Б.ТУУЛ
Монголын нууц товчоонд тэмдэглэгдэн үлдсэн Алунгоо эхийн эв нэгдлийн сургаалийг бүжгэн дэгээр илэрхийлсэн Монголын анхны ардын бүжгэн жүжиг "Нарны домог" ДБЭТ-ын тайзнаа 2024 оны 3 дугаар сарын 19,20-нд 19:00 цагаас үзэгч түмэндээ хүрэх гэж байна.
Төрийн соёрхолт, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар дэглэн найруулснаар Монгол үндэстний түүхэн ардын бүжгэн жүжиг “Нарны домог” тайзнаа амилж байсан түүхтэй. Тэр цагаас хойш “Нарны домог” жил бүрийн өдийд тайзнаа тоглогдсоор өдгөө 35 дахь жилтэйгээ золгож байгаа ажээ.
“Нарны домог” бол Монгол үндэстний түүхэн ардын бүжгэн жүжгээр эв эеийг дэлхий нийтэд тунхагласан, Монгол үндэстний эв эеийн гүн ухааныг нэвт шингээсэн бүжгэн жүжиг бөгөөд дэлхий нийтэд Монгол үндэстний өвөг дээдэс гэж хэн байв, өнөөгийн цаг үеийг хүртэл түүхээ хэрхэн манаж ирсэн бэ гэдгийг харуулсан бүтээл” хэмээн Төрийн соёрхолт, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатар нэгэн ярилцлагадаа омогшин хэлсэн байдаг билээ. Тэгвэл энэ удаагийн "Нарны домог" эр цэргийн баяраар үзэж омогших, монгол хүн болж төрснөөрөө бахархах тийм нэгэн онцгой бэлэг болон тайзнаа амилах гэж байна. Уран бүтээлчдийн бэлтгэлээс хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна. Эрхэм үзэгч та ДБЭТ-ын тайзнаа нар мэт цацрах, солонго мэт өнгө алаглаж зүрх сэтгэлийг догдлуулах бүжгэн жүжигтээ яараарай.
Эх сурвалж: www.zms.mn