С.УЯНГА

 

 Мягмар гарагийн шөнө дундаас эхэлж орсон их хэмжээний цаснаас болж өчигдөр өглөө нисэх буудал руу яарч явсан баахан машин мөргөлдлөө. Үүнээс болж Чингис Хаан олон улсын нисэх буудал хүрэх хурдны замын зорчих хэсгийг бүрэн хааж, иргэдийг Төв аймгийн замыг сонгон явахыг  зөвлөөд байв. Осолтой холбоотойгоор түгжрэлээ тооцож  нислэгээс 2-3 цагийн өмнө нисэх буудал дээр хүрэлцэн ирэхийг МИАТ анхааруулсан бол АТҮТ 17 машин мөргөлдсөн гэсэн албан ёсны мэдээллийг өгөөд байв. Энэ мэтээр төр, хувь, иргэдийн дунд үл ойлголцол үүсэх, ажлаа алдаж, эд хөрөнгөөрөө хохирох гээд тал талд хэцүүхэн асуудалтай нүүр туллаа. Ослын улмаас 10 хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, гурван иргэнийг Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт аваачжээ. Тэр дунд МИАТ-ийн нисэх багийн гишүүд болон БНСУ-ын иргэн байсан. Нисэх багийн гишүүн хагалгаанд орж магадгүй гэсэн мэдээллийг эх сурвалж хэллээ. Тэгвэл манай улсад ганц байгаа хурдны зам гэгддэг Хөшигийн хөндийн замын арчилгаа, аюулгүй байдлыг хэн ямар байгууллага хариуцах ёстой вэ. Өөрөөр хэлбэл, Зам тээврийн хөгжлийн яам ажлаа хийсэн бол олон хүн эд хөрөнгө, цаг хугацаа эрүүл мэндээрээ хохирохгүй байв. Гэтэл салбарын яам, харьяа байгууллагууд ажлаа хийсэн бол энэ аюулаас сэргийлэх бүрэн боломж байжээ. Үүний ганцхан жишээ нь туулах чадвар асар өндөртэй “Урал-375Е” машины тэвшин дээр суурилуулсан байлдааны МиГ-15 сөнөөгч онгоцны ВКА-1А хөдөлгүүр, дуу чимээнээс тусгаарлаж операторын кабиныг нь тоноглосон тусгай зориулалтын авто машин ЗТХЯ-ны харьяа байгууллагуудын хаа нэгтээ ашиглахгүй хэвтсээр байгаа аж. Энэхүү хүчирхэг техник иргэний нисэхэд гурван нэгж байдаг. Мөн Батлан хамгаалахын Химийн цэргийн ангид хоёр нэгж байдаг юм байна. Үүнтэй холбоотойгоор бид иргэний нисэхийн инженер, доктор Т.Батжаргалтай ярилцлаа. 

 

Т.Батжаргал: ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАРЫН УДИРДЛАГУУД ЖААХАН Ч БОЛТУГАЙ СЭТГЭЛ ГАРГАСАН БОЛ ОЛНЫГ ХАМАРСАН ОСОЛ ГАРАХГҮЙ БАЙЖ БОЛОХ  БАЙСАН 

-“Чингис хаан” Олон улсын нисэх буудал явдаг хурдны замын ашиглалт, арчилгаа цэвэрлэгээг хаанаас хариуцдаг бэ? 
-Нийслэлийн хот тохижилтын газар “Энх тайвны өргөн чөлөө”-ний  замын цас мөсийг арилгаж дийлэхгүй байж олон улсын нисэх буудлын 32 км урт зам буюу “хурдны зам” гээд байгаа нэгдүгээр ангиллын замын цас мөсийг цэвэрлэж барахгүй. Миний сонссоноор энэ 32 км замын цас мөсийг цэвэрлэх ажлыг Чингэлтэй дүүргийн ТҮК хариуцдаг, эвдрэл гэмтэл засварыг нь Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын хөгжлийн төв хариуцдаг гэж ойлгосон. Харин үзэгдэх орчин муудсан үед энэ авто замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах асуудал хойшид сургамж болж гарч ирж байна. “Чингис хаан” олон улсын хурдны зам дээр олныг хамарсан авто осол гарч олон иргэд хохирсон энэ асуудлыг хараад хэрэв манай зам тээврийн салбарын удирдлагууд нь хариуцсан ажилдаа жаахан ч гэсэн эзний сэтгэл гаргадаг байсан бол иргэд ингэж хохирохгүй байсан гэсэн харамсал төрж байна. Учир нь тэр замаар зорчиж байгаа иргэд бол манай иргэний нисэхийн үйлчлүүлэгчид болох зорчигчид, гадаадын зочид, үдэгсэд, угтагсад мөн ажил руугаа очиж явсан нисэх буудлын ажилчид, нисэх багийн гишүүд шүү дээ. Тэд бүгд олон улсын нисэх буудал руу яарч явсан. Хэдийгээр Онцгой байдлын газар, Ус цаг уурын албаныхан агаар муудаж цасан шуурга болохыг урьдаас анхааруулж байсан ч иргэд замын нөхцөл байдалд явдлаа тохируулахгүй, хянуур болгоомж алдсаны улмаас олныг хамарсан автын осол гарч иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирч цаашлаад нислэгээсээ хоцрох зэрэг шууд болон шууд бусаар олон хүн хохирлоо.


