Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ.Бид энэ удаад “Монгол театр”-ын ерөнхий найруулагч А.Чингүнийг урилаа. Тус театр “Клеопатра” сонгодог түүхэн жүжгийг үзэгчдэд 
хүргээд байгаа билээ. 

 

Хоёр сонгодог зохиолыг нийлүүлж “Клеопатра”-г тавьсан нь манай театрын онцлог

-Аливаа бүтээлийг хийхдээ амин сүнс, мөн чанарыг нь өөрөө эхлээд ойлгон таньж байж уран бүтээл хийх ёстой гэсэн үзэл бодлыг баримталдаг. Миний хувьд 19 жил Монголын лидер гэсэн бүхий л найруулагчийн туслахаар ажиллажээ. Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн шавь. Эрхэм багшийнхаа үгийг олон жил сонсож, хажууд нь явсан. Үүнээс гадна Н.Наранбаатар, Д.Найдандорж, Н.Ганхуяг, Б.Баатар, Ч.Түвшин гээд энэ цаг үед уран бүтээл хийж байгаа найруулагчдын бүтээлд ажилласан туршлага бий. Энэ хугацаанд нэг л зүйлийг ойлгосон. Орчин үеийн театр бол монголчуудын үзэл санаа, оюуныг соён гэгээрүүлэх үүрэгтэй. Бид уран бүтээлээрээ нийгэмд юу хэлж чадах вэ. Цэнгэн баясгах юм уу, аль эсвэл шагшин магтах уу, гадны соёлыг шүтсээр байх уу. Гэтэл бид өөрийн гэсэн өв уламжлал, үнэн түүх, нүүдэлчин соёлтой ард түмэн шүү дээ. Тэгэхээр энэ мөн чанараараа уран бүтээлд хандвал яасан юм бэ. Бидний энэхүү сэтгэлийн дуудлагаар “Монгол театр” өндийж байна. Хийсэн уран бүтээлээрээ монгол ондоошлыг харуулж, эх орноо олон улсад сурталчлах юм сан гэсэн чин хүсэл байна. Аливаа уран бүтээл гэдэг шинийг эрэлхийлэгч байх ёстой. Огт байхгүй зүйлийг бий болгох нь урлагийн цөм, амин сүнс гэж боддог. Гэтэл байгаа зүйлийг монголчилж, дүрсийг нь хувиргаад, хүнийг нь өөрчилж солиод л түүнийгээ уран бүтээл гэж хэлж болохгүй. Өөрсдөө сэтгэж, шинийг эрэлхийлсэн цагт Монголын театрт шинэчлэлийг авчирч чадна. Бид байнга нэг л хэвшмэл ойлголтод цутгагдчихсан байдалтайгаа эвлэрээд сурчихсан байна. Драм гэхээр драмаа л хүлээдэг. Тэгвэл бид үүнээс арай өөр. Дэлхийн сонгодог хоёр зохиолыг нийлүүлж “Клеопатра” жүжгийг тавьсан нь манай театрын нэг онцлог болсон болов уу. Ялангуяа Н.Пүрэвдагва ахын орчуулсан Бернад Шоугийн “Цезарь Клеопатра” хоёр жүжиг бол дэлхийн олон найруулагчийн чансааг сорьсон, мянга мянган үзэгчдийн анхаарлыг татсан гайхалтай бүтээл. Гэтэл манай оронд унших, судлах ном бүтээл нь алга. Египетийн тухай соёл, түүхийг нь мэддэг хүн ч байхгүй нь харамсалтай. Бид хайсны эцэст гурван хүнтэй л уулзаж чадсан. Олон найруулагч яагаад зориглож хийж чадаагүй нь бас энэ зохиолыг үзэгчид хүлээж авахад их хүнд гэдэгтэй холбон тайлбарлаж болох юм. 

