Нийтлэлч Чой.БАТТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хүргэсэн билээ.  Бид нийтлэлдээ ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлний хичээлийн хөтөлбөр хэтэрхий хүнд, зарим нэг орох ёстой, сонирхолтой агуулгууд нь  багтдаггүй учраас сурагчид залхдаг.  Цаашлаад хүүхдүүд  монгол хэлний хичээлдээ дургүй болж байгаа нь эх хэлний дархлаанд муугаар нөлөөлж байгаа асуудлыг хөндсөн билээ.  Тэгвэл манай нийтлэлийн үргэлжлэл болж, МУИС-ийн багш, нийтлэлч  Чой.Баттулга монгол хэлний асуудлаарх нийтлэлээ цувралаар хүргэж байна. 

Сүүлийн 30 жил “исээ” гэх нь зөв, “туршиц” гэнэ, “төрөгдөл” юм, “оролдлого” гэе,  “Эсээ” гэж бичих үү, “Эссе” гэж бичих үү гэх мэтээр бид энэ essai гэх франц үгийг их “хөөжээ”. Одоо үг хөөхгүй.  Орчин үед дэлхийн боловсролыг тэргүүлэгч орнууд эсээ бол хүүхэд багачуудыг багаас нь бичих, ямарваа асуудлыг тунгаан бодох /critical thinking/, бие даан шийдвэр гаргах, бодол санаагаа зөв, ойлгомжтой илэрхийлэх ур чадварт сургадаг шалгарсан арга гэж үзэж байна. Бид энэ аргад суралцах ёстой.
Уул нь 2000-аад оноос Ерөнхий боловсролын болоод их дээд сургуулийн сургалтын агуулгад эсээний тухай тодорхой агуулгыг багтаан, заан сургаж ирсэн байдаг.
Эсээ нь монгол хэлний сурах бичигт анх 2006 онд 11 жилийн 11-р ангид судлахаар орсон бол 2012 онд 12 жилийн 10-р ангийн сурах бичигт “Эсээ” мөн 12-р ангийн сурах бичигт “Нийтлэл эсээ”, “Уран сайхны эсээ”, “Эрдэм шинжилгээний эсээ” гэж өргөжин туссан байна. Улмаар цөм хөтөлбөр батлагдсанаар эсээг анги тус бүрээр нарийвчилж 2017 оноос 10-р ангийн сурах бичигт “Тайлбарласан эсээ”, 11-р ангид “Эргэцүүлсэн эсээ”, 12-р ангид “Ятгасан эсээ” гэж тус тус оруулжээ. Тодруулбал, “Монгол хэл-11” (2006) сурах бичигт “Эсээ” бүлэг сэдвийг бүтэц, онцлог, агуулгын нэгдэл, нэмэлт санаа, уялдаа холбоо, бичих таван зарчим, найруулгын хэв маяг талаас судлахаар боловсруулсан бол; “Монгол хэл-Х” (2012) сурах бичигт эсээний онцлог шинж, бүрдэл хэсэг, бүтэц, бичих шатууд (долоон шат); “Монгол хэл-Х” (2017) сурах бичигт тайлбарласан эсээний онцлог ялгаа, сэдэв агуулгын уялдаа холбоо, дараалал, баримт жишээ, уран дүрслэл, сонгосон хэлцийн учир, мэдээлэх – дүрслэх – харьцуулах аргууд, хэл зүйн хэрэглээг задлан шинжлэх талаас судлахаар боловсруулалт хийсэн байна. (Энхнаран, 2018, хууд. 4)  
Харин одоо Ө.Цэндсүрэн, М.Базаррагчаа, А.Энхнаран “Монгол хэл” X (2019) сурах бичигт Тайлбарласан эсээ, Ш.Оюунцэцэг, Ц.Өнөрбаян, Б.Мөнгөнцэцэг, Л.Олзвой “Монгол хэл”  XI (2019) сурах бичигт Эргэцүүлсэн эсээ, Д.Эрдэнэсан, М.Базаррагчаа, А.Цог-Очир, Д.Наранцэцэг, Д.Оюун “Монгол хэл” XII (2019) сурах бичигт Ятгасан эсээг судлахаар оруулсан байна.
Харамсалтай нь, үр дүн хангалтгүй. Мэдээж олон шалтгаан байгаа. Хамгийн ойрын шалтгаан гэхэд ахлах ангийн монгол хэлний хичээлийн цаг дээр яг монгол хэлний хичээл орж байна уу? аль эсвэл бусад хичээлд ашиглаж байна уу?
Ямартай ч, бодит амьдрал дээр, гадаадын их сургуульд элсэх эсээгээ бичиж сурахын тулд бүхэл бүтэн 2 жил зарцуулж бэлтгэж байгаа, 5-10 сургуульд өөрийгөө тодорхойлсон эсээ бичээд огт тэнцээгүй тухайгаа нийгмийн сүлжээгээр илэрхийлж буй хүүхдүүд цөөнгүй байна. 
Мөн МУИС-ийн магистр Я. Жавзанпагмын эсээ бичих чадварын талаарх судалгаанд хамрагдсан оюутны 95%-д нь эсээ бичих хэрэгцээ шаардлага гардаг ч  60 % хувь нь одоо болтол эсээ бичиж огт чадахгүй гэсэн “хариу” өгсөн байдаг.
