Дуламын Цэрэннадмид
Дундговь аймгийн Хулд сумын голдуухан 20 гаруй малчин эрс Дорноговь аймгийн нутагт хүрч 200-300 км зам туулж шуурганд уруудуулж алдсан малаа олж авсан. Тэгээд 2000 гаруй тэмээг буцааж туугаад Өлзийт сумын Тагт багийн нутагт ирж байна. Тэндээс айл өрхөөрөө ялгалт хийж өөр өөрсдийн малаа авах гэнэ.
Сонирхолтой нь дээд тал нь хагас сар шахам эрэлд яваад сая л нэг юм эргэж ирж байгаа малчдаа нутаг нугынхан, ар гэрийнхэн нь угтан авах гэж байна гэсэн сураг дуулаад бид тэр зүг зорин хөдөлсөн юм.
Энэ нь зүгээр нэг цаг агаарын аятай цагаар биш хаа сайгүй хаваржилт хүндэрч малын бэлчээр нь цасанд автаж зуд зурхан нүүрлэсэн ийм цаг.
Бид хэдийгээр гайгүй унаатай яваа ч төв замаас гарах л юм бол цасанд суучих гээд байх янзтай. Тийм байлаа гээд буцалтай биш нэгэнт л төв, хөдөөгүй малчдадаа туслах аянд нэгдчихсэн энэ үед хэвлэл мэдээллийнхэн хоцрох учиргүй. Үүргээ л биелүүлж яваа юм.
Ийнхүү өөрсдийгөө зоригжуулан нийслэлээс Өмнөговь хүрэх төв замаа орхиж Хулд сумын нутаг Үл-Олдохын талыг хөндлөн тууллаа. Энэ тал нутаг цасаар цардчихсан юм шиг цав цагаан. Тэрнээс өөр өнгө олж харамгүй. Газрын баримжаа алдмаар үе ч байлаа.
Гэвч сэтгүүлч бидний зорилго эрэлд яваад ирж байгаа малчидтайгаа уулзах л гол нь. Ухрах зогсох, цас ухаж цагаа барах энүүхэнд.
Үл-Олдохын талыг нэгэнтээ барж алдарт Цагаан суваргын зүүн рүү тонгойх үед цас арай аядаж зарим газартаа бут, бударганын толгой бултайн харагдаж байв.
Яг тэр орчин буюу Өлзийт сумын нутаг Тагтын сархиагт нурууны ар хөндийд очих үед бөөн бөөнөөрөө тэмээ тааралдах болов.
Бид явсаар Хэвтээ, Босоогийн намхан толгод цаашлаад манхгар шар өнгөөрөө хавьдаа содон. /Энэ нутгийнхан хонины нэртэй хэмээн нэрийг хэлэхээс цээрлэдэг их говийн нэг бурхан уул/ Их, Бага хайрхны баруун бэл орчимд багширсан олон тэмээн дунд орчихдог юм.
Хэд хоногийн тууварт туйлдаж, борви нь сулдсан тэмээд арай тарландуу гэхээр цастай танил бэлчээртээ ирснээ харуулж байгаа юм шиг тун тааваараа байх мэт санагдлаа.
Уг нь малчдын ярьдгаар мал гэдэг амьтан чинь хэдийгээр өвс ногоо сайтай сайхан газарт оторлож жаргалаа ч өөрийн дассан ус, нутагт ирэхээрээ хөл нь хөнгөрдөг гэдэг. Хүн хүртэл төрж өссөн нутаг орноо насан туршдаа сэтгэлдээ зураглан хадгалж ээнэгшин бодож, хааяа тэндээ очихоор нүд, сэтгэл сэргэж, салхийг нь залгилаад баймаар байдагтай адил юм л даа. Хүн малын ижилсэл энд л оршдог болов уу. Цасархуу хөндийг чимэн байгаа олон тэмээний наагуур цаагуурыг ажвал тэмээтэй, машинтай, мотоцикльтнүүд яваа нь харагдана.
Бөөн тэмээдийг захлан тээрээд дөтлөн хүрвэл эрэлд явсан малчид тосогчидтойгоо цугларан цайлж байгаатай тааралддаг юм.
Хээрийн цай амттай байна гэж малчид хөөрөлдөхийг сонслоо.
Өвөл, хаврын хэд хэдэн удаагийн цасан шуурганаар уруудуулж алдсан адуу, тэмээнийхээ хойноос явж зарим нь 10 гаруй хоног бараг л хээрээр гэр, хэцээр дэр хийж явсан эрчүүдийг ар гэрийнхэн нь угтан авч байгаа нь энэ юм байна л даа.
Эрлийнхэн талдаа 300 орчим км замаар зуд туучин сумаас сум дамжин өөрийн аймгийн Өлзийт, Дорноговийн Сайхандулаан, Мандах, Өмнөговийн Манлайн нутгаас алдсан малаа цуглуулсан байна. Тэмээ гэхэд нэг нутаг усныхны 2000 гаруй тэмээг олсон гэнэ. Биднийг очихын урьд өдрөөс нутгийнхан нь тосож очоод манай, танайхаараа ялгаж аваад эхэлсэн байна лээ.
