүй. Харин энэ цаг үеийг ойлгох шаардлагатай. Үүний тулд судалж, мэдэж байгаа хүмүүс нэг чигт харах хэрэгтэй. Ингэснээр мэдлэгийг баримталж байгаа учраас тодорхой цэг дээр цоо шинэ мэдлэг гарч ирж хувьсаж, хувирдаг учраас хүчээ тарамдуулалгүй ажиллах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, шинэ мэдлэг бий болгоход төвлөрөх. Түүний дараагаар олон салаа замаар бус ганц л урсгалаар явах нь үр дүнтэй гэдгийг хэлмээр байна. Дэлхий нийт ч энэ чиглэл рүү харж байна л даа. Жишээлбэл, америкчууд “Хуулиа дээдэлье” гэдэг зарчим үйлчилж түүндээ захирагдан ажиллаж, амьдардаг. Хууль ямар байхаас үл хамаарч хүн бүр хуулийн хүрээнд л амьдрах ёстой. Харин германчууд “Нийгмийн баримжаатай хөгжье” гэдэг ганц л замтай. Ингэхдээ нийгмийн хариуцлага гэдэг ганцхан замыг чухалчилсан байдаг. Гэтэл монголчууд “Хүний эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилготой хэмээн тунхагласан. Энэ нь нэлээд хэдэн агуулгыг багтааж байна. Өөрөөр хэлбэл, Монгол хүн зорилгоо биелүүлэхийн тулд олон зүйлийг нэг дор багтаах болж байна гэсэн үг. Нөгөөтээгүүр “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогод “Банк мөнгөний бодлогоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ” гэж бичсэн байгаа. Гэсэн атлаа бусад бодлогууд нь үүнтэйгээ уялдахгүй байгаа учраас хэрэгжихгүй байх магадлалтай гэж эхлээд байгаа юм. Тэгэхээр Монгол Улсыг хөгжүүлэхийн тулд төрийн бодлого, шийдвэр гаргагчид, эрдэмтэн судлаачид нэг чигт харах цаг болсныг хэлмээр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 79 (7323)