Монголын шуудан харилцаа холбоо нь үүсэл, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж ирсэн 96 жилийн түүхтэй салбар юм. Гэтэл өнөөдөр цахимжин хөгжихийн зэрэгцээ шуудан гэсэн нэр нь бараг мартагдахад хүрээд байна. Монгол шуудангийн үйл ажиллагаа хөдөөд хэдийнээ дампуурсан нь үнэн байгаа юм. Яах вэ. Улаанбаатараас аймагт бол шуудантай гэж хэлж болно.

Гэтэл аймгаас суманд, сумаас багт шуудангийн хүргэлт байхгүйтэй адил. Шууданч нэртэй нэг хүн байдаг ч тэр нь албан бичиг, захидал сэлтийг замын унаа, хэнд ч хамаагүй хүнд дайж эзэнд нь хүргэдэг байх юм.  Ердөө нэг аймгийн хоёр суманд байгаа жишээг хэлэхэд хөгийн гэхээр дүр зураг харагдаж байна. Архангай аймгийн Цэнхэр суманд шууданчаар таван жил ажиллаж байгаа нэг эмэгтэй ярихдаа:

-Сонин хэвлэл бараг ирэхгүй нүдний гэм болсон. Аймгаас ирсэн албан бичгийг гэхэд хэн нэгэн хүнд дайгаад ч юм уу нэг бол хэл үг болж байж мартсан цагт хүргэнэ дээ.

Улаанбаатараас бичиг тоот ирвэл 20-иод хоногийн дараа надад ирэх жишээтэй. Цалин гэж бидэнд сард 100 гаруй мянган төгрөг алдаг оног гэхээр өгнө. Түүгээр яаж амьдрах вэ дээ.

Тиймээс би сургуульд няравын ажил хийдэг гэсэн бол Ихтамир сумын шуудагч, сумын ИХ-ын төлөөлөгч Д.Норовпил гэдэг хүн

-Ачаалал, дарамт ихтэй өчүүхэн цалинтай болохоор би дүүгийнхээ дэлгүүрт ажилладаг.

Уг нь шууданч гэдэг хариуцлагатай алба л даа. Суманд долоо хоногт нэг л удаа шуудантай. Гэхдээ такси юм уу явуулын хүнээр голдуу ирнэ. Албан бичиг, банк болон гар утасны карт, хууль шүүхийн байгууллагын бичиг байдаг.

Аль ч аймаг, суманд “Үзүүргүй хязгаарт, өртөөлөн хүргэнэ” гэсэн сүржин уриатай шуудангийн үйлчилгээ  ийм л байна.

Хөдөөгийнхөнд сонин хэвлэл очихоо байсан. Захиалга ч зогссон. Алслагдсан сум, суурин, багт амьдарч байгаа иргэд, малчид сонин хэвлэлээс хөндийрч мэдээлэл авах, мэдэх эрх нь зөрчигдөж байна.

Иймийн учир манай сонин шуудангийн үйлчилгээг сэргээх асуудлыг чухалчлан үзэж байгаагаа Цахим Хөгжил, Харилцаа Холбооны яамны удирдах хүмүүст сонордуулж байна.

Монгол шууданг орон нутагт сэргээх алхам хийх байх гэдэгт найдъя.

 

С.Цагаанхүү: Орон нутгийн хэмжээнд шуудангийн нэгдсэн сүлжээ бий болгосноор бараа бүтээгдэхүүний үнийн зөрүүг багасгах шийдэл болно

Б.АЛТАНГЭРЭЛ

Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Цагаанхүүтэй ярилцлаа.

 

-Харилцаа холбооны салбар доторх ууган байгууллагын нэг нь шуудан. Тиймээс өнөөдрийн ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогыг хэрэгжилтийг зохицуулах газар ямар үүрэг хариуцлагатай ажилладаг вэ?

