Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор Оном сангийн ТУЗ-ийн дарга, Шинжлэх ухааны доктор, биофизикч Дашдоржийн Наранбаатарыг урьж, ярилцлаа.
“М.Энхболдын эхнэр Ж.Туяацэцэг эхлээд аав ээжийг минь дарамталсан”
-УИХ-ын ээлжит сонгууль болох хугацаа нэлээд дөхчихлөө. Улс төр ч халалттай байна. Ийм цаг үед та авлигын хэргээр “шүгэл” үлээгээд гараад ирлээ. Мэдээж олон нийт хардах эрхтэй. Таны энэ удаагийн “шүгэл үлээлт” улс төрийн ажиллагаа мөн үү. Энэ талаар яриагаа эхэлье?
-Ямар нэгэн улс төрийн асуудал биш юм аа. Ажлаа хийж яваад л олсон баримт мэдээллийг ил болгож байгаа асуудал. Бид 2023 оны наймдугаар сард авлигын сүлжээтэй холбоотой баримтуудыг олж авсан. Оном сангийн харьяа Оном дунд сургууль Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Бид анхнаасаа ашгийн бус байхаар тооцож, маш бага төлбөртэй хувийн сургуулиа байгуулсан. 1.5 сая төгрөгийн төлбөр дээр найман жил байгаад саяхнаас гурван сая төгрөгийн төлбөртэй болголоо. Ийм бага төлбөртэй, сайн сургалттай хувийн сургууль Монгол Улсад байхгүй. Сургалтын үйл ажиллагааны хувьд суралцагчид маань жил ирэх бүр өсөн нэмэгдэж, төгсөгчид маань дэлхийн топ их, дээд сургуулиудад суралцаж байна. Миний аав боловсрол судлалын ухааны доктор, Монгол Улсын гавьяат багш Ономын Дашдорж гэж хүн бий. Энэхүү сургуулиа үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь авч явдаг. Миний бие сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдоггүй байсан ч энэ оны хоёрдугаар сараас оролцож эхэлсэн. За ингээд ямар асуудал үүссэн бэ гэхээр Оном сургууль эхэндээ Б.Барамсай захиралтай Технологийн дээд сургуулийн байрыг түрээсэлж байгаа гэсэн ойлголттой байлаа. Манай сургууль 2016 оноос хойш энэ газарт түрээсийн төлбөр төлж үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл 2022 оны намар Ж.Туяацэцэг буюу УИХ-ын дарга асан М.Энхболдын гэр бүлийн хүн манай аав, ээж хоёр дээр ирж, дарамтлах аястай зүйл яриад явсан байдаг юм.
-Юу гэж дарамтлах уу. Оном сургуулийн түрээсийн байр энэ хүнтэй ямар холбоотой байсан юм бэ?
-Нэгдүгээрт, түрээсийн төлбөрөө нэмэх асуудал ярьсан байдаг. Уг нь 2022 он бол цар тахлын дараах буюу хувийн хэвшилд амаргүй л цаг үе байсан л даа. Ингээд Технологийн дээд сургуулийг тэр хүний өмч мэтээр ойлгож явсан учраас түрээсийн төлбөр нэмэх асуудлыг зөвшөөрсөн. Түрээсийн төлбөрийг нэг сарын 20 сая төгрөг байхаар тохирч гэрээгээ байгуулсан. Гэрээ байгуулж байх тэр хугацаанд би Ж.Туяацэцэг гэдэг хүнтэй нэг удаа нүүр тулж уулзсан. Яагаад гэхээр аав ээж хоёрт минь дээрэнгүй хандаж, тухайн оныхоо есдүгээр сарын 1-н гэхэд л 60 сая төгрөгийг өөрийн дансандаа шилжүүлж авсан байсан. Ингээд ер нь би энэ асуудалд оролцох ёстой юм байна, настай хүмүүсийг яаж ч дээрэлхэж болно гэж бодоод байх шиг байна гээд миний бие түрээсийн гэрээ байгуулах үйл ажиллагаанд оролцсон. Нэг сарын 20 сая төгрөгөөр тооцож, 2022 оны есдүгээр сарын 1-нээс 2023 оны зургаадугаар сарын 15-ныг хүртэл гэрээгээ байгуулаад төлбөр тооцоогоо хийгээд дууссан байдаг юм. Цаашид ер нь сургуулиа газартай, өөрийн гэсэн байртай болгох ёстой юм байна. Ингэж өндөр түрээс төлөөд байж таарахгүй гээд газрын эрэлд гарсан л даа. Баянзүрх, Хан-Уул дүүрэг, Нийслэлийн газрын алба гээд хандаагүй газар байхгүй. Анх удаагаа газрын эрэл хийж байгаа минь энэ. Гэтэл хувийн хэвшлийн сургууль байтугай, улсын сургууль барих газар Улаанбаатарт байхгүй юм билээ л дээ.
