Б.Алтангэрэл

 

"Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024" эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж өндөрлөлөө. Зөвлөгөөнөөр  энэ онд хийж хэрэгжүүлэх эрүүл мэндийн  салбарын үйл ажиллагааны хүрээг тодорхойлж, салбарын удирдах ажилтнуудыг нэгдсэн мэдээллээр хангах, эрүүл мэндийн салбарын өнгөрсөн оны ажлын ололт амжилт, тулгамдсан асуудлыг хэлэлцэв. УИХ, Засгийн газрын төлөөлөл, ЭМЯ, яамны харьяа байгууллага, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, үндэсний төвүүд, аймаг, нийслэл, дүүргийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдийн удирдлагууд оролцлоо. 
Жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг “Дэлхийн эмч нарын өдөр” болгон тэмдэглэдэг. Дэлхийн эмч нарын өдөр улс орны хэмжээнд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлах, дэлгэрүүлэн таниулах зорилготой олон талт үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг билээ. Энэ жил “Эмч танаараа бахархъя” уриа дор зохион байгуулж нийслэл, аймаг, дүүргийн харьяа төр болон хувийн хэвшлийн байгууллагуудаас нийт 2500 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл уг арга хэмжээнд оролцов.

 

Эрт илрүүлэг үзлэгт улсын хэмжээнд 1.3 сая хүн хамрагдсан

 

Засгийн газрын 2023 оны "Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээний тухай" 321 дүгээр тогтоол, "Эрүүл шүд арга хэмжээг хэрэгжүүлэх тухай" 322 дугаар тогтоол батлуулан ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх цогц арга хэмжээний төлөвлөгөөг найман яамны оролцоотой хамтран баталж хэрэгжүүлж байгаа юм. Дэлхий дахиныг хамарсан цар тахлын дараах хүн амын эрүүл мэндийн байдлыг тандан судалж хүндрэлээс сэргийлэх зорилгоор Засгийн газрын шийдвэрээр 2022 оны тавдугаар нийт хүн амыг эрт илрүүлэгд хамруулах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Энэ оны эхний улирлын байдлаар эрт илрүүлэг үзлэгт улсын хэмжээнд 1.3 сая хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 40 орчим хувийг эзэлж байна. 


Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ “Манай аймаг 170 орчим эрүүл мэндийн байгууллага, 2000 гаруй эмч, эмнэлгийн байгууллагын  мэргэжилтэнтэй. Байшин барилга, хүний нөөц, дэд бүтэц, тоног төхөөрөмжийн хувьд бусад орон нутагтай харьцуулахад сайн. 2024 оныг Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлд түлхүү анхаарч, ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлыг өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулах ажлыг хийж хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг илтгэлдээ “Эрт илрүүлэх үзлэг оношилгоог энэ сараас эхлэн эрчимжүүлэх үүрэг өглөө. Эрт илрүүлэг үзлэг эхэлснээс хойших хоёр жилийн хугацаанд манай аймаг 60 орчим хоол боловсруулах эрхтний хавдрыг эрт үед нь оношилж эмчилсэн. Мөн зүрх судасны өвчлөл улсын дунджаас дээгүүр статистик үзүүлэлттэй байдаг. Зүрх мартахгүй төсөлтэй хамтран зүрхний чиглэлээр эрт илрүүлэг хийж хэрэгжүүлсэн. Орон нутагтаа эмч хөтөлбөр болон аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр “Эрүүл Эрдэнэт хүн-2023” төслийн амжилттай хэрэгжүүлсэн. Энэ онд үргэлжлүүлэн ажиллана” гэв.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль батлагдсанаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгдсэн тогтолцоо бий болж, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төсвөөс санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн байгууллага, иргэдийн оролцоо нэмэгдсэнээр хүн амаа өвдсөн хойно нь илүү зардал, өртөгтэйгөөр эмнэлэгт эмчлэх бус аль болох эрүүл байлгах, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд санхүүжилтийг чиглүүлэхэд анхаарч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт, санхүүжилт, нөөцийн хуваарилалтыг төгөлдөршүүлэх шаардлагатай гэж үзэж гүйцэтгэлийн санхүүжилтийн реформыг улам боловсронгуй болгож, зарим шаардлагатай зохицуулалтыг хэлэлцлээ.

 

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийг гардууллаа

 

“Эмч танаараа бахархъя” арга хэмжээг нээж Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв. Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медаль шагналыг гардуулсан юм.
Олон улсын эмч нарын өдөрт зориулсан уг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль”-ийг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Бейсен нарын хамт Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт гардуулан өглөө. Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгож, бүх нийтээр эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэн, эрсдэлт хүчин зүйлсийг арилгахын тулд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах, удирдах, санхүүжүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг уг хуулиар зохицуулах аж. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хууль нь ирэх сарын 1-нээс /өнөөдрөөс/ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх аж.

 

Нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт эзэлж байна

 

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв. Эрүүл мэндийн салбарын бүтэц, тогтолцооны өөрчлөлт, бодлогын шинэчлэлээс танилцуулж, тулгамдаж буй асуудлуудын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зорилтот санаачилгуудаас дурдсан юм. 
Тэрээр “Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин буюу сэргийлж болох өвчлөл, нас баралт эзэлж байна. Тиймээс иргэд өөрсдөө урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь чухал. Түүнчлэн манай улсын 15-69 насны гурван хүн тутмын нэг нь, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй, эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс даруй 10 шахам жилээр бага байгаа энэ цаг үед Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийг баталсан нь нэн ач холбогдолтой” хэмээв.
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар цахим орчны хэт хэрэглээ, олон нийтийн сүлжээн дэх мэдээллийн урсгал гэх мэт иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж буй олон талт хүчин зүйлсийг тодорхойлж, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг системтэйгээр түгээх, салбарын бодлого, шийдвэрийн уялдааг хангах, хувьсан өөрчлөгдөж буй олон улсын практик туршлагуудтай хөл нийлүүлэх ёстойг тэмдэглэн хэлэв. Мөн эрүүл мэндийн анхан шатлалын тусламж, үйлчилгээний санхүүжилтийг, нэг иргэнээр тооцсон тарифыг бодит өртөгтэй уялдуулан шинэчилснээр тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад дэвшил гарч, иргэдэд хамгийн ойр ажилладаг өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг бодитоор үнэлэн урамшуулах тогтолцоо бүрдсэн гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 63 (7307)