Судлаач Х.БААТАРХҮҮ

 

Аливаа улс тусгаар тогтносон, бүрэн эрхт улс байх гол шалгууруудын нэг нь өөрийн гэсэн газар нутаг, хил хязгаартай, тэдгээр нь халдашгүй дархан байх явдал юм.  Монголчуудын хувьд хил хязгаарын тухай ойлголт, уламжлалт мэдлэг бусад улс орон ард түмнээс их өөр онцлог талууд олонтой. Энэ онцлог, ялгагдах зүйл нь нийгмийн хэлбэр, тэр дундаа эрхлэх гол аж ахуй болсон нүүдлийн мал аж ахуйтай, мөн мал адгуулан өсгөхөд зохицсон байгаль, газар зүйн бүс нутагтай холбоотой юм.

Монгол Улсын өмнө зүгийн хил нь Алтай Таван Богдын Хүйтэн оргилоос Тарваган Дахын хилийн хайч овооны өмнөх 645.0 тоот өндөрлөг хүртэл 4709,6 км үргэлжилнэ.

Хятадын Хань улс Хүннүг Төв Азийн хамгийн хүчирхэг улс гэдгийг аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрч НТ198 онд хятадаар “Хэчин” буюу энх ургийн гэрээ анх байгуулагдсан түүхтэй. НТ 162 онд Хан улсын Шяо-Вэньди хаан Хүннүгийн Лаошан шаньюйд илгээсэн захидалдаа “Цагаан хэрмээс хойших нум агсагчдын улс нь шаньюйн зарлигийг дагаж, Цагаан хэрмээс урагших түшмэдийн бүс, малгай өмсөгчид суудаг орон нь харин надад захирагдана... Хань улс, Хүннү хоёр бол мөр зэрэгцэн орших хүчирхэг хөрш улсууд юм” хэмээн дурдсан нь НТ198 онд байгуулсан гэрээний нэг хэсэг бөгөөд уг гэрээний ерөнхий санаа агуулга зорилго нь хилийн гэрээ  гэж үзэж болох юм.

Эрт, дундад зууны Монгол, Хятадын уламжлалт хилийн шугам түүний бэхлэлт, хэрэм тодорхой байсан боловч түүхэн хөгжлийн явцад дэлхий нийтийн түүхэн шинэ  үед, XV зууны үеэс эхлэн тус хоёр улсын хооронд урьдынхаас өөр шинэ хил үүсэн тогтжээ.

Чингис хаан болон түүний залгамжлагчид бүс нутгийнхаа өрсөлдөгчдийг ялан дийлсээр өнөөдрийн геополитик судлаачид бөмбөрцгийн голт зүрх буюу дэлхийд ноёрхол тогтоох тулгуур цэг хэмээн тодорхойлогддог газар нутагт төвлөрсөн хяналт тогтоосон билээ. Эрхшээсэн газар нутгийнхаа далайцаар дэлхийн хэмжээний гүрэн болж чадсан юм. Манай улсын өмнө зүгийн хил бүрэлдэн тогтох  явц Манжийн захиргаанд орсон үеэс эхэлжээ.

Хятадын дотоодод өрнөсөн иргэний дайнд ХКН-ыг удирдсан коммунистуудын ялалтаар өндөрлөж, 1949 оны 10 дугаар сарын 16-нд БНМАУ-тай дипломат харилцаа тогтоох дипломат төлөөлөгчдөө солилцохоо мэдэгдсэнээр БНМАУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааны шинэ гараагаа эхлүүлсэн юм.

1960-аад он бол дэлхий дахинд олон улсын харилцааны хямрал нүүрлэсэн, хүйтэн дайны хоёр дахь үе шат эхэлсэн, дэлхий даяар хоёр системд хуваагдсан улс төр дипломатын нэн таагүй цаг үе байлаа.  