-Газартай болох эрэл мухардсан учраас эргээд Технологийн дээд сургуультай гэрээ байгуулахаас өөр аргагүйд хүрсэн байх нь ?
-Тийм ээ. Сургуулийн газар үнэндээ олдоогүй, бас шууд байр худалдаж авах гэхээр зарим нь санаанд нийцэхгүй, зарим нь асар өндөр үнэтэй байгаад болдоггүй. Тэгээд эргээд Технологийн дээд сургуулийг төлөөлж гарын үсэг зурсан Ж.Туяацэцэгт хандаж, байр түрээслэх гэрээгээ нэг жилээр сунгах хүсэлтээ илэрхийлсэн. Тэр ч зөвшөөрсөн. Ингээд болчих юм байна гэж ойлгоод долоон сар болгосон байдаг юм. Би ажил ихтэй, аавын минь бие өвдөөд хагалгаанд орсон, хадам аав минь өөд болсон гээд хүний л амьдрал болсон хойно энэ хугацаанд олон зүйл болж байгаа юм л даа. Гэтэл Ж.Туяацэцэг гэдэг хүн намайг дарамталж эхэлсэн. “Шалтаг тоочлоо. Тэр өдрийн тэдэн цагт тэр газарт бэлэн бай” гэх зэргээр янз бүрийн зурвасууд илгээж эхэлсэн. Түүнийг нь үзүүлж болно. Надад их таагүй санагдсан. Би тэр хүнээс юм гуйгаагүй, тэр хүн миний дарга биш, зүгээр л нэг хамтын ажиллагаатай байдаг хүмүүс. Би өөрт нь “Та ямар дээрэнгүй юм бэ. Олон жил дарга хийчихээрээ хүн бүрийг захирчихна гэж боддог юм уу” гэж хэлсэн. Гэтэл “Гэрээгээ сунгахгүй, наймдугаар сарын 5-н гэхэд байраа чөлөөл, шүүхэд хандана” гэсэн. Яг эндээс л авлигын сүлжээг илрүүлэх асуудал эхэлсэн байдаг юм.
“М.Энхболд Ерөнхий сайд байхдаа “Хүнсний технологийн коллеж”-ийг хувьчлах шийдвэр гаргаж байжээ”
- Технологийн дээд сургуулийн газар Ж.Туяацэцэг гэдэг хүний эзэмшилд байдаг юм уу?
-Яг энэ асуултыг би өөрөөс нь шууд асуусан. Яг таны эзэмшил газар мөн үү гээд. Хариулт өгөөгүй л дээ. Ингээд би өөрийн хэмжээнд газрын асуудлыг судалж эхэлсэн. Газрын мэдээллийн сангаас Технологийн дээд сургуулийн газрыг шүүсэн. Анх Хүнсний технологийн коллеж нэртэй байсан. Энэ нь Монгол Улсын төрийн байгууллага, газар нь төрийн өмч гэж гарч ирсэн. Гэтэл бид өнгөрсөн хугацаанд түрээслээд, түрээсийн төлбөр гээд 376 гаруй сая төгрөгийг Ж.Туяацэцэг гэдэг хувь хүний данс руу хийж л дээ.
