Баатарын НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн дугаарын зочноор Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат “Их шавь” дэвжээний бөх сумын заан М.Баасанжавыг урилаа.
-Та өнгөрсөн нэгдүгээр сард ээлжит түрүүгээ хүртлээ. Энэ жилийн хувьд бэлтгэл нэлээд жигдэрсэн харагдаж байсан?
-Сүүлд “Идэрийн цуурай” дэвжээний барилдаанд зургаа давж шөвгөрлөө. Үүнээс өмнө Хөвсгөл аймгийн Баянзүрх буюу өөрийн өсөж төрсөн нутагтаа очиж барилдлаа. Тойргоор 18 барилдаж, түрүү бөхөөр тодорсон. Бэлтгэл жигдэрсэн учраас түрүүлэх зорилготой тус барилдаанд зодоглосон юм. Ингээд үзүүр түрүүнд аймгийн заан н.Энхбат ахтай таарч давлаа. Эргээд бодоход даваа бүр амар байгаагүй. Аймгийн заан ахтай учраа таарсан барилдаан бараг цаг үргэлжлээд би түрж хөөгөөд даваагаа ахиулсан. Нутагтаа түрүүлэх мэдрэмж сайхан юм билээ. Даваад туг тойрох агшинд нутгийнхан минь дэмжиж байсан учир огших, омогших мэдрэмж төрсөн.
-Та сар бүр бөхийн өргөөнд зохион байгуулагддаг сумын заан, залуу бөхчүүдийн барилдаанд амжилттай барилддаг байх аа?
-Би сумын заан болон залуу бөхчүүдийн барилдаанд тогтмол зодоглохыг хичээдэг. Хүмүүс сумын цолтой бөхчүүдийн барилдааныг үзэх дуртай. Хамгийн уран, хурц, шуурхай барилдааныг тэндээс үзэх боломжтой. Тус барилдаанд анх барилдахдаа 100 дахь удаагийнхыг нь зорьж зургаа давж байлаа. Харин анхны түрүүгээ өнгөрсөн оны тавдугаар сард хүртсэн. Дараагийн түрүүгээ оны өмнө авсан даа. Мөн шинэ оны эхний барилдаанд үзүүрлэлээ. Харин хоёрдугаар сарын барилдаанд шөвгөрлөө. Үүнээс гадна гурван удаа шөвгөрсөн байдаг. Одоогоор тус барилдаанд хоёр түрүүлж, нэг үзүүрлэсэн амжилттай явна.
-Таны барилдааныг харахад их шуурхай юм билээ. Хамгийн олон даваа авсан мэх гэвэл?
-Би дэвжээнд гараад шуурхай барилдахыг хичээдэг. Сэтгэл зүй харьцангуй тайван талдаа. Ер нь өрсөлдөгч бөхдөө тааруулж мэх уралдуулна. Хамгийн олон даваа авсан мэх гэвэл мушгих. Өнгөрсөн арван хоёрдугаар сард зохион байгуулагдсан барилдаанд би 10 давж түрүүлэхдээ мушгих мэхээр өрсөлдөгчдөө давсан. Харин чөлөөт суурьтай хөл, авдаг бөхчүүдтэй таарахад амаргүй шүү.
-Үндэсний бөхийн спорттой холбогдсон түүх нь сонирхол татаж байна. Хэзээнээс барилдаж эхэлсэн бэ?
-Би харьцангуй хожуу барилдсан. Цар тахлын өмнөхөн үндэсний бөхийн бэлтгэлд хамрагдсан ч удалгүй хөл хорионд орсон. Үүний дараагаас бэлтгэлдээ шамдсан. Анхны цолоо 2022 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд түрүүлж заан болсон. Ингээд хоёр хоногийн дараа Баянзүрх сумандаа мөн түрүүлж цолоо баталлаа. Цолгүй залуу бөх мөртлөө сумын наадамд хоёр удаа түрүүлсэндээ баярлаж явдаг. Өөрийн хүчээр цол хүртэх сайхан. Ихэнх том цолтой бөхчүүдийн амжилт сумын заан цолноос эхэлсэн байдаг юм билээ. Цолондоо дүүрэн барилдах сайхан шүү.
-Эдгээр барилдаанаас аль нь илүү урам зориг өгсөн бэ?