 

Энэ бол дэлхийд байхгүй зохиол, тавилт 

-Бернард Шоу зохиолчийг монголчууд мэдэхгүй. Манай театр уран бүтээлээс нь огт тавьж байгаагүй юм билээ. Гэтэл бид У.Шекспир болон түүний бүтээлүүдийг хамгийн сайн мэддэг шүү дээ. Түүний бичсэн “Антони Клеопатра хоёр” гээд дэлхийд алдаршиж, домог болсон зохиол байсан. “Ромео Жульетта”-гаас ч өмнө бичсэн гэж үздэг юм билээ. Энэ зохиолыг орчуулагч Б.Нямдулам бидэнд орчуулж өгсөн. Уг нь Бернард Шоу болон У.Шекспир хоёулаа энэ түүхийг судалсан байдаг юм билээ. Гэтэл Ромын талаас  Клеопатраг үгүйсгэсэн асар их домог гарсан. Дур тачаалын хатан хаан ч гэдэг юм уу. Эцэст нь ийм хар бараан мэдээллээр Египетийг мөхөөсөн гэдэг. Харин Египетэд бол эсрэгээрээ. Клеопатра бол хатан хаан, эх хүн. Гэтэл манай монголчуудын хувьд энэ бүсгүйн түүхийг тэр бүр сайн мэдэхгүй. Тиймээс их удаан бодож, судалсны эцэст мета драм хэлбэрээр буюу техник технологийн дэвшлийг ашиглаж жүжгээ тавья гэсэн шийдэлд хүрсэн. Манай баг эхлээд ийм хэцүү уран бүтээл рүү орж буйгаа мэдээгүй. Зүгээр л залуу насны зүрх, зоригоороо эхлүүлчихсэн. Гэтэл бидэнд судалгаа хэр байгаа билээ. Биднээс өмнө үеийнхэн ч энэ агуу гүрний түүхийг мэддэг хүн байхгүй. Тиймээс энэхүү уран бүтээлээрээ өөрсдийгөө нэгэн шинэ зам нээлээ гэж харсан. Ингээд энэ хоёр зохиолыг нийлүүлээд, эрдэнийн шигтгээ болгож, Клеопатрагийн амьдралын жаргал зовлонг харуулахыг хичээлээ. Энэ бол хаана ч байхгүй зохиол, хэзээ ч давтагдаагүй цоо шинэ тавилт болсон гэж итгэж байна. Мөн утга санааны хувьд цаг үетэйгээ ч нийлсэн . Нэгдүгээрт, Клеопатра өөрөө оньсого шиг хүн. Зарим хүн түүнийг Мандухай сэцэн хатантай ч харьцуулж байна. Гэхдээ тийм биш. Саяхан надад нэг хүн танай жүжигт Клеопатрагийн дайчин тулаанууд хаана байна вэ гэсэн асуулт тавьсан. Тэр хүн өөрөө үнэн түүхийг нь уншаагүй л байхгүй юу. Үнэндээ тэр чинь эмэгтэй хүн, эх хүн шүү дээ. Өөрийн арга ухаанаараа эх орноо аюулт дайснаас хамгаалсан. Гэтэл тэр үзэгч нөгөө Ромчуудын гаргасан хар, муу түүхийг нь надаас нэхээд байдаг. Манай жүжигт Клеопатраг тэр чигээрээ эмэгтэй хүн, эх хүн гэдэг талаас нь харуулж байгаа. Эмэгтэй хүн эрх мэдэлд хүрэхээрээ ямар болдог вэ, эх хүн үр хүүхдийнхээ өмнө ямар хариуцлага хүлээдэг тухай болоод түүний хайр сэтгэлийн тухай өгүүлнэ. Магадгүй зарим үзэгч ойлгохгүй гарч магадгүй. Клеопатрагийн тухай ямар мэдээлэлтэй ирнэ түүгээрээ л ойлгож, хүлээж авах байх гэж бодож байна.   

 

Блиц

Төгссөн сургууль: 
2005 онд: Өсвөрийн залуу зохион бүтээгчдийн ахлах сургуулийг төгссөн.

2005-2009 онд: СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр суралцаж дүүргэсэн.

