Баатарын НЯМСҮРЭН 

Хуудсыг нь сөхөх бүрд шинэ бодол, хүсэл тэмүүлэл, зорилгод хөтөлдөг ертөнц бол ном. Зохиогчийн оюун санаа, цаг хугацаа, хөдөлмөрийн үрээр бүтсэн ном бүр үнэ цэнтэй. “Зууны мэдээ” сонин “Би номынхоо тухай” буландаа “Чихтэй шувууны садан” номын зохиогч Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зураач Ө.Рагчаасүрэнг урилаа. 
 

 

31 хүний сонирхолтой түүхээр аялаарай

“Чихтэй шувууны садан” номоо гаргасан түүх их сонирхолтой. Учир нь манай Дархан-Уул аймагт ном унших  дуртай салбар салбарын  мэргэжилтэй хүмүүс бий. Тэдгээрийг багагүй хугацаанд судлаад ээлжит бүтээлээ гаргах болсон. Миний номд 31 эрхэм багтсан.  Тэдний сонирхолтой түүхийг онцлон бичихдээ багагүй хугацаа зарцууллаа. Номд багтсан ихэнх хүмүүс нь  Дархан-Уул аймгийнх. Хуудсыг нь эргүүлэхэд хамгийн эхэнд байгаа зургаан хүн надтай их ойр байдаг. Тэдний дунд хоёр хуульч, инженер, багш, боловсрол судлаач бий. Бид зургаа 10 жилийн өмнө ном унших хүсэл сонирхлоороо бүлгэм болж нэгдсэн. Биднийг Дархан-Уул аймаг төдийгүй цахим орчинд мэдэхгүй хүн ховор. Эдгээр нөхдөө түшиглэж ээлжит номоо уншигч олондоо өргөн барьсан. Номоо бичих үйл явцаа бүлгэмийн гишүүддээ дуулгаагүй. Миний уран бүтээлийн ес дэх ном болж мэндэллээ. Үүнээс гадна хэд хэдэн хүүхдийн зохиолууд эрхлэн гаргасан.  “Чихтэй шувууны садан” номын өмнөх бүтээл бол  “Уутан хацарт” хэмээх хүүхдийн зохиол.  

 

 

Чихтэй шувуу бол эрдэм ном оюун ухааны бэлгэдэл

Би ээлжит номоо “Чихтэй шувууны садан” хэмээн нэрлэсэн. Аливаа бүтээлийн нэр уншигчийн анхаарлыг татахуйц сонирхолтой байх ёстой.  Номын нэрийг сонирхож асуух хүн олон байгаа. Шар шувууг эрт үеэс номын мөр дагасан, бичгийн хүмүүс шүтэн дээдэлдэг  түүхтэй. Эрдэм ном оюун ухааны бэлгэдэл. Яагаад бичгийн хүмүүс шүтдэг вэ гэхээр шөнө  сэргэг, ухаантай шувуу болохоор тэр. Гадаад байдал нь том нүдтэй, толгой нь бүтэн эргэж орчин тойрноо бүрэн шинждэг онцлогтой шувуу. Миний бүтээлдээ баримталдаг  нэг зарчим бол ном бүрдээ өөр онцлог шингээхийг эрмэлздэг. Төрөл бүрийн сэдвээр бүтээлээ гаргах нь чухал. Мөн уншигчийн эрэлт хэрэгцээг мэдрэх явдал.  Энэ удаагийн бүтээлээ бичихдээ сэтгүүл зүйн хөрөг нийтлэлийн төрлийг ашиглалаа. Хөрөг гэхээр хүмүүсийн санаанд  том хэмжээтэй нийтлэл бодогдож магадгүй. Миний бичсэн арга барил бол хөрөг таталбар юм.  Мөн сонирхолтой богино гарчиг оноосон. Хэмжээний хувьд том хөрөг нийтлэлүүдтэй харьцуулахад бага хэмжээтэй. Тиймээс нийтлэлийн баатраа хөрөг таталбараараа бүрэн илэрхийлэх  боломжгүй. Би бичвэрээрээ тухайн хүний 1-2 сонирхолтой баримтыг ашиглаж бичсэн.  Одоо нутгийнхаа тухай ээлжит номоо гаргахаар шамдаж байна. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 59, 60 (7303, 7304)