-Бөхийн өргөөнд зохион байгуулагдаж байгаа барилдаанаас их урам зориг авдаг. Зорилгоо томоор хараад шат шатаар ахих жим болдог. Үүнийгээ дагаад бэлтгэл сургуулилтдаа ч анхаарна.
-Амжилтыг багшгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бөхийн эрдэмд таныг ямар багш хөтөлж оруулсан бэ?
-Би 2016 онд нутагтаа зохион байгуулагдсан өсвөрийн барилдааны үеэр Г.Элбэг багштайгаа танилцаж байлаа. Тухайн барилдааны үеэр багш намайг олж хараад “Барилдах хүүхэд байна” гэж урам өгсөн. Үүний дараа би багшид бөх болох хүсэлтэй байгаагаа хэлэхэд хоёр жил бэлтгэл хийхийг зөвлөсөн. Энэ үеэс бөхөөр хичээллэхэд болох юм байна гэсэн урам авсан.
-Улсын харцага Г.Элбэг багш бөхийн спортод олон шавь бэлтгэсэн туршлагатай. Шавь нартаа юуг аминчилж захидаг вэ?
-Амжилт багштай салшгүй холбоотой. Багш бэлтгэл сургуулилтаас гадна олон зүйлийг заадаг. Бэлтгэл таслахгүй, хариуцлагатай байхаас гадна зорилготой байхыг зөвлөнө. Мөн амжилтдаа ханаж болохгүйг ойлгуулдаг. Бэртэл гэмтлээс сэргийлэхийг цаг ямагт захидаг. Тиймээс би бие халаалтаа сайн хийхийг зорьдог. Би одоогоор долоо хоногийн зургаан өдөр нь бэлтгэл хийж байгаа. Өдөр бүрийн бэлтгэл утга учиртай, өөр өөр. Нэг бэлтгэлээс мэх сурдаг бол дараагийн өдөр нь техникээ давтах зэргээр шамддаг.
-Залуу тамирчны хувьд спортын замналыг сонгоод ямар төлөвшлийг олж авсан гэж боддог вэ?
-Спорт хүнийг төлөвшүүлж олон талын чадвар суулгадаг. Тухайлбал, бусдыг хүндлэх их ухаанд хөтөлнө. Бөх хүн бусдад үлгэр дуурайлал болж зөв бодол, үйлдэлтэй байх нь чухал. Ямар ч амжилт гаргасан биеэ тоож болохгүй. Тэсвэр тэвчээрийг бөхийн эрдэмд суралцаад мэдэрсэн. Мөн нутгийнхаа ах нараас үлгэр дуурайлал авч, суралцаж байна.
-Бөхийн спорт удам дагах нь бий. Аав ээжийн тань талд нь барилддаг хүн бий юу?
-Аав ээж минь малчин хүмүүс. Би нэг эгч, дүүтэй. Гэр бүл минь миний хамгийн үнэнч дэмжигч. Аав залуудаа барилддаг байсан. Сумын начин цолтой хүн бий. Харин ээжийн талд ч мөн бөхчүүд бий. Би багадаа их даруухан хүүхэд байсан. Барилдана гэж боддоггүй, цэргийн хүн болохыг мөрөөддөг байлаа.
-Тамирчин бүрд тулгардаг асуудлын нэг санхүү. Та санхүүгээ хэрхэн зохицуулдаг вэ?
-Ажил хийхгүйгээр бэлтгэлдээ шамдаж байгаа учраас санхүүгийн асуудал тулгарна. Гэр бүл, нутгийн ах нар надад итгэл хүлээлгэж дэмждэг. Энэ дашрамд тусалж дэмждэг хүмүүстээ баярлаж байгаагаа илэрхийлье.
-Мэдээж хүрэх цэгээ урьдаас төлөвлөсөн байх. Ирээдүйн зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Хүн өмнөө тавьсан зорилготой байж ирээдүйгээ томоор харна. Төрж өссөн нутаг, аавын алдраа дуудуулж амжилттай барилдахыг хичээнэ. Би ойрын дөрвөн жилээ төлөвлөсөн байгаа. Үндэсний бөхөөр барилдаж байгаа хүчтэнүүдийн том зорилго нь улсын цолтой болох. Би ч ялгаагүй улсын цолтой болохыг бодож, бэлтгэлдээ шамдаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 70 (7314)