Нийтлэлч Чой.БАТТУЛГА
“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хүргэсэн билээ. Бид нийтлэлдээ ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлний хичээлийн хөтөлбөр хэтэрхий хүнд, зарим нэг орох ёстой, сонирхолтой агуулгууд нь багтдаггүй учраас сурагчид залхдаг. Цаашлаад хүүхдүүд монгол хэлний хичээлдээ дургүй болж байгаа нь эх хэлний дархлаанд муугаар нөлөөлж байгаа асуудлыг хөндсөн билээ. Тэгвэл манай нийтлэлийн үргэлжлэл болж, МУИС-ийн багш, нийтлэлч Чой.Баттулга монгол хэлний асуудлаарх нийтлэлээ цувралаар хүргэж байна.
Захидал нь хүний харилцааны нандин зүйлийн нэг юм. Хүний амьдралыг захидал харилцаагүйгээр төсөөлөх аргагүй бөгөөд хүүхэд багачуудаа багаас захидал бичих, захидал харилцааны соёлд сургах маш чухал юм.
Энэ ч үүднээс, монгол хэлний сургалтад захидал бичих агуулгыг багагүй цагаар буюу одоогийн гуравдугаар ангийн “Монгол хэл” сурах бичиг /Ө.Цэндсүрэн, Р.Бигэрмаа, Жаргалсайхан, У.Нямхүү/ -т Захидал бичих үү? 10 нүүр, дөрөвдүгээр ангийн “Монгол хэл” сурах бичиг /Л.Алтанзаяа, Б.Амартүвшин, Л.Бямбачулуун, Ц. Дэлгэрсайхан, Р.Нарангэрэл/-т Бахархсан утгатай захидал бичих, тавдугаар ангийн “Монгол хэл” сурах бичиг /Л.Олзвой,Б.Оюунцэцэг, М.Энхжаргал, Ш.Отгонцэцэг /-т Бусдын үзэл бодлыг дэмжсэн дэмжээгүй захидал бичье мөн 10 гаруй нүүр хуудас судалж байх юм.
Монгол хэлний хичээлийн агуулгыг хэт онолжсон, хэлзүйжсэн байдлаас ангижруулж харьцангуй хэрэглээний, бүтээлч шинжтэй болгох хүрээнд захидал, өдрийн тэмдэглэл, номын тэмдэглэл, эсээ зэргийг бичүүлж сургаж байгаа нь сайшаалтай ч гурван анги дараалан захидал бичүүлэх тухай хичээл заагаад хүүхэд бодот амьдрал дээр захидал бичиж байна уу гэдэг нь асуудал болоод байна.
Ер нь, монголчууд бид одоо өөр хоорондоо “цаасан” захидал хэр бичдэг вэ?
Амьдрал дээр амин хувийн болоод албан хэргээ захидал харилцаагаар бараг зохицуулахгүй атлаа бяцхан хүүхдүүдэд анги дараалан олон цагаар захидал бич хэмээн номлох нь хэр оновчтой вэ. Захидал бичих соёлоо “устгачихаад” ингэх нь хүүхдийг ч, багшийг ч хашраасан үйлдэл болж байгаа бус уу?
Хэдийгээр техник технологи хөгжсөн ч гэсэн өнөөдөр хөгжингүй улс орнууд ажил хэргээ захидал харилцаагаар зохицуулсаар байна. Мөн манай томоохон албан байгууллагууд албан и-мэйл буюу захидлыг албан харилцаанд зонхилон хэрэглэхийг чухалчлах болжээ. Харамсалтай нь, олонх нь албан хэргээ Facebook messenger-ээр зохицуулж ирсэн хэвээр. Саявтархан нийгмийн сүлжээнд тархсан багш, хүүхдийн асран хамгаалагч хоёрын харилцан яриа /чат/ үүний тодорхой жишээ юм.
Цаашид, хэрэв гадаад улсын хөтөлбөр, сурах бичгээс үлгэр авах бол тухайн зүйлийн хөрс суурь бүрдэж үү, хөрс суурь байна уу гэдгийг судалж байх том сургамж өгч байна.
Захидлаас гадна
vДөрөвдүгээр ангид Урилга бичих
vТавдугаар ангид Мэдээ, өдрийн тэмдэглэл бичих
vДолдугаар ангид Илтгэх хуудас, танилцуулга бичих
vНаймдугаар ангид Албан бичгийн эхийг задлан шинжлэх, бүтэц үгийн сан, найруулгын онцлогийг тодорхойлох
vАравдугаар ангид Хөрөг найруулал, Тайлбарлах эсээ, Удирдамж бичих
vАрваннэгдүгээр ангид Аян замын тэмдэглэл, ШУ-ны хялбаршуулсан эх, Эргэцүүлсэн эсээ
vАрванхоёрдугаар ангид нийтлэл, ятгасан эсээ бичүүлэхэд сургаж байна.
Энд ч анхаармаар зүйл олон байгааг эрхэм уншигч та анзаарна буй за. Аян замын тэмдэглэлийг яагаад арваннэгдүгээр ангид бичиж сурах ёстой вэ. Тавдугаар ангийн хүүхэд мэдээ бичиж сурах нь тийм чухал уу гэх мэт олон асуудалд хариу өгөх үлдлээ.
Энэ бүгдээс үзэхэд, аливаа сурах бичгийг нэг баг бичдэг, мөн сурах бичигт орох, сурагчдын уншиж судлах эхийг хүүхдийн нас, сэтгэхүй, хүсэл сонирхлыг харгалзсан суурь судалгаанд үндэслэж сонгодог байх тогтолцоонд шилжих нь нэн чухал юм.
Үүнийг БШУ-ны сайд, удирдлагуудаас хичээнгүйлэн хүсье.
2019 онд “Монгол ёс, хүмүүжил” 1-5 дугаар ангийн таван сурах бичгийг нэг баг бичсэн, мөн уг таван сурах бичигт орсон эхийг 1-5 дугаар ангид хичээл заадаг, тэр насны хүүхдүүдийг хамгийн сайн мэддэг арван багштай хамтран бичсэн бодит туршлага байгаа гэдгийг дуулгая.