Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн дэд сайд асан, АШУ-ны доктор, профессор, ШИНЭ намын дэд дарга Ж.Цолмонг урьж ярилцлаа.
-Өвчлөл, эндэгдлийн түвшин буурах биш харин нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг хэрхэн явагдаж байгаа вэ?
- Юуны түрүүнд эрүүл энхийн манаанд ард түмнийхээ сайн сайхны төлөө нүд цавчилгүй зүтгэж байдаг энхийн цагийн цагаан халадтай баатрууд эмч, сувилагч нар болон арын албыг дааж тавтай тухтай ажлаа хийхэд дэмжиж тусалж байдаг ажилтан, ажиллагсдадаа олон улсын эмч нарын баярын мэндийг хүргэж эрүүл энхийг хүсье. Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаалд “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журам”-ыг батлах тухай тушаал гарсны дагуу эрүүл мэндийн салбар, эмнэлгүүд иргэдийг эрт илрүүлэгт хамруулах ажлыг эрчимтэй зохион байгуулж байгаа. Гэсэн хэдий ч иргэдийн дунд хавдрын өвчлөл буурахгүй байгаа нь сэтгэл зовних асуудал болоод байгаа юм.Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг нь төрөлжсөн багцын сонголтоор хийгдэх хувь хүний урьдчилан сэргийлэх үзлэг, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг гэсэн хоёр хувилбараар явагддаг. Ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг нь ажилтны эрүүл мэндийг тандах, ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт үед нь илрүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах, улмаар өвчлөгсдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад авч системтэй эмчлэн эрүүлжүүлэхэд чиглэгддэг. Эрүүл мэндийн даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц үзлэгийг 1-5, 6-17, 18-30, 31-45, 46-60, 61-ээс дээш гэсэн насны зургаан бүлэгт хуваан явуулж байгаа. Мөн 1-17 насны хүүхдүүдийн эрт илрүүлгийн үзлэгийг сум, өрх, тосгоны эрүүл мэндийн төвд хийж, 18-61 түүнээс дээш насны даатгуулагч иргэдийг лавлагаа шатлалын эмнэлэгт жилд нэг удаа хамрагдахаар зохион байгуулж байгаа. Нас насанд нь тохирсон эрүүл мэндийн үзлэгийг хийж ялангуяа 18 дээш насанд хавдраас сэргийлэх оношилгоонд хамруулж байгаа учраас жилд нэг удаа хамрагдах бүрэн боломжтой. Харин энэ тал дээр иргэдийн мэдээлэл дутмаг, мөн ард иргэдэд хэрхэн урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах талаар дэлгэрэнгүй мэдээллийг системтэй өгч чадахгүй байгаатай холбоотой хамралтын хувь янз бүр байна.
-Сүүлийн үед манай иргэдийн дунд хавдрын олон төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай болсон. Ямар ч хавдрын өвчлөлийг 6 сарын дотор илрүүлбэл бүрэн эмчлэх боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг. Гэвч иргэдийн хувьд урьдчилан сэргийлэх үзлэгт жилд нэг удаа хамрагдах заалттай хэдий ч 2 жилд нэг удаа хамрагдаж байгаа нь хавдрын өвчлөл нэмэгдэх шалтгаан болж байгаа юу? Өөр хүчин зүйлээс шалтгаалж байгаа юу?
- Манай иргэдийн дунд хортой, хоргүй хавдрын өвчлөл буурахгүй хандлага байгаа тул эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай. Хорт хавдрын эрт илрүүлэг screening-д ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй эрүүл хүн амын дунд, тодорхой хорт хавдарт өртөх эрсдэлт бүлгийг тодорхойлж явуулдаг. Хавдрын эрт илрүүлгээр хавдрын урьдал эмгэг, өөрчлөлтийг илрүүлэх, улмаар оношлох, эмчлэх, хянах үйл ажиллагаа ордог.
Хорт хавдрын эрт илрүүлэгт хямд, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хэрэглэхэд үйлчлүүлэгч болон эрүүл мэндийн ажилтанд төвөггүй, аюулгүй байх гэсэн шаардлага тавигддаг. Хорт хавдрыг эрт илрүүлээд эмчилгээг эхэлбэл өвчлөл нас баралтын тохиолдлыг бууруулах бүрэн боломжтой байх гэсэн шалгуур дээр үндэслэдэг.
