Доржийн ОЮУНЧИМЭГ

Ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ нийгмээ түүчээлэн үнэ цэн бүтээж, үлгэр дуурайлал үзүүлж буй салбар салбарын шилдгүүдийг тодруулах “Их хотын бүсгүйчүүд 2023” хүндэтгэлийн арга хэмжээний “Алдарт эх” Б.Бадамхандыг “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа урилаа.

 

“ТАВАН ҮСЭГ” СУРСАН НЬ 

Б.Бадамхандыг төрүүлсэн ээж С.Дэмбэрэл есөн хүүхэдтэй Балжин тайжийн отгон охин Хандад өөрийн охиноо өргүүлсэн аж. “Аав, ээж, өвгөн аавтайгаа дөрвүүлээ амьдардаг байлаа. Ах лам маань хэлмэгдүүлэлтэд өртөж баригдаад явсны ард аав минь өөд болж өвгөн ааваараа овоглосон юм шүү дээ” хэмээн хуучилж суугаа Б.Бадамханд өдгөө 88 настай. Архангай аймгийн Өгий нуурын гуравдугаар бригадын уугуул. Түүний удмын дээдчүүл лам голдуу хүмүүс байж. Эрдэм чадалтай, олондоо хүндлэгдсэн тайж угсааны хүн байгаа юм гэх зуураа “Ижий минь аавыг өөд болсны дараа их л хатуу цаг хугацааг туулсан юм билээ” хэмээн харамсан өгүүлж байв. Хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр дайраагүй бол гэж хааяахан боддог ч үр хүүхэд, ач зээгээ харахаар төр түмний буян заяа түшиж өдий зэрэгтэй яваа минь болоо доо хэмээн залбирч суудаг тухайгаа бидэнтэй хуваалцлаа. 
Түүний өвгөн аавыг Балжин тайж гэдэг. 12 настай байхад нь бурхан болж амьдралын хатуу, хүтүүг мэдэрч өссөн нь түүнд бичиг сурч, ном үзэх завдал өгсөнгүй. Б.Бадамхандыг бага ахуйд “Бүлгэм”-ээр дамжуулан бичиг үсэг заадаг байж. Бүртгүүлээгүй болохоор бүлгэмд орж бичиг сурах боломжгүй л байж. Гэрийнх нь хаяаг налж суусаар  байгаад таван үсэг сурсан нь “Гарын үсэг, нэрээ” зурахтай болох нь тэр. “Би хэрэв сургуульд сурсан бол овоо дориун ажил эрхлээд гүйж явах байсан даа гэж хааяахан бодогддог л юм” гэхдээ, хүн байгаадаа сэтгэл хангалуун, олонд тустай амьдарвал үр хүүхдэд буян болдог юм билээ, хүүхээ гэж сургав. Ижийтэйгээ хамт үлдсэн Бадамханд малын хойноос гүйхээс өөр сонголтгүй. Тэглээ гээд өнгөрсөн цаг хугацаа, үйл явдалд муудаж байсан нь түүнд, үгүй. Бага залууд нь өргөж авсан ижий нь өөд болсон гэдэг. “Би хүүхэд шахуу байсан болохоор ижийгээ муухан өргөсөн болов уу гэж санадаг юм. Тэр үедээ ч өөрийнхөө чадлаар л дэмнэсэн ухаантай л даа” хэмээн ярьж суугаа Б.Бадамханд гуай ах, дүү зургуулаа өсжээ. 

1974 он

 