Олон Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдөр зарласан Сурагчийн олон улсын үнэлгээ /PISA/-ний “Унших чадвар” буюу ойлгож унших, уншсанаа эргэцүүлж бодох, эсээ бичих, өөрийгөө илэрхийлэх чадварыг тогтоох үзүүлэлтээр манай улс 81 орноос 65 дугаарт орсон нь үүний нэг том баталгаа юм.
Учир юунд байна вэ?
Эсээ бичвэрийг эцэг гэх Мишэль де Монтений эх орон Франц улсад одоо essai гэвэл уран зохиолын нэг төрөл зүйл гэж ойлгохоос оюутан сурагчдын хичээл дээр бичдэг бичвэр гэж ойлгохгүй байна. Тэр нь бичвэрээ dissertation гэх бөгөөд түүнийгээ Францын боловсролын тогтолцооны салшгүй нэг хэсэг гэж үзэж байна. Гэтэл АНУ, Австрали, Канад, Англи зэрэг орны боловсролын тогтолцоонд эсээний 20 орчим төрөл зүйлийн тухай ярьж байна. 
Тэгэхээр бид ялгаатай байдлыг зөвөөр ойлгож, эдгээрээс олон төрлийн эсээнээс аль аль төрлийн бичвэрийг ерөнхий боловсролын сургалтын агуулгад судлах вэ гэдгийг тогтох ёстой. 
Хамгийн наад захын нэг жишээ: Хуучин боловсролын тогтолцооны үед, бидний багад байнга бичүүлдэг байсан  “номын тэмдэглэл”, “реферат” хааччихав аа? 
Номын тэмдэглэл бол ямар нэг уншсан ном, үзсэн киноноос юу ойлгосон, ямар сэтгэгдэл төрсөн тухайгаа бичдэг нэг төрлийн эсээ юм. Францын сургалтын тогтолцоонд commentaire, АНУ, Английнхад book report, Оросынход изложения, Хятадынхад 观后感 (ямар нэгэн киног үзсэний дараах сэтгэгдэл), 读后感(读书笔记 (ном уншсан төрөгдөл буюу ном уншсан тэмдэглэл), Солонгосынход 감상문 [гамсанмүнь], 독서 감상문 [дуксо гамсанмүнь], 독후감 [дукхүүгам], Японыход 読書感想文 гэх зэргээр дунд ахлах сургуульд одоо хүртэл их бичүүлдэг байна.
Тухайлбал: Францын дунд сургуулийн сурагчдын бичдэг Commentaire нь манай уншсан номын тэмдэглэлтэй төстэй бөгөөд бичих нарийн стандарт загвартай. Товчоор бол,  зохиолчийн санаа буюу зохиолчийн уг зохиолоороо юу хэлэх гэсэн, ямар асуудлыг дэвшүүлж тавьсныг өөрийнхөөрөө тайлбарлан гаргаж ирэх зорилготой бичвэр /Un commentaire litteraire/. Зохиолын үйл явдлыг тоочихгүй, зохиолчийн намтар түүх бичихгүй, агуулгаасаа “хадуурч” эсвэл хэт нуршиж болохгүй гэх  мэт дүрэмтэй.
Энэчилэн номын тэмдэглэл бичихийн  хамгийн гол ач холбогдол нь хүүхэд уншсан зүйлээ ойлгох (ойлгож унших), ойлгосноо илэрхийлэх буюу ярих бичих чадварт суралцахын зэрэгцээ асуудлыг олон талаас харж, тунгаан бодож,  зөв өнцгөөс дүгнэж шийдвэрлэх чадвар суулгадаг гэж үздэг. 
Өнөөгийн манай сургалтын агуулгад  уншсан номын тэмдэглэлийн талаар  ЕБС-ийн 3 дугаар ангид “Номын тэмдэглэл” (Ө.Цэндсүрэн, Р.Бигэрмаа, П.Жаргалсайхан, У.Нямхүү “Монгол хэл” III 2020) 4 дүгээр анги (П.Одсүрэн, Б.Гэрэлсайхан, Н.Даваасүрэн, Ц.Дашдолгор “Монгол хэл” IV 2020)  “Номын танилцуулга бичих тухай” хичээл ордог ч 5-12 дугаар ангид энэ талаар судалдаггүй юм байна.
Ийм байхад хүүхдийн унших чадвар буюу ойлгож унших, уншсанаа эргэцүүлж бодох, эсээ бичих, өөрийгөө илэрхийлэх чадвараар тааруу үнэлгээтэй байх нь аргагүй юм.
Эцэст хэлэхэд, хүүхдүүдэд нэн чухал хэрэгтэй дараах дөрвөн зүйлийн бичвэрийг ерөнхий боловсролын сургалтын агуулгад багтаах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлж байгаа юм. Холбогдох яам, сайд, мэргэжлийн хүмүүс анхааралдаа аваасай хэмээн хүсэж байна.
1. Номын тэмдэглэл 
2. Хувь хүний эсээ Өөрийгөө тодорхойлох эсээ [1] (Narrative, Personal statement)
3. Асуудал дэвшүүлсэн эсээ (Persuasive, Argumentative essay)
4. Чөлөөт эсээ (Essay)
Бид хүүхдүүддээ юу л заагаад байна даа.

[1] Statement of purpose бол Expository essay шинжтэй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 50 (7294)