Б.ТУУЛ

    Жил бүр “Олон улсын театрын өдөр”-ийг угтаад театрын уран бүтээлчид, урлаг судлаачид, үзэгч фенүүд хамтран театрын урлагийн талаарх үзэсгэлэн, уулзалт хэлэлцүүлэг, урлагийн тоглолт зэрэг олон арга хэмжээг зохион байгуулдаг. Тэгвэл энэ удаа манай урлагийн салбарынхан энэ баярт өдрийг нэгэн сонирхолтой, өвөрмөц бэлэгтэй угтаж байна. Учир нь түүхийн шаргал хуудаснаа “Бөмбөгөр ногоон” хэмээн алдаршсан манай улсын анхны мэргэжлийн урлагийн театрыг энэ удаа орчин үеийн VR технологийг ашиглан виртуал орчинд мөнхөлжээ.  Тэртээх 1927 оны намар “Ардын цэнгэлдэх хүрээлэн” нэртэйгээр анх нээлтээ хийж байсан “Бөмбөгөр ногоон” театр Монгол Улсад соёлын үрийг тарьж, “Алтан үеийнхэн” гэгддэг урлагийн салбарын сор болсон авьяастай, алдартай уран бүтээлчдийг бэлтгэж, өнөөдөр бид тэдний тарьсан соён гэгээрлийн  үрээр дэлхийн хөгжил дэвшилтэй эн зэрэгцэж яваа билээ.

    Цахим орчинд дахин “сүндэрлэн боссон” “Бөмбөгөр ногоон театр”-ыг Б.Билгүүн захиралтай “Зэв дижитал музей”-н залуус бүтээн байгуулсан байна. Тухайлбал та виртуал музейд зочилсноор тухайн үеийн “Бөмбөгөр ногоон театр”-ын  барилгын дотоод орчин, тохижилт, үзвэр үйлчилгээний танхим зэргийг түүхэнд мөнхөрсөн уран бүтээлчдийн дүр төрхтэй хамт уялдуулан сонирхолтой хэлбэрээр үзэж танилцах боломжтой болжээ.

Уран бүтээлч залуус  тус театрыг дижитал орчинд байршуулахдаа “Бөмбөгөр ногоон” театрын  бильярдны өрөө, нүүр будгийн өрөө, цайны газар, театрын тайзны орчинд зочлох сонирхолтой үзвэрийг бэлтгээд зогсохгүй алтан үеийнхний амьд түүхийг тухайн үеийн ардын дуу, ая дантай нь, тайлбар зүүлттэй нь байршуулж өгсөн нь орчин үеийн оюутан залуус, уран бүтээлч залууст мэдлэг мэдээлэл өгөх, түүхэн цаг хугацаагаар аялах ховорхон боломжийг олгож өгчээ.

Эх сурвалж: www.zms.mn