Баатарын Нямсүрэн
“Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин” буландаа Төв аймгийн Зуунмод сумын харьяат үндэсний бөхийн улсын засуул, уртын дуучин Б.Цэрэндавгатай ярилцлаа.
-Таны хувьд “Тонж манлай 21” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Төслийн зорилго юу вэ?
-Би “Тонж манлай 21” төслийнхөө хүрээнд 21 аймаг, бүх суманд морь, бөхийн цолны сургалт явуулахаар төлөвлөсөн. Одоогоор нэг аймаг, таван суманд хэрэгжээд 300 гаруй хүн хамрагдсан байна. Үргэлжлүүлээд бусад аймаг сумаар ажиллана. Судлаад үзэхэд аймаг суманд засуул ховордсон. Цол дууддаг хүн байлаа гэхэд дүрмийнх нь дагуу тэр бүр дууддаггүй. Бөхийн цол дуудахад дүрэмд заасан загвартай. Үүнийг баримталж сургалтаа явуулж байна. Мөн Дорнод аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газраас жил бүр “Үл бүдгэрэх их өв” төслийн хүрээнд сургалт явуулж байгаа.
-Төслийн нэр ямар утгыг илэрхийлж байгаа вэ?
-Бөхийн засуулын хамгийн том цолоор бэлгэшээн нэрлэсэн. Сургалтад хамрагдсан хүмүүсээс тонж манлай засуул төрж гараасай гэж бодож явдаг. Энэхүү төслийг бөхийн холбооноос дэмжсэн. Европын холбооны засуулуудад цахимаар сургалтаа явууллаа.
-Таны шавь нараас засуулаар ажиллаж байна уу. Ер нь сургалтаа хэр хугацаанд ордог вэ?
-ЕБС-ийн сурагчид сургалтад хамрагдах нь бий. Тэд минь удахгүй бөх, морь цоллоод явна гэдэгт итгэдэг. Би нэг суманд тав хоног танхимын сургалт явуулдаг. Энэ хугацаанд суралцагчид зүгшрээд ирдэг. Мөн цахимаар групп нээгээд мэдээлэл солилцож эргэх холбоотой ажилладаг. Засуулаар ажиллах хугацаандаа олон шавь бэлдсэн. Өнгөрсөн онд гэхэд шавь нараас анхны улсын засуул төрлөө. Тиймээс шавь нараас улсын засуул нэг, улсын дэд засуул дөрөв, аймгийн засуул 10 гаруй, аймгийн цоллооч засуул зургаа байна. Мөн одоогоор зэрэг аваагүй орон нутагтаа ажиллаж буй засуулууд цөөнгүй бий.
-Та 2021 онд улсын бөх цоллооч болсон. Цол олгохдоо ажилласан жил, арга туршлагыг нь хардаг байх, тийм үү?
-Цол авахдаа засуулаар ажилласан жил, туршлагыг нь харж олгодог. Гурван жилийн хугацаанд хугацаанд улсын наадам болон бусад барилдаанд ажиллаад улсын дэд засуул болно. Таван жил ажиллаад улсын засуул болдог. 10-15 жил ажиллавал улсын ахлах засуул зэрэг авна. Үүнээс цааш манлай засуул. Засуулын хамгийн дээд цол нь улсын тонж манлай. Улсын бөх цоллогч хэмээх цолыг улсын наадамд бөх цоллосон эсэхийг харж олгодог.
-Нэг барилдааны ард засуулаас гадна олон хүний үүрэг оролцоо байдаг болов уу?