Манай улсад хорт хавдрын эрт илрүүлгийн төрөлд урьдчилан сэргийлэх, оношлох боломжтой умайн хүзүү, хөх, элэг, ходоод, улаан хоолой хорт хавдруудын эрт илрүүлэг ордог. Эдгээр хавдрууд нь нийт хорт хавдрын 60 гаруй хувийг эзэлдэг. Хэрэв эдгээр хорт хавдрын эрт илрүүлгийг амжилттай хийж чадвал нийт хавдрын 60 хувийг хяналтад бүрэн авч чадна гэж үздэг.
ЭМ-ийн тухай хуулийн 35-р зүйлд 40 түүнээс дээш насны элэгний В,С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-3 удаа хамруулах, мөн тухайн насны хүмүүсийг ходоод, улаан хоолойн хорт хавдрыг илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, 30-60 насны эмэгтэйчүүдийг умайн хүзүү, хөхний эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд гурван жилд нэг удаа, 50 настай болон түүнээс дээш насны иргэдийг уушгины эрт илрүүлэгт жилд нэг удаа, бүдүүн шулуун гэдэсний хавдрыг эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулахаар тус тус заасан байдаг. Тэгэхээр тухайн өвчнөөс, түүний онцлогоос хамаараад жилд бүр 1-3 удаа хамрагдахаар ч хүртэл байгаа нь хоёр жилд нэг удаа хамрагддаг гэдэг ойлголт буруу байна гэж хэлмээр байна.
-Эмэгтэйчүүдийн хорт хавдрын тэргүүлэх байрыг умайн хүзүү болон хөхний хорт хавдар эзэлж байна. Гэтэл эдгээр хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэж үздэг. Гэтэл манайд өвчлөл, нас баралт өндөр байсаар байна.
-Манай улсын хувьд 2012 оноос АНУ-ын Мянганы сорилын сангийн санхүүгийн болон техникийн дэмжлэгтэйгээр умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлж эхэлсэн. Мөн анх удаа АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөөр 3,3 сая долларын өртөг бүхий умайн хүзүүний хорт хавдрын эсрэг гардасил вакциныг санаачлан оруулж 10-15 насны охидын 10 хувьд тарьж эхэлсэн. Харамсалтай нь вакцин тарих үйл ажиллагаа зогсож эхний нэг тунг бүтэн тариад хоёр дахь тун руугаа орж байх үед зогсоосон. Уг вакцин умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэхээс гадна бэлгийн замаар дамжих 25 өвчнөөс болон эрэгтэй хүний бэлэг эрхтэн, шулуун гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлдэг ач холбогдолтой. Умайн хүзүүний хорт хавдрын вирусийг эрэгтэй хүн тээж эмэгтэй хүнд халдаадаг учир эдийн засгийн чадамжтай улс орнууд өсвөр насны охидоо төдийгүй хөвгүүдээ тарилгад хамруулж бүр товлолын вакцин болгосон байдаг.
Манай улсын хувьд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт 2012-2020 онд дундаж хамралт аймгийн хэмжээнд 50,8 хувь, улсын хэмжээнд 44,8 хувь, Улаанбаатарын хэмжээнд 38,8 хувийн хамралттай гэсэн судалгаа байна. Эндээс харахад хөдөө орон нутагт хамралт илүү сайн байгаа нь харагдаж байгаа хэдий ч нийт хамралтын үзүүлэлт маш муу байна гэж дүгнэж болно.
Эрт илрүүлгийн хувьд тулгамдаж байгаа асуудлуудаас дурдвал хүний нөөц хангалтгүй мөн тогтворгүй, хүн амыг эрт илрүүлэгт урих үйл ажиллагаа хангалтгүй, шаардлагатай хэрэгслийн хангамж муу гэх мэт олон асуудал байна. Хөдөө орон нутагт эсийн шинжилгээний хариу хүлээгдэл ихтэй, хариу ирэх хугацаа урт, лавлагаа шинжилгээ хангалтгүй. Амбулаторийн ачаалал их, хүн дагасан хяналт сул, дуран буюу нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжийн чанар хүртээмж хангалт муу байгааг дурдах ёстой. Саяхан ЭМ-ийн сайд нь 300 гаруй хүн элэгний Д вирусийн эмчилгээ хийлгэхээр хүлээж байгаа талаар ярьж байна.
