Б.АЛТАНГЭРЭЛ
Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хийх зориулалттайгаар ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш гурван удаа технологийн өргөтгөл шинэчлэл хийж, 800 мянган хүнтэй хотын хоногийн 230 мянган метр куб ахуйн бохир ус хүлээн авч 90 хувь хүртэл цэвэршүүлэх хүчин чадал бүхий байгууламж болгосон байна. Гэтэл өнөөдөр хүн ам хоёр дахин нэмэгдэхийн хэрээр бохирдлын хэмжээ ч 3-5 дахин нэмэгдсэн байна. Ийнхүү хоногт 160-210 мянган метр.куб бохир хүлээн авснаар цэвэрлэх хүчин чадал нь 170 мянган метр.куб болон буурч техник технологийн эвдрэл гэмтэл их гарч байгаа аж.
Бохирыг 10 гаруй шат дамжлагаар цэвэрлэн Туул голд нийлүүлдэг
Төв цэвэрлэх байгууламж нийслэлээс ирж буй ахуйн болон үйлдвэрийн бохир усыг 10 гаруй шат дамжлагаар цэвэрлэн Туул голд нийлүүлж байна. Тэнд механик цэвэрлэгээгээр хог, өөх тос, элс, лагийг бохир уснаас цэвэрлэдэг юм. Харин биологи цэвэрлэгээгээр агаар, идэвхт лагийн тусламжтайгаар органик бохирдлыг исэлдүүлэн эрдэсжүүлдэг байна. Төв цэвэрлэх байгууламжид татан зайлуулж байгаа нийт бохир усны 7-8 хувийг ус бохирдуулагч үйлдвэр, аж ахуйн нэгж газруудын хаягдал бохир ус эзэлдэг аж. Үүний 40 орчим хувийг зөвхөн арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрийн хаягдал ус эзэлж байгааг мэргэжилтэн хэллээ.
Механик цэвэрлэгээний байгууламжид хоногт 700-800 кг үс, ноос барьж авч байгаа боловч тоног төхөөрөмж эвдрэл гэмтлээс шалтгаалан хаягдлыг 100 хувь барих боломжгүй ажээ. Төв цэвэрлэх байгууламж бохир усаа 1400 мм, 1200 мм-ийн диаметртэй хос шугамаар хүлээн авдаг. Хос шугамаар ирсэн бохирдлыг насосоор механик цэвэрлэгээний байгууламж руу шахаж өгдөг. Энэ хэсэгт усанд уусдаггүй хог хаягдлыг шүүн сараалж хэсэгт үлдээснээр хогийн цэг рүү зөөдөг гэдэг тухай Төв цэвэрлэх байгууламжийн ахлах инженер Б.Бадамханд хэлэв.
Хүлээн авах насос станцын сараалж, насосын ажлын дугуй, шугам хоолой, хаалтад хоолны үлдэгдэл, тамхины иш, ноос, нойлын цаас зэрэг ахуйн хаягдал орж механик гэмтэл үүсгэж засвар үйлчилгээ хийхэд хүндрэл учруулдаг. Өдөрт 3-4 удаа эвдрэл гэмтэл гардаг учир дараагийн ээлждээ техник, технологийг засварлан хэвийн үйл ажиллагаатайгаар хүлээлгэж өгдөг. Техникийн саатал гарвал зориулалтын хувцсаа өмсөн гар аргаар бохирдлыг цэвэрлэдэг. Тиймээс иргэд суултуур руугаа хоолны хаягдал, нойлын цаас, тамхины иш зэрэг хог хаягдал хийж бохирдол нэмэхгүй байх нь бидний ажилд тус болно гэдгийг Төв цэвэрлэх байгууламжийн оператор А.Амаасүрэн хэлж байлаа.
Лагийг хатаах, шатаах аргаар бүрэн боловсруулна
Лагийг усгүйжүүлж, хатаах үед дулааны улиралд муухай үнэр гаргадаг нь нийслэлчүүдийн тулгамдсан асуудал. 96-98 хувийн чийгшилтэй буюу “тарган” хэлбэртэй лагийг 2018 оноос өмнө зориулалтын талбайд ил задгай асгаж, хатаж дуустал нь 5-6 жилийн хугацаанд хүлээдэг байжээ. Харин 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалттай лаг усгүйжүүлэх байгууламж ашиглалтад орсноор технологийн хувьд нэг шат ахисан байна. Энэ байгууламж нь хоногт 900-1300 метр.куб түүхий лагийг усгүйжүүлснээр 70-75 хувийн чийгшилтэй болгодог аж. Ийнхүү лагийн хатах хугацаа нь хоёр дахин багасжээ. Гэвч асуудал үргэлжилсээр л лагийг бүрэн хатааж, шатаадаг дамжлага байхгүй тул 100 хувь устгах боломжгүй. Гэтэл жилээс жилд лагийн хэмжээ нэмэгдсээр байна.
