Б.Намуунаа
Удахгүй ЭЕШ өгөх хариуцлагатай өдрүүд эхэлнэ. Хүүхэд бүхэн мэргэжлээ зөв сонгож нийгэмд хэрэгтэй, зөв хүн болохыг зорьдог. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Боловсрол хөгжил” буландаа сурагчдыг ЭЕШ-д бэлтгэдэг “Амилуун” сургалтын төвөөс сурвалжилга бэлтгэлээ.
Энэ жил 35485 сурагч төгсөнө
Ирээдүйн Монгол Улсын иргэн эх орондоо хэрэгтэй, мэдлэг боловсролтой зөв хүн болж төлөвших нь чухал. Тиймээс бид хичээх ёстой гэж өөрийгөө дайчлах ахлах ангийн сурагчдыг харахад бахархах сэтгэл төрж байсан юм. Тэдний энэхүү үгнээс улс орны ирээдүйн хөгжил харагдах шиг. Урин хавар айлчлан ирж элсэлтийн ерөнхий шалгалт хаяанд иржээ. Тиймээс хүүхдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх төрөлжсөн сургалт, ЭЕШ-ын давтлага, 1-12 дугаар ангийн хүүхдийн хоцрогдол арилгах зорилготой “Амилуун” сургалтын төвийг зорьсон юм. Танхимаар ороход хичээнгүйлэн хичээлээ давтах ахлах ангийнхан. Ингээд эх хэл бичгийн шалгалт болоод ЭЕШ-д бэлдэж буй төгсөх ангийн сурагчдын давтлага хичээлийн үйл явцтай танилцсан юм. Сургуулиа төгсөх, ирээдүйн мэргэжлээ сонгох энэхүү шалгалт зөвхөн сурагчдын төдийгүй эцэг эхчүүдийн хувьд ч тун чухал. ЭЕШ-аа амжилттай давж, ирээдүйд ажиллах мэргэжлээ зөв сонгох хэрэгтэй. Түүнчлэн гэр бүл, өөрийн сонирхлын хүрээнд зөрчилдөх асуудлууд ч цөөнгүй байдаг. Энэ жилийн хувьд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 35485 суралцагч төгсөнө. Нийт төгсөгчдийн 18653 нь орон нутаг, 16832 нь нийслэлийнх байгаа аж. Энэхүү тоо нь өнгөрсөн жилийнхээс 5-6 мянга орчмоор нэмэгдсэн харагдаж байна. Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бүх шалгуулагч монгол хэл, бичгийн шалгалт өгдөг. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо 400. Шалгуулагч нь "Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго онооны болзол хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болно. Харин босго оноог даваагүй тохиолдолд тухайн жилдээ дотоодын их дээд сургуульд боломжгүй болох юм. Энэ нь багадаа хагас жил буюу бүтэн жилийн цаг хугацааг алдах эрсдэл дагуулдаг. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 1155 шалгуулагч дүн оноогоо дүйцүүлэх хүсэлт өгчээ. Харин энэ жил 2020 болж өссөн байна.
Хамгийн бага элсэгчтэй хичээл нь Монгол хэл
“Амилуун” төвийн хувьд 2021 оноос хойш хүүхдүүдийг ЭЕШ-д бэлтгэж эхэлжээ. Төгсөгчид нь ч багш нарынхаа урмыг хугалалгүй шалгалтдаа амжилттай өгдөг тухай тус төвийн үүсгэн байгуулагч Г.Анхзаяа онцолж байв. Биднийг очиход тус төв монгол хэлний хичээлийн шалгалтад бэлдэж байсан юм.
“Амилуун” төвийн сурагч, Нийслэлийн Москвагийн нэрэмжит 33 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Азжаргал “Би IT инженер болж, гадаадад амьдарна гэж мөрөөддөг байсан. Гэвч ээж минь эмч болохыг зөвлөсөн учраас есдүгээр ангиасаа хойш хими биологийн хичээлдээ шамдаж байна. Энэ жилээс өөрийнхөө хүсэл сонирхол болон ирээдүйгээ бодоод химийн инженер болохыг зорьж байгаа. Би “Амилуун” сургалтын төвд физик, монгол хэлний хичээлээр давтлага авдаг. Гэнэтийн шийдвэрээс болоод өөрийн сонгосон хичээлүүдийг өөрчилсөн болохоор жаахан хүндрэлтэй байгаа. Монгол хэл бичгийн шалгалтад түлхүү анхаарч байна. Миний бодлоор хүүхдүүд гадаад хэлийг илүүд үзэх болсон. Тиймээс хэл бичгийн хичээлээ орхигдуулсан гэж боддог” гэв.
Төгсөх ангийн сурагчдад монгол хэл, бичгийг анхан шатнаас нь заах тохиолдол байдаг аж. Энэ тухай “Амилуун” сургалтын төвийг үүсгэн байгуулагч Монгол хэл,уран зохиолын багш Г.Анхзаяа “Манай сургалтын төв бүх төрлийн хичээлээр сургалт явуулдаг. Анги дүүргэлтийн хувьд хүүхдүүд ихэвчлэн математик, англи хэлний хичээлд түлхүү хамрагддаг. Хамгийн бага элсэгчтэй хичээл Монгол хэл байдаг. ЭЕШ-ын өмнөх хэл, бичгийн шалгалт өгөх гэж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь монгол хэлний хичээлдээ муу, монголоороо уншиж чадахгүй байх нь цөөнгүй. Тиймээс хүүхдүүдийн ирээдүйг бодож монгол хэлний хичээлийг үнэ төлбөргүй бэлдүүлэх шийдвэрийг гаргасан. Сургалтын явцад түвшингээс хамаарч анхан шатнаас нь заах тохиолдол ч бий. Мөн хүүхдүүд монгол ахуйтай холбоотой асуултууд , холбоо үг, хэлц үгнүүдийг мэдэхгүй байх жишээтэй” гэсэн юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 53 (7297)