-Манай газар харилцаа холбооны салбарын бодлогын хэрэгжилтийг ханган шуудан, цахилгаан холбоо, радио холбоо, өргөн нэвтрүүлэг, сансрын холбоо, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан гэсэн харилцаа холбооны дэд бүтцийн хэрэгжилт ханган ажилладаг. Монгол Улс 1.5 сая квадрат километр газар нутагт  49.318 км шилэн кабель, 4.835 сая үүрэн холбооны хэрэглэгч, 760 мянган телевиз үзэгчтэй. Эдгээр нь кабель, MMDS, сансрын телевиз, IPTV хэрэглэгчдэд үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт үүрэн холбооны 13 мянган бааз станц, нийт газар нутгийн   27 орчим хувь нь үүрэн холбооны долгионоор бүрхсэн байна. Мөн урт, дунд долгионоор Монголын радиогийн программууд Монгол орны хэмжээнд одоо хүртэл ажиллаж байна. Манай Улс шиг өргөн уудам нутагтай оронд  сансрын холбоо болон урт богино долгионы их чадлын станцуудыг шинэчлэх, хөгжүүлэх шаардлага гарч ирж байна. Сансарын холбооны чиглэлээр нэлээдгүй ажиллаж байгаа. Монгол  Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн БНФУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуулын техникийн нөхцөлийг тодорхойлох, гэрээг боловсруулах тухай ЦХХХЯ болон БНФУ-ын Талес Алейна Спейс компани хооронд өнгөрсөн оны арав­дугаар сард Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд хиймэл дагуулын техникийн зураг төсөл боловсруулах, үйлдвэрлэх, нийлүүлэх гэрээ байгуулах ажлын бэлтгэл ажлыг хийж байна. 2022 оны арванхоёрдугаар сард Олон улсын цахилгаан холбоо “Чингис хиймэл дагуул”-ын төлөвлөлтийг баталгаажуулсан.

-Танай салбарт байдаг төр, хувийн хэвшлийн хоорондын уялдааг хангах зохицуулах талаар хэрхэн ажилладаг вэ?

-Харьцангуй бусад салбарыг бодвол  харилцаа холбооны салбар либералчлагдсан буюу төр, хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоо сайтай. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд дэлхий нийтийн цар тахлаас улбаалан улс орнууд хилээ хааж, шуудангийн салбарт хүндхэн нөхцөл байдал үүссэн хэдий ч бид үүнийг амжилттай даван туулсан. Нөгөө та­лаар цар тахлын улмаас цахим ху­дал­даа, шуудангийн захиалгат хүр­гэлтийн үйлчилгээний хөгжил хурдсаж, шуудангийн салбарт ахиц авчирсан.  Монгол Улсад шуудангийн үйлчилгээтэй холбоотой бүх үйл ажил­лагаа нь Шуудангийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулагддаг байна. Шуудангийн зах зээл нь өмнө нь бичиг, цаас, захиа, сонин гэх мэт 90 орчим хувь нь цаасан суурьтай илгээмж байсан. Сүүлийн үед цахим шилжилттэй холбоотойгоор байгууллагууд хоорондоо албан би­чиг гэх мэт цаасан зүйлс явуулах шаард­лагагүй болж байна. Захиа бичих шаардлагагүй утсаар ярьж, чат бич­дэг болсон болохоор уламжлалт шуудангийн хэрэгцээ огцом буурч байна. Оронд нь онлайн захиалга хийх, байгууллагууд хэрэглэгчдийн захиалсан бараа бүтээгдэхүүнээ шуу­дан­гаар илгээдэг болсон. Өөрөөр хэлбэл цаасан суурьтай илгээмжээс илүү бараа бүтээгдэхүүн илгээмжээр авдаг болсон. Цаасан хүргэлт нь зай, жин, овор бага байдаг бол бараа, таваарын хүргэлт нь овор жин их­тэй байдаг бөгөөд шуудангийн үйл­чил­гээ эрхлэгчдэд хадгалах байр, машин техник зэрэг дэд бүтцийн өөрчлөлтүүдийг шат дараатайгаар хийх шаардлага гарч байна. Хэрэглэгчдийн шуудангийн илгээмжийн төрөл зүйл өөрчлөгдөхийн хэрээр шуудангийн зах зээл мөн адил хувьсаж өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад шуудангийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа өргөжүүлж зах зээлээ тэлэх шаардлага тулгарч байна. Шууданг нэг цэгээс нөгөө цэгт хүргэхэд Улаанбаатар хот аймаг сумдад шийдэх ёстой асуудлууд  олон. Улаанбаатар хотод түгжрэлийн асуудал тулгардаг. Мөн хүргэлтийн машиныг нэгдүгээр эгнээгээр явуулдаггүй, авто зогсоолууд шуудангийн машинаас төлбөр нэхдэг нь асуудал болдог. 2022 оны 180-р тогтоолоор ЦХХХЯ, Барилга хот бай­гуу­лалтын яамны тушаалаар аж­лын хэсэг байгуулагдсан. Энэхүү тушаа­лаар хаягжилтын асуудлыг ший­­дэ­­хээр зорьж байгаа. Мөн өнгөрсөн оны арван нэгдүгээр сард ЦХХЯ, шуудангийн компаниудтай хамт­ран цахим худалдааны шинэ төс­лүү­­дэд What3Words сүүлийн үеийн техно­логийг ашиглаж эхэлсэн. Үүгээр Сүх­баатар дүүргийн 18 дугаар хорооны 2200 гаруй айл өрхөд хаягийн самбар байгуулсан.