Их Британийн Ерөнхий сайд асан Черчилль 1946 оны 3 сарын 05-нд АНУ-ын Фултон хотод Эртний түүхт Европ дундуураа хуваагдаж төмөр хөшиг татагдлаа хэмээн мэдэгдэл хийснээр “Хүйтэн дайн” эхэлжээ. Дэлхийн II дайн дуусаж, Зөвлөлтийн Улаан армийн чөлөөлсөн Дорнод Европтоо Москвагийн талыг баримталсан Дорнод блок буй болгосон  коммунист засаглал тогтож эхэлсэн байна. Өрнөд Европыг холбоотны цэрэг чөлөөлсөн ба дайнд сүйдсэн эдийн засгийг нь сэргээхээр Маршаллын төлөвлөгөө, Моргентаугийн эдийн засгийн шинэ мөнгөний систем нэвтрүүлсэн. Хариу тусгал болгож 1949 онд ЗХУ ба Дорнод Европ нэгдэн СЭВ буюу Эдийн засгийн харилцан туслах зөвлөлөө (ЭЗХТЗ) байгуулжээ.

 Коммунист засаглалын эсрэг 1953 онд Зүүн Германд, 1956 онд Унгар, Польшид удаа дараа эсэргүүцэл, бослого дэгдсэнийг ЗХУ-ын цэрэг арми нухчин дарав. НАТО-д ХБНГУ элссэнийг далимдуулан Варшавын Гэрээний байгууллага гэх (ВГБ) цэргийн эвслийг 1955 онд байгууллаа. Суэцын хямрал зэрэгцэн дэгдэж мөн Вьетнам дахь Францын дайн тодорхой үр дүнгүй төгсөв. Америкийн тагнуулын У-2 нисэх онгоцыг Зөвлөлтийн агаарын хил дотор сөнөөж, 1961 онд Берлиний хямрал дэгдэн хана босгож, Баруун Берлинийг бүслэлтэд авах шахав. 1962 оны  аравдугаар сард Кубын пуужингийн хямрал хурцдав. Их гүрнүүдийн өрсөлдөөн сансарт хүртэл өргөжиж эхлэв. ЗХУ эхлэн хиймэл дагуул ба хүн хөлөглөсөн сансрын хөлөг хөөргөсөн ба АНУ мөн л сансрын өрсөлдөөнд онцгой анхаарал хандуулж хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байлаа. АНУ-д Ерөнхийлөгч Кеннедигийн дэргэд яамны зэрэглэлтэй НАСА сансрын агентлаг байгуулагдан ажиллаж эхэлсэн байна. Кубад коммунист хувьсгал дэгдэж, төд удалгүй АНУ-ын хөрш зэргэлдээ улсад коммунизм байгуулахаар зарласан нь “Хүйтэн дайн”-ы хоёр дахь үе шат, дараагийн үеийн эхлэл болов. 

 

1960-аад оны БНМАУ-ын гадаад бодлого ба хүчний тэнцвэр

 

Хүйтэн дайны хөшиг дэлхийг хувааж ЗХУ-ын тэргүүлсэн социалист лагерийн улс орнуудад үзэл сурталжсан марксист гадаад бодлого хэрэгжиж байсан энэ үед БНМАУ-ын удирдагчид дэлхийн олон улс оронтой дипломат харилцаа тогтоож нээлттэй гадаад бодлого явуулах боломжийг эрэлхийлсээр байжээ. 

Социалист улс орнуудын байгуулж буй эвсэлтэй холбоо тогтоож дэмжин оролцохын зэрэгцээ капиталист ертөнцийн улс орнууд мөн социалист чиг баримжаатай улс орнуудтай дипломат харилцаа тогтоож эхлэв. БНМАУ нь 1958 онд 15 улстай дипломат харилцаа тогтоосон байсан бол 1961 оны байдлаар БНМАУ нь 21 улстай дипломат харилцаа тогтоож 1971 он гэхэд энэ тоо 53 болж өргөжсөн юм.

БНМАУ НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөж олон улсын хамтын нийгэмлэгийн нэг идэвхтэй оролцогч болсон 1960- оны эхэн үед хэдийгээр социалист хамтын нөхөрлөлийн гишүүн байсан ч олон улсын харилцааны онолын үүднээс авч үзвэл БНМАУ-ын гадаад бодлого нь хүчний тэнцвэрийн онол дээр (balance of power) суурилсан гэж үзэж болно.