ЗОДООНЧ ОХИН

Тайжийн удам угсаа хэдий ч хэлмэгдүүлэлтийн “шуурганд” өртсөн Б.Бадамхандаас нутгийн залуус бэргэнэ. Жижигхэн шар охиноос гарамгүй бяраар залуучуудыг чихдэж байгаад л ажлыг нь хийлгэчихдэг байснаа дурсав. “Үгэнд орохгүй, дэггүйтээд байгаа эрчүүдийг чихдэж дараад л зодчихно” гээд инээж суугаа тэрээр амьдралын хатууг сөрж туулахдаа бусдын гар харалгүй амьдрах хэрэгтэй гэдгийг хатуу санаж явсан гэдэг. Зодоонч охины чанга нударгаас нутгийн залуус зугтаж байх тэр үед Намхай гэх үеийн залуудаа “чадуулсан” тухайгаа хуучиллаа. “Манайх голоос нэлээд хол буучихсан. Модон дугуйтай тэргээр усаа зөөдөг байлаа. Нэг өдөр ус аваад эргэтэл Намхай тэрэгний минь дугуйг өнхрүүлчихдэг байгаа. Би ч шарандаа тээр доошоо өнхөрчихсөн дугуйгаа олж ирж тэргээ янзалчихаад гурван том хавчигтай усаа өргөж тавьчихаад яваад өгч билээ. Одоо бодоход их тэнхээтэй байж гэж санадаг юм” гэв. Ийнхүү нутгийн залуусыг эмээлгэдэг жижигхэн шар охин нэг голын С.Нацагдоржийн гэргий болжээ. Тэд анхны хүүхдээ, удаахыгаа ч тогтоож чадсангүй. Тэдэнд нутгийн лам хот, хүрээ бараад хэмээн захиснаар 1957 онд гурав дахь хүүхдээ төрсний дараа Улаанбаатарт амьдрахаар нүүжээ. 

 

Ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ нийгмээ түүчээлэн үнэ цэн бүтээж, үлгэр дуурайлал үзүүлж буй салбар салбарын шилдгүүдийг тодруулах “Их хотын бүсгүйчүүд 2023” хүндэтгэлийн арга хэмжээний “Алдарт эх” боллоо.

 

 

“ТОМ ЭЭЖ”

 

Охин хүүхэд нэг л алдвал дийлддэггүй юм гэнэ лээ. Охидоо зөв хүн болгож төлөвшүүлэхийн тулд нэг нь бурууг хийсэн бол бүгд л “жавтий” хүртэнэ. Тэгэхээр хүүхдүүд нэг нэгийгээ хянаад, зааж сургаад явчихдаг юм гээд хуучлах нийтлэлийн баатар “Олуулаа байх сайхан шүү хүү минь” гэв.

 

Охин хүүхэд нэг л алдвал дийлддэггүй юм гэнэ лээ. Охидоо зөв хүн болгож төлөвшүүлэхийн тулд нэг нь бурууг хийсэн бол бүгд л “жавтий” хүртэнэ. Тэгэхээр хүүхдүүд нэг нэгийгээ хянаад, зааж сургаад явчихдаг юм гээд хуучлах нийтлэлийн баатар “Олуулаа байх сайхан шүү хүү минь” гэв. Түүний том охиныг Н.Үүрийнтуяа гэдэг. Ахынхаа хамтаар дүү нараа өсгөсөн “Том ээж”. Тэрээр “Ээжийн гар одоо ч чанга шүү дээ. Тоншоод авбал өвтгөнө” гээд ээжийнхээ нүдийг хариулж байгаад жоготой нь аргагүй инээж суув. “Туул заримдаа ээжийн гар дэндүү хатуу юм” гэдэг юм гэж ярианд оролцох Б.Бадамханд гуай үгийн хариуг дор нь л өгнө. Нэг нь буруудсан бол бусад жагсаж зогсож байгаад “алганы амт” үзнэ. Энэ олон хүүхдийг чангахан гараар өсгөхгүй бол болдоггүй юм хэмээн ярих Б.Бадамханд гуай “Миний тээг хаана байна. Туулаа чи нааш ирээ” гээд л өрөө рүүгээ явлаа. 


Энэ зуур том охин Н.Үүрийнтуяа “Хорвоод амьд бурхан гэж байдаг бол миний ээж. Ер нь хүн бүрд ээж, аав нь хамгийн сайн сайхан нь байдаг шүү дээ. Ээжтэй минь зүйрлэх сайхан зүйл алга даа. Бид хоёр зэрэгцээд сууж байхад ээж минь юунд ч түүртэхгүй. Хүүхдүүдийнхээ нэрийг хооронд нь хольж солино гэж үгүй шүү дээ” гэж байлаа. Тэгтэл жижиг өрөөнөөс ирж явсан Б.Бадамханд гуай “Манай энэ бойтог шүү дээ” гэснээ миний охид өөрсдийнхөө хүчээр сургууль соёл төгсөж ажил, амьдралаа сайхан авч яваа. Эмээд санаа зовох зүйл үгүй амар амгалан сайхан л байдаг юм гэв. 