-Үндэсний бөхийн холбооны жаяг дэгийн баг гэж бий. Бөхийн барилдаан зохион байгуулж байгаа багыг жаяг дэг гэнэ. Тэнд засуулууд, тайлбарлагч, хөлийн цэцүүд, холбогч, хаяавч, эмч нар гээд олон хүн ажилладаг. Би энэ багтаа цол дуудаж шалгуулаад засуулаар ажиллаж эхэлсэн. Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болон бөхийн өргөөнд болж буй барилдаануудад засуулаар ажиллаж байна. Миний хувьд 2016 онд бөх цолоочдын улсын IV уралдаанд оролцож тэргүүн байр эзэлсэн. Тус уралдаанд эх орны өнцөг булан бүрээс 150 цоллооч өрсөлдөж байлаа. Гурван үе шаттай зохион байгуулагдсан юм. Энэ үеэс жаг дэгийн багийнхан, засуул ах нар засуулаар ажиллахыг зөвлөж, урам өгсөн дөө.
-Бөхийн барилдааны чимэг нь аварга арслангийн цол дуудах агшин байдаг. Та цол дуудах эрдмийг анх хэнээр заалгаж байв?
-Би СУИС-ийг уртын дуучин мэргэжлээр 2014 онд төгссөн. Харин 2022 онд урлаг судлалын чиглэлээр гавьяат жүжигчин Б.Батболд багшийн удирдлага дор магистр хамгааллаа. Үндэсний бөхийн засуулаар ажиллах болсон нь 2012 оноос эхлэлтэй. Багш минь зүүний манлай засуул байсан. Тиймээс багшаасаа үлгэр дуурайлал авч засуулын эрдэмд суралцсан түүхтэй. Багшийн цол дуудах бэлтгэлээ хийж байгааг нь хажуугаас их хардаг байлаа. Мөн цол дуудаж буй бичлэгийг нь үзнэ. Нэг удаа багшдаа засуул болох хүсэлтэй байгаагаа хэлсэн. Гэтэл багш “Давгаагаа засуул болгоно. Бөхчүүд жижиг биетэй засуулаас гарах дуртай. Өндөр засуул дээр гарахаар сүр нь дарагдаад байдаг” гэж хэлсэн. Тухайн үед Налайхын соёлын ордны уртын дууны багш Э.Хүрэлбаатар үндэсний бөхийн засуул хийдэг байлаа. Нэг зун би Суварга хайрхны тахилга наадамд багшийн малгай, дээлийг өмсөж бөх цоллосон. Э.Хүрэлбаатар багшаараа морины цол дуудах ч заалгасан. Би сүүлийн таван жил улсын наадамд морь цоллож байна. Миний багш гар хоёулаа Говь-Алтай аймгийнх. Өдий зэрэгтэй яваа минь багш нарын минь ач. Би 2016 оноос улсын баяр наадамд засуулаар ажилласан. Би төрийн наадмын дээгүүр даваанд аварга, арслангуудын цол дууддаг. Тиймээс миний мөрөн дээрээс шинэ цолтон төрөх нь магадлал бага байдаг гэж ойлгож болно. Миний мөрөн дээрээс улсын заан Н.Жаргалбаяр, цэргийн арслан М.Лхагвагэрэл гэсэн шинэ цолтой бөхчүүд төрж байсан. Мөн улсын гарди Б.Гончигдамбын цолыг хоёр удаа дуудахад хоёуланд нь түрүүлсэн. Нэг нь монгол туургатны наадам. Харин нөгөө нь цэргийн баярт зориулсан барилдаан байсан. Миний хамгийн олон удаа цоллосон бөх улсын арслан Р.Пүрэвдавга.
-Дээгүүр даваанд аварга, арслангийн цол дуудах агшин үгээр илэрхийлэмгүй сайхан мэдрэмж биз?
-Тэгэлгүй яахав. Эхэндээ багахан сандрал төрдөг байсан. 2017 онд одоогийн аварга тухайн үеийн улсын арслан П.Бүрэнтөгсийн цолыг гурвын даваанд баруун талын дагавар магнайнд дуудаж байлаа. Ер нь улсын наадмын гурвын даваа өглөө эхэлдэг учраас хоолой сэрээгүй байх нь бий. Гэхдээ чадахаараа яруу сонсголонтой дуудахыг хичээдэг.