-Танай салбар болон газрын хувьд ямар үйлчилгээнээс голдуу орлого олж байна  вэ?

-Монголын шуудангийн зах зээлд шуудангийн үйлчилгээ эрхлэгчид улс хоорондын, хөдөө орон нутгийн, хот доторх гэсэн гурван чиглэлд шуудангийн үйл ажиллагаа эрхэлдэг. Гэвч хөдөө орон нутгийн шуудангийн үйлчилгээ нь орлогоосоо давсан зарлагатай байдаг учир тус чиглэлд 2-3 байгууллага л үйл ажиллагаа явуулдаг. Иймд тухайн компани урт хугацаанд алдагдалд орсноор шуудангийн үйлчилгээг зогсоох эрсдэлд хүрч болзошгүй. Энэ тал дээр төрийн бодлого зохицуулалт шаардлагатай. Шуудангийн зах зээл нь Монгол Улсад хөгжөөгүй байгаа зах зээлийн нэг бөгөөд хөгжих боломж бий. Одоогийн байдлаар Монгол Улсын нэг хүн дунджаар жилд нэг шуудан хүлээж авдаг. Харин шуудангийн зах зээл хөгжсөн орон буюу АНУ-д бол нэг хүн жилд дунджаар 30-40 шуудан хүлээж авдаг. Тиймээс үүнтэй ижил шуудангийн зах зээлийг хөгжүүлэх боломж бололцоо байгаа гэж харж байна. Тодорхой байгууллагуудын авто зогсоолд үнэ төлбөргүй нэвтрүүлбэл шуудангийн үйлчилгээ илүү хурдан шуурхай болж иргэд шууданг сонгож цаашлаад түгжрэл тодорхой хэмжээнд урт хугацаандаа буурна. Шуудангийн үйлчилгээ нь хүний хөдөлмөр хүн дээр суурилсан үйлчилгээ юм.

-Шуудангийн салбарт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ААН хэр олон байна.  Тэд ямар үүрэг хүлээсэн байдаг бол?

-Өнгөрсөн оны зургаадугаар сарын байдлаар шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшдэг 133 ААН ажиллаж байна. Үүнээс 59 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бол бусад нь эхлэх гэж байгаа эсвэл үйл ажиллагаа нь идэвхгүй болсон байна. Шуудангийн зах зээл өмнө бичил буюу 90 орчим хувь нь цаас захиа дээр суурилдаг байсан. Одоо цахим шилжилттэй холбоотойгоор цаасан хэлбэрээр байгууллага хооронд харьцахаа больсон. Тиймээс уламжлалт шуудангийн хэрэгцээ огцом буурсан. Үүний оронд цахим захиалга, байгууллага хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг шуудангаар илгээдэг болсон.

