Баатарын НЯМСҮРЭН 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Дархан-Уул аймгийн  “Галт шувуу” сургалтын төвийн багш, Соёлын тэргүүний ажилтан,  морьт харвааны тамирчин Б.Түмэннастыг онцолж байна. Морин соёлыг түгээн дэлгэрүүлж яваа эрэлхэг дайчин бүсгүйн түүхийг хүргэе. 

 

Ээжээрээ морь унахыг заалгажээ

Б.Түмэннаст зургаан жилийн өмнөөс морьт харвааны спортоор хичээллэж эхэлжээ. Тус спортоор хичээллэх тухай хэзээ ч  бодож байгаагүй гэдэг. Тэрбээр нэг удаа морь сайн унадаг хүн нум сум харвахад дөхөм болохыг олж мэдсэн байна. Энэ үедээ морьт харваагаар хичээллэх санал танилаасаа авчээ. Морьт харваагаар хичээллэдэг бүсгүйчүүд ховор. Сонирхож хичээллэх хүн байдаг ч тууштай хичээллэдэггүй. Түүний хувьд морьт харваагаар хичээллэх үед амаргүй байжээ. Энэ тухайгаа “Морьт харваагаар би дурлаж хичээллэсэн. Анх нумаа татаж чадахгүй гар хорсож байлаа. Үүнийг давж гарах нь чухал юм билээ. Одоо морьт харваа миний орхиж чадахгүй хобби болсон” гэв. Б.Түмэннастын давуу тал нь моринд эрэмгий, дайчин чанартай. Учир нь бага насаа хөдөө малын бэлчээрт, морин дэл дээр өнгөрүүлжээ. Зургаан ахтай охин учраас эршүүд өссөн аж.  Аав нь моринд эрэмгий хүн байжээ. Гэхдээ Б.Түмэннаст ээжээрээ морь унах дадал, техникийг заалгажээ. Ээжийнхээ үргэлжлэл болж явна хэмээн ярих бүсгүйн харцнаас дайчин хөдөлмөрч чанар харагдаж байв. Ах нар нь морь  уядаг байсан учраас Б.Түмэннаст хурдны морь унаж наадмын торгон дэнжид уралддаг байжээ. Түүний бага нас түүх дурсамж дүүрэн өнгөрсөн байна. Түүний хоёр эгч, эмэгтэй дүү нь мориноос хол гэнэ. Энэ тухайгаа “Би бага насны хүсэл сонирхлоо орхиогүй. Хүний хань болж, ээж болсон ч морь унах хүсэл сонирхлоо орхиогүй. Нөхөр минь морь уяна. Би хажууд нь дэмжиж тусалдаг” гэсэн юм. Тэрбээр ээжийн үүргээ гүйцэтгэнэ, сургалтаа орно, бэлтгэлээ хийж олон зүйлийг амжуулдаг хөдөлмөрч нэгэн. Мөн дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн одонтой ээж. 

 

Холын зайн рекордыг эзэмшигч 

Морьт харваа амаргүй спорт. Тухайн тамирчин сумаа харахгүйгээр сумладаг. Тиймдээ ч мэдрэмж их шаардана.  Бусад техникүүдийг сурах нь чухал. Б.Түмэннастын анхны тэмцээн нь клубуудын хоорондох бооцоот уралдаан. Энэ үедээ 150 метр газар таван бай харвах ёстой байж. Харин түүний хувьд нэг сум харваад өнгөрч байж. Энэ үеэс хурцлагдаж цаашдын амжилтаа гаргасан биз ээ. Чингис хаан шуудан харилцааг үндэслэсэн. Ингэхдээ өртөө улааны алба байгуулаад өөрийн гаргасан зарлиг, тушаалаа  гурав хоногт түгээдэг байжээ. Нэг мориор хэр зам туулахыг тооцож гаргасан гэдэг. Үүнийг одоо үетэй нийцүүлэхээр телевиз, аялал жуулчлалын компани хамтарч төсөл санаачилж явуулсан удаатай. Энэ хүрээнд уралдаан зохион байгуулахад 21 аймаг, есөн дүүргийн тамирчидтай өрсөлдөж 1000 км-ийн уралдаанд түрүүлсэн бахархам гавьяа Б.Түмэннастад бий.  Энэ үедээ бүргэдийн дэвэлт, морины давхилт дунд вино хундгалж үзэгчдийг гайхшруулсан билээ. Мөн “Зэв дайчид” нэвтрүүлэгт оролцож байсан удаатай. Харин дараа жилийн 1000 км-т уралдахдаа бэртэл аваад удаагүй байжээ. Гэвч тэрбээр хүмүүсийн итгэлийг алдахгүйн төлөө хичээж гуравдугаар байр эзэлсэн. Энэ үеэ “Манай “Дархан” компани  ивээн тэтгээд зохион байгуулж байгаа газарт нь мөнгө төлчихсөн, танилцуулга бичлэг маань түгчихсэн байсан учраас  зориглоод тэмцээндээ оролцсон. Их тэвчээр сорьсон” гэлээ. Түүний хувьд Морьт харвааны спортын холын зайн рекордыг эзэмшдэг. Мянган километрийг 34 гараагаар  39 минут 36 секунд 20 долиор туулсан.  Тэрбээр Соёлын тэргүүний ажилтан цолныхоо тухай “Морьт харвааны спортыг өмнө жилээс манай улс дэмжиж болсон. Тиймдээ ч нэн яаралтай хамгаалах соёлын өвд багтаалаа. Энэ хүрээнд соёлын өв тээгч хэмээн хүндэтгэл үзүүлж Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр урамшуулсан. Үүнд нь их баярлаж байгаа. Тус шагналыг урлагийн соёлын хүмүүс авдаг гэсэн ойлголттой надад урам өгсөн” гэв. 