Эрэлд яваад ирсэн малчин эрчүүдийг хараад говийнхон гэж энэ цагийн эгэлийн эгэл баатрууд юм даа гэж өөрийн эрхгүй бодогдож байлаа.
Тэгээд нэгэн дурсамж дүүрэн үйл явдлыг нэхэн бодов доо.
1944-1945 оны зудат бичин жилийн тухай хөгшчүүлийн ярихыг сонсож л байв даа. Тун аймшигтай зуд тэр байсан гэж...
Энэ тухай Билгүүн номч, их зохиолч Б.Ренчин гуай “Их говийн зоригтнууд” гэсэн алдартай найрууллаа бичсэн юм гэдэг. Түүнийг нь уншсан.
Уг бүтээлийн гол үйл явдал нь гэвэл тэр жилийн өвлийн их зуднаар Дундговь, Төв, Өвөрхангай, Хэнтий зэрэг аймгуудын олон мянган адуу, үхэр, шуурганд уруудаж Дорноговийн нутгийн урд захаар бөөгнөрөн хил давахыг завдаж байх үед Доогийн Дамбадаржаа, Х.Балдан нар сумаас ирсэн нөхөдтэй хамсан тогтоож авч үлдсэн баатарлаг үйлсийн тухай юм. Тэд 70 мянган адууг хил давуулаагүй юм гэдэг.
Энэ дурсамжтай үйл явдлыг сануулах нэгэн дурсгал болох уурга барьсан морьтой малчин хүний гэрэлт хөшөө одоо Өргөн сумын төвд байдаг юм. Тэр бол зуд гэдэг “дайнд” ялсан баатруудын хөшөө юм л даа. Тэрхүү дурсгалаас их зүйл бодогдох. Үнэндээ говийн малчид байгаль цаг уурын бэрхшээлд өртөх нь илүүтэй байдаг. Яагаад гэвэл нөмөр, нөөлөгтэй дулаан газар ховор, цас зудаас малаа хамгаалах хашаа хороо муутай ийм л... Энэ нь ажил муутай, залхуудаа биш хангайнх шиг бургас мод байхгүй, адаглаад хороо барьчих чулуу олдохгүй нь бий.
Тийм байтал төр, засагт байгаа зарим нөхөд малчдын өвлийн бэлтгэлийг албадан хангуулдаг болъё гэж попорч суух нь амьдралд ойр бишийн гай юм.
Албадаад албадаад атга таанаас өөр хадлан авчих боломж, ургац байдаггүй юм говийнхонд.
Тиймээс чухамхүү үнэн нь цаг хатуурсан өвөл, хаварт малчид малдаа хэрэгтэй өвс тэжээлд таван төгрөгөө барж суудаг л даа.
За болъё. Элдэв шалтаг шалтгаан урьдал болгохоо азная. Харин тэр хээрийн цайны үеэр малчидтай уулзаж санал бодлыг нь сонссоноо дэлгэе юү. Хулд сумын Олдох багийн малчин Л.Амаржаргал -Би өнгөрсөн өвөл 4-5 удаа адуундаа Дорноговь аймгийн Сайхандулаан, Мандах сумын нутагт хүрч явсан. Нутаг нутгийн сайхан сэтгэлтэй хүмүүстэй ч зөндөө таарлаа.
Тарга хүч сайнгүй хоёр гүүгээ олоод явж байхад Өндөршил сумын малчин Х.Ганбат гэдэг адуунд хайртай, уяач залуу
-Өөрөө энэ хоёр ядарсан адууг одоо аваад явах хэцүү. Манай малын хашаанд авчраад орхичих. Би онд оруулаад өгье. Хавар аажуу ирээд авна биз гэсэн.
Бас Дорноговийн Мандах сумын Э.Энхтүвшин гэдэг морь уядаг нөхөр азарга адууг маань мөн л энд нь орхичих. Би харж хандаж байя гэсэн юм.
Малчин хүний уламжлалтай ийм зан чанар хэвээр л байна. Тэдэнд болон адууны маань сургийг тодорхой гаргаж өгсөн Өмнөговь аймгийн Манлай сумын малчин А.Хөнхөр нарт баярлахаас өөр яах билээ дээ гэлээ.
Мөн малчин залуу Л.Төмөрсүх -Намайг адуундаа явж байхад Өлзийтийн нутаг. Өөш манхан, Гөхөл шар уулын замд хоёр аймгийн гурван сумын малчид тэмээгээ хумьж яваатай таарсан. Тэр 20 гаруй хүний олонх нь мотоциклтой явна лээ. Би өөрийн болон нутгийнхаа айлуудын 100 гаруй тэмээ, адууг олж авчирсан гэв. Малчдын ярих нь өвөл хаврын цасан шуурганы үеэр малаа уруудуулж алдаагүй айл бараг л байхгүй гэцгээж байна лээ.