Ээж бидний багад жижигхэн суртай байдаг байлаа. Түүнийгээ унинд хавчуулчихна. Хэн нэг нь хэрэг тарьчихвал суран ташуурын амтыг үзэхээс гарцаагүй болно. Нэг нь хэрэг тарьж, нэлээд хэдүүлээ шийтгүүлдэг гэрийн дүрэмтэй. Айлын хүүхдэд зодуулсан ч, айлын хүүхдийг зодсон ч ялгаагүй ээжийн суран ташуурын амтыг үзэх нь гарцаагүй байжээ. Хов зөөж байгаа хүүхдийн үгийг сонсох хэрэггүй байдаг юм. Нийгмийн амьдралд гарахаараа хов, хор хутгаад явдаг болчихдог юм, хүүхээ. Би хүүхдүүддээ хааяахан “алганы амт” үзүүлж байсан нь буруудаагүй юм шүү дээ гэж суугаа Б.Бадамханд гуай өдгөө ч “жавтий” хүртээхээр тэнхээтэй гэдгийг охид нь ам уралдан ярьж байлаа. Бас болоогүй охидоо ажил дээрээ аваачих дуртай. Очихоор нь зүгээр суулгана гэж байхгүй. Ажлынхаа шалыг угаалгахаас эхлээд хийлгэхгүй ч юм байхгүй шүү дээ гэж Н.Дулмаа хэлэв. 

 

АЛТАН ХУРИМ

Нөхөр С.Нацагдоржтойгоо гэр бүл болсны 55 жилийн ойгоор Алтан хуримаа хийж байлаа” гэв. 

 

Б.Бадамханд 11 охинтой. “Би одоо 88 настай, 15 хүүхэд төрүүлж өсгөсөн. Нөхөр С.Нацагдоржтойгоо гэр бүл болсны 55 жилийн ойгоор Алтан хуримаа хийж байлаа” гэв. Амьтан ах дүү цуглаад, үр хүүхдээ тойруулж суух жаргал байсныг төсөөлөшгүй. Хуримын ордонд ёсолж, бөгж солилцох тэр л агшин өдгөө ч түүний сэтгэлд тодоос тод, баяр жаргал бялхуулан үлдсэн сайхан дурсамжийнх нь нэгээхэн хэсэг нь. Түүний ам бүл өдгөө 88-уулаа болж, дөрөв дэх үетэйгээ золгожээ. “Үр хүүхдүүд маань эрүүл өсөж дээд боловсрол, мэргэжил эзэмшин, ажиллаж, хөдөлмөрлөж байна. Тэднийхээ ач буянаар сэтгэл дүүрэн, сайхан амьдарч явна” хэмээн ярих зуураа тэр бид хоёр үзэлцэнэ, үзэлцэнэ гээд дунд охин Н.Дулмаа руугаа заав. 


Н.Дулмаа “Ээжийн гар хатуу. Бүр дийлдэхгүй шүү дээ. Заримдаа ээжтэй ноцолдож тоглоно. Би дийлж байгаагүй. Одоо ч дийлдэггүй юм” гэснээ ээжтэй ингээд сууж байгаа минь хэчнээн сайхан байдаг гээч хааяахан өдөж хэдэн үг чулуудчихаад ямар хариу ирэх нь вэ гээд ажаад л сууна шүү дээ гээд сахилгагүй маягтай инээж байна. 


Олон хүүхдийн буян заяа түшдэг юм шүү хэмээн хуучилж суугаа нийтлэлийн баатар маань залуу ахуйдаа оёдлын зургаадугаар артельд норм хийдэг байжээ. Тэрээр нэхмэл өмд, цамцыг оёж битүүлдэг байснаа ярив. Товчны нүх гаргах, нэхмэл товч бэлтгэх ажил амар биш аж. Зарим үед өдрийн нормоо биелүүлж чадахгүй бол мастертаа хэлж байгаад гэртээ хийж гүйцээдэг байжээ. Ямар өнгийн хэдэн утас авч гарч байгаагаа тэмдэглүүлэн мастерын зөвшөөрөл авснаа үүдний харуулд бүртгүүлж гардаг байжээ. “Ажлын хүүхнүүд янз бүрийн л юм ярина. Би тэдэнд та минь хэл чимээгүй утас, зүү авч гараад баригдаж шившиг болов. Юмыг яаж мэдэх вэ. Таварцаглаад ойчдог энгэрээс нь бөөрөнхий утас гараад өнхөрвөл яана” гээд л элдвийг л ярина шүү дээ. Хүүхнүүд “Үгүй мөн хөгжилтэй хүн шүү гэдэг сэн” хэмээн залуу цагийн дурсамжаа ярьж суусан.