-Барилга нь хэний өмч байх уу?
- Үл хөдлөхийн мэдээлэл нийтэд ил тод байхгүй учраас яг үндсэн мэдээллийг олоогүй. Харин Хүнсний технологийн коллеж гэж нэртэй. Тэр нь төрийн байгууллага, газар нь төрийн мэдэлд юм байна гэдгийг анх удаа мэдэж авч байгаа юм. Эднийх 2000172 гэсэн регистрийн дугаартай, энэ дугаар нь хайхаар Сэлэнгийн компани гарч ирдэг. Хүнсний технологийн коллеж гэж хуулийн этгээд хайхаар Монгол Улсад бүртгэлгүй. Ёстой холион бантан юм гэдгийг ингэж мэдэж аваад зогсоогүй, нарийвчлан судлаад энэ ноцтой авлигал, хээл хахууль хулгай, залилангийн хэргийн баримтыг олж авсан.
-Нэг үеэ бодоход, төрийн зарим мэдээлэл, тухайлбал газар эзэмшилтэй холбоотой мэдээлэл ил тод болсон нь танд давуу тал болсон байна. Тийм үү?
- Яг зөв. Хэрэв би газрын асуудлыг мэдээгүй байсан бол өнөөдөр Ж.Туяацэцэг гэдэг хүнтэй тулаад л, магадгүй Оном сургууль маань хөөгдөж гараад энэ асуудал дуусах байсан биз. Манайхыг угаасаа албадан гаргах тухай гомдлоо Хан-Уул дүүргийн шүүхэд өгчихсөн байсан. Хүн ч бас тэгээд их гэнэн байдаг юм билээ дээ. Гэрээгээ гаргаад үзсэн Технологийн дээд сургуультай гэрээ хийсэн атлаа Ж.Туяацэцэг гэдэг хүний хувийн данс руу түрээсийн мөнгөө шилжүүлээд л байсан байгаа юм. Яагаад төрийн өмчийн эзэмшилтэй газар дээр том даргын эхнэр эзэн суучхаад хувийн дансаараа мөнгө аваад сууж байдаг юм. Би үүнтэй эвлэрээгүй. БШУЯ орсон, Технологийн дээд сургуулийн тухай нэг ч мэдээлэл тэндээс гарч ирээгүй. Дараа нь ТӨБЗХ орсон. Архивын материалууд нь Үндэсний архивын газар руу шилжсэн байсан. Тэнд нь очоод өргөдлөө бичиж өгөөд материалуудыг шүүсэн. Тэндээс энэ сургуультай холбоотой баримт материалууд их гарсан. Бас Хүнсний технологийн коллеж гээд Улсын бүртгэлийн цахим лавлагаагаар хайсан юу ч гарч ирээгүй. Харин Технологийн дээд сургууль гээд хайсан. 2013 онд байгуулагдсан НҮТББ нэртэйгээр гарч ирж байгаа юм. Эзэмшигчид нь Б.Барамсай, С.Төмөр-Очир, Ж.Туяацэцэг гэдэг хүмүүс байсан. Энэ талаар би тэр дор нь Ж.Туяацэцэгт хэлж байгаа юм. “Асуудал ийм байна” гээд. Гэтэл юу болсон гээч. Нөгөө НҮТББ-ын бүртгэлийн лавлагаа дээрх хувьцаа эзэмшигч гээд байж байсан эдгээр хүмүүсийн мэдээлэл нь гурав хоногийн дараа цахимаас устгагдсан байсан. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийнхөө нэрийг төрийн бүртгэлийн open.data-гаас шууд устгуулчхаж байгаа юм.
-Кино шиг л юм болжээ?