Хоногт 500 метр куб лаг хатаах байгууламж, 250 метр.куб лаг шатаах байгууламжтай болно. Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжуудаас гарсан лагийг усгүйжүүлэх, хатаах, шатааж устгаснаар агаар, хөрс, усны бохирын хэмжээг бууруулна. Төв цэвэрлэх байгууламжаас хоногт гарч байгаа 250 метр куб лагийг хатааж 60 метр.куб болгон буурах аж. Хатсан лагийг шатаах байгууламжид шатааснаар 5-6 метр.куб үнс гарах юм.
500 метр.куб лаг хатаах байгууламж, 250 метр.куб лаг шатаах байгууламж барихаар төлөвлөжээ. Энэхүү байгууламж ашиглалтад орсноор хоногт 2.500 тонн бохир усыг цэвэрлэж, 200 тонн лагийг усгүйжүүлэн хатааж, шатаахад 75 хувийн чийгшилтэй лаг буюу үнс бий болох юм байна. 15-20 хувийн чийгшилтэй хуурай лаг гаргаж, дараа нь 1100 цельсийн хэмд шатааснаар байгаль орчинд хоргүй үнсэн хэлбэрт шилжсэн хэлбэрээр боловсруулахаар төлөвлөжээ. Ийнхүү лагийн бүрэн боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ ашиглалтад орох хугацааг шавдуулж буйг албаныхан хэлж байв.
Үнэр бүхэн эзэнтэй
Төв цэвэрлэх байгууламжийн албаны дарга О.Оюунбаяр “Төв цэвэрлэх байгууламжийн үндсэн чиг үүрэг бол ард иргэдийг цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулж, цэвэршүүлty байгальд нийлүүлэх юм. Шинэ цэвэрлэх байгууламж Олон улсын жишгээр далд хэлбэрээр хийгдсэн тул үнэр бага ялгаруулна. Лагыг исгэн газ үүсгэж, цахилгаан эрчим хүч нэвтрүүлэх боломжтой гэдгээрээ онцлогтой. Хэдийгээр шинэ цэвэрлэх байгууламжтай болсон ч бүх асуудал нэг мөр шийдэгдэхгүй. Лаг бүрэн боловсруулж, шатаах үйлдвэр барих ажил эхлээгүй байна. Мөн үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн хэт их бохирдолтой усыг шууд авахгүйн тулд, үйлдвэрүүдийг урьдчилсан цэвэрлэх байгууламжтай болох тогтоол гарсан. Үүнийг хэрэгжүүлэхэд хугацаа орох хэдий ч эхнээс нь цэгцлээд явж байна. Ирээдүйн Улаанбаатарын ариун цээрийн хүртээмж хэдэн метр.куб болох шаардлага үүсэх вэ гэдэг судалгаа, тооцоолол хийсэн. Энэхүү судалгаанд үндэслэн Олон улсын нээлттэй тендер зарлан БНХАУ-ын компани шалгарч 2019 оноос бүтээн байгуулалт ажил үргэлжилж байна. Энэ жил туршилт, тохируулгын ажил хийгдэж байна. Манай байгууллагад 2025 онд хүлээлгэж өгнө.
Миний хувьд үнэр бүхэн эзэнтэй гэж үздэг. Яагаад гэвэл өнгөрсөн оны наймдугаар сард Налайх орчим зөвшөөрөлгүй аюултай хог хаягдал бохир усны шугамд нийлүүлснээс нийслэлд үнэр тархсан. Энэ асуудал хуулийн байгууллагаар шийдэгдэн буруутай этгээд тогтоогдсон. Үнэр болгон цэвэрлэх байгууламжийн үнэр биш. Гэхдээ манай байгууламж үнэргүй гэж хэлэхгүй. Төлөвлөгдсөн технологийн шат дамжлагаас тодорхой хэмжээний үнэр гарна” гэдгийг хэлж байлаа.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 56, 57 (7300, 7301)