-Долоо хоногийн таван өдөр нь ажиллаж байдаг хүмүүс эмнэлэгт дугаарласаар үзүүлж чаддаггүй байх нь олонтоо. Тэгвэл эмнэлэгт дугаарлан зогсдог энэхүү цагийн хуваарийг өөрчлөх боломж байгаа юу? Нэг эмнэлгээс нөгөө газарт дугаарлаж үзүүлэх цаг, өдөр давхцдаг тохиолдол нэлээдгүй гардаг. Тэгвэл эмч, сувилагчдыг ээлжээр ажиллуулах зохицуулалт хийх боломж байгаа болов уу?
-Эрүүл мэндийн сайдын 2020 оны А\478-р тушаал байдаг. Уг тушаал нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн байгууллагын үзлэгийн цаг товлох үйлчилгээг утсаар зохицуулах журмыг баталсан тушаал юм. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болоон бусад холбогдох хуульд эрүүл мэндийн ажилтны цагийг тусгайлан заасан заалт тушаал баталсан. Үүнд иргэдийн ажлын цагт тааруулан ажиллана гэсэн заалт байхгүй. ЭМ-ийн ажилтнууд дээрх хуулиудын дагуу эрх, үүргээ хүлээнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 5-р зүйлийн хөдөлмөрийн харьцааны суурь зарчмын 5.1.4, 8.1-д албадан хөдөлмөрлүүлэхийг хориглох гэж заасан байдаг. Мөн 1-р зүйлд хөдөлмөрийн доод хэм хэмжээг хангасан байх гэж заасан. Төрийн эмнэлгүүдэд эмч, сувилагч нар ээлжээр ажиллаж жижүүрлэсэн хэвээр байгаа. Төрийн эмнэлгийн амбулаторийн үйлчилгээний хувьд ажлын цагаар буюу өглөөний 7:30-17 цаг хүртэл ажилладаг журамтай. Хувийн эмнэлгүүд хагас, бүтэн сайнд дотоод журмаараа зохицуулаад ард иргэдэд үйлчилж байгаа. Харин түргэн тусламжийн үйлчилгээ нь 24 цагийн бэлэн байдлыг хангаж иргэдэд үйлчилдэг. Мөн яаралтай тусламжийн үйлчилгээ нь дотрын, мэс заслын, гэмтлийн, эх барих эмэгтэйчүүдийн, хүүхдийн нарийн мэргэжлийн яаралтай тусламжийг үзүүлж 24 цагийн бэлэн байдлыг хангадаг. Гадаадын улс орнуудад ч бидний бодсоноор өдөр, шөнөгүй үйлчилдэг нөхцөл байдал байдаггүй юм байна билээ.
-Дэлхийн улс оронд өдөрт 421 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Эрүүл мэндийн зардлын 15 хувийг эмнэлгийн үйл ажиллагаанаас шалтгаантай таагүй тохиолдлыг шийдэхэд зарцуулдаг гэсэн тоо баримт байна. Монголд өдөрт дунджаар хэдэн хүн эмнэлэгт хэвтэж, хэдэн хувьд нь таагүй явдал тохиолддог вэ?
-Монгол Улсын хэмжээнд 2022 онд нэг сая 59 мянга орчим хүн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эдгээрийн 553 мянга орчим нь Улаанбаатар хотын эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлсэн гэсэн тоон мэдээлэл байна.
2018-2021 онд эрүүл мэндийн байгууллагаас ЭМХТ-д мэдээлсэн тохиолдлуудын дүн шинжилгээний тайлангаас харахад эмнэлгийн орчинд унасан хүн 1,45%, мэс заслын аюулгүй байдал 2.3%, ЭМБ-ын дотоод халдвар 5.3%, эмийн аюулгүй байдал 12 %-тай гэсэн тоо баримт байна. Харилцааны доголдол 15 хувь эзэлдэг гэх жишээтэй тоо баримтууд байна. Иймд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа. ЭМ-ийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар гээд ярихаар эрүүл мэндийн тогтолцоо ямар байгааг заавал ярих шаардлага гардаг.