-Тийм ээ. Үүний цаана асар том зүйл байгаа нь мэдрэгдэж байгаа биз. Тэгээд би энэ хүмүүс одоо л нуун далдлах ажлаа хийх гэж байгаа юм байна гэж бодсон. Тэр өдрөө гараад шууд архив дээрээс бүх материалуудыг хуулж баталгаажуулж авсан. Хугацаа алдвал намайг архивын байр руу оруулахгүй байх тийм л нөхцөл байсан үүсэх юм билээ л дээ. Архивын баримтуудыг харахад энэ бүхний ард юу байгаа нь тодорхой болсон. 2006 онд М.Энхболдыг Ерөнхий сайд байхад Хүнсний технологийн коллежийг хувьчлах шийдвэр гаргажээ. Өөрийнх нь удирдлага дор ажиллаж байсан Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар тогтоолыг баталсан байна. Тэгээд Б.Барамсай ахлагчтай Хүнс судлал гэж ганцхан баг ороод үнийг нь 815 сая 200 мянган төгрөг гэж шууд тогтоогоод гэрээгээ байгуулаад Хүнсний технологийн коллежийг менежментийн гэж гоё нэрээр хулгай хийж авсан ийм асуудал байна.
“Надад хөдөлшгүй баримт байна, энэ миний гол итгэл үнэмшил юм”
- Нөгөө талаас Оном сургуулийг албадан гаргах гомдлоо шүүхэд өгчихсөн байгаа. Энэ маргааныг шүүх яаж шийдвэрлэсэн байдаг вэ?
-Маргааныг хэлэлцсэн. Шүүх хуралд архиваас олсон материалуудыг авч орж тайлбар мэдүүлгээ хийсэн. Ж.Туяацэцэг гэдэг хүн Технологийн дээд сургууль НҮТББ-ын бүртгэлээс нэрээ хасуулчихсан нөхцөл байдал үүсэж байгаа юм. Тэгээд “Та энэ байшинг үнэхээр эзэмшдэг юм уу” гэсэн шүүхээс хариултаа ав гэсэн. Том байгаа биз. Гэсэн атлаа биднээс хувийн дансаараа түрээсийн төлбөр болох 376 сая төгрөг авчихсан байдаг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн санд Технологийн дээд сургууль НҮТББ нь 2013 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан байгууллага гэж байгаа. Гэтэл манай түрээсэлж байгаа байрны үл хөдлөхийн гэрчилгээ нь энэ байгууллага дээр 2012 онд гарчихсан. Өөрөөр хэлбэл, байгуулагдаагүй байгууллага дээр үл хөдлөхийн гэрчилгээ гарчихсан асуудал ч бий.
Үүнтэй холбоотой баримтуудыг ч шүүхэд өгсөн. Гэтэл эдгээр гомдлууд дээр шүүх дандаа бидний эсрэг алх цохиж байна. Эхлээд би энэ хэргийг хэвлэл олон нийтэд гаргаад яах уу, хууль шүүхийн байгууллагаар нь яваад үзье гэж бодсон. Гэтэл шүүх шударга үнэний талд байж чаддаггүй. Дандаа эрх мэдэлтнүүдийн талд үйлчилдэг юм байна. Шүүгчээсээ татгалзаж хүртэл үзсэн. Ингээд өнөөдөр энэ хэрэг Монголын шүүхийн системээр яваад шийдэгдэхгүй юм байна гэсэн итгэл үнэмшилтэй сууж байна.
-Ингээд та АТГ-т хандсан юм уу. Тэнд шударга ёс байгаа гэсэн итгэл үнэмшил танд байгаа юм байна?