Найруулагч: 
2019 онд: “Надтай үлдээч” драмын жүжиг 
2024 онд: “Клеопатра” түүхэн сонгодог жүжиг 

Жүжигчин:
Д.Содномдорж “Норовын намтар” Норов
С.Жаргалсайхан “Тэмүүжин” Тэмүүжин
М.Сервантес “Кихот ноён” Ордны хиа
А.Вампилов “Хэрээт төгөл” Камаев
А.Вампилов “Хунгийн дуу” Нарийн бичиг
А.Шартолгой “Саранхөхөө” Түшмэл
Д.Намдаг “Оролмаа эх” Хаймчиг
Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр” Хүчир
У.Шекспир “Ромео, Жульетта” Петро
Ш.Гүрбазар “Жаргаагүй нар” Намдаг
Л.Толстой “Адууны түүх” Залуу Холстомер зэрэг 30 гаруй дүр дээр ажилласан 

 

 

Метаверс  дотор Египет, Ромыг бүтээсэн

-Бид энэхүү уран бүтээлээр драмын урлагт техник технологийн хөгжлийг хэрхэн ашиглаж болохыг харуулахыг зорьсон. Жишээлбэл, график дүрс гэдгийг  орчин үеийн үзэгч, залуучууд мэдэх байх. Дэлхий тэр чигээрээ хувьсан өөрчлөгдөж байна. Нууцаа дэлгэхэд бид метаверс  дотор Египет, Ромыг бүтээсэн. Түүн дотор манай жүжигчид тоглож байна. Бид одоо ганцхан урсгалаар мэдээлэл авахаа больсон. Хүн төрөлхтөн техник технологийн дэвшлээ дагаад уран бүтээлийг харах өнцөг, бодол нь өөрчлөгдөж байна. Та гар утсаараа нэг дор их олон мэдээллийг зэрэг авч чадна. Тэгвэл энэ жүжиг яг энэ техник технологийн дэвшлийг танд мэдрүүлэх болно. Үүнийг нэг шугамаа дагаад эцэст нь хүрснээс олон шугамаар нэг бүтээлийн утга санааг илэрхийлнэ гэж тайлбарлаж болох юм. Жишээлбэл, энэхүү жүжгийг үзсэн үзэгч Ром, Египет гэж ямар улс байсан юм бэ гэдэг асуултдаа хариулт аваад гарна гэсэн үг. Гэхдээ метаверс  гэдгийг цоо шинэ үг, урсгал гэж ойлгож болохгүй. Энэ ухагдахуун нь өөрөө Аристотелийн үед жүжиг доторх жүжиг гэсэн тодотголтой байж. У.Шекспирийн жүжгүүдэд ч зөн билгийн, шинжлэх ухааны өгөгдөлтэй агуулагддаг. Магадгүй үзэгчид бидний тавьсан жүжгийг үзээд метаверс дотор баатрууд явахыг хараад мета гэж ойлгож магадгүй. Гэхдээ үгүй. Энэ философи нь өөрөө мета. Мөн мета драмыг илүү энэрэнгүй урлаг ч гэж үздэг. Харин манай театрын хувьд  цоо шинэ сэтгэлгээгээр, Монголдоо өмнө нь тавьж, тоглогдож байгаагүй уран бүтээлд төвлөрч ажиллах нь гол зорилгын нэг. Тиймээс ч энэ жүжгийг сонгосон. Мөн АНУ-аас хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх ахыг авчирч, хөгжмийн найруулагчаар ажиллууллаа. Бидний ард их олон хүн байна. Эдгээр уран бүтээлчдийн хүсэл мөрөөдлөөр энэхүү театр бий болж байна гэж ойлгож болно. Бид цаашдаа дэлхийн сонгодог болоод хүүхдийн уран бүтээлийг тавина. 3-4 жилийн төлөвлөгөө гаргаад явж байна. Гол нь бид энэ хугацаандаа урлаг хийх гэж байгаа бол урнаар сэтгэж, байгаа зүйлийг Монголд хуулбарлаад тавих биш, байхгүй зүйлийг бий болгож, Монголын оюун санааг цаашлаад дэлхийн тавцанд гаргах туйлын хүсэлтэй байна. Гэхдээ энэ театрыг бид мөнгө олох газар болгохгүй. Зөвхөн уран бүтээл хийдэг, орж үзсэн хүн бүхэн урлагийн сайхныг, мэргэжлийн театрын чанар чансааг мэдрээд гардаг байгаасай гэж хүсэж байна. Мөн аливаа уран бүтээлийн чанарт дүрийн сонголт хамгийн чухал. Тиймээс  жүжигчдийн хувьд ч авьяас билэг, чин сэтгэл, торгон мэдрэмжийг нь харна. Энэ удаад алдарт Клеопатрагийн дүрд жүжигчин Н.Баярмаа ажиллалаа. Би түүнтэй театрт их олон жил хамтарч ажилласан. Тэр хэрээрээ ямар мэдрэмжтэй, чансаатай жүжигчин бэ гэдгийг нь мэднэ. Тиймээс миний хувьд Клеопатрад Н.Баярмаагаас өөр сонголт байгаагүй. Тэр бол миний харсан Клеопатра байсан.