-Ер нь ашиглалтад орсноос хойш арчилгаа хэр хийдэг байсан юм бол. Ийм тууш замын хувьд эрсдэл гарлаа гэхэд ямар арга хэмжээ авах ёстой вэ? 
-Нисэх буудлын хурдны зам ашиглалтад орсноос хойш  цэвэрлэгээ, арчилгаа тийм ч сайнгүй. Ялангуяа өвлийн саруудад энэ замын хэд хэдэн газарт цасан хунгар саад, халтиргаа гулгаа үүсдэг, гэнэтийн хур тунадас буух үед зам дээрх үзэгдэх орчин түр зуур хаагдах үед иргэд замаа чөлөөлж түр зогсолт хийх, эсвэл хурдаа сааруулж хэдэн км цагийн тогтмол хурд барихыг анхааруулж өгөөгүй. Мөн өвөл нь цас ихэвчлэн шуурч ордог манай орны нөхцөлд хурдны замын өөд, уруу хоёр урсгалын дундуур заагласан хаалтыг нөмөрлөж цасан нөөлөг, хунгар ихээр үүсэж хөрлөн хатуурч улмаар халтиргаа гулгаа үүсэхэд тэр дор нь цэвэрлэж хүчрэхгүй байгаа харагддаг.


-Тэгэхээр олон хүн хохирсон хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ? 
-Энэ удаагийн хурдны зам дээрх олныг хамарсан авто осолд олон газрыг хамаатуулж болно. Ялангуяа ЗТХЯ, ИНЕГ, МИАТ ТӨХК зэрэг агаарын тээвэрлэгч компани, Тээврийн цагдаагийн алба, Нислэгийн тийз борлуулдаг агентууд гээд олон байгууллага зохих хэмжээнд хүлээх л ёстой. Мэргэжлийн байгууллагуудаас ойрын хугацаанд агаар муудаж цасан шуурга шуурна гэдгийг мэдээлсээр байхад эдгээр байгууллагууд өөрсдийн шугамаар зохих арга хэмжээ аваагүй. Нисэх буудлыг зорих иргэд, зорчигчдод анхаарал болгоомжтой зорчихыг урьдчилан хэлж анхааруулж болох л байсан. Түүгээр ч зогсохгүй хурдны замын эрсдэлтэй хэсгийн аюулгүй байдлыг хангаж цас мөсийг нь цэвэрлүүлж болох л байсан. Мэдээж “Чингис хаан” ОУНБ өөрсдийн машин техникээр нисэх онгоц бууж хөөрөх нислэгийн зурвас, перрон талбайн цасыг цэвэрлээд хамгаалалтын бүсийн гадна талд хурдны замыг цэвэрлэхэд цаг хугацааны хувьд боломжгүй. Тэгэхлээр одоогоор тогтмол үйл ажиллагаа явуулаагүй байгаа Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын зарим автомашин  техникийг дайчлан гаргаж энэ хурдны замын цас мөсийг нь цэвэрлүүлж болох шүү дээ. 


