Б.ТУУЛ
...”Шүхэртэй бүсгүй” таарав. Хар шүхэр нь хатагтай малгай шиг эрхэмсэг. Харин тэр бүсгүй бардам бөгөөд ихэмсэг. Шүхэр даган урсах бороон дусал нь тэр бүсгүйн нулимс шиг гунигтай. “Энэ бүсгүй хэн нэгнийг орхиж яваа юм болов уу, эсвэл...”гэж бодно. Гэтэл бодол сарниаж, олон “Бүсгүйчүүдийн шивнээ” чих дэлсэнэ. Охид бүсгүйчүүд хорвоогийн бүх зүйлийг ярьж байна. Тэд дурласнаа ярьж догдлоно. Харин зарим нь хагацал үзэж, хайр дурлалын төлөө дарс ууж ганцаардана. Хавар яг л бүсгүй хүн шиг юм. Хавар цагийн ийм догдлуухан бас олон хуйсагнуур бодлыг Монгол Арт галерейн үзэсгэлэнгийн I,II танхимд үзэгчдийн хүртээл болж буй “Бүсгүй төрх-100” үзэсгэлэнгээс ийнхүү мэдрэх ажээ.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан гарсан энэхүү үзэсгэлэнд гадаад дотоодын мэргэжлийн уран бүтээлчдийн хамтарсан 80 гаруй уран бүтээлчийн 100 зураг дэлгэгдсэн байна. Мөн алтан үеийн хамгийн алдартай зургуудын нэг, 1950-иад оны зураг болох “Орос эмэгтэй”, “Илгээлтийн эзэн” зэрэг Монголын сор болсон зураачдын үнэ цэнэтэй бүтээлүүдийг Монгол Арт галерейн хамт олон уран бүтээлийн сан хөмрөг, архиваасаа дэлгэн гаргасан нь урин цагийг угтсан, зураач уран бүтээлчдэд, шинэ залуу зураач нарт үзэх харах, бусдаас суралцах зүйл ихтэй үзэсгэлэн болжээ.
Эх сурвалж: www.zms.mn