Банк санхүүгийн салбар (Анод банк, Зоос банк, Хадгаламж банк, Хөгжлийн банк гэх зэрэг)-т төрийн байгууллагуудын авлага хуримтлагдаж, төлөгдөхгүй байгаа тухай асуудал нийгмийг цочроосон.

Нийгмийн зүгээс шахаж, шаардсаны хүчинд зарим банкны хувьд энэ асуудлыг шийдвэрлэж чадсан сайн жишээ бий. Тухайлбал, Хөгжлийн банкнаас авлагаа барагдуулж, гадаад бондын төлбөрийг өөрийн эх үүсвэрээр барагдуулсан тухай Засгийн газраас олон нийтэд мэдээлэл өгч байсан билээ.

Харин одоо Анод банк, Зоос банк болон Хадгаламж банканд холбогдох Төрийн байгууллагуудын авлагыг, өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөн хөрөнгийг хэрхэн барагдуулж байгаа тухай ярилцлага авснаа хүргэе.

 

“Зээлдэгч Олон-Овоот Голд” (ООГ) ХХК-аас авах төрийн байгууллагуудын авлага буюу татвар төлөгчдийн мөнгөн дүн нь 123 тэрбум төгрөг ба энэ авлагыг нэгтгэж барагдуулахаар “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч (БЭХА)-аас ажиллаж байна. Тэрбээр банк дундын барьцааны зүйл болох ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч, авлага барагдуулж байгаа аж. Одоо энэ авлагыг барагдуулах явц ямар шатанд яваа талаар “Хадгаламж банк” ХХК дахь БЭХА М.Энхтөртэй ярилцлаа.

 

-“ООГ ХХК”-аас авах авлагын тухай асуудал нь дээр үеэс эхтэй, манай улсын гурван том бизнес эрхлэгч энэ төслийг хэрэгжүүлж байсан гээд уул уурхайн салбарт бараг хүн бүр мэдэх том сэдэв байх аа?

-Тийм ээ, тэр үнэн. Өмнө нь энэ төслийг Ц.Мянганбаяр, Ш.Батхүү, Г.Алтан гээд манай улсад анддаггүй гурван том бизнес эрхлэгч хэрэгжүүлж байсан. Үүнээс гадна энэ төсөл нь гурван банк: Анод банк, Зоос банк, Хадгаламж банкийг татан буулгахад хүргэсэн нэг шалтгаан болсон. Ингээд хамтатгаж хэлбэл, энэ асуудал нь зөвхөн уул уурхайн салбараас гадна банкны салбарт ч бас томоохон дуулиан болсон зүйл байжээ. Энэ хэрээр нийгэмд хүмүүс энэ тухай сайн мэдэх сэдэв мөн байх аа.

-Одоо гол асуудал уруугаа оръё. Хадгаламж банкны Банкны эрх хүлээн авагч нь тус банкны авлагаас гадна Монголбанк, Зоос банкны бүх авлагыг хариуцан барагдуулж байна уу? Энэ ажлынхаа тухай товч мэдээлэл өгнө үү?

-Үгүй, Монголбанк ба Зоос банкны бүх авлагыг бид хариуцаагүй гэдгийг тодотгож хэлье. Бид энэ хоёр байгууллагын зөвхөн ООГ ХХК-аас авах авлагыг хариуцан барагдуулахаар энэ хоёр байгууллагаас итгэмжлэлээ 2023 оны 6 дугаар сард авч, ажиллаж эхлээд байна. ООГ ХХК нь Монголбанк, Зоос банк болон Хадгаламж банк гэсэн гурван байгууллагад шүүхийн шийдвэрийн дагуу нийт 140 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, энэ өр төлбөрийг төлж чадахгүй тохиолдолд төлбөр авагч нартай байгуулсан барьцааны гэрээнд заасан 44 ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөс хангуулахаар тохирсон байдаг. Иймээс бид эдгээр гурван төлбөр авагч байгууллага буюу Монголбанк, “Зоос банк” ХК болон “Хадгаламж банк” ХХК-ийн өмнөөс эдгээр барьцааны зүйл болох ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч, авлага барагдуулахаар ажиллаж байгаа юм.

-ООГ ХХК-аас авах төрийн ямар байгууллагууд хэдэн төгрөгийн авлагатай тухай хэлж өгнө үү?

-ООГ ХХК-аас шүүхийн шийдвэрийн дагуу авах гурван төлбөр авагчийн нийт авлагын дүн нь 140 тэрбум төгрөг гэж өмнө хэлсэн. Үүнээс төлбөр авах ёстой төрийн гурван байгууллага нь Монголбанк, Сангийн яам, Хадгаламжийн даатгалын корпорац байна. Харин тус бүрд нь ноогдох авлагын хэмжээний хувьд, Анод банкны авлагыг шилжүүлж авсан Монголбанкны авлагын дүн нь 19 тэрбум төгрөг, Зоос банкнаас авах Сангийн яамны авлагын дүн нь 58 тэрбум төгрөг, Хадгаламж банкнаас авах Хадгаламжийн даатгалын корпорацын авлагын дүн нь 45 тэрбум төгрөг байна. Ингээд нэгтгэвэл, нийт авлагын дүн нь 123 орчим тэрбум төгрөг болж байгаа юм.  