Газар зүйн өвөрмөц байршил, олон улсын харилцааны нөхцөл байдал, хөрш улсуудад өрнөсөн хувьсгалт шинжтэй төрийн байгууламжийн ба нийгмийн өөрчлөлтүүдээс шалтгаалж XX зууны туршид Монгол Улс нь хүчний тэнцвэрийн онолын хувьд гол оролцогчдын талд ээлжлэн хэлбийсэн ч гэсэн өөрийн үндэсний тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа хадгалсаар ирсэн түүхэн замналтай юм.

Эдгээрээс онцлон үзэхэд хоёр хөршийн харилцаа, эрх ашиг ойртсон үед манай улсын тусгаар тогтнол, язгуур эрх ашиг, газар нутгийн бүрэн бүтэн байдалтай шууд хамаатай асуудлаар шийдвэр гаргасаар иржээ.

Тухайлбал, өмнөд хөршийн хүч нөлөөлөл суларсан үед 1911 онд Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан бол хоёр гүрний хүчний тэнцвэр, эрх ашгийн эрэмбэ ойртсон 1915 онд болсон гурван улсын хэлэлцээрээр Богд Хаант Монгол Улсын тусгаар тогтнолыг үгүйсгэжээ. 1919 онд өмнөд хөршийн нөлөөлөл ихсэн Монголын автономитыг устгажээ.

БНМАУ-ын тухайн үеийн нам төрийн удирдлага энэхүү хүчний тэнцвэрт байдлаас үүдэлтэй олон улсын харилцааны боломжийг маш идэвхтэй ашиглаж өмнөд хилээ тогтоох ажлыг санаачлан хоёр талын засгийн газар хоорондын болон дипломат харилцааны шугамаар богино хугацаанд бэлтгэл ажлыг нь амжуулснаар хилийн хэлэлцээ товлосон хугацаандаа амжилттай өрнөв.

1960 оны 5 дугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлах үеэр болсон хэлэлцээний явцад БНМАУ-ын СнЗ-ийн дарга Ю.Цэдэнбал хоёр улсын хилийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх санал дэвшүүлж, улмаар хоёр тал нэгдсэн ойлголтод хүрснээр хилийн хэлэлцээ эхлэх улс төрийн шийдвэр гаргажээ

Хилийн хэлэлцээ 1962 оны 10 дугаар сараас эхлэн 38 хоногийн туршид Улаанбаатар хотноо явагдаж, 35 удаагийн уулзалтаар бүх хэлэлцэх газрын асуудлыг шийдвэрлэн хоёр талын саналыг ойртуулсны үр дүнд талууд санал нэгдэн  Монгол, Хятадын хилийн гэрээнд 1962 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Бээжин хотноо БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай нар гарын үсэг зурсан юм.

Улмаар БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын Хороо 1963 оны 03 сарын 8-нд, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1963 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 18-р зарлигаар тус тус “БНМАУ ба БНХАУ-ын хилийн гэрээ”-г батламжилсан байна.

Монгол, Хятадын хилийн гэрээ нь БНМАУ-ын санаачилга, онцгой сайн ажилласан экспертийн комисс, манай улсын дипломатчидын цуцашгүй шаргуу хөдөлмөр, нам төрийн удирдагчдын алсын хараатай шийдвэрүүд, эх оронч хилчдийн баатарлаг үйлс, нийт ард түмний олон жилийн хүсэл тэмүүллийн үр дүнд бүтсэн билээ.

 Монгол, Хятадын хилийн гэрээ нь хоёр улсын харилцан итгэсэн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн, талуудын харилцааны суурь болсон олон улсын эрх зүйн чухал баримт бичиг бөгөөд хоёр орны өнөөгийн сайн хөршийн найрамдалт, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны эх үндэс болсон түүхэн ач холбогдолтой юм.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 73 (7317)