- Тийм ээ. Надад хөдөлшгүй баримт байна шүү дээ. Энэ миний гол итгэл үнэмшил юм. Тэгээд би дараагийн шат болох АТГ-д хандсан. Ингэхдээ чимээгүй аваачиж өгөөгүй. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж, олон нийтэд ил мэдээлсэн. Ингэхгүй бол том дарга нарын хэрэг яг үнэндээ дарагдаад байна. Үйл явц ингэж өрнөж явсаар одоо сонгуулийн үйл ажиллагаатай давхцаж байх шиг байна. Гэхдээ энэ бол улс төр огт биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Би иргэний үүргээ биелүүлж их хэмжээний авилгал, хээл хахууль, хулгай, залилангийн хэрэг дээр ШҮГЭЛ үлээж байна.
-Анх бол сургуулийнхаа түрээслэгчтэй учраа олчих санаатай асуудлыг эхлүүлсэн. Одоо таны зорилго юу болсон бэ. Хэр томорсон бэ?
-Миний зорилго их тодорхой. Би авлига орсон, энэ өмч хувьчлалыг хүчингүй болгуулна. Тэгээд төр Нийтийн эрх ашгийн үүднээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Хүнсний технологийн коллеж, Технологийн дээд сургуулийн бүх өмчийг бүгдийг буцаан хурааж аваад, нээлттэй дуудлага худалдаагаар зарах хэрэгтэй. Би үүний төлөө л яваа. Энэ хэрэг дээр авлига өгсөн хүмүүс нь их тодорхой. Б.Барамсай ахлагчтай ганцхан баг ороод төрийн өмчийг 825 сая 200 мянган төгрөгөөр худалдаад авчихсан. Жишээлбэл хуучнаар Хөнгөний ТМС-ийн хоёр давхар 1000 гаруй метр квадрат талбайтай сургуулийн байр 650 мянган төгрөгөөр үнэлэгдээд 2009 онд хувьчлагдсан байна. Хүмүүс андуурч байна гэж бодож магадгүй дахин хэлье. Маш том хичээлийн байр 650 мянган төгрөг. 1965 оны үнээр нь шууд хувьчлаад авсан. Энэ баримт нь байна. Гэтэл энэ байрыг Оном сургууль сарын 20 сая төгрөгөөр түрээсэлж Ж.Туяацэцэгт төлбөр төлсөн. Хүнсний технологийн коллеж нь хуучнаар Хөнгөний ТМС мөн Хүнсний ТМС хоёрыг нэгтгэсэн Монгол Улс хөнгөн, хүнсний үйлдвэрийн ажилчдыг бэлдэж байсан Улаанбаатар хотын А бүсэд олон га газартай, 12 том хэмжээний байшин барилгатай, асар их тоног төхөөрөмж, машин техниктэй өөрөөр хэлбэл маш их хөрөнгөтэй том байгууллага байв. Энэ олон том хэмжээний байшин барилга нь 560 мянга, 616 мянга, 620 мянга, 1.2 сая, 7.5 сая гээд итгэхэд бэрх үнээр үнэлэгдэж хувьчлагдсан байгаа баримт нь энэ байна. 2008 онд Хүнсний технологийн коллежийн сургалтын төлбөрийн орлого дангаараа 1.7 тэрбум төгрөг байсан нь Үндэсний архиваас авсан баримтаас тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл Баасанжавын Барамсай гэдэг хүн энэ их хэмжээний хөрөнгийг үнэгүй шахам авчихаж. Ингэж хулгай хийж авахад нь тухайн үед Монгол Улсын Шадар сайд Миеэгомбын Энхболд, түүний эхнэр Жамбалын Туяацэцэг, БСШУ-ны сайдын зөвлөх УИХ-ын дарга асан Санжбэгзийн Төмөр-Очир зохион байгуулалттай тусалж. Ингэж тусалсны хариуд Баасанжавын Барамсай нь Миеэгомбын Энхболд, түүний эхнэр Жамбалын Туяацэцэг нарт 2 том хичээлийн байрыг, газрын хамт авилга болгон өгч. Нэг нь Оном сургуулийн түрээсэлж байгаа хуучнаар Хөнгөний ТМС-ийн хичээлийн байр. Нөгөө нь Шинэ өнөөдөр сургуулийн сарын 40-50 саяар түрээсэлж байгаа хуучнаар Хүнсний ТМС-ийн байр. Миеэгомбын Энхболд, түүний эхнэр Жамбалын Туяацэцэг нар юу ч хийхгүй Баасанжавын Барамсайгаас авилгалд авсан байшингуудаа түрээслээд л сарын 60 - 70 сая төгрөг, жилийн 720 - 840 сая төгрөг хувийн дансаараа аваад л сууж байна.