-ООГ ХХК-аас өнгөрсөн хугацаанд ямар нэг төлбөр төлсөн үү? Төрийн байгууллагууд авлагаа бууруулсан уу?

-Төлбөр авагч нартай барьцааны гэрээ байгуулсан 2010 оноос хойш нэг ч төлбөр төлөөгүй. Үүний улмаас төрийн байгууллагуудын авлагыг бууруулж чадаагүй хэвээрээ байна.

-Шүүхийн шийдвэр нь гарч дууссан уу? Эсвэл шүүхээр одоо болтол үргэлжилж байна уу?

-Авлагатай холбоотой бүх шатны шүүхийн шийдвэр гарч дууссан. Гурван төлбөр авагчийн хувьд бүгд нэхэмжлэлээ шүүхээр хангуулж чадсан. Шүүхийн шийдвэрүүд нь 2011 оноос эхлэн гарсан. Хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн шийдвэр 2016 онд гарсан. Шүүхийн шийдвэрийг үндэслэн шүүхээс гүйцэтгэх хуудсыг мөн гаргуулж, 2012 оноос эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага (ШШГБ)-д шилжүүлж, тус байгууллагаар авлага барагдуулах ажлыг гүйцэтгүүлж байсан.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн гэлээ. ШШГБ-аас хэдэн төгрөг барагдуулсан бэ?

-Нэг ч төгрөгийн төлбөр барагдаагүй байна. Ийм шалтгаанаар төлбөр авагч нараас өөрсдөө барьцааны зүйлээ шилжүүлэн авч, авлагаа барагдуулахаар тус байгууллагад хүсэлтээ гаргаж, 2023 оны 10 дугаар сард шийдвэрээ хүлээн авсан. Одоо энэ шийдвэр болон шүүхийн шийдвэрийн дагуу эдгээр гурван байгууллагын авлагыг нэгтгэж барагдуулахаар ажиллаж эхэлсэн нь энэ юмаа.

-2011 оноос шүүхийн шийдвэр гарсан гэлээ. Ийм урт хугацаа өнгөрөөд байхад яагаад одоо болтол энэ авлагыг барагдуулдаггүй байсан юм бэ? Төрийн байгууллагууд авлагаа барагдуулахгүй зүгээр сууж байсан хэрэг үү?

-Урт хугацаа өнгөрсөн нь үнэн. Гэхдээ, энэ авлага, түүнийг барагдуулах боломжийг хууль эрх зүйн хувьд хамгаалах ажлыг төлбөр авагч нар болон төрийн холбогдох байгууллагууд тус бүрдээ болон зарим тохиолдолд хамтран гүйцэтгэж ирсэн. Жишээлбэл, төлбөр авагч нараас шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрээ 2011 оноос эхлэн хүлээн авч, биелүүлэхийн тулд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2012 оноос эхэлж өгсөн.

Мөн төрийн байгууллагуудын авлага, түүний хөрөнгө буюу нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор 2012 оноос эхлэн Монголбанк, тухайн үеийн нэршлээр Эрдэс баялаг, эрчим хүчний (Сайд Д.Зоригт) яам болон Ашигт малтмалын газар (дарга Г.Алтансүх), ялангуяа тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс (дарга М.Энхтулга) зэрэг төрийн байгууллагууд хамтран ажиллаж, барьцааны зүйл болох ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг шуурхай хязгаарлах, барьцаанд авсан тухай мэдээллийг АМГ-т бүртгүүлэх зэргээр өөр бусад тухайн цаг үедээ шинэ, амаргүй байсан олон асуудлыг шийдвэрлэж ирсэн баримт мэдээлэл байдаг. Үүний үр дүнд өнөөдөр бид барьцааны зүйлээс төрийн байгууллагуудын авлагыг барагдуулах боломж бүрдээд байна.

-Яагаад энэ гурван төлбөр авагчийг Хадгаламж банкны БЭХА төлөөлөн ажиллах болов оо?

-Өнгөрсөн хугацаанд, гурван байгууллагаас тус бүрдээ авлага барагдуулах гэх нь харилцан мэдээлэл солилцох, ажил, үүрэг хуваарилах, хамтран ажиллахад бэрхшээл багагүй байжээ. Жишээлбэл, нэг талаас тодорхой нэг ажил, үүргийг гурван талаас зэрэг давхцуулан гүйцэтгэх, олсон мэдээллээ харилцан хуваалцахгүй, эсвэл бүрэн хуваалцахгүй байх, мэддэг цөөн хүмүүсийн ажил, үүрэг нь өөрчлөгдөх, нэг төлбөр хариуцагчаас гурван талаас нэг ижил мэдээлэл шаардах, мэдээлэлдээ гурван өөр арга, хэлбэрээр анализ хийх, эсвэл бие биедээ найдах зэргээр нэг хүн шиг шуурхай ажиллаж чадахгүй явж ирсэн.