 

“Галт шувуу”сургалтын төвийн үүсгэн байгуулагч 

 

Түүний спортоор хичээллэх суурийг тавьсан газар “Хан Монгол” клуб. Эндээс л хамт олонтой болж, хүсэл сонирхол нэгдсэн тамирчдаас суралцсан байна. “Хан Монгол” клубийн захирал түүнд Дархан-Уул аймагтаа хүүхдийн сургалт хичээллүүлэхийг зөвлөжээ. Б.Түмэннаст “Дарханд газар олдох нь ховор л доо. Аймгийн иргэдийн хурлын даргадаа морь уналга  сургалтын төв байгуулах хүсэлтэй буйгаа хэлсэн. Магадгүй миний амжилтыг үнэлж итгэл хүлээлгэж дэмжсэн” гэлээ. Ингээд  гурван га талбай газарт “Галт шувуу” сургалтын төвөө хичээллүүлэхээр болсон бөгөөд өнгөрсөн намраас үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Бүх зүйлдээ сэтгэлээ зориулсан гэдгээ учирлав. Эхлээд хашаагаа барьжээ. Дараа нь худаг унаж, аж ахуйн жижиг бүтээн байгуулалтаа сүндэрлүүлсэн аж. Өдий хугацаанд морь уналгын хоёр төгсөлт авсан амжилттай. Өвлийн улиралд цаг агаарын орчин нөхцөлөөс шалтгаалаад хэсэг хугацаанд завсарласан гэнэ. Харин цагаан сарын үеэр ажил нь эхэлсэн гэдгээ дуулгасан юм. Түүний морь уналгын төвд ЕБС-ийн сурагчид Монгол өв соёлын хичээлийнхээ хүрээнд  ирж үйл ажиллагаатай нь танилцаад явдаг гэдгээ хэлж байв. Ингэхдээ хийцтэй цай боорцгоор хооллож, морь унаж, нум сумаар харваж монгол ахуйтай танилцдаг байна. Б.Түмэннаст  сургалтад хамрагдахаар ирсэн хүүхдүүдийн саналыг сонсдог байна. Тэд морь унахаар ирсэн, харваа сурахаар ирсэн гэсэн хоёр хариултыг өгдөг гэнэ. Морьт харваагаар тууштай хичээллэж буй  хоёр шавь түүнд бий. Б.Түмэннаст багш морь уналга, арчилгаа, ахуйтай холбоотой зүйлийг заадаг ажээ. Харин охидод үнээ саах, сүү хөөрүүлэх, цай чанахыг заадаг аж. Харин чөлөөт цагаар нь домог үлгэр, танин мэдэхүйн холбогдолтой сургалт ордог ажээ. Мөн эрүүл хооллохыг эрмэлздэг гэдгээ ч хэлж байлаа. Сургалтын төвөө “Анх сургалтын төвдөө “Дэлт шувуу” нэр бодлоо. Өөр нэг клубийн нэртэй давхцаад байгаа мэт санагдаад “Галт шувуу” болгосон. Тухайн клубийн нэрийг судлаад  үзэхэд “Дэлт сум” гэдэг байсан юм билээ. Би алтан шар өнгөнд их дуртай. Цаанаасаа л шар өнгө намайг ивээдэг” гэлээ. 


Түүний морьт харвааны үзүүлбэрийг үзсэн хүмүүс ур чадварыг нь үнэлж сайшаан магтах нь олонтой. Морьт харвааны бүх зүйлд нь өв соёл шингэдэг гэдгийг онцолж байсан юм. Б.Түмэннаст морин дэл дээр давхиж явахдаа амар амгалан, аз жаргалыг мэдэрдэг гэнэ лээ. Одоо үед хүмүүс наадам үзэхдээ ихэвчлэн машин хөлөглөх болсон. Харин Б.Түмэннаст морио унаж, монгол дээлээрээ гоёж нааддаг. Энэ  дадал олон хүнд үлгэр дуурайлал болдог нь тодорхой. Түүний хүүхдүүд нь мөн л морь унах дуртай. Тэрбээр морио өөрөө сургаж уналгад ашигладаг дайчин бүсгүй. Мөн малтай холбоотой бүх зүйлээ өөрөө хийж гүйцэтгэдэг. Тухайлбал, малын хашаагаа цэвэрлэх, үнээгээ саах, морио унах гээд бүхнийг амжуулдаг ажээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 56, 57 (7300, 7301)