-Цэвэрлэх хүчин чадалтай техник хэрэгсэл ЗТХЯ, ИНЕГ-т байгаа юу. Тухайлбал ямар машин техникийг дайчилж болох вэ? 
-Сүүлийн 50 жилд ороогүй их хэмжээний цас энэ өвөл орж хөдөө орон нутгийн зам харгуй, уул даваа цас мөсөнд хаагдаж ердийн багаж техник, хүн хүч арилгаж дийлэхгүй хүчин мөхөстөж байгаа газруудад ИНЕГ-ын мэдэлд байдаг ТМС-65 машинуудыг одоо л дайчлан хэрэгтэй. Өмнө ч хэлж байсан.  
Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын аэродромын зурвас, перрон талбайн цас цэвэрлэх зориулалттай ТМС-65 хэмээх хүчирхэг техник иргэний нисэхэд гурван нэгж байдаг. Мөн Батлан хамгаалахын Химийн цэргийн ангид хоёр нэгж байдаг. Энэ бол Зөвлөлтийн үед үйлдвэрлэгдсэн туулах чадвар асар өндөртэй “Урал-375Е” машины тэвшин дээр суурилуулсан байлдааны МиГ-15 сөнөөгч онгоцны ВКА-1А хөдөлгүүр, дуу чимээнээс тусгаарлаж операторын кабиныг нь тоноглосон тусгай зориулалтын авто машин байгааг өнөө цагт уул давааны  зам, харгуй цасанд хаагдсан үед очиж үлээлгэн зам гаргах боломжтой. Ер нь бол энэхүү тусгай зориулалтын ТМС-65 машин нь нисэх онгоцны тийрэлтэд хөдөлгүүрээс гардаг асар хүчтэй халуун хийн урсгалын хүчийг ашиглаж химийн зэвсэг хэрэглэсэн үед агаарт тархсан хорт утааг үлээлгэж сарниулах, бохирдсон машин техникийн гадаргууг цэвэрлэж ариутгах зорилгоор бүтээгдсэн юм.Мөн аэродром дээр их хэмжээгээр орсон цасыг цэвэрлэхэд, ялангуяа цас маш ихээр унадаг Сибирийн нисэх буудлууд, цэргийн аэродромуудад өргөнөөр ашигладаг. Бас  хотын агаарын бохирдол онц их үед тодорхой газар районд ажиллуулж турших хэрэгтэй юм. Гэвч одоо манай нөхдүүд ийм машинууд байдгийг мэдэхгүй, ажиллуулж чадахгүй буруу хадгалсаар  элэгдэлд ороход хүргээд байгаа юм. Уг нь энэ хүчирхэг техникийг мэддэг хөдөлгүүрийн инженер, техникч операторчид  ИНЕГ-т байгаа шүү дээ. Хамаг учир нь ямар ч чадваргүй зальтай нөхдүүд мэргэжлийн байгууллагын эрх бүхий албан тушаалд гарчихаад байгаагаас өмч эзэнгүйдүүлж, улс орны хэрэгцээ шаардлагатай газарт нь хэрэглэж чадахгүй дараад байгаа юм. Энэ ТМС-65 машины ВКА-1А тийрэлтэд хөдөлгүүрийг хөөрөлтийн их горимон дээр нь ажиллуулахад нэг цагт 900 литр “ТС” нисэх онгоцны шатахуун зарцуулдаг ч ажлын бүтээмж асар их. Энэ хөдөлгүүр хамгийн их горим  дээрээ 13.000 морины хүчээр ажилладаг. Ийм хүчээр үлээхэд хир баргийн нөөлөг цас, зузаан хунгарыг бол хуу үлээнэ, зам дээрх мөсийг ч хайлуулна шүү дээ. Гагцхүү ВКА-1А тийрэлтэд хөдөлгүүрийг ажиллуулахад шаардагдах шатахуун “ТС” (керосин)-ыг нь нисэхийн компаниуд, нисэх онгоцны “ТС” шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд гаргаж өгч болно шүү дээ. 


-Шууд ашиглахад хүний нөөцөөс эхлээд хаана хэрхэн дайчлах гээд асуудал гарах байх. Ялангуяа орон нутгийн замд ашигласан туршлага байхгүй шүү дээ? 
-Манайд өмнө нь энэ машиныг орон нутгийн зам дээр ингэж ашиглаж байсан туршлага бол байхгүй, гэвч одоо туршиж үзээд ач холбогдол үнэхээр их бол шатахуун их зарцуулах үгүй нь хамаагүй онцгой байдлын шугамаар дайчлах л хэрэгтэй. Тухайлбал зүүн бүсийн авто зам үе үе цасанд хаагддаг. Тэр үед нь Дорнодын нисэх буудлаас, мөн баруун бүс болон Хангайн бүсийн зам даваа хаагдаж Онц байдал тогтоосон үед Мөрөн нисэх буудлаас энэ ТМС-65 машиныг дайчлан гаргуулдаг байж болно. Мөн Батлан хамгаалахын химийн цэргийн анги салбарт хадгалагдаж байгаа ТМС-65 машинуудыг ч гэсэн техник үйлчилгээг нь хийлгэж ажилд гаргах хэрэгтэй. Энд зөвхөн төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоо, удирдлагуудын эх орон ч сэтгэл зүтгэл байхад л шийдэж болох зохион байгуулалтын асуудал байгаа юм.


-Та тэгээд ЗТХЯ-ны удирдлагуудад энэ асуудлаар хандсан юм уу? 
Мөн өнгөрсөн 2023 оны эхэнд миний бие орон нутгийн дотоодын нислэгийн чиглэл давтамжийг олшруулж, нислэгийн тийзийн үнэ тарифыг эрс бууруулах боломж, хэрэгжүүлэх арга замын талаар С.Бямбацогт сайдад ЗТХ-ийн сайдын ажил аваад удаагүй байхад нь уулзаж хэлж зөвлөж, судалгааны ажлаа хүртэл өргөн барьсан. Гэтэл энэ ажлыг мэргэжлийн бус, туршлагагүй хүмүүсээр хагас дутуу, үр дүн муутай хийлгэсэн. Тэр нөхдүүд магадгүй ашиг сонирхол хавчуулсан ч байж болзошгүй  гэж хардагдахаар байна. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 61 (7305)