-Төрийн наадмын сүүлийн даваанд засуулууд ханарах нь үзэгчдэд догдлол төрүүлдэг. Тэр агшинд сэтгэл зүй ямар байдаг вэ?
-Үзүүр түрүүний бөхийн малгайг магнай засуулууд авна. Ард нь байгаа засуулууд хагас суудаг. Тиймээс хүндэтгэл үзүүлж байгаа илэрхийлэл.
-Хүн хийж байгаа ажлаасаа урам зориг авах нь сайхан. Та ямар үед засуул болсноороо бахархдаг вэ?
-Хүмүүс намайг бөхийн засуул гэдгээр минь их таньдаг. Үүнийг дагаад хүндлэл ирнэ. Бөхчүүд барилдахаар гарч ирэхдээ мөрөн дээр минь дэвэхэд хийморь сэргэдэг. Төв цэнгэлдэх хүрээлэн болон бөхийн өргөөнөөсөө эерэг энергиэр цэнэглэгдэх нь бий. Уртын дуучид цол дуудахад илүү дөхөм байдаг. Цол дуудахад хоолойн цар хүрээнээс гадна амьсгалаа зөв хуваарилах чухал. Байнгын бэлтгэлтэй байж л цол сайхан дуудна.
-Бөхийн цолыг дуудахад ихэд сонсголонтой байдаг шүү дээ?
-Бөхийн цол дуудах нь дөрвөн хэсэгтэй. Эхлээд толгой хэсэг буюу тухайн барилдааны зориулалт. Харин хоёр дахь хэсэгт нь нийтлэг гуншин явна. Тухайлбал, манлайлан дэвэх, мандан бадрах, маш гайхамшигтай гээд үргэлжилнэ. Харин гурав дахь хэсэгт тухайн бөхийн авсан чимэг орж ирдэг. Сүүлийн хэсэгт нь амлуулж байгаа бөхийг дуудна.
-Өдий хугацаанд засуулаар ажилласан барилдаанаа тоолж байв уу?
-Бөхийн холбооноос гаргасан засуулын баримтлах дүрэм гэж бий. Шударга, эрэмгий ажиллах ёстой гэж байгаа. Мэдээж засуул засаж байгаа бөхөө даваасай гэж боддог ч шударга байх чухал. Дүрмийн бус шаардлага тавих нь утгагүй. Мөн танил тал гээд нэг талыг барьж болохгүй. Сүүлийн үед бөхийн өргөөнд барилдаан олон зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн онд гэхэд 100 гаруй барилдаан боллоо. Үүнд засуулууд ээлж хуваарийн дагуу ажилладаг. Би засуул болсноосоо хойш 120 гаруй бөхийг цоллосон байна лээ. Баруун талын магнайд гавьяат жүжигчин, үндэсний бөхийн үлсын ахлах засуул Б.Мөнхбаатар ах цол дууддаг. Харин би барууны дагавар магнайн цол дуудаж байна. Харин зүүн талыг улсын ахлах засуул, цоллооч Т.Хэнбат ах, дагавар магнайд Э.Хүрэлбаатар багш дуудаж байгаа.
-Үндэсний бөхийн засуулаар бөхчүүд ажиллах нь цөөнгүй байдаг юм билээ?
-Би барилдаж байгаагүй учраас засуулаар ажиллахад эхэндээ амаргүй байлаа. Ажиллах тусам туршлагажиж байна. Миний хувьд цол дуудахдаа давуу талтай бол өмнө нь барилдаж байсан засуулууд засаж байгаа бөхдөө мэх заах тал дээр илүү зөвлөгөө өгдөг. Тухайлбал, дээр үеийн засуулууд өөрсдөө барилдаад ээлжлэн засуулаа хийдэг байсан.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 47 (7291)