-Орон нутагт шуудангийн сүлжээ байхгүй болсон нь албан бичиг, захидал, илгээмж эзэндээ хүрэхгүй, саатах болсон. Орон нутгийнхан сонин хэвлэлийн бараа харахаа байсан гэдэг. Зөвхөн телевиз, радио, гар утсанд найдан мэдээлэл олж авах гэдэг өрөөсгөл ойлголт шүү дээ. Энэ тал дээр ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Орон нутагт шуудан хүргэлт хүрэхгүй байна гэсэн асуудал байнга яригддаг. Орон нутагт сонин захиалахаар ирдэггүй, илгээмж удах зэрэг асуудлыг Авто тээврийн үндэсний төвтэй хамтран чиглэл журам баталж өгснөөр асуудал шийдэгдэнэ гэж харж байна. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаар алслагдсан сум суурин газарт дэд бүтцийг хүргэх үүднээс 2022 онд шуудангийн хүртээмжийг сайжруулах төслийг хэрэгжүүлсэн. Зургаан аймгийн хүрээнд 85 суманд шуудангийн салбараар дамжуулан багийн иргэдэд үйлчилгээ хүргэх зорилгоор долоо хоногт дөрвөн удаа үйлчилгээ үзүүлж, цаашдаа төр хувийн хэвшлийн дэмжлэг харилцан ойлголцлыг сайжруулбал орон нутаг дах шуудангийн үйлчилгээ илүү сайжирна. "Монгол шуудан" ХХК олон улсын стандартын дагуу улс хоорондын агаарын илгээмжийн төвийг Төв аймгийн нутагт орших Хөшигтийн хөндийд байгуулсан. Ингэснээр олон улсын худалдаа, цахим шуудангийн үйлчилгээ хурдасна хэмээн зорьж байна. Хууль эрх зүйн зохицуулалт, хил гаальтай холбоотой асуудал, тээвэр логистик, дэд бүтцийн асуудлыг төрийн зүгээс зохицуулалт хийх шаардлагатай. Дотоодын авиа компаниудын нислэгийг олшруулах, хаягжилтын асуудлыг сайжруулах, зөвшөөрөлгүй хүргэлтийн үйл ажиллагаа явуулж буй компаниудад хязгаарлалт тавих хэрэгтэй. Эдгээрийг зохицуулах зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хороо, гаалийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Бүсүүдийн төв дотор мөн дүүргүүдийн дотор нэгдсэн хүргэлтийн  бүсчилсэн төвтэй болох, аймаг орон нутгийн хэмжээнд улсын нэгдсэн сүлжээ бий болгох, орон нутгийн иргэдийн үйлчилгээний хэрэгцээг бүрэн хангасан  зөвхөн дайвар, хүн тээвэр бус шуудангийн үйлчилгээний зохицуулалтыг өдөр тутамд хийх нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өртөг буурах, хот хөдөөгийн үнийн зөрүүг багасгах шийдэл болно хэмээн харж байна.

 -Өнөө үед шууданчаа хэрхэн бэлтгэж байна. Танайд шууданч мэргэжилтэй хүн хэр олон байдаг вэ?