Эрүүл мэндийн тогтолцоог ярихын тулд ДЭМБ-аас томьёолж гаргасан зургаан бүрэлдэхүүн хэсэг буюу зургаа building bloc-гийг заавал ярих ёстой. Үүнд эрүүл мэндийн салбарын засаглал, санхүүжилт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм зүй, хүний нөөц, мэдээллийн технологи ордог. Дээрх зургаан бүрэлдэхүүн хэсгийн хоорондын уялдаа байдаггүй. Уялдааг хангахгүйгээр салбарын хөгжил урагш явахгүй.
Хүний нөөцийн блок дээр юу ч хийгдээгүй болохоор нөгөө таван зүйлд хэчнээн өөрчлөлт хийсэн ч үзүүлэлт сайн биш гараад байгаа юм. Хүний нөөц нь ажиллаж байж салбарыг авч явна. Хүний нөөц дээр цалинд ямар ч өөрчлөлт ороогүй, нийгмийн хамгааллын чиглэлээр ямар ч идэвх гаргаагүй. Эрүүл мэндийн ажилтны эрх зүйн байдал маш хүнд байдалд орсон.
Жишээ нь хэн дуртай нь эрүүл мэндийн ажилтан эмч, мэргэжилтэн рүү дайрдаг, сайн ойлгохгүй, мэдлэггүй байж буруу ташаа тайлбарлах, нэр хоч өгөх мэтээр юу ч хамаагүй ярьж байна. Цалинг нэмэхээр улсын төсөвт нэрмээс болох учраас цалинг нэмдэггүй. Өнөөдөр эмнэлгүүдэд сувилагчийн тоо хангалтгүй, үүнийг шийдэх нэг арга нь сувилагчийн сургуулийг үнэгүй болгоно гэсэн шийдлийг гаргасан. Гэтэл цалин бага байгаа нь үнэгүй сургуульд сургаад ямар ч нэмэр болохгүй. Хүнийг орон сууцтай болгох, гэр оронтой болгох талаас нь дэмжих, өвдөх үед нь болон олон хүүхэдтэй бол яах юм гэх талаас нь нийгмийн асуудлыг дэмжих нь зөв. Ялангуяа өвдөх үед нь хэрхэн дэмжих талаар бодолцох ёстой. Сувилагч өөрөө өвдлөө гэхэд халааснаасаа, цалингаасаа төлж байгаа төлбөрийн хэмжээ хэд билээ. Үүний судалгааг улс орнууд дөрвөн жил тутамд хийдэг. 2014 онд манайд хальт хийсэн юм билээ. Тэр судалгаагаар халааснаас хийж байгаа төлбөр 40 хувь байсан. ДЭМБ-аас 25 хувьд барих зөвлөмж өгдөг. Эрүүл мэндийн нийгмийн асуудлын талаар нэгдсэн бодлогогүй зөвхөн тухайн байгууллагын даргын үзэмжээр шийдэх жишээтэй. Эмч, иргэдийг хооронд талцуулаад орхидгоос зохистой хуулийн зохицуулалт байхгүй. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөө гаргасан санал огт байдаггүй. Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд нь сонгуулийн штаб болдог.
-Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудал бусад улс орнуудтай харьцуулахад ямар түвшинд байгаа вэ? Эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологи хэр хөгжсөн гэж үзэж байгаа вэ.
- Миний бие дэд сайд байхдаа анх удаа Дэлхийн банкны хөрөнгө оруулалтыг Монгол Улсын эрүүл мэндийн салбар луу тэр тодроо мэдээллийн технологи руу чиглүүлж оруулсан. Хэдийгээр энэ ажил 10 жил саатсан ч мэдээллийн технологи дээр олон төсөл хийгдсэн. HIS hospitql informqtion system, HES hospitql information exchange platform хийгдсэн. Эрүүл мэндийн даатгал бие даагаад, гүйцэтгэлийн санхүүжилт гэх мэт олон ажил хийгдсэн
Засаглал дээр ЭМ-ийн багц хуулиудыг шинэчлэх шаардлагатай болсон. Санхүүжилт нь өөрчлөгдөөд байхад толгой хууль нь хэвээр байгаа. Санхүүжилт дээр ДНБ харьцуулах 4.2 хувиас илүү гарахгүй байгаа. Нийт төсөв ихсээд байгаа боловч ДНБ-д эзлэх хувь нь ихсэхгүй байгаа юм. ЭМ-ийн салбар нь хүчирхэг орнуудыг аваад үзэхэд эрүүл мэндийн зардал нь ДНБ-ний 10 түүнээс дээш хувьтай тэнцэж байна. Харин манай улсын хувьд ДНБ-д эзлэх хувь дөнгөж 4 гаруй хувьтай байна. Ядаж 5 хувьд хүргэх хэрэгтэй байна. Эрүүл салбарын төсөв Монгол Улсын төсвийн өнгөж 5,8 хувьтай тэнцэж байгаа бөгөөд энэ нь сонгуулийн жил болон өмнөх, хойн, сонгуулийн бус жилээсээ хамаараад 2,9-5,8 хувьтай байгаа нь учир дутагдалтай байна. Эрүүл мэндийн салбарын зардлын 87 хувь нь лавлагаа шатлалд зарцуулагдаж дөнгөж 13 хувь нь дөнгөж анхан шатандаа зарцуулагдаж байна.