 

ТОХИРОЛЦОО

Б.Бадамханд гуай хүүхдүүддээ “Та нарыг 10 дугаар анги төсгөж өгнө. Та нар цааш нь үргэлжлүүлж сурах эсэх нь өөрсдийн чинь асуудал шүү” гэж тохиролцсон гэдэг. Том охин Үүрийнтуяа 10 төгсөх жилээ гадаадад сургуульд сурах боломжтой байжээ. Гэтэл ээж нь дотооддоо сур гэж “зарлиг” буулгаснаар сувилагч болсон түүхтэй аж. “Үгүй яахав дээ. Охин минь гадаад орон руу явчихвал эргэж ирэхгүй болчихно гэж л болгоомжилсон хэрэг л дээ. Буруу зүйл хийснээ би өөрөө мэдээд байгаа юм” гэж ирээд харамсаж явдаг тухайгаа хэллээ. Харин том охин нь сувилагч болоод муудсан ч юм алга. Толгойтын эмнэлэгт 30 гаруй жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо ээжтэйгээ хамт өтлөөд сайхан л байна гэж байв. 


Н.Үүрийнтуяа ээжийнхээ лам ахаас салдаггүй байжээ. Тэрээр лам өвөөтэйгөө өрх тусгаар амьдарна. Ээжээсээ нууцаар толгой, цувдай чанаж идэх нь өвөө, охин хоёрын “нууц” гэнэ. Хүүхдийн гэдэс, ходоод өвдчихнө. Толгой цувдай идэж болохгүй шүү гэсээр байтал нь өнөөх хоёр аль хэдийн амжуулчихсан л сууж байдаг байж. 


Саяхан бие нь чилээрхсэн Б.Бадамханд гуай өрхийн эмнэлэгтээ очиж өдрийн эмчилгээ хийлгэжээ. Сувилагч охин нь ээжийнхээ тариаг нь тарьж, толгойг нь атгаад өгчих санаатай ирэхэд нь “Өрхийн эмнэлэг явнаа” гэсэн аж. “Түмний хүүхдийн толгойг барьж, тариаг нь тариад болоод л байсан юм. Энэ хөгшинд л гологдоод байх юм даа” гэх зуураа Н.Үүрийнтуяа ээжийгээ хайрлаж бас эрхлүүлж байв. Айлын том охин болж үлдсэн тэрээр дүү охидоо ч мөн хошуу цорвойн эрхлүүлж байлаа. 

Б.Бадамханд 11 охинтой. “Би одоо 88 настай, 15 хүүхэд төрүүлж өсгөсөн. 


Охидоо, ач, зээгээ тойруулан суугаа Б.Бадамханд гуай ханийгаа холын тээвэрт явахад замын хүнс, өмсөх хувцас, хөнжил, гудас гээд бүгдийг нь жимбийтэл бэлтгэж өгдөг байж. “Ээжийн зургаан охин тэтгэвэрт гарсан байна шүү дээ, тийм ээ” гээд өдсөн маягтай асууж байгаа нь дунд охин Н.Дулмаа. Тэрээр аавын минь эрхийг тастаж орж ирчихээд “Би чамаас айгаад байх юмаа гээд байгаа юмаа” гээд инээж суув. Ээж ямар үгэнд орох биш. Өрхийн эмнэлэг явахдаа аавын минь эрхийг бариад гарсан юм. Та наад эрхиэр яах нь вэ гэсээр байтал зөрөөд л аваад гарсан. Орж ирэхдээ тасдчихаад л ирж байгаа юм шүү дээ хэмээн дунд охин Н.Дулмаа ээжийгээ өхөөрдөж сууна. Амьдралын хүрд ийнхүү эргэж Б.Бадамханд гуай охидоо тойруулан жаргаж сууна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 56, 57 (7300, 7301)