Нөгөө талаас, ШШГБ-ын авлага барагдуулах үйл ажиллагаанд хэт найдаж, энэ талаар дорвитой ажиллаж чадаагүй явж иржээ. Иймээс энэ асуудлыг энэ гурван төлбөр авагч нар тус бүрдээ ажиллах гэснээс аль нэгэнд нь хариуцуулж ажиллавал, илүү үр дүн гарах болов уу гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ийм учраас энэ ажлыг “Хадгаламж банк” ХХК дахь БЭХА-д энэ удаа даалгаж, гүйцэтгэх болсон.

-Барьцааны зүйл нь төрийн байгууллагуудын авах 123 тэрбум төгрөгийг барагдуулахад хүрэлцэх үү? Гол эрсдэл нь юу байна вэ?

- Барьцааны зүйлд учирсан эрсдэл нь гэвэл, Нэгдүгээрт, барьцааны гэрээгээр нийт 44 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаалсан. Авлагадаа энэ 44 тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч, авлагаа барагдуулах байсан боловч өнөөдрийн байдлаар 72 хувь нь буюу 36 тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусаж, хүчингүй болсон ба одоо зөвхөн 18 хувь буюу 8 ширхэг тусгай зөвшөөрөл нь хүчинтэй хэвээр үлджээ. Хоёрдугаарт, 2011 оноос хойш энэ авлагыг огт барагдуулж чадаагүй асуудал нь нийт авлага 140 тэрбум төгрөгийн өнөөгийн үнэ цэн үлэмж буурч, гурван төлбөр авагчийн хувьд энэ хугацаанд олох ёстой байсан эдийн засгийн үр ашгаа бүгдийг алдахад хүргэжээ.

Үүнээс гадна, ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө шилжүүлж авсны дараа, тухайн орд газарт байгаа нөөц нь бодитой эсэхийг тодорхойлох, тогтоох шаардлагатай болно. Хэрэв, жишээлбэл хэвлэлд гарч байсан шиг, зарим орд нь “25 тонн алт байгаа гэсэн боловч мөн чанартаа алт нь байхгүй, нэмээд хайгуул хийж байж нөөц тогтоох шаардлагатай болсон” гэдэг нь тогтоогдвол, энэ хэрээр авлагаа барагдуулах боломж буурах эрсдэл бий.

Бидний одоо хийж байгаа ажил бол, эхлээд ядаж хүчинтэй үлдсэн найман тусгай зөвшөөрлөө шилжүүлж авъя, тэгээд бодитой эсэхийг нь шалгаж тогтооё гэж байгаа юм. Энэ бүгдийг гүйцэтгэж тодорхой баримт, мэдээлэлтэй болсны дараа л сая төрийн байгууллагуудын авлагыг барагдуулахад хүрэлцэнэ, эсвэл хүрэлцэхгүй тухай ярих боломжтой болох юмаа. Тиймээс энэ тухай хэлэхэд арай эрт байна гэсэн хариултыг энэ удаадаа өгье.

-ООГ ХХК-аас авах авлага, түүнээс төрийн байгууллагуудын авлага 123 тэрбум төгрөгийг хэрхэн барагдуулж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-Бусад хоёр төлбөр авагч нартай хэлэлцсэний үр дүнд, хүчинтэй үлдсэн ашигт малтмалын найман тусгай зөвшөөрлийг эхний ээлжид шилжүүлэн авч, түүнээс авлага барагдуулъя гэсэн шийдэлд хүрсэн. Эс бөгөөс үлдсэн ашигт малтмалын  зөвшөөрлүүдийн хугацаа нь дуусаж, эцэстээ юу ч үгүй үлдэх эрсдэлийг бас тооцсон. Эдгээр гурван төлбөр авагч нарын хоёр нь татан буугдаж байгаа банк, нөгөө нэг нь Төрийн захиргааны байгууллага байгаа учраас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах бололцоогүй байсан.

Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийг тулд, “Хадгаламж банк” ХХК дахь БЭХА-аас чанаргүй активыг шийдвэрлэх зорилгоор удирдаж байгаа “Монголын актив удирдлагын корпорац” ХХК-аас үүсгэн байгуулсан “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д хүчинтэй үлдсэн найман тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч, авлага барагдуулах ажлыг өөрсдийн хүчээр эхлүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, мэргэжлийн хүмүүстэй хамтран ажилласны үр дүнд, төрийн байгууллагуудын авлагыг багтаагаад нийт 140 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

-Одоо тэгвэл энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-Дөнгөж эхний шат буюу бичиг цаасны шатандаа явж байна. Бид барьцааны зүйл буюу хүчинтэй үлдсэн найман ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д шилжүүлэн авах өргөдлөө 2023 оны 12 дугаар сарын 21 ба 25-ны өдрүүдэд АМГТГ-т өгсөн. Одоо шийдвэр гарахыг нь хүлээж байна.