-Харилцаа холбооны сургууль дээр 2014 оноос хойш шуудангийн мэргэжилтэн бэлдэхээ больсон. 10 хүн тутмын хоёр нь ажлын байраа сольсон байна. Маш олон компани нэг жижиг зах зээлд үйл ажиллагаа явуулснаас болоод урт хугацааны хөрөнгө оруулалт хийх чадамжтай компани байхгүй болж байгаа. Тэгэхээр энэ салбарыг тодорхой урт хугацаанд тогтвортой байх зах зээлийг бий болгох зохицуулалт шаардлагатай болоод байна. Манай шуудан өргөн нэвтрүүлгийн хэлтэст дөрвөн хүний орон тоотой байхаас одоогоор хоёр хүн ажиллаж байна. Шуудангийн ажилчин байхгүй болсон. Шуудангийн үйлчилгээ хумигдаж салбарын орлого буурсан нь ажилчдын цалинд нөлөөлж хүний нөөцийн хомсдолд орох шалтгаан болж байна. Нэг хотод ашгийн төлөөх олон компаниуд байрших нь урт хугацаандаа зах зээлээс шахагдах шалтгаан болдог. Их сургуулиудын шуудангийн ангид оюутан элсэж орохоо больсон. Тиймээс ШУТИС-тай хамтран шинэ анги нээх, шуудангийн бодлого алдагдаж байгаатай холбогдуулан хамтран ажиллаж байна. Мөн харилцаа холбооны чиглэлээр төгссөн инженерүүдийг шуудангийн чиглэлд богино хугацааны сургалтад бэлтгэж байна.

 

С.Шаравдорж: Төр, ард түмнийг холбох торгон хэлхээ сумын шуудангаас эхэлнэ

Д.НАДМИД

Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Шаравдоржтой аймгуудын хэвлэл мэдээллийнхэнд тулгамдсан асуудлын талаар ярилцлаа.

 

-Саяхан орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн нийслэлд цуглаад буцав уу?

-Тэглээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо жилдээ ядаж нэг удаа орон нутгийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудаа нийслэлд цуглуулж, уулзалт-зөвлөгөөн хийдэг уламжлалтай. Энэ нь ажил мэргэжлийн тулгамдсан асуудлаа ярилцаж, мэдээлэл солилцон шаардлагатай зарим цаг үеийн асуудлаар төр засгийн удирдлагууд, яам агентлагийн хариуцлагатай хүмүүсийн мэдээлэл, байр суурийг сонсож, сонирхсон асуултууддаа хариулт авч, уншигч үзэгчдэдээ хүргэх зорилготой юм.

-Энэ жилийн уулзалт зөвлөгөөний онцлог юу байв?

-Энэ жил сонгуулийн жил. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтүүд, томсгосон тойргийн онцлог, нэр дэвшигчдийн сурталчилгааны үед хэвлэл мэдээллийнхний анхаарах асуудлуудаар Сонгуулийн ерөнхий хорооноос цэгцтэй мэдээлэл авч, зөвлөгөөн зохион байгууллаа. Маш үр дүнтэй, цаг үеэ олсон сургалт зөвлөгөөн болсныг тэмдэглэн хэлмээр байна. СЕХ-ны хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ энэ талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өгч, нээлттэй ярилцлаа.

Мөн Хүний эрхийн үндэсний комиссын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ  “Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо” гэсэн сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, ялангуяа орон нутгийн түвшинд гарч байгаа хүний эрхийн түгээмэл зөрчлүүдийн талаар  сэтгүүлчидтэй санал солилцлоо.

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагын үйл ажиллагаа, ололт амжилтын талаар” мэдээлэл хийж, хэвлэл мэдээллийн ёс зүйгээ улам сайн баримталж ажиллахыг орон нутгийн сэтгүүлчдэд захилаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч орон нутгийн сэтгүүлчдийг хүлээн авч уулзсан гэсэн?

-Хоёр жилийн өмнөөс улсынхаа Ерөнхийлөгчтэй уулзаж, улс оронд нүүрлээд байгаа авлига хээл хахууль, улс төрчдийн увайгүй үйлдэл, хулгай дээрэм, хууль шүүхийн алдаа завхралын талаар баримталж байгаа бодлого, байр суурийг сонсож, санаачилж хэрэгжүүлж байгаа үндэсний томоохон хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авахыг хүссэн орон нутгийн сэтгүүлчдийнхээ хүсэлтийг Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо Ерөнхийлөгчид уламжилсан юм. Тэр хүсэлтийг маань энэ жил хүлээн авч, Ерөнхийлөгчийн тамгын газраас уг уулзалтыг зохион байгууллаа.

