Рагчаа Оюун

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар Монголбанкны удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо. Уулзалтад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Зээлийн мэдээллийн албаны дарга Б.Баасандорж, ТТГ-ын захирал Э.Анар болон бусад албаны хүн оролцлоо. 

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар “Өнгөрсөн хугацаанд манай байнгын хороо цахим шилжилтийн 109 хуулийг боловсруулан, УИХ-аар батлуулсан. Эдгээр  хуулийн хэрэгжилтийн хүрээнд нийгэм, эдийн засгийн бүх харилцааг цахимаар зохицуулах боломжтой болж байна. 109 хуулийн 30 хувь нь банк, санхүүгийн салбартай холбогдож байна.  Бүр тодруулбал, зургаан хууль нь Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой. Монголбанк  эдийн засаг, мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдал, төлбөр тооцооны найдвартай, тасралтгүй байдлыг хянадаг байгууллага. Мөн валютын нөөцөөр  дамжуулж, худалдаа, ханш, инфляцийг авч явдаг чиг үүрэгтэй газар. Санхүүгийн салбар мэдээлэл аюулгүй байдал, инновацлаг бүтээгдэхүүн, цахим банкаар мэдээлэл технологийн салбарт тэргүүлж, түүчээлж явдаг салбар” гэдгийг онцолж байлаа.

Монголбанкны ТТГ-ын захирал Э.Анар "Төлбөрийн систем дэх цахим шилжилт"-ийн талаар танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар “Зээлийн мэдээллийн сангийн харилцаа маш чухал. Манай улс хоёр шаттай банкны системд шилжээд 30 гаруй жил болж байна. Одоогийн үйлчилж байгаа банкны системд иргэн хэрэглээний зээл аваад хойшлуулаад, төлөхгүй байж байгаад эргэж төлсний дараа иргэн санхүүгийн харилцаанд орох хаалгыг зургаан жил хаачихдаг. Ингэснээр банкнаас дахин зээл авах боломжгүй болж байгаа юм. Энэ бол санхүүгийн ял. Тиймээс уян хатан зохицуулалт хэрэгтэй. Харин банкны салбарт иргэн хэрэглээний зээл аваад тодорхой хугацаанд зээлээ төлөөгүй, хоцроосон тохиолдолд зээлээ төлсний дараа системээс хасдаг болох хэрэгтэй. Харин эсрэгээрээ Хөгжлийн банкнаас зээл авсан, төлөхгүй байгаа, зориулалтын бусаар ашигласан иргэн, аж, ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулах, санхүүгийн  салбарт харилцаа үүсгэхгүй байх систем нэвтрүүлэх шаардлагатай. Монголбанкинд зээлийн мэдээллийн хуулийг шинэчлэх ажлын хэсэг гарсан байна. Ажлын хэсэгтээ үүнийг заавал тусгах хэрэгтэй. Бусад улсад хэрэглээний жижиг зээлээ эргээд төлбөл автомат системээс хасаж, муу зээлдэгч биш болдог” гэв.

Монголбанкны ТТГ-ын захирал Э.Анар “Энэ оны нэгдүгээр сарын 12-ноос эхлэн банк, санхүүгийн байгууллагатай холбоотой Үндэсний төлбөрийн тухай хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэх зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль, Мөнгө угаах болон терроризмтой тэмцэх хууль гэсэн зургаан хуульд өөрчлөлт орсон. Тодруулбал, Банкны тухай хуулийн 39.3-т зааснаар ажилтан бичгээр болон цахимаар мэдээлэл авах боломжийг бий болгосон. Энэ нь нэг талдаа нууц, аюулгүй байдлыг хангах, цахимжих, хурдтай мэдээллийг авах боломжийг олгож байгаа онцлог” гэсэн юм.

Монголбанкны Зээлийн мэдээллийн албаны дарга Б.Баасандорж хоёр шатлалт зээлийн мэдээллийн тогтолцооны талаар   танилцууллаа. Тэрбээр “Зээлийн мэдээллийн санд 1.6  сая үлдэгдэлтэй иргэний мэдээлэл, 19.6 мянган аж, ахуйн нэгжийн мэдээлэл  байна. Мөн зээлийн мэдээллийн санд 13 банк, 436 банк, санхүүгийн байгууллага, 105 хадгаламж зээлийн хоршоо, бусад байгууллага бий. Зээлийн мэдээллийн албаны утсанд 2023 оны байдлаар 24.616 буюу өдөрт дунджаар 100 гаруй дуудлага ирж, мэдээллээр ханган ажиллаж байна. Зээлийн мэдээллийн тухай хуульд дурдсан 17 талбар мэдээллийг Монголбанкинд мэдээллийг нийлүүлдэг. Мөн Монголбанкнаас иргэн, хуулийн этгээдэд мониторинг хийх зорилгоор Э-монголиа системийг ашиглаж байгаа.  Түүнчлэн иргэн, хуулийн этгээд “Бүрэн скор”, “Сайн скор” компаниар дамжуулан зээлийн мэдээллийн лавлагааг авах боломжтой. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасан зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох ажлыг 2023 оноос эхлүүлсэн” гэлээ.

   

Эх сурвалж www.polit.mn