 

Уран бүтээлчид уламжлалаа дээдлэх ёстой

-УДЭТ бол миний амин хайртай газар, хоёр дахь гэр. Одоогоор театртаа олон сар чөлөө авсан гэсэн шалтгаанаар тушаал буураад жүжигчнээр ажиллаж байгаа. Энэ театраас би хувь хүн болоод уран бүтээлчийнхээ хувьд олон зүйлийг сурч, хөгжсөн гэж боддог. УДЭТ-аас жүжигчид эхлээд хүн байхыг суралцдаг. Энэ цаг үед их олон найруулагч гадны оронд боловсрол эзэмшээд ирж байна. Харин миний хувьд Монголдоо энэхүү мэргэжлийг багшийгаа дагаж, практикаар сурсан гэж хэлж болно. Намайг сургасан бүх найруулагчдыг миний багш гэж бодож явдаг.  Тэгэхээр бас залуу хүний хувьд цагаахан хор байна. Өнөөдөр  олон театр үүдээ нээж, үүцээ задалж байна. Өөр, өөрийн онцлогийг ч шингээж байна.  Би Монголд тавигдаж буй бүх жүжгийг үздэг. Уран бүтээлчид бие биедээ хайртай байснаар энэ урлаг илүү хөгжинө гэж боддог. Бидний энэ сэтгэл, хүч хөдөлмөрийн үр шимд Монголын театрын урлаг амьтай байна. Гэхдээ бид уламжлалаа дээдлэх ёстой. Учир нь театрын урлаг гэдэг чинь хэдэн мянган жилийн өмнөөс ул суурьтай уламжлагдаад ирсэн, бидний өв соёл шүү дээ. Сүүлийн үед сэтгэл байхад бүх зүйл болдог юм байна гэж бодох болсон. Ялангуяа урлагийг сэтгэлгүй нэгэн хийж чадах ажил биш. Театр тэр чигээрээ мэдрэмж дээр тогтдог. Хэдийгээр мэдлэг байлаа ч мэдрэмж байхгүй бол уран бүтээл хийж чадахгүй. Миний хувьд их олон жил туслах найруулагч хийсэн гэж дээр ярьсан. Гэтэл зарим хүн энэ албан тушаалыг найруулагчийн цүнх баригч юм шиг ойлгоод байдаг. Адилхан мэргэжилтэй учир найруулагчаа хайрлах ухааныг бид эхлээд сурах ёстой. Өнөөдөр хүйтэн зааланд суугаад жүжгээ бэлтгэж байхад халуун цай бариад ирэх сэтгэл уран бүтээлч хүнд байх ёстой гэж боддог. Учир нь энэ бүхнийг өөрөө туулаад гарсан учир ямар байдгийг нь хамгийн их мэдэх хүн нь чи өөрөө шүү дээ. Тиймээс уран бүтээлч нь уран бүтээлчээ ойлгож, хайрлаж, найруулагч нар нь шинийг эрэлхийлэгч байснаар Монголын театрын урлаг илүү “амьтай” дүрэлзэж, дэлхийн сонорт хүрэх нь дамжиггүй.    

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 46 (7290)