Хүчирхэг анхан шатны тусламжтай болгох зорилгыг Астанагийн тунхагт тусгасан. Дэлхий дахин UHC буюу амьдарч байгаа орчноосоо үл хамаараад хэрэгцээтэй тусламжаа цаг алдалгүй, санхүүгийн дарамтгүй авах зорилгыг дэвшүүлж байна. Гэтэл ард иргэдийн халааснаасаа төлж байгаа эмнэлгийн зардлаас болж иргэд ядууралд өртөж байгаа талаар Монгол Улс нэг судалгаа гаргаагүй. Олон улсад энэ судалгааг байнга хийдэг.
Улаанбаатар хотод НЭМГ-аас зөвшөөрөл авсан 2485 хувийн эмнэлэг байгаагаас орон сууцны хороололд 80 хувь, гэр хороололд 20 хувь нь байна. Үүнээс харахад эрүүл мэндийн үйлчилгээний тэгш бус, хүртээмжгүй байдал харагдаж байна. 750.000 иргэд амьдарч байгаа гэр хороололдоо үйлчилгээ хүүрэлцэхгүй байхад 750.000 орчим иргэд амьдарч байгаа орон сууцны хороололд дийлэнх үйлчилгээ нь төвлөрч байна. Ихэнх томограф, MRI гэх мэт нарийн шинжилгээний тоног төхөөрөмжүүд нь гэр хороололд огт байхгүй байна. Ингээд харахаар бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалт алдагдаж байна.
Монгол Улс 21 аймаг, 330 сум, 978 багтай. Үүнээс хилийн дагуу байрлалтай алслагдсан 63 багууд байна. Багийн эмчийн орон тоог байхгүй болгож сумаас хамаардаг болсон нь багийн иргэд анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах боломжгүй болсон.Багийн эмч нарыг орон тоог сэргээх хэрэгтэй.
-Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа 100 үйлчлүүлэгч тутмын 14 нь ямар нэг байдлаар халдвар авдаг гэж яригддаг. Энэ талаар таны бодол?
-Ер нь эмнэлгийн орчинд халдвар авах эрсдэлүүд байдаг. Жишээ нь Германы Эссений их сургуулийн эмнэлгийн эрүүл ахуйн тэнхимийн профессор Волтер Попын судалгаанд дурдсанаар сүрьеэ өвчин эмнэлэг дотор дамжин халдварлах боломжтой 100.000 хүнд 156 тохиолдол илэрсэн байна. Мөн эмнэлгийн бохирдсон эд зүйлсээр шууд зөөвөрлөгдөн хүмүүст халдварлах, эмнэлгийн ажилтны гараар дамжих халдвар эмнэлгээс үүдэлтэй халдварын тохиолдлын 50 хүртэлх хувийг эзэлдэг талаар судалгаанд дурдсан байна.
Иймд эрчимт эмчилгээний нэгжийн эмнэлгээс шалтгаалах халдвар, эмнэлгийн хоол хүнсээр дамжих халдвар, эмнэлгийн тусламжийн үйл ажиллагаатай холбоотой халдвар, мэс заслын халдвар, цусны халдвар, эмнэлгийн эрүүл ахуйн байдал зэргээс шалтгаалсан халдвараас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг олон улсын хэм хэмжээнд хүргэж сайтар сахих шаардлагатай байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 63 (7307)