С.Төмөр-Очир бол бүр аймшигтай. Нутгийн найз Баасанжавын Барамсай нь Санжбэгзийн Төмөр-Очирт хуучнаар Хөнгөний ТМС-ийн дөрвөн давхар Оюутны дотуур байрыг хээл хахууль болгон өгч. Зөвхөн тэр байрыг л гэхэд С.Төмөр-Очир нь Хан-Уул дүүргийн 15, 75 дугаар улсын сургуулиудад түрээслээд олон тэрбум төгрөг татвар төлөгчдөөс хулгай хийсэн. Ийм ханаж цаддаггүй хулгайч нар байх уу?
С.Төмөр-Очирын мэдэлд хуучнаар Хөнгөний ТМС-ийн дөрвөн давхар Оюутны дотуур байрны зүүн талд Хангай дээд сургуулийн байр гээд олон том байшин, маш том хэмжээний газар бас бий. Бас л зувчуулж авсан хөрөнгө.
Энэ хүмүүс Хүнсний технологийн коллежоос гадна хүүхдийн “Янзага” зусланг бас зувчуулж авсан Архивилн баримтаас мөн тодорхой харагдаж байна.
Ийм увайгүй хулгайчид гэж байх уу? Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар нь гэр бүл, найзтайгаа нийлж ингэж хулгай хийхээр манай улс орон ийм байдалд орохоос өөр яахав.
Энэ хүмүүс энэ их хэмжээний авилгал аваагүй гэж хэлэх ямар ч үндэслэл байхгүй. “Технологийн дээд сургууль” НҮТББ байгуулаад хувьцаа эзэмшигчээр нь бүртгүүлсэн, Ж.Туяацэцэг ХОМ-тээ уг сургуулийн хувьцааг эзэмшдэг гэдгээ бас мэдүүлчихсэн. Бүх зүйлс баримттай.
“Буруу юмны хажуугаар нүдээ аньж өнгөрөх удам надад байхгүй”
-Та түрүүн шүүхийн шударга бус байдлыг хөндлөө. Том хэрэг бариад явж байгаа хүний хаана очоод “хана мөргөх”-өө бараг гадарлаж байсан байх. Засгийн газрын тэргүүн хүртэл энэ асуудлыг ярьж байна?
-Энэ хэрэг надад маш том туршлага болж байна. Монгол Улсын шүүхийн байгууллага яг ямар байдлаар ажилладаг вэ гэдгийг харлаа. Үүнтэй эвлэрч огт болохгүй. Бид өмнө нь “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийг юу ч байхгүйгээс нь эхлээд зүтгүүлсээр байгаад 216 тэрбум төгрөг төсөвт суулгуулаад 67 тэрбум зарцуулж, Монгол Улсын 1.1 сая хүнийг шинжилгээнд хамруулж, 192 мянган хүнийг оношлуулж, 60 мянган хүнийг эмчлэн эдгээж чадсан. Яг үүнтэй адил менежментийн хувьчлал нэртэй хулгайг өөрт тохиолдсон энэ тохиолдол дээр үндэслэн шалгуулаад хэргийг шийдэж болдог юм гэдэг шинэ жишиг тогтоомоор байна. Энэ амаргүй байх. Гэхдээ улс орон авлига хээл хахуульдаа живээд байхгүй боллоо шүү дээ. Магадгүй би амиа бодсон бол, биеийн амраа харсан бол тэр хүмүүстэй чимээгүйхэн учраа олоод явчих байсан. Тэр нь надад амар. Гэхдээ энэ улс орон хэзээ ч ийм байдлаасаа салахгүй, жинхэнэ УЛНЫ байдал руу яваад байна шүү дээ. Ямар ч гэсэн би иргэний үүргээ гүйцэтгээд шүгэл үлээж байна.
-Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн, түүний хамаарал бүхий хүмүүстэй маргаан үүсгэж яваа. Тэднээс ирэх албан бус, улс төрийн дарамт шахалт байна уу?
-Би энэ асуудлаар анх 25 дугаар телевизийн байранд мэдээлэл хийсэн. Хэвлэлийн хурлын дараа Чингэлтэй дүүргийн Цагдаагаас намайг дуудаж мэдүүлэг авсан. Би өөрт байх бүх баримтаа үзүүлээд л явж байгаа хүн. Мөн хууль шүүхийн байгууллагад аль болох хүндэтгэлтэй хандаж, утсаар ярингуут нь шууд очиж нэхэмжлэхээ аваад мэдүүлгээ өгөөд явж байгаа. Гэтэл том дарга нар бол ирдэггүй. Ж.Туяацэцэгийн Голомт банкин дахь 2209181502 тоот данс руу 376 сая гаруй төгрөг Хөнгөний ТМС-ийн хоёр давхар 1000 гаруй метр квадрат талбайтай сургуулийн байрны түрээст Оном сургуулиас шилжүүлсэн. Гэтэл тэр хүн улсын бүртгэлээс нэрээ хасуулчихсан. Тэгээд бид Ж.Туяацэцэг хүнээс шилжүүлсэн мөнгөө буцааж авах тухай нэхэмжлэх гаргасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх нэхэмжлэх үүсгэсэн. Нэхэмжлэхээ гардуулах гэтэл Ж.Туяацэцэг ирдэггүй, утсаа авдаггүй. Ингэж явсаар хэргээ хэрэгсэхгүй болгочхож байна. Тэр хүн Монголд байхад Монголын хууль шүүхийн байгууллага яагаад нэхэмжлэхээ гардуулчхаж чаддаггүй юм. Гайхалтай байгаа биз. Одоо дараагийн процесс нь Монгол Улсад байгаа Ж.Туяацэцэгийг эрэн сурвалжилж байна. Хуулийн байгууллагынхан олох эсэхийг би мэдэхгүй байна. Дээр дурдсанчилан 2013 онд байгуулагдсан Технологийн дээд сургууль НҮТББ дээр 2012 онд үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулсан асуудлаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд бид бас өмчлөлийг тодорхойлохоор нэхэмжлэж гаргаад байна.
-Та өөрт тохиолдсон асуудлыг шийдэх гэж яваад авлигын сүлжээ байгааг мэдсэн. Тэгээд энэ баримтуудын хажуугаар нүдээ аньж өнгөрөөж чадаагүй л хүн юм байна?
-Чадаагүй. Миний удам тийм хүмүүс байхгүй юу. Цогт-Очирын Лоохууз гэдэг хүн 1964 онд Цэдэнбал даргыг шүүмжилж байгаад 19 жил цөллөгт, зургаан жил шоронд суусан. Ц.Лоохууз миний өндөр авга. Эсэргүү Лоохууз энэ бүхний ард гарч, АИХ-ын дэд дарга, Хүний эрхийн комиссынх нь дарга болтлоо дэвшиж ажилласан. Ахыг Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол тэмдгээр 2013 онд шагнуулахад нь би Хүндэтгэлийн хүлээн авалтыг нь гардан зохион байгуулж байлаа. Би ийм хүний удам юм. Тэгэхээр буруу юмны хажуугаар нүдээ аньж өнгөрөх тийм ген надад байхгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 76 (7320)