Баатарын НЯМСҮРЭН

Хуудсыг нь сөхөх бүрд шинэ бодол, хүсэл тэмүүлэл зорилгод хөтөлдөг ертөнц бол ном. Зохиогчийн оюун санаа, цаг хугацаа, хөдөлмөрийн үрээр бүтсэн ном бүр үнэ цэнтэй. “Зууны мэдээ” сонин “Би номынхоо тухай” буландаа “Залуу хатагтай бүрийн унших 365 зөвлөгөө” номын зохиогч, мисс Б.Номин-Эрдэнийг урилаа.

 

Охид бүсгүйчүүдийн ширээний ном

-Ном бүр өөрийн гэсэн онцлогтой. Өнгөрсөн онд “Залуу хатагтай бүрийн унших 365 зөвлөгөө” хэмээх анхны номоо уншигчдад хүргэлээ. Багадаа ном шимтэн уншигч байлаа. Номоор хүмүүжсэн дурсамж мартахын аргагүй сайхан. Үеийн хүүхдүүд байрны гадаа тоглож байхад би номоо тэврээд суудаг охин байсан. Ээж ааваасаа дуртай номоо бэлгэнд авах, түүнийгээ уншаад суух нь хаанаас ч оломгүй тансаглал. Ном бичих нь бага насны минь мөрөөдөл байлаа. Үнэхээр хүний бодож төлөвлөсөн зүйл хэзээ нэгэн цагт биеллээ олдог  юм байна.

Миний номын “Mademoiselle” хэмээх үг нь залуу хатагтай гэсэн утга илтгэнэ. 2022 онд үндэсний миссээр шалгарч байлаа. Тиймээс нийгэмд нөлөөлөх эерэг зүйл хийх ёстой. Үүнийхээ хүрээнд охид бүсгүйчүүддээ аливаад тууштай байх, ямар зарчим баримталбал хүсэл мөрөөдөлдөө хүрдгийг номоороо илэрхийлэхийг хүссэн. Хувь хүний хөгжил, гоо сайхан, эрүүл мэнд, боловсрол, бясалгал, дэлхийн алдартай бүсгүйчүүдийн онч мэргэн үгийг багтаасан. Номоо жил гаруй хугацаанд бичлээ. Өөрийн туршлагадаа үндэслэж, судалгаа хийсэн. Миний ном хувь хүний хөгжил, мөрөөдөлдөө хэрхэн хүрэх арга болон өөрийн туулж өнгөрүүлсэн сургамжтай дурсамжаас бүрдсэн. Миний дадал болгосон хэвшил бол эерэг байх. Нийгэмд  бухимдах олон асуудал байна. Гэхдээ би аль болох зөвийг нь олж хараад эерэг байхыг хүсдэг. Номыг маань уншсан охид бүсгүйчүүдийн урмын үгээс эрч хүч, ихийг бүтээх сэдэл авдаг. “Залуу хатагтай бүрийн унших 365 зөвлөгөө” ном маань хүмүүст их хүрсэн.

 

Сэтгэл ханамж дүүрэн амьдралын нууц

-Номынхоо агуулгыг сонирхолтой болгох үүднээс хуудас бүрд зураг шигтгэж өгсөн. Анх номоо бичихээр төлөвлөхдөө агуулга, бүлгээ гаргасан. Ном бичнэ гэдэг амаргүй юм билээ. Найруулга, зөв бичгийн дүрэмд нь илүүтэй төвлөрлөө. Сэтгэлд дэм өгөх олон сургамжтай эшлэл бий. Тухайлбал, хүний амьдрах хугацаа богино. Бусдын үзэл бодлоор бус өөрийнхөөрөө амьдар гэж байгаа. Сэтгэл ханамж дүүрэн амьдрал бол өөрийнхөөрөө хорвоог туулах. Хэн юу гэж хэлсэн ч сонгосон замаараа алхах нь хамгийн зөв сонголт. Манай гэр бүл миний гаргасан шийдвэрийг их хүндэлдэг байсан. Энэ нь эрт биеэ даахад тусалсан байж мэднэ. 

Миний номоос охид аав ээжийнхээ ачийг бодох. Гэр бүл төлөвлөлтөө зөв гаргахыг мэдэж аваасай гэж хүсэж байна. Учир нь нэг насны амьдралаа буруу төлөвлөснөөс алдаж мэднэ. Алдвал эдгэшгүй сэтгэлийн шарх үүснэ. Тиймээс амьдрал зохиохдоо сэтгэлийн хөөрлөөр биш нухацтай хандах чухал. Бүсгүйчүүд минь хамгийн гоё даашинзаа өмс, дуртай үнэртэй усаа түрх, өндөр өсгийтөө угла, уруулаа буд, эрч хүчтэйгээр амжилтын зүг зоригтой алхаарай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 76 (7320)