Энэ үеэр улс төр, нийгмийн амьдралын эерэг сөрөг өөрчлөлтүүд, улс орны хэмжээнд тулгамдсан асуудлууд, гадаад дотоод бодлогод олсон ололт амжилтуудын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч мэдээлэл хийсэн. Хэдийгээр хэвлэлийн бага хурал биш боловч сэтгүүлчид төрийн тэргүүнтэйгээ нүүр тулан уулзаж байгаа ховорхон боломжийг ашиглаад сонирхсон асуултууддаа хариулт авч, чөлөөтэй ярилцаад авсан.

-Тухайлбал, юун тухай ярилцав?

-Мэдээж, эрх мэдэлтнүүдийн хулгай дээрэм, авлига хээл хахууль, хууль шүүхийн алдаа завхрал гээд хөндөөгүй сэдэв үгүй. Гэхдээ орон нутгийн сэтгүүлчид бидэнд тулгамдаж байгаа хоёр гол асуудлыг Ерөнхийлөгчийн сонорт хүргэж анхаарал хандуулахыг хүссэн.

Нэг дэх нь, аймгийн сонины эрхлэгч нар сүүлийн жилүүдэд сониноо захиалагчдад нь хүргэж түгээж өгөх ямар ч боломжгүй боллоо. Сумын шууданч гэж байхгүйтэй адил. Тэд унаагүй, цалингүй, суух өрөө тасалгаагүй. Тэдэнд найдах боломжгүй. Цаашид сониноо гаргах уу, болих уу гэдэг асуудлыг Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоонд байнга тавьдаг болсон.

Тэдний асуудалд хариу өгөхийн тулд авто замын хөндлөн болон босоо тэнхлэгийн дагуух 10 шахам аймгийн 20 гаруй сумын шуудангийн газраар орж, шууданчийг нь олж уулзах гэж оролдлоо. Сонины эрхлэгч нарын ярьсан үнэн байв. Сумын шууданчид аль эрт унаагүй явгарсан юм байна. Сард 120 мянган төгрөг авдаг. Энэ нь цалин юм уу, урамшуулал юм уу мэдэхгүй. Бидний нийгмийн даатгалыг компани төлдөг гэж тэд ярьсан. Гар дээрээ аваагүй цалингаас нийгмийн даатгал яаж бодож төлдгийг мэдэхгүй. Цалингаа нэмүүлэх, төсөв зардлын асуудал гаргах ямар ч боломжгүй. Биднийг хэл ам хийж, элдэв зүйл ярихыг хориглодог гэж уулзсан шууданчид ярьж байна.

Үндэсний шуудангийн үйлчилгээ орон нутгийн түвшиндээ нэгэнт дампуурсан байна. Бодит нөхцөл байдалд тодорхой дүгнэлт гаргаж, үндэсний  шуудангийн асуудалд төрөөс баримтлах бодлогыг шинээр томьёолох зорилго бүхий Ажлын хэсгийг Засгийн газраас байгуулж, өгөхийг хүсэж ЗГХЭГ-ын дарга, Д.Амарбаясгаланд албан бичиг хүргүүлээд байгаагаа Ерөнхийлөгчийн сонорт бас хүргэсэн.

Энэ хоёр асуудлаа УИХ-ын даргатай уулзахдаа ч мөн ярьсан.

-Шуудангийн асуудал Цахим хөгжлийн яаманд харьяалагдах уу?

