Р.Оюун
Үндэсний спортын харвааны төрлөөс анх удаа 100 сая төгрөгийн шагналтай “Лиг” харваа буюу магнай болон дээд тус бүр найман багийн тойргийн харвааг зохион байгуулах талаар Монголын мөсөн сурын холбооныхон мэдээллээ. Тэмцээн энэ сарын 24-26-нд Цонжин болдог дахь “Уухайн дуу” амралтын баазад болох аж. Мөсөн сурын харваа нь монгол эрчүүдийн тэсвэр тэвчээр, эр чадал, авхаалж самбаа, хурц хараа, сэтгэхүй, бие бялдарын хөгжил, ахмадаа хүндлэх уламжлал болсоор эрт үеэс улбаатай их өв, өнөө цагийн спортын төрөл болон хөгжиж байна. Мөн энэ харвааг өвлийн олимпийн төрөлд оруулахыг алсын хараагаа болгон тодорхойлсон олон талт үйл ажиллагаа явуулж байна хэмээн зохион байгуулагчид хэлж байлаа.
Монголын мөсөн сурын холбоо Улаанбаатар хот, 21 аймагт салбар холбоотой. 15 мянга гаруй гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулахаас гадна ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Өвөрмонгол, Шинжаан уйгар, АНУ-ын Нью-Йоркт өргөжиж байна. 2013 оноос цол, зэргийн ангилалд бүртгэгдэж 250 гаруй спортын мастер, дэд мастер төржээ. Мартагдаж, устах эрсдэлд ороод байсан, Монголд төдийгүй дэлхийд ганц өв, соёл болох Мөсөн сурын харвааг Баян-Өлгий аймгийн Булган суманд уламжлагдаж ирснийг хамгаалах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монголын мөсөн сурын холбоог 2008 онд байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн байна.
Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, дотоодын болон Монгол Улсад олон улсын спорт, аялал жуулчлал гэсэн нийтийг хамарсан эвентийг нэмэхээр тус холбооноос аймаг, орон нутагт өвлийн спортыг хөгжүүлэх, дотоод, гадаадын жуулчдыг татах, нийслэлийн замын хөдөлгөөнийг сааруулах зорилгоор хэд хэдэн санал санаачилгыг гарган ажиллаж байгаа ажээ.
Эх сурвалж www.zms.mn