Дашдоржийн Мөнхбаатар гэдэг залуу ярих нь -Миний хувьд адуундаа л явсаар байгаад таарлаа. Сая тэмээ жаахан хамалцлаа. Манай тэмээд тэр дунд байгаа л байх. Бүртгэж үзэж ч амжаагүй. Тэмээнээсээ гучаадыг л олж харлаа гэж байхад Будын Элбэгхүү гэх нөхөр
-Өөрийн чадал тэнхээнд тааруулаад тэмээ голлосон 500-600 малтай хүн дээ би. Тэмээгээ хуу алдчихаад явж явж ирлээ. Харин 20 гаруй торомноос тав нь л буцаж ирэв үү дээ. Ингэнүүдээ л бараглан олж авлаа.
Сувай тэмээ энүүхэндээ байгаа болов уу гэж горьдож байгаа гээд цааш нь үгээ урсган малчин хүний амьдралыг гэрэл гэгээтэй байлгадаг нь мал юм шүү дээ. Тиймээс монголчууд малгүйгээр өмсөх хувцас, идэх хоол хүнсээр баян байж чадахгүй л дээ.
Соёлын сэргэлт ч гэнэ үү. Хот суурины тохижилт гэж ярихаасаа өмнө энэ хэдэн муу малчдаа төр, засаг маань анхаарах нь чухал санагддаг. Зуд эсэргүүцсэн аян гээд л байна. Тэр нь зах хязгаарын малчин бидэнд наалдсан юм нь тааруу л байх юм гэхэд аманцар маягийн нэгэн эр бидний яриаг улам хачирлаж -Төр засгийнхан, төв суурингийнхан мах иддэг болоод тэр байлгүй малчдадаа тусалъя энээ тэрээ л юм болж байгаа сурагтай.
Засгийн газраас цас зудтай аймгийн зарим сумдад 15 тэрбум гэнэ үү төгрөгөөр туулах чадвар сайтай машин авч хэд хэдээр нь өглөө гэж байна. Тэр машиныг бодоход сумын засаг дарга нар л унах бололтойдог. Засаг дарга нар машины түлхүүрийг хадаг яндартай нь гардан авч тун баяр хөөртэй харагдана лээ.
Тэгэхээр “Малчдад зуд нүүрлэчихээд байна уу, сумын засаг дарга нарт зуд тохиолдсон хэрэг үү гэж асуумаар байгаа юм” гэсэн хошигносон мөртөө үлдэцтэйнхэн үгс “чулуудаж” байх юм.
Хулд сум хэзээнээсээ мундаг тэмээчидтэй нутаг. Б.Эс гэж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар эмэгтэй тэмээчин байсан даа. Тэдний удам дамжсан гурав дахь үеийн тэмээчин Д.Дашдооров гэж залуу байна.
Эднийх 230-аад тэмээгээ уруудуулж 10-аад хоног эрэлд явжээ. Бүрэн биш ч тэмээгээ оллоо. Харин 40 гаруй торомноос тун цөөн үлджээ гэж тэр хэлж байв.
Хөдөлмөрийн баатар эмээгийнхээ /Б.Эс/ тухай ярихдаа: -Манай эмээ тун гайхалтай ажилсаг нэгэн байсан юм. Намайг 13 настай байхад тэмээний ногт, бурантаг, таваглаа хийж надад өгөөд миний хүү сайн тэмээчин болоорой хэмээн захиж байсан юм. Тэр захисныг нь дандаа бодож явдаг.
Эмээгийн маань хээлтэй ингээ хоньчлон хариулдаг, ботго бүртээ толгойноосоо даарна гэж малгай хийж өмсгөдөг, тэмээ л гэвэл өөр юу ч бодохгүй мэт байдаг нь содон ажиллагаа байсансан гэж дурсав.
Их говийн хээр эрэлд яваад эргэн ирж байгаа малчдын ахуй байдал сэтгэл санаа ямар байгааг тандан сурвалжлахуйд ийм л сонинтой байна. Сэтгүүлч бидний аяллын дараах бодол дэндүү овооронгуй санагдана. Хаврын хахирган урт өдрүүд дундаа ч ороогүй энэ үед малын зоо тэнийж, малчин хүний бие сэтгэл амсхийх тэр цаг одоогоор зүүд төдийхөн л байна.
Хавар тамгатай цасархуу зуд үргэлжилсээр мал олноороо хорогдсоор л...
Долоо хоногийн өмнө л Улсын онцгой комиссын мэдээлэлд 2,1 сая мал зудын улмаас хорогдсон тухай дурдагдсан бол уржигдрын мэдээнд гурван сая гаруй малын хорогдолтой гэсэн байх юм. Малын хорогдол тун хурдацтай байна аа даа. Хөдөөгүүр бүр сэтгэл өвтгөм дүр зураг харж явлаа.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 45 (7289)