-Тэгэлгүй яах вэ. Цахим хөгжил, харилцаа холбооны яам нэртэй шүү дээ. Тэр харилцаа холбоо гэдэг үгийн цаана шуудан байгаа гэж хүчээр ойлгож байгаа. Үнэн хэрэгтээ шуудан гэдэг үг, ойлголт биднээс өдөр тутам алсарсаар л байгаагийн илрэл. Бүхэл бүтэн яаманд шуудангийн мэргэжилтэй нэг ч хүн байхгүй гээд бод. Шуудан харилцааны хэлтэс гэж байдаг. Хэлтсийн даргаа ядаж мэргэжлийн хүнээр тавьчихгүй яасан юм бэ гэхээр үнэхээр шуудангийн мэргэжлийн хүн олдохгүй байна гэж хариулж байна лээ. Шуудангийн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль курс ч байхгүй болсон. Энэ салбар үнэхээр элгээрээ хэвтчихсэн нь эндээс тодорхой байгаа биз дээ.

-Яам таны яриад байгаа асуудлыг хэрхэн хүлээн авч байгаа вэ?

-Нэг талархмаар зүйл нь яам бодит байдлыг хүлээн зөвшөөрч байгаа. Бас өнгөцхөн ч гэсэн мэдээлэлтэй байгаа юм билээ. Гэхдээ байгуулагдаад хоёр жил болж байгаа яамны одоогийн удирдлагуудад бурууг өгөх боломжгүй.

Улс орон зах зээлийн нийгмийн шинэ тогтолцоонд шилжих үеэс шуудангийн үйлчилгээний салбарт төрийн бодлого эхнээсээ буруу явагдсан. Аль эрт либералчлах, төр хувийн хэвшлийн түншлэлийг зөв хослуулах, салбарт өрсөлдөөнийг бий болгох шаардлагатай байжээ гэж харагдаж байгаа.

Төрийн өмчит “Монгол шуудан” компани 2016 оныг хүртэл салбарт дангаар ноёрхож, боломжит тусгай зөвшөөрлүүд, бүх онцгой эрх дархыг дангаар эзэмшиж байсан боловч зах зээлийн нийгмийнхээ жамыг дагалгүй, өөрчлөгдөж шинэчлэгдэхгүй, бусдад боломж олгохгүй явсаар орон нутгийн түвшиндээ ийнхүү дампуурлын байдалд ороод байна.

Одоо шуудангийн салбарын бодлогын хэрэгжилтийг хангах төрийн захиргааны төв байгууллагын хувьд Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд бид гол найдварыг тавьж байгаа. Гэхдээ асуудлыг цогцоор нь нэг мөр шийдэхийн тулд яамны хариуцах ажлын хүрээ хязгаартай байгаа тул ажлын хэсгийг Засгийн газрын түвшинд байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо илэрхийлээд байгаа.

-Та бүхний уулзалт зөвлөгөөнд Цахим хөгжлийн яамны төлөөлөл оролцсон байсан. Ямар шийдвэрт хүрсэн бэ?

-Шууд шийдвэр гаргах боломжгүй л дээ. Зөвлөгөөнд оролцсон ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатарт  аймгийн сонины эрхлэгч нар бодит байдлыг ёстой “өнгөтөөр” нь ярьж өгсөн. Төр анхаарах цаг нь болсон гэдгийг ямар ч байсан ойлгуулсан гэж бодож байгаа. Асуудлыг танай холбооны санаачилгаар байгуулагдаж байгаа Ажлын хэсэг дээр нухацтай хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргана гэдгээ тэрээр илэрхийлсэн.

-Ер нь ямар шийдвэр гаргахын төлөө та бүхэн ажиллаж байгаа вэ?

-Товчоор хэлэхэд, сумын шууданч бүрийг унаатай, ядаж нэг “Prius” машинтай, ядаж цалингийн доод түвшингөөр  цалинжуулах, суух өрөөтэй, бичгийн болон нойлын цаасаа авах төсөвтэй болгохыг зорьж байгаа. Энэ нь мөрөөдөл биш бодит ажил болох ёстой.

Нөгөө хот хөдөөгийн ялгааг арилгах, алслагдсан хөдөөгийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх төрийн айхтар бодлогыг хэрэгжүүлэх ажил эндээс эхлэх ёстой. Төр ард түмнийг холбох торгон хэлхээ сумын шуудан ямар үйлчилгээтэй байхаас